Бельги, Брюссел. 2016.09.10 – Энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Оюун ухаан ба Амьдрал” хэлэлцүүлгийн хоёр дахь өдөр хүрэлцэн ирэхэд Брюсселийн Дүрслэх урлагийн Бозар төвийн хонгил дагуу түүнтэй мэндчилэхээр олон хүмүүс цугларсан байлаа. Эхний өдрийн илтгэгчид гол төлөв эрдэмтэд байсан бол энэ өдөр төрөл бүрийн салбарын хүмүүс цугларсан байв. Анри ле Бафа ордонд Дээрхийн Гэгээнтний оролцсон хэлэлцүүлэгт оюун санааны болон шашны үүднээс эрх мэдэл болон халамжийн талаар хэлэлцсэн юм. Хурал удирдагч Роши Жоан Халифакс түүнээс хэлэлцүүлгийг нээж үг хэлэхийг хүслээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Оюун ухаан ба Амьдрал” хурлын
хоёр дахь өдрийн өглөөний хурлыг нээн үг хэлж байгаа нь. Бельги,
Брюссель. 2016.09.10. Зургийг Оливер Адам
“9 сарын 11- ны үйл явдлаас хойш би муслимын шашныг өмөөрдөг болсон. Бусдын цусыг урсгаж байгаа лалынхан жинхэнэ лалын шашинтан байхаа больж байгаа нь ойлгомжтой. Лалын юмуу буддын алан хядагчид гэж үзэх нь буруу юм. Учир нь алан хядах үйл ажиллагаанд оролцогчид жинхэнэ сүсэгтэн биш гэсэн үг. Би үүнийг өөрийн муслимын шашинт найз нөхдөөсөө сонссон бөгөөд хожим нь муслимын эрдэмтэдтэй ярилцаж байхад тэд бас түүнийг батлан хэлж байсан юм.”
“Түүнчлэн шашны уламжлалт ёсонд тодорхой газар орон болон цаг хугацаатай холбоотой соёлын нөлөө байдаг. Энэтхэг нөхөд маань надад хэлэхдээ Жейн шашныг үндэслэгч Махавираг амьдарч байх үед амьтны амь хөнөөх нь маш түгээмэл байсан ба энэ нь эдийн засгийн сөрөг үр дагавартай байсан. Үүний хариуд Махавира бусдын амьдралыг хүндэлж, хүчирхийлэл үйлдэхгүй байх талаар хатуу хориглосон сургааль ном айлддаг байжээ. Лалын сургаалиуд хамгийн анх Арабын хууль дүрмээ мэддэггүй нүүдэлчин хүмүүсийн дунд гарсан ба коранд шариатын хатуу заалтуудаас орсон байдаг юм. Зарим ёс заншлууд, жишээлбэл Далай Ламын улс төрийн үүрэг, түүний феодалтай холбосон утга агуулга нь өөрчлөгдөх ёстой. Энэтхэгт мөн хүмүүсийг анги давхаргаар ялгадаг кастын систем маш хуучирсан бөгөөд энэ нь ялгаварлан гадуурах хор хөнөөл дагуулж байна. Түүний шалтгааныг үйлийн үр болон бүтээгч – Эзэний хүсэл хэмээн тайлбарладаг нь зохимжгүй юм.
“Оюун санааны болон шашны уламжлалыг дагагчид хоорондоо холбогдож нэг нэгэнтэйгээ уялдаатай байх хэрэгтэй. Энэ нь фундаменталистууд гэж нэрлэгдэх тэдэнд ч хамаарах бөгөөд эцсийн дүндээ бид бүгдээрээ адилхан хүн билээ.”

Эрхэм хүндэт Матью Рикард “Оюун ухаан ба амьдрал” хэлэлцүүлэгт
үг хэлж байгаа нь. Бельги, Брюссель. 2016.09.10.
Зургийг Оливер Адам
Буддын лам бөгөөд гэрэл зурагчин, хүмүүнлэгийн ажилтан эрхэм хүндэт Матью Рикард бид билиг оюун, энэрэнгүй сэтгэлтэй болсон цагт л хүч чадлыг зүй ёсоор ашиглаж чадна гэв. Тэрээр бусдыг зовлонгоос ангижруулахын тулд гэгээрэлд хүрэх энэрэнгүй эрмэлзлэлийн талаар ярив. Зөвхөн энэхүү зорилгоор л бид оюун ухааныг гүйцэд ашиглах ёстойг онцолсон юм. Тэрээр үнэнч, хүч үл хэрэглэх байдал нь хүмүүсийн ойлгодог шиг сул дорой байдлын илрэл биш харин ч маш их эр зориг дотоод хүчийг шаарддаг хэмээн нэмж хэллээ. Төгсгөлд нь бид өөрийн хүч чадлыг зовлонгоос ангижирч аз жаргалд хүрэхийн тулд ашиглах хэрэгтэй гэсэн билээ.
Якоб Сутэндорпын нэрэмжит Хүний үнэ цэнийн институтыг үндэслэгч Рабби Авраам Сутэндорп бид дангаараа зорилгодоо хэзээ ч хүрч чадахгүй гэдгийг онцлон хэлэв. Тэр Дээрхийн Гэгээнтэн хүн төрөлхтөн эвлэлдэн нэгдэх хэрэгтэй гэж хэлснийг маш зөв гэлээ. Тэрээр дотоод сэтгэлийн зөвлөл байгуулж Дээрхийн Гэгээнтнийг үүсгэн байгуулагч гишүүдийн нэг болох санал тавьсан ажээ. Эцэст нь тэр, жүүд болон лалын шашинт хүмүүс, Израйл болон Палестин хүмүүс, Төвөд Хятад хүмүүс хоорондоо эв найртай амьдрах цаг ирнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ах Тьерр-Мари Куро “Оюун ухаан ба амьдрал” хэлэлцүүлэгт үг хэлж
байгаа Алаа Мурабитыг харж байгаа нь. Бельги, Брюссель.
2016.09.10. Гэрэл зургийг Оливер Адам
“Ливийн эмэгтэйчүүдийн дуу хоолой” байгууллагыг үндэслэгч Алаа Мурабит эрх мэдэл ба тусламж нь гол төлөв өөр хоорондоо зөрчилтэй асуудал гэдгийг цохон тэмдэглэсэн юм. Тэрээр өөрийн сүсэг бишрэлийг сүмээс биш 11 хүүхэд өсгөж бойжуулсан ээжээсээ анх удаа сурч мэдсэн байна. Тэрээр шашны салан тусгаарлагчид гэдэг үгэнд нэг их таатай ханддаггүй ба учир нь тэдгээр хүмүүс шүтлэг бишрэлээ даган мөрддөг мэт харагдавч, үнэн хэрэгтээ тэдний олонхи нь энэ бүгдийг мушгин гуйвуулдаг гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Тэрээр хэлэхдээ, сүсэг бишрэлийг улс төрийн зорилгоор ашиглах явдалд онцгой анхаарах ёстой гэлээ.
Дээрхийн Гэгээнтнийг үг хэлнэ үү хэмээн урихад тэрээр 1975 оноос хойш янз бүрийн шашны ариун дагшин газар, сүм хийдээр мөргөл үйлдэн явж байгаа талаар ярив. Саяхан Энэтхэгийн Ладакт Буддын хийд, Сунни болон Шиа сүмд нөхөрлөлийг бэлэгдэж айлчлан очсон тухайгаа ярьлаа. Тэрээр Энэтхэг, Малайз болон Индонези зэрэг орнуудад хүүхэд өсч томрох явцдаа өөр шашин шүтлэг оршин байдгийг мэдэж өсдөг тул зөвхөн өөрийн шашныг сохроор даган шүтдэггүй гэдгийг тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн сайн сайхны төлөө уйгагүй хичээн зүтгэвэл сайн үр дүн гарна гэдэгт итгэлтэй байдгаа илэрхийлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” хуралд
үг хэлсэн Маури омгийн ахлагч Паулина Тангиориа-д талархалаа
илэрхийлж байгаа нь. Бельги, Брюссель. 2016.09.10.
Гэрэл зургийг Оливер Адам
Тэрээр эмэгтэйчүүд илүү их удирдах үүрэг рольтой байх хэрэгтэй гээд хэрэв өнөөгийн 200 гаруй улс үндэстэн эмэгтэйчүүдээр удирдуулсан бол хорвоо дэлхий илүү амар амгалан байхсан гэж бодож явдгаа хэлэв. Халуун алга ташилтын доор тэрээр “Эрчүүдийн давуу эрх одоо хангалттай” гэлээ. Алаа Мурабит энэхүү санааг үргэлжлүүлэн эр эм хүйсийн асуудлыг дахин хянах үзэх хэрэгтэй юм гэв. Тэрээр хүн бүр ижил тэгш боломжоор хангагдах, цаашилбал шүтлэг бишрэлийн үндсэн дээр ч эрх тэгш бус байдлыг арилгах уриалга гаргахыг санал болгосноор өглөөний энэхүү хэлэлцүүлэг халуун алга ташилтын доор өндөрлөлөө.
Эдийн засагч Увэ Хоусер үдээс хойших хэлэлцүүлгийг нээж, эдийн засгийн болон нийгмийн үүднээс эрх мэдэл ба халамжийн талаар хэлэлцэх тухай танилцууллаа. Тэрээр эдийн засаг бол анхандаа аз жаргалыг судлах шинжлэх ухаан болон үүссэн гэдгийг цохон тэмдэглэв. Тэр дэлхийг хэрхэн өөрчлөгдөх талаар хоёр эдийн засагч, үүнийг практикт хэрэгжүүлдэг хоёр нийгмийн зүтгэлтэн нар өнөөдөр илтгэл тавина хэмээн танилцууллаа.

Дэнис Сноуер “Оюун ухаан ба амьдрал” хэлэлцүүлэгт үг хэлэв.
Бельги, Брюссель. 2016.09.10. Зургийг Оливер Адам
Дээрхийн Гэгээнтэн нэмж эдийн засгийн талаар – энэ бол чухал зүйл гэж талархаж явдгаас өөр ямар нэг мэдлэггүй гэдгээ хэлэв. Ерөнхийдөө тэрээр социалист үзэл санааг дэмждэг ба Марксын баялгийг тэгш хуваарилах зарчимд таатай ханддаг гэсэн юм. Тэр өнөөгийн капиталист нийгэмд баян нь улам баяжиж байхад ядуус нь ядуугаараа үлдэх эсвэл бүр үгүйрэн хоосордогт харамсаж явдгаа илэрхийлэв.
Удирдлагын Блаватник сургуулийн профессор ноён Пол Коллье хэлэхдээ эдийн засагчид бүхэлдээ хуучирсан консерватив үзэлтэй бөгөөд 19-р зууны хэв загварт баригдан шинжлэх ухааны сонгодог механикаас квантын физик хүртэл урагшлан хөгжсөнийг ч анзаарахгүй байна гэв. Дээрхийн Гэгээнтэн бид бүгд харилцан уялдаатай байдаг учраас одоо ч дэлхийн эдийн засаг нэгдмэл нэг байна хэмээн өөрийн үзлээ нэмж илэрхийлэв. Үүнтэй уялдан бидэнд найз нөхөд хэрэгтэй байна. Хаана итгэл байна тэнд нөхөрлөл байдаг, харин итгэл нь бусдын сайн сайхны төлөө санаа тавихаас эхэлдэг гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тео Соваг “Оюун ухаан ба амьдрал”
хэлэлцүүлэгт үг хэлсний дараа хамтдаа байгаа нь. Бельги,
Брюссель. 2016.09.10. Зургийг Оливер Адам
Сова үнэ цэнийн ойлголт гажсан энэ нөхцөлд эмэгтэйчүүд юу ч хийсэн ямар ч үнэлэмж байдаггүй талаар итгэлтэй батлан хэлэв. Олон улсын байгууллагууд ямар нэг хөрөнгө оруулалалт хийхдээ ч эмэгтэйчүүдийн оролцоог огт тоодоггүй нь бүр тогтсон заншил болсон байна. Үүнтэй уялдан тэрээр бид дэлхий дээр ижил тэгш эрхтэй байхын төлөө тэмцэх хэрэгтэй. Энэ үгийн дараа танхим дүүрэн алга ташиж оролцогчид суудлаасаа босч зогсов. Дээрхийн Гэгээнтэн түүнийг тэврэн түүний яриаг маш их талархан хүлээн авснаа хэлэв.

Нобелийн шагналт Жоди Уильямс “Оюун ухаан ба амьдрал” хуралд
үг хэлж байгаа нь. Бельги, Брюссель. 2016.09.10.
Гэрэл зургийг Оливер Адам
“Бидэнд хүч чадал, эрх мэдэл байна, харин бид түүнийгээ ашиглаж чадах уу, үгүй юу гэдгээ сонгодог” гэж хүний эрхийг хамгаалагч маань хэллээ.
Төгсгөлд нь, Дээрхийн Гэгээнтэн хүний аз жаргал, шашин хоорондын эв нэгдлийг бэхжүүлэх болон Төвөдийн байгаль орчин, энх тайванч соёлыг хадгалан үлдэх талаар ажиллах ёстой өөрийн гурван үүрэг даалгавраа дахин цохон хэлэв. Тэрээр хэлэхдээ, боломж гарах бүрд хэвлэл мэдээлэлийнхэнд үүнийг хэлдэг нь тэд хүнийг цочролд оруулсан болон сөрөг мэдээллээс илүүтэйгээр хүний эерэг үнэ цэнийг хөхүүлэн дэмжих үүрэг хариуцлагаа санаж байхыг уриалж байгаа юм. Тэрээр бидэнд боловсролын системийг сайжруулах чадвар байгаа бөгөөд чухамхүү боловсролд л сайн сайхан ирээдүйн итгэл найдварын үндэс оршдог гэдэгт итгэлтэй байгаагаа дахин давтан хэллээ. Зөвхөн боловсролоор дамжуулан хүн төрөлхтөн илүү их аз жаргалтай дэлхийг бий болгоход хүн бүр өөрийн хувь нэмрээ оруулах ёстойгоо ойлгох ёстой.
Тэрээр төгсгөлд нь “Хүн бүр өөрчлөлтийг хийх үүрэг хариуцлагатай. Ямар хувь нэмэр оруулж чадах талаараа бодоорой” хэмээн айлдав.