Dalailama / Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ловон Дигнагагийн зохиол “Шалгадагийн тайлбар” номыг айлдав

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ловон Дигнагагийн зохиол “Шалгадагийн тайлбар” номыг айлдав

2016 оны 10 дугаар сар 10

Латви, Рига. 2016.10.10 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгээс Хелсинкээр дамжин Латвид хүрэлцэн ирэв. Латвийн нийслэл Рига хотын гудамжинд сэвэлзүүр зөөлөн салхи үлээсэн сэрүүүн өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сконто ордонд хүрэлцэн ирэхэд 4500 гаруй хүмүүс цуглан түүнийг хүлээж байлаа. Тэдний 3000 орчим нь орос, 500 гаруй халмиг, 400 гаруй буриад, 100 тува хүмүүс байв.

Дээрхийн Гэгээнтнийг тайзан дээр гарахад олон хүмүүс түүнтэй гар даллан мэндлэв. Тэрээр Наландагийн 17 бандидагийн том хөрөгт бөхийн мөргөөд суудалдаа заларсан бөгөөд “Билгүүний Зүрхэн” судрыг эхлээд санскрит хэл дээр, дараа нь латви хэл дээр уншихыг санал болгов. Энэ удаагийн номын айлдварыг зохион байгуулж байгаа Москва дахь “Төвөдийн сан”, Рига дахь “Саглабазим Тибет” холбооны хүмүүс номын айлдварыг англи, латви, эстони, орос, монгол, төвөд хэл дээр орчуулж, шууд дамжуулах ажлыг зохион байгуулсан байлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ловон Дигнагагийн зохиол “Шалгадагийн тайлбар” номыг айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сконто ордонд цугласан 4500
гаруй хүмүүстэй мэндэлж байгаа нь. Латви, Рига.
2016.10.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бид Латвид эргэн уулзаж байна.” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлээд “Дээдийн номыг тайлбарлан ярих боломж гаргасан зохион байгуулагч нарт гүн талархал илэрхийлье. Өмнөх номын айлдварын үеэр нэгэн орос хүн надад олон орос хүн санхүүгийг бэрхшээлийн улмаас Энэтхэгт очиж номын айлдвар хүртэж чадахгүй байгаа, харин Латвид ирэх нь тэдэнд төдийлөн хүндрэлгүй гэдгийг дуулгасан юм. Миний хувьд энэ талаар анхаарч үзье хэмээн тухайн үед хэлж байсан бөгөөд олон нөхдийн дэмжлэгээр өнөөдөр энд олуулаа цуглаад байна.” гэж үргэлжлүүлэн ярьлаа.

“Бид хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан, бидний үндсэн чанарт ямар нэгэн ялгаа байхгүй. Бид нэгэн замаар төрөн мэндэлж, мөн нэгэн адил замаар орчлонгийн мөнх бусыг үздэг билээ. Хүн төрөлхтөн мөн жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүйгээрээ адил гэдгийг бид ухаарах хэрэгтэй. Бид өөрсдийн бага сага ялгаанд анхаарлаа хандуулснаар “бид” ба “тэд” гэсэн ялгаа бий болж, үүний улмаас хуваагдмал байдал улам даамжирдаг. Чин үнэндээ хүн төрөлхтөн бүгдээрээ аз жаргалтай байснаар хувь хүн аз жаргалтай болох болно.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь анх 1973 онд Европт хүрэлцэн ирэхэд материаллаг хөгжил өндөр түвшинд хүрсэн хэдий ч хүмүүс нь аз жаргалгүй байгааг анзаарч байсан тухайгаа айлдсан юм. Дараа нь тэрээр ганц нэг улс орны сонирхолоос илүү олон улс орны эрх ашгийг дээгүүр тавьсан Европын Холбоог сайшаалаа. Үүний үр дүнд нэг нэгэндээ тус болж чадахгүй байлаа ч хор хүргэхгүй гэдэг нь тодорхой хэмээн онцлов.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ловон Дигнагагийн зохиол “Шалгадагийн тайлбар” номыг айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын үеэр. Латви,
Рига. 2016.10.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр томоохон гол шашнууд энэрэл, хайрын тухай номлодгийг тэмдэглэн хэлсэн юм.

“Сир, Иракт сүнни болон шиа нар тэмцэлдэж байхад асар олон хүмүүс нэг дор амьдарч буй ардчилалын томоохон орон болох Энэтхэг улсад олон шашин эв нартайгаар зэрэгцэн оршиж байна. Бүх шашин энэрэл хайр, тэсвэр, хувийн сахилга батыг агуулсан олон талын номлолтой билээ. Гүн ухааны түвшинд бүгд адил бус үзэл онолыг номлодог нь угтаа энэрэл хайрыг хөгжүүлэхийн төлөөд юм. “Эзэн” тэнгэрийг шүтдэг шашинтнууд бүхнийг Эзэн тэнгэр бүтээсэн гэдэг бөгөөд түүний зах хязгааргүй их энэрэл хайрын оч гялбаа бидэнд бий хэмээдэг. Харин ертөнцийг бүтээгчийг хүлээн зөвшөөрдөггүй буддын болон жейнийн үзлээр зовлон, жаргалыг өөрсдийн үйлийн үр хэмээн тайлбарладаг. Тиймээс зовлонг хүсэхгүй бол сөрөг үйлдлийг хийхгүй байж, жаргалыг хүсвээс буян үйлдэх хэрэгтэй гэж номлодог юм.”

“Мөн бүх шашин зан уламжлалын хэсэгтэй. Энэтхэгт Махавера анх жейнийн шашныг үндэслэх үед амьтны амь тасалж, цусан тахил өргөх явдал газар авсан бөгөөд энэ нь эдийн засагт сөрөг нөлөөтэй болохыг анзаарчээ. Тиймээс Махавера хүчирхийллийн бус арга замыг номлохын зэрэгцээ цагаан хоолтон болохыг номлосон байна. Төд удалгүй бурханы шашин дэлгэрсэн бөгөөд Бурхан Багш ч мөн адил хүчирхийлэлийн бус арга замыг номлосон юм. Шашны зан үйл нь тухайн цаг үеийн онцлогийг илэрхийлдэг байх ёстой. Тиймээс өнөөгийн ардчилсан хийгээд адил тэгш эрх эдэлж буй энэ үед Энэтхэгт буй кастын систем нь үеэ өнгөрөөсөн уламжлал болоод байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн нөлөө бүхий хүмүүст кастын системийг халахыг уриалж байгаа ажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ловон Дигнагагийн зохиол “Шалгадагийн тайлбар” номыг айлдав
Сконто ордонд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын
айлдварыг сонсож буй сүсэгтнүүд. Латви, Рига. 2016.10.10.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бурхан Багш хааны агь болон мэндэлсэн боловч ордны тансаг амьдралаас татгалзаж зургаан жилийн турш хатуу бэрхшээлийг амссан юм. Эцэст нь тэрээр Ниранзана мөрөний дэргэд бодь модны доор сууж бурханы хутагт хүрсэн байна. Төгс гэгээрэлд хүрсний дараа түүний номлолыг хэн илүү ойлгох боломжтойг болгоож анхны таван шавьдаа Хутагтын Дөрвөн Үнэний сургаалаа айлдсан. Энэ сургаалыг анхдугаар номын хүрд хэмээх бөгөөд буддын санскрит болон пали уламжлалын үндсэн сургаал юм.”

“Билгүүний Зүрхэн” сударт бодьсадва Жанрайсиг хийгээд Шарибудра нарын харилцан яриа гардаг тул энэхүү номын айлдварт өндөр түвшний шавь нар оролцсон байна. Зарим хүмүүсийн үзэж байгаагаар “Билгүүний Зүрхэн” тэргүүтэй билиг барамидын сургаал нь түүхийн сурвалж бичигт тэмдэглэгдээгүй тул Бурхан Багш айлдаагүй, хутагт Нагаржуна, Асанга тэргүүтэн бичиж үлдээсэн гэдэг. Эгэл хүмүүний нүдэнд үл үзэгдэгч Жанрайсиг тэргүүтэн харилцан ярилцаж байсан тул түүхийн сурвалж бичигт тэр бүр тэмдэглэгдээгүй ажээ.

“Наландагийн их багш нар болох Дигнага, Дармакирти нар учир шалтгааны ухааны олон ном шастир зохиосон юм. Өнөөдрийн номын айлдвар нь ловон Дигнагийн зохиолд тайлбар бичсэн ловон Дармакиртигийн зохиол билээ. XX зууны эхээр оросын эрдэмтэн Феодор Шербацки ловон Дармакиртигийн учир шалтгааны ухааны зарим зохиолыг орос хэлэнд орчуулсныг сонсоод би ихэд бэлэгшээн хүлээн авч энэ удаагийн номын айлдвараар “Шалгадагийн тайлбар” номын хоёр дугаар бүлгийг тайлбарлахыг хүссэн юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ловон Дигнагагийн зохиол “Шалгадагийн тайлбар” номыг айлдав
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдвар явагдаж
буй Сконто ордон. Латви, Рига. 2016.10.10.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төвөдөд буддын сургалт дэлгэрэх явцад учир шалтгааны ухаанд суралцах нь гагцхүү томоохон хийдүүдийн ажил байжээ. Тиймээс Энэтхэгт цагаачлан очсоны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зөвхөн шашны зан үйл хийдэг сүм хийдүүдийг ч буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж зөвлөсөн байна. Мөн тэрээр эмэгтэйчүүдийн хийдүүдийг буддын гүн ухаанд суралцах хэрэгтэй гэж зөвлөснөөр бүгд буддын гүн ухааны сургалтанд бүрэн хамрагдаж, үүний үр дүнд саяхан гэвшмаа цол хамгаалж буй эмэгтэй хуврагууд төрөн гарсныг онцлон тэмдэглэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь үргэлжлүүлэн айлдахдаа буддын гүн ухааны үндсэн онолын нэг “би үгүй”-н үзлийг ойлгох нь аливаа зүйлийн мөн чанарыг хэтрүүлэн үздэг бидний буруу ташаа ойлголтыг няцаах гол арга мөн болохыг онцолсон юм. Тэрээр Америкийн эрдэмтэн Аарон Бекийн хэлснийг эш татав. Уг эрдэмтний судалгаагаар хэн нэгнийг үзэн ядаж байгаагийн 90 хувь нь ердөө өөрийн оюуны төсөөлөл болох нь нотлогджээ.

Мөн бодь сэтгэлтэй уялдуулан хоосон чанарыг бодож бясалгах нь дотоод сэтгэлийн амар амгаланг өгөх болно гэдгийг тайлбарлав. Дотоод сэтгэлийн амар амгалан нь хувь хүний эрүүл мэнд, урд удаан наслахад маш их тустай ажээ.

Тэрээр хэрэв бид энэ мэтчилэн буддын гүн ухаанд сайтар суралцаж, учир шалтгааныг нь ойлгохын хэрээр буддын гүн ухааны уламжлал өнө удаан орших болно гэдгийг тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Балтын тэнгисийн гурван орон болох Латви, Литви, Эстонийн парламентийн арван таван гишүүний хамт үдийн зоог барьсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ловон Дигнагагийн зохиол “Шалгадагийн тайлбар” номыг айлдав
Номын айлдварын үеэр хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас
асуулт асуулаа. Латви, Рига. 2016.10.10.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Номын айлдварт эргэн ирээд тэрээр асуулт хариулт явуулахыг хүслээ. Эхний асуулт нь цагаан хоолтон болох талаар байв. Тэрээр цагаан хоолтон болохыг талархан хүлээн авдагаа хэлээд өдгөө Энэтхэг дэх Төвөдийн сүм хийдүүд нийтийн гал тогоонд мах огт хэрэглэхгүй байгаа, мөн өөрийн эрүүл мэндийн шалтгаан нөлөөлөөгүй бол бүрэн гүйцэд цагаан хоолтон болох байсан талаар ярьсан юм.

Тэрээр төвөдийн бурханы шашны бүх урсгалууд Наландагийн уламжлал дээр үндэслэсэн болохыг дурьдаад хэрэв Москвад буддын төвийг барих хүсэлтэй байгаа бол шашин хоорондын ялгаварт авталгүй бүхий л шашны төлөөлөл цуглаж, академик түвшинд сургалт явуулдаг төв болгох хэрэгтэй гэлээ.

Тэрээр номын айлдвартаа эргэн ороод Бурхан Багшийг шалгарсан багш болохыг учир шалтгааны үүднээс хэрхэн нотолдогийг тайлбарласан юм.

Шүтэн барилдахуйн онолыг ойлгосноор юмсын мөн чанарыг хэтрүүлэн үздэг бидний гаж буруу бодлууд арилах болно гэдгийг Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дахин тэмдэглэн хэлэв. Саруул билиг оюун нь үзэн ядалтыг арилгах ерөндөг ажээ. Билиг оюуныг хөгжүүлснээр бид өөрсдийн оюун санаанаас уур хилэн, үзэн ядалтыг арилгах болно.

Эцэст нь тэрээр Бурхан Багш биднийг айлгахын тулд зовлонгийн мөн чанарыг номлоогүй, гэгээрлийн зам мөрд суралцсанаар зовлонг арилгах боломжтой гэдгийг номлосон хэмээгээд энэ өдрийн айлдвараа өндөрлөсөн юм.
31-10-2016, 18:26
Вернуться назад