Бельги, Брюссел 2016.09.09 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Европын Холбооны төв хот болох Брюсселд өчигдөр хүрэлцэн ирсэн бөгөөд хэдийгээр дулааны улирал хэвийж байгаа ч хотод дулаахан, зуны хурц өнгөөр гэрэлтэж байлаа. Түүнийг зочид буудалд хүрэлцэн ирэхэд 350 орчим төвөд хүн уламжлал ёсоороо угтан авав.

Бельгийн RTBF телевизийн ерөнхий редактор Франсуа Мазур
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авч байгаа нь.
Бельги, Брюссел, 2016.9.8. Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Бүх шашны түгээн сургаж байдаг энэрэнгүй үзэл нь хүмүүний амьдрал, тэдний орших, эс оршихуй, хүний нийгэмд чухал ач холбогдолтой. Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн эд материалын зорилгыг гол болгосон боловсролын тогтолцоо, мөн амьдралаас үүдсэн төрөл бүрийн хүндрэлтэй тулгарч байна. Энэ үед гагцхүү шашин л хүний дотоод үнэт зүйлсийн талаар дуугарч байна. Гэтэл тэр болгон шашныг сонирхохгүй байгаагаас гадна шүтдэг нэг нь чин сэтгэлээсээ биш байх нь харагдаж байна. Боловсролын тогтолцоог сайжруулснаар бид бүх хүнд хүрч чадна” гэлээ.
Европт, түүн дотор Бельгид болсон сүүлийн үеийн террорист ажиллагаануудын талаар Мазур хөндөөд, уур хилэнд автаж байгаа хүмүүст хандан юу хэлэх вэ хэмээн асуухад, тэрээр төвөдүүдэд мөн маш их хүндрэлтэй асуудал тулгарч, заримынх нь уур хилэн буцалж байгаа ч уур хилэн ямар ч шийдлийг өгдөггүй, гагцхүү таны сэтгэлийн амар амгаланг бусниулдаг гэж хэлдэг талаар Дээрхийн Гэгээнтэн ярьсан юм.
9 дүгээр сарын 11-ний эмгэнэлт явдал тохиолдсоны маргааш нь өөрийн анд хэмээн тооцдог Жорж Бушид захидал бичиж байснаа тэрээр дурсав. Түүнд эмгэнэл илэрхийлэхийн хамт ямар ч хариу арга хэмжээ хүчирхийллийн бус байна гэдэгт итгэж буйгаа тэр үед илэрхийлж байжээ. Иракийн хямралыг тэр үед хүчирхийллийн бус аргаар шийдсэн бол өнөөгийн дэлхий дахины байдал арай өөр байх байсан гэж үздэгээ хэлэв. Хүч хэрэглэх нь асуудлыг шийдэхээс илүү хүндрэлийг бий болгодог хэмээн Дэээрхийн Гэгээнтэн давтан хэллээ. Лалын болон Буддист, эсвэл өөр нэг шашны террористууд хэмээн нэрлэх нь утгагүй бөгөөд хэрвээ тэд террорист үйл ажиллагаанд оролцож л байгаа бол лалын, буддын, эсвэл өөр нэг шашны жинхэнэ сүсэгтэн байхаа болино хэмээн нэмж хэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бельгийн RTBF телевизид
ярилцлага өгч байгаа нь. Бельги, Брюссел, 2016.9.8.
Гэрэл зургийг Жереми Рассел/ДЛО
“Дэлхий ертөнцийг өөрчлөх гол түлхүүр бол энэрэн нигүүлсэхүй, бусдад анхаарал хандуулах талаар сургасан боловсролын тогтолцоог цогц болгох явдал юм. Саяхан шинжлэх ухааны эрдэмтэд хүний мөн чанарыг энэрэнгүй гэж нээсэн нь итгэл найдварын уг үндэс болоод байна.”
Мазур цааш нь эмэгтэй удирдагч илүү чухал болсон мэт энэ цагт дараагийн Далай Лам эмэгтэй хүн байж болох уу хэмээн асуув. Дээрхийн Гэгээнтэн хэдэн жилийн өмнө Парис хотод нэгэн сэтгүүлд ярилцлага өгөхдөө хэрэв эмэгтэй удирдагч илүү тустай байх бол эмэгтэй Далай Лам энэ үйл хэрэгт яг таарна хэмээн хэлжээ.
“Өнөөдөр энэ дэлхий дээр 200 гаруй улс оршиж байна. Тэдгээрийн удирдагч бүгд эмэгтэй хүн байсан бол аллага, хүчирхийлэлийг багасгах нэлээдгүй нөхцөл бүрдэх байлаа.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь цаг уурын өөрчлөлт болон олон дахин давтагдаж буй байгалын гамшиг нь байгал екологи хичнээн чухал болохыг тодорхой харуулж байгаа талаар ярив.
Тэрээр Мазурын асуусан улс төрийн асуултанд 2011 онд улс төрийн эрх мэдлээ хүлээлгэн өгсөн нь ямар нэгэн сөрөг нөхцөл байдал, зориг зүрх шантарсны улмаас бус Энэтхэгт анх цагаачлан ирсэн тэр үеэс эхлүүлсэн ажил болохыг тайлбарлан ярьлаа.
“2011 онд улс төрийн хариуцлагаас бүрэн чөлөөлөгдсөний дараа би төвөдийн бурханы шашны баялаг соёл, төвөд хэл, төвөдийн байгал орчныг хамгаалах ажилд илүү их анхаарлаа хандуулж эхэлсэн юм.”
Тэрээр ярилцлагынхаа төгсгөлд “Би насан эцэслэх үедээ хаана би хэрэгтэй байна тэнд төрөх болтугай гэж ерөөл тавина” хэмээн айлдлаа.

Томас Манн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Гэгээн Луисийн
сургуульд хүрэлцэн ирэхэд угтаж байгаа нь. Бельги, Брюссел,
2016.9.8. Гэрэл зургийг Оливер Адам
Хурлыг удирдсан Олон Улсын Төвөдийн хурлын Европ дахь төлөөлөгч Цэрин Жамба үг хэлэн хурлыг нээхдээ хүрэлцэн ирсэн бүх төлөөлөгч нарт тавтай морилохыг хүсэв. Тэрээр 50 улсын 250 төлөөлөгч уг хуралд хүрэлцэн ирснийг дурьдав. Меток ринбочэ уншлага үйлдсэнээр хурлын үйл ажиллагаа эхэлсэн юм.
Эхний илтгэгч нь Томас Манн бөгөөд Цэрин Жамба түүнийг танилцуулахдаа Европын парламент дахь төвөдийн тулгуур гэж тодорхойлов. Томас Манн мэдэгдэхдээ Европын парламент болон Европын холбоо Төвөд анд нөхдийнхөө төлөө зогсох болно гэсэн юм. Дараа нь Европын эдийн засаг, соёлын холбооны ерөнхийлөгч Хенри Малоссе үг хэлсэн бөгөөд түүнийг 3 сарын 10-ны хөдөлгөөнд оролцож үг хэлсэн явдлыг Хятадын элчин сайдын яам хүндхэн хүлээж авч байсан талаар ярьсан юм. Тэрээр:
“Бид хэзээ ч хүн бүрийн хүний эрх, иргэний эрх, улс төрийн эрх чөлөөг мартаж болохгүй. Европын холбоо жижиг улсын энэ асуудлыг анхаарч байхад энэ нь яагад Хятад улсад хүндрэлтэй гэж? Төвөдийн асуудал нь бидний үнэ цэнэ, үүрэг хариуцлагыг сануулсан хэрэг мөн.” гэсэн юм.

Сижон Лувсан Сэнгэ VII хурлын нээлтийн хурал дээр үг хэлж
байгаа нь. 2016.09.08. Бельги, Брюссел, 2016.9.8.
Гэрэл зургийг Оливер Адам
Сижон Лувсан Сэнгэ үг хэлэхдээ Төвөдийн ард түмний итгэл найдвар, Төвөдийн гол амь болсон Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын үйл хэргийг үргэлжлүүлж байгаа нь нэр төрийн хэрэг гэж мэдэгдсэн юм. Тэрээр цагаач дахь Төвөдийн төв захиргааны өмнөөс хуралд оролцогч нарт гүн талархал илэрхийллээ.
“Бидний үйл хэрэг амжилттай болно. Бид гадаадад болон Төвөдөд амьдарч буй төвөд иргэдийнхээ хүсэл тэмүүллийг биелүүлэх болно.”
Тэрээр ирэх хоёр жилийн хугацаанд Хятадад томоохон өөрчлөлт гарч яриа хэлэлцээр хийх замаар Төвөдийн асуудлыг шийдэх болно гэлээ.
Цэрин Жамба сижоны үгийг дэмжин “Бид өөрчлөлт хийх болно” гэж хэлээд Фламандын парламентийн дарга Ян Пеүманныг үг хэлнэ үү хэмээн урив. Ян Пеүманн асуудлыг энх тайвны арга замаар шийдэх хэд хэдэн чухал санааг дэвшүүлсэн юм. Түүний нутагт хүмүүс төвөдийн ард иргэдээс өөр хэв маягаар амьдардаг ч “бид бүгд хүн төрөлхтөн” гэдэг зүйл биднийг нэгтгэж байна гэлээ.

Хуралд оролцогчид. Бельги, Брюссел, 2016.9.8. Фотог Оливер Адам
Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдлаа.
Тэрээр:
“Нэгэнт бид адилхан хүмүүс учир би аль болох энгийн байхыг хүсдэг. Би төвөд хүн бөгөөд өнөөдөр энэ дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүний нэг мөн. Өнгөрсөн зууныг эргэн харвал асуудлыг шийдэхийн тулд хүч хэрэглэх арга замыг сонгосноор хичнээн аллага, хүчирхийлэл явагдсан нь тодорхой байна. Бидний бүтээн байгуулсан өнөөгийн харилцан хамааралтай энэ дэлхий дээр хүчирхийлэлийн арга зам аль хэдийнээ үеэ өнгөрөөжээ. Төвөдийн буддизм нь энх тайван, хүчирхийллийн бус, энэрэнгүй сургаал дээр суурилсан бөгөөд эдүгээ дэлхий нийтэд хэрэгтэй шашин билээ. Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүн бүгд энэрэнгүй дэлхийг бий болгохын төлөө хичээл зүтгэл гаргах хэрэгтэй. Үр дүнг нь бид ирэх жил, түүний дараа жил, түүний дараа ч харахгүй байж болох ч энэ л цаг үед өөрчлөлтийг эхлүүлбэл энэ зууны сүүлээр эерэг үр дүн гарах болно.”
“Би үргэлж Энэтхэгийн Шантидева гэгээний айлдсан асуудал бэрхшээлийг шийдэх арга зам байвал асуудлыг шийдэхийн төлөө хичээх, хэрэв асуудлыг шийдэх боломжгүй бол санаа зовох нь ямар ч үр дүнгүй гэдэг сургаалыг дагадаг. Тиймээс миний сэтгэл санаа тайван байдаг юм.”
“Шинжлэх ухааны эрдэмтэд хүний мөн чанарыг энэрэнгүй гэж дүгнэсэн нь итгэл найдварыг өгч байна. Хүмүүс бид адилхан тул өөрт буй үнэт зүйлсээ байнга санаж байх хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийг дэмжигчдийн VII хурал
дээр үг хэлж байгаа нь. Бельги, Брюссел, 2016.9.9.
Гэрэл зургийг Оливер Адам
Тэрээр улс төрийн ажлаа хүлээлгэн өгсний дараа эдүгээ Төвөдийн хэл, соёлыг хадгалан үлдэхийн төлөө ажиллаж байгаа ажээ. Түүний нэг ажил нь орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзах ажлыг зохион байгуулах ажил юм. Шинжлэх ухааны эрдэмтдийн ихэнх нь Төвөдийн туршлагаас суралцаж, оюун санаа болон сэтгэл хөдлөлийн тухай мэдэхийг хүсч байгаа ажээ.
“Уур хилэн, айдас, хардалт сэрдэлт нь сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулдаг болохыг мэдэх нь чухал. Сөрөг сэтгэл хөдлөл нь хүчирхийллийг бий болгодог. Үүнийг дан ганц ерөөл залбиралаар арилгаж чадахгүй. Хамгийн чухал нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн талаар ойлголт авч, ухаарч амин хувиа хичээх явдлыг багасгасны үндсэн дээр хүчирхийллийг арилгах болно.”
Мөн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн өнөөгийн байгаль орчин нь зөвхөн Төвөд, Хятад бус дэлхийн олон улс оронд чухал нөлөөтэй болохыг дурьдсан юм. Хэрэв Төвөдийн байгаль орчныг сүйтгэх аваас энэ нь зөвхөн Төвөд бус Хятадад маш их сөрөг нөлөө авчрахыг санууллаа.
Эцэст нь тэрээр буу зэвсэг тухайн үедээ хүчтэй мэт санагдаж байдаг ч алсаа үнэнд гүйцэгддэг тул үргэлж үнэнд итгэдэг болохоо дурьдсан юм.
Хурлыг хааж Бельги дэх Төвөдийн холбооны ерөнхийлөгч Марк Лиегеос үг хэлсэн бөгөөд тэрээр ирсэн бүх зочидод талархал илэрхийллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурван өдрийн турш “Оюун ухаан ба Амьдрал” шинжлэх ухааны хуралд оролцоно.