Энэтхэг, Химачал Прадеш муж, Дарамсала, 2016.08.29 (Тэнзин Монламын мэдээ, phayul.com) – ‘Сэтгэлийн эрүүл ахуйн’ боловсрол өнөөгийн дэлхий нийтэд нэн тулгамдсан асуудал болоод байна хэмээн Төвөдийн шашны тэргүүн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр мэдэгдлээ. Нагаржуна гэгээний Төв үзлийн эрдэнийн эрхи шастрыг Зүглаг Хан хийдийн гол дуганд 4 өдөр айлдах айлдварынхаа эхний өдөр Төвөдийн тэргүүн ийнхүү хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дарамсала дахь Төвөдийн гол
дуганд хийх айлдварынхаа эхний өдөр. Энэтхэг, Химачал Прадеш,
Дарамсала, 2016.8.30. Гэрэл зургийг Тэнзин Пунцог /ДЛО
Үерхэл нөхөрлөл бол итгэл дээр суурилдаг, гэхдээ тэрхүү итгэлийг бие тоох үзэл, атаархал, хар муу санаагүйгээр, харин хайр энэрлээр гагцхүү олж болно хэмээн айлдлаа.
“Бид өөрсдийн онцлог хийгээд шашин номоо түр хойш тавиад, эн тэргүүнд бүгд хүн гэдэг талаас асуудалд хандах хэрэгтэй байна. Үндсэндээ дэлхий дээр амьдарч байгаа долоон тэрбум хүн бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэгээрээ ижил билээ.” хэмээн Далай лам тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын эхний өдөр.
Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2016.8.30.
Гэрэл зургийг Тэнзин Пунцаг /ДЛО
Нэгэн сүсэгтний асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, эд баялаг хүний ахуйн тав тухад чухал бөгөөд хэрэгтэй ч, сэтгэлийн тав тухыг хангаж чадахгүй гэв. “Жишээ нь, тэрбумтан зарим найз нарт маань маш их мөнгө байдаг ч, тэд аз жаргалгүй байдаг. Асар их эд баялаг дотоод амар амгаланг бий болгож чадахгүй. Сэтгэлийн амар амгаланг цогцлоох ганц арга бол муу сэтгэлээ номхотгох явдал юм.”
Дэлхийн 57 орноос 7000 гаруй сүсэгтэн эхний өдрийн айлдварт оролцсон бөгөөд Ази тивээс цугласан 1550 хүний хүсэлтээр энэхүү арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа ажээ.