Dalailama / “Шалгадагийн тайлбар” номын айлдварын хоёр дахь өдөр

“Шалгадагийн тайлбар” номын айлдварын хоёр дахь өдөр

2016 оны 10 дугаар сар 11

Латви, Рига. 2016.10.11 – Нарны гэрэл моддын оройд тусаж, Рига хотын шовх үзүүрт сүмийн орой гэрэлтэх үеэр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийг дэмжигч Балтын орны 75 гишүүнтэй уулзлаа. Латвийн буддистуудын төлөөлөл түүнд 1000 мутагт Жанрайсиг бурханы дэлгэмэл дүрийг өргөн барив. Бурханы хөргийг хүлээн авсны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам:

“Шалгадагийн тайлбар” номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Балтын гурван орны Төвөдийг дэмжигч
гишүүдтэй уулзаж байгаа нь. Латви, Рига. 2016.10.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО/
“Жанрайсиг бурхан нь төвөдийн ард түмэнтэй маш нарийн барилдлагатай бурхан юм. Заримдаа би түүнийг бидний дарга мэтээр төсөөлдөг. Би цаг үргэлж түүний зам мөрийг дагахыг хичээдэг” хэмээн айлдав.

Эстонийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэнд дурсгалын зүйл гардуулах үедээ түүнийг Эстонид хүрэлцэн ирж номын айлдвар айлдахыг хүслээ.

“Балтын гурван ороны нөхдүүдтэйгээ уулзаж байгаадаа би баяртай байна. Та нарт өнөөгийн бидний амсаж буй бэрхшээлийг урд өмнө амсаж явсан гашуун туршлага бий.”

“Төвөдийг дэлхийн дээвэр хэмээдэг бөгөөд Төвөдийн өндөрлөгийн байгал цаг уурын байдал нь хөрш зэргэлдээ олон улс оронд нөлөөлж байна. Нэг сая гаруй хүмүүс Төвөдийн өндөрлөгөөс урсдаг гол мөрөнөөс ундаалж байна. Төвөдөд ой модыг огтлох, уурхай ажилуулах нь маш их сөрөг үр дагавар авчирч байна. Хуурай бөгөөд далайн гүнээс өндөр түвшинд байгал экологийг нөхөн сэргээх нь бусад газраас илүү хүндрэлтэй байдаг.”

“Төвөд хэл мөн адил хүнд нөхцлийн дор байна. Төвөд дэх зарим сургуульд төвөд хэл заахыг хоригложээ. Ганц нэг сургуульд төвөд хэл зааж байгаа ч төвөд сурагчид хятад хүүхдүүдийн адил сургалтын тэтгэлэгт хамрагдаж чадахгүй байна.”

“Саяхан Хятадын удирдлагууд илүү олон хятад иргэдийг Төвөдийн хот сууринд суулгах шийдвэр гаргажээ. Төвөдөд сууршиж буй Хятадууд мэдлэг боловсролгүй, чадваргүй боловч олны хүчээр төвөд иргэдийг хүч түрэн шахаж байна. Хот суурин газарт үндсэн хэл нь хятад хэл болсон бөгөөд Лхас хот дахь төвөд иргэд уламжлалт замбаа (арвайн гурил) идэхийн оронд цагаан будаа иддэг болж байна.”

“Шалгадагийн тайлбар” номын айлдварын хоёр дахь өдөр
Төвөдийг дэмжигч гишүүд Дээрхийн Гэгээнтний айлдварыг
сонсож байгаа нь. Латви, Рига. 2016.10.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн цааш нь айлдахдаа олон улс орны буддистуудтай уулзах үедээ Төвөдүүдийн үеэс үед дамжуулан хадгалж ирсэн бурханы шашин эдүгээ хичнээн чухал болохыг олж хардаг талаар ярьсан юм. Тэрээр хэрэв энэ уламжлал үгүй болвол бид бүгдэд маш их гарз хохирол тохиох болно гэдгийг онцлон хэлсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдүүд тусгаар тогтнолыг хүсэхгүй байна, гэвч өөрсдийн хэл соёл, мэдлэг боловсролоо хөгжүүлэхийн төлөө санаа зовниж буй гэдгийг давтан хэллээ. Түүний айлдсанаар төвөдүүд 1974 оноос хойш хятадтай харилцан ашигтай гэрээ хэлцэл хийхийг хүсэж байгаа ажээ.

Асуулт, хариулт явагдсанаар уг уулзалт өндөрлөв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сконто ордонд залран ирснээр номын айлдварын өмнө “Билгүүний Зүрхэн” судрыг орос хэл дээр уншив.

“Шалгадагийн тайлбар” номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Сконто ордонд номын айлдвар
айлдаж байгаа нь. Латви, Рига. 2016.10.11.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор /ДЛО/
Ловон Дигнага тайлбар зохиолдоо Бурхан Багшийг бодит бөгөөд гэгээрэлд хүрэх зам мөрийг бүрэн туулсан нэгэн гэдгийг тайлбарлан айлджээ. Бурхан Багш гурав дахь номын хүрдийг айлдах үедээ амьтан бүхэнд гэгээрлийн мөн чанар байдаг гэдгийг айлдсан бөгөөд нууц тарийн ёсонд үүнийг улам гүнзгий түвшинд судалдаг болохыг Дээрхийн Гэгээнтэн тайлбарласан юм. Сэтгэлийн нарийн чанар нь хөгжин явсаар бурханы дөрвөн лагшин хэмээх эрдмийн оргилд хүрдэг байна.

Дараа нь таван махбодиос бүрдсэн энэ биеэс “би” гэгчийг хайгаад олж үл чадахыг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав.

Тэрээр:

“Далай Лам гэдэг нь миний бие биш, миний оюун санаа ч биш, мөн энэ хоёроос тусдаа Далай Лам гэж байхгүй. Энэ зарчмаар бид нарийн судалж үзвэл юу ч олдохгүй.” гэлээ.

Мөн нийгмийн бүх амьтад нэгдэж амьдардаг бөгөөд тиймийн тул бидэнд найз нөхөд хэрэгтэй болохыг айлдсан юм. Тэрээр зөвхөн өөртөө аз жаргалыг хүссэнээс ядуу ч гэлээ бусдын төлөө гэсэн сэтгэлтэй байж чадвал илүү аз жаргалтай болохыг тэмдэглэн хэлэв.

Энэ зуур Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварт суусан бүх хүмүүст бодьсадвын санваар хайрлахын өмнө гэнэн санваар хайрласан юм. Бодьсадвын санваар хайрласны дараа Бурхан Багш, Жанрайсиг, Манзушри, Дарь Эхийн зүрхэн тарнийн лүн хүртээв.

“Шалгадагийн тайлбар” номын айлдварын хоёр дахь өдөр
Номын айлдварт ирсэн олон хүн Дээрхийн Гэгээнтнээс асуулт
асуув. Латви, Рига. 2016.10.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтийн асуултанд хариулав. Өсөж буй хүүхдийн хүмүүжилд санаа зовнисон нэгэн ээжийн асуултанд хариулахдаа хүүхдэд аль болох энэрэнгүй зөөлөн хандах хэрэгтэй гэж зөвлөсөн юм. Тулган шаардах, эсвээс айлгаж сүрдүүлэх арга зам нь үр дүнтэй биш гэв.

Өөр нэгэн хүний асуултанд хариулахдаа оюунлаг амьдралаар амьдрахын тулд зайлшгүй эрэгтэй, эмэгтэй хувраг болж гэр бүлээсээ тусдаа байх ёстой гэж Бурхан Багш айлдаагүйг дурьдав. Өөрийн дотоод сөрөг сэтгэлээ арилгаж чадвал гэр бүлтэйгээ эвтэй сайхан амьдрах болно хэмээн зөвлөв.
Өөр нэгэн хүний асуултанд хариулахдаа тэрээр “Өнөөгийн нөхцөл байдал биднийг нэг нэгэнтэйгээ улам их уялдаа холбоотой болгож байна. Энэ үед нэг нэгнийгээ хорлож, эсвээс нэгнийгээ егүүтгэх нь ямар ашигтай вэ? Өнгөрсөн зуунд хэдэн зуун сая хүн хүчирхийлэлд өртөж амь насаа алдсан, үүнээс ямар ашиг гарав?” хэмээн асуулаа.

Хэд хэдэн асуулт нь сэтгэлийн гэгээн чанар, гэгээрэлд хүрэх зам мөрийн үе шатын талаар сонирхосон асуултууд байсан юм.

“Шалгадагийн тайлбар” номын айлдварын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын үеэр. Латви,
Рига. 2016.10.11. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн номын айлдвартаа эргэн орлоо. Тэрээр хэдэн шүлгийг онцгойлон авч тайлбарласан юм. Энэ үед түүний айлдсан гол айлдвар нь Бурхан Багш гэгээрлийн зам мөрийн бүх сургаал Хутагтын Дөрвөн Үнэн сургаалд хэрхэн үндэслэдэг тухай байлаа. Юмс үзэгдлийн мөн чанарыг таниагүйн улмаас бодит үнэнийг ухаарч чадахгүй бөгөөд энэ нь зовлонгийн уг үндэс болдог талаар тайлбарлан айлдав.

Мөн сөрөг сэтгэл хөдлөлийг арилгахын тулд түүнд таарсан ерөндөгийг ашиглах нь зүйтэй болохыг айлдав. Жишээлбэл энэрэл хайрын сэтгэлээр мунхагийг арилгаж чадахгүй, гагцхүү юмсын мөн чанарыг таньж мэдсэн саруул ухаанаар л мунхагийг арилгадаг болохыг тайлбарласан юм.

Номын төгсөлийн хэсэгт ирэх үед Дээрхийн Гэгээнтэн учир шалтгааны ухааны зохиолыг орос хэлэнд орчуулсан Оросын эрдэмтний их хичээл зүтгэлийг магтан сайшаасан юм. Тэрээр энэ удаагийн номын айлдварт учир шалтгааны ухааныг танилцуулах төдийд номлосон бөгөөд гүйцэд номлохын тулд олон сарын өмнөөс ном судар үзэж бэлтгэл базаах хэрэгтэй гэлээ. Мөн тэрээр Монголын эрдэмтэн лам, Гоман дацангийн хамба асан Лувсан Чойдаг эрдэмтнийг дурсан ярив. Олон жилийн өмнө Монгол лам Лувсан Чойдаг Дээрхийн Гэгээнтэнд энэ цаг үед учир шалтгааны ухааны “Шалгадагийн тайлбар” номыг бүрэн дүүрэн тайлбарлаж чадах нэг ч хүн байхгүй хэмээн ярьсан байна.

Дээрхийн Гэгээнтэн төгсгөлд нь:

“Ингээд хоёр өдрийн турш явагдсан номын үйл ажиллагаа маань өндөрлөж байна. Та бүхэнд бага ч атугай сонирхол төрүүлсэн болов уу хэмээн найдаж буй. Бидний нүдийг нээх мэт их сургаал шастирыг харамгүй хайрласан Наландагийн их багш нарт бөхийн мөргөмүй.”

“Сагала архад “Ном сургаалд суралцаж чадвал энэ нэгэн насыг утга учиртай өнгөрүүлж буй хэрэг” хэмээн айлдсан байдаг. Өдгөө би 81 настай, гэвч боломж олдох бүрийд би ном уншдаг. Сажа Бандида “Хэрэв чи маргааш үхэх байсан ч өнөөдөр ном үзэж л байх хэрэгтэй” гэж айлдсан. Өөрийн сөрөг сэтгэл хөдлөл болон өөрт тохиосон бэрхшээлийг даван туулах чадварыг олох нь дээдийн ном сургаалд суралцсаны үр дүн билээ.” хэмээн айлдсан юм.

Оросын дуучин Борис Гребенщиков аялгуут сайхан дуу дуулснаар номын айлдвар гүйцэд өндөрлөв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олонтой эргэн уулзахын ерөөл тавиад тайзнаас буулаа.
1-11-2016, 18:00
Вернуться назад