Словаки улс. Братислав хот. 2016.10.16 - Дээрхийн Гэгээнтэн Далай лам өнөө өглөө олон нийттэй уулзахын өмнө Словакийн парламентийн албан ёсны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Үндэсний Ассемблейн орлогч дарга хатагтай Люсия Николсон, Гадаад хэргийн хорооны дарга ноён Франтишек Себей, парламентийн гишүүн бөгөөд Төвөдийг дэмжих бүлгийн гишүүн ноён Мартин Полячик, Европын холбооны гишүүн бөгөөд Словакийн ерөнхий сайдын орлогч асан ноён Пал Чаки нар түүний байрлаж буй зочид буудалд хүрэлцэн ирэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Словакийн парламентийн албаны
хүмүүүсийг зочид буудлын өрөөндөө хүлээн авч уулзаж
байгаа нь. Словаки. Братислав хот. 2016.10.16.
Гэрэл зургийг Соможи
“Сэтгэлийн амар амгалан! Би аливаа зүйлийг дандаа өргөн хүрээтэй харахыг хичээдэг. Өөр өнцгөөс харахад бэрхшээлтэй асуудлууд нөгөө талаасаа тийм ч хэцүү санагддаггүй. Би илүү их аз жаргалтай, амар амгалантай дэлхийн төлөө тууштай байдаг тул өөрөө өөдрөг байх нь чухал” гэлээ.
“Хүн нэг бүр эх дэлхийгээ энх амгалан байлгахын төлөө хичээх хэрэгтэй. Яг энэ мөчид жишээлбэл, Сирид хүмүүс маш их зовж байна. Тулгарч буй аюулаас болж олон хүн дүрвэж байна. Европын олон орон, тэр дундаа Герман тэднийг хүлээн авч орогнуулахын тулд сайн ажиллаж байна. Тэдэнд гэр орон олгож, хүүхдүүдийг боловсролтой болгон, залуусыг мэргэжилд сургах нь маш чухал. Гэсэн хэдий ч тэдний дүрвэж байгаа эх оронд нь энхийг тогтоох хамгийн чухал юм. Эцсийн дүндээ дүрвэгсэд ирсэн газар руугаа буцан очиж, сэргээн босгох ажил өрнүүлэх ёстой. Дүрвэн цагаачилсан олон төвөд хүмүүс одоог хүртэл хэзээ нэгэн цагт эх орондоо эргэн очиж эх орноо сэргээн босгоно гэдэг итгэл найдвар өвөрлөсөөр л байгаа.”
Ирак болон Сирийн хямралыг хүч үл хэрэглэх аргаар үнэхээр зогсоож чадах уу гэсэн Баяаникийн асуултанд Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа:
“Хүч хэрэглэх аваас улам их хүчирхийллийг бий болгоно. Өнгөрсөн 20-р зуун маш их хүчирхийлэл хийгээд олон улс оронд ноёлож байсан дарангуйлалын дэглэмийг туулж өнгөрүүлсэн. Эцсийн эцэст асуудлыг шийдвэрлэх цорын ганц арга бол яриа хэлэлцээр юм.” гэж хэлэв. Үүний хамгийн эхний алхам нь түүний танил Нобелийн шагналтны хэлснээр зэвсгийн наймааг зогсоох ажээ.

Словакийн телевизийн сэтгүүлч Любомир Баяаник Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламаас ярилцлага авч байгаа нь. Словак.
Братислав. 2016.10.16. Гэрэл зургийг Жереми Рассел /ДЛО/
Төвөдийг ирээдүйд ардчилсан орон болохыг хүсч байна уу гэсэн асуултанд хариулахдаа, хүүхэд байхаасаа л хуучин системд маш их өөрчлөлт хийх хэрэгтэй байна гэдгийг мэдэрдэг байсан гэв. Төвөдийг тэргүүлж эхэлснээс хойш тэрээр шинэчлэлийн хороо байгуулсан боловч Хятадууд түүнийг нь эсэргүүцэж шинэчлэлийг өөрсдийн арга барилаар хийхийг хүсчээ. Төвөдийн ардчилал 1959 оны эхээр Төвөдийн цагаач засгийн газрыг байгуулахаас эхэлсэн ба энэхүү үйл ажиллагаа нь Дээрхийн Гэгээнтэн улс төрийн үйл ажиллагаанаас чөлөөлөгдөж, улс төрийн үүрэг хариуцлагаа сонгогдсон удирдлагад 2011 онд шилжүүлэн өгөхөд оргил үедээ хүрсэн байна.
Хүчирхийлэл явагдаж буй энэ хорвоо ертөнцөд хэрхэн аз жаргалд хүрэх талаар Баяаник асуухад Дээрхийн Гэгээнтэн бид өөрсдийн сөрөг сэтгэлээс салж үнэнч шударга, ил тод болон бусдыг хайрлахад л суралцах хэрэгтэй гэлээ.
Оюутан болон багш нартай уулзах Коменскийн нэрэмжит Их сургууль дээр Дээрхийн Гэгээнтэн хүрэлцэн ирэхэд үүдэнд түүнийг сургуулийн захирал Карол Мичиета угтан авлаа. Тэрээр Дээрхийн Гэгээнтнийг ёслолын хүндэтгэлийн аялгуун дор танхимд урин хөтлөв. Профессор Мартин Слододник танхимд цугларсан 250 хүнд түүнийг танилцууллаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Коменскийн нэрэмжит Их сургууль
дээр. Словак. Братислав хот. 2016.10.16. Гэрэл зургийг Соможи
“Бид хүний, өөрийн гэж их ялгаварлан үздгээс зөрчилдөөний үндэс бий болж байна. Асуудлыг шийдэхийн тулд хүч хэрэглэх нь буруу хандлага юм. 20-р зуунд гарсан цус асгаруулсан тэмцлийн дараа 21-р зууныг хоёр талын харилцан ашигтай шийдэл гаргадаг, харилцан яриа хэлцэлийн зуун болгох нь чухал байна.”
Дээрхийн Гэгээнтэн хүний аз жаргалыг хөхүүлэн дэмжих болон шашин хоорондын харилцан ойлголцлын талаархи өөрийн үүргээ яриад танхимд байгаа хүмүүсийн асуултанд хариулахад бэлэн байгаагаа илэрхийлэв. Асуултанд хариулж байхдаа тэрээр жинхэнэ аз жаргал халуун дулаан сэтгэлээс л бий болдог гэсэн өөрийн үзэл бодлоо дахин давтан хэлэв. Тэрээр бидэнд байдаг биологийн хязгаарлагдмал, төрөлхийн энэрэнгүй сэтгэлийн мэдрэмж дээр тулгуурлан зохих боловсрол, сургалт дадлагын тусламжаар илүү том хүрээтэй, ялгаварлан гадуурхах үзэлд автаагүй энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлэх боломжтойг дурдлаа. Ийм энэрэнгүй сэтгэлийг бид дайсан гэдэг хүмүүст ч хандуулах хэрэгтэй гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн шаардлага хангахгүй байгаа орчин үеийн боловсролын системийн дутууг нөхөхийн тулд туршлага, эрүүл саруул ухаан болон шинжлэх ухааны ололт дээр тулгуурласан нийтийг хамарсан хүний үнэ цэнийг хөгжүүлэх ажлыг өргөн хүрээнд явуулах хэрэгтэй гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Словакийн ерөнхийлөгч Андрей
Кискатай Алтитуде ресторанд үдийн зоог хамт барьж байгаа нь.
Словак. Братислав хот. 2016.10.16. Фотог Жереми Рассел /ДЛО/
Дээрхийн Гэгээнтэн үдээс хойш хотод эргэн ирж Үндэсний теннисийн төвд хүрэлцэн ирэв. Түүнийг гараа далласаар тайзан дээр гарахад 400 гаруй хүн цугласан танхим алга ташилтаар угтан авлаа. Ерөнхийлөгчийн зөвлөх Мартин Бутора “Танилцуулах шаардлагагүй хүнийг танилцуул гэж боломжгүй зүйлийг надад даалгажээ” хэмээн хэлэхэд алга ташилт улам нижигнэв. Дээрхийн Гэгээнтэн хүмүүсийг суудлаа эзлэхийг дохиод яриагаа эхэлсэн юм.
“Энд ирсэндээ би тун баяртай байна. Өнөө өглөө би их сургуулийн багш болон оюутнуудтай уулзсан, одоо та бүхэнтэй уулзаж байгаадаа баяртай байна. Бид өөр өөр сүсэг бишрэл болон итгэл үнэмшилтэй байж болох ч бүгд адилхан хүн билээ. Эрдэмтэд байнгын уур хилэн, айдас болон сэтгэл зовнил нь бидний дархлааны системд хортой нөлөөлдөг гэдгийг мэдсэн, тиймээс сэтгэлээ амар амгалан байлгах нь бидэнд маш хэрэгтэй. Хайр болон нинжин сэтгэл дотоод амар амгалангийн эх үүсвэр юм. Эдгээр нь бидэн шиг нийгмийн хүмүүст зайлшгүй хэрэгтэй билээ.”
“XX зууны эхээр дэлхийн I, II дайн эхлэхэд хүмүүс эргэлзэж тээнэгэлзэлгүй омог бардам цэргийн эгнээнд орж байлаа. Өнөөдөр энэ бүхэн өөрчлөгдөж хүмүүс дайн самуунаас залхсаныг би харж байна. Түүнчлэн XX зууны эхээр хэн ч байгаль орчин болон түүнийг хамгаалах арга хэмжээний талаар яридаггүй байсан ба эдүгээ бидний хийж буй шашин хоорондын уулзалт ч болдоггүй байв. Ийм их хүчирхийлэл болон зөрчилдөөний дараа одоо эерэг өөрчлөлтүүд гарч эхэлжээ.”

Үндэсний теннисний төвийн тайзнаас Дээрхийн Гэгээнтэн Далай
Лам ярьж байгаа нь. Словак. Братислав хот. 2016.10.16.
Гэрэл зургийг Соможи
“Миний гуравдахь үүрэг бол Төвөд хүн гэдэгтэй маань шууд хамааралтай. 2011 оноос хойш би улс төрийн эрх үүргээс бүрэн татгалзаж зөвхөн Далай Ламын шашны үүргийг гүйцэтгэж байгаа. Гэсэн хэдий ч би Төвөдийн ард түмний сайн сайхны төлөө санаа сэтгэлээ зориулж Төвөд хэл, соёл болон байгаль орчныг хамгаалахад чадах бүхнээ хийх болно.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам танхимаас санаа нь ихэд зовсон нэгэн эмэгтэйн амьдралд хүнд бэрх зүйл тохиолдсон нөхцөлд хэрхэн амар амгалантай байх талаарх асуултанд хариуллаа. Тэрээр 8-р зуунд амьдарч байсан Энэтхэгийн их багшийн зөвлөсөн асуудалд өргөн хүрээтэй хандвал түүнийг даван туулж болох эсэх нь харагддаг гэсэн зөвлөгөөг санал болголоо. Энэ зөвөлгөөг өөрөө ч дагадаг тухайгаа ярьсан юм.
“Хэрэв асуудлыг шийдэж болохоор байвал түүнд санаа зовоод байх хэрэггүй, хүчин чармайлтаа гаргаж түүнийгээ хэрэгжүүл. Хэрэв дааж давшгүй байвал хий дэмий санаа зовох нь ямар ч тус болохгүй.”
Тэрээр бас нэгэн асуултанд уучилж өршөөх нь чамд тохиолдсон бүгдийг март гэсэн үг биш гэхдээ, түүнийгээ бодон уурлахгүй байх боломжийг өгдөг гэж хариуллаа.
Улс төрийн өрсөлдөөнд орсон хүн хэрхэн илүү их хайр, энэрэнгүй сэтгэлтэй байж болох талаар асуухад:
“Би дөнгөж сая гайхалтай ерөнхийлөгчтэй үдийн зоог барилаа. Бид улс төр бохир байдаг талаар ярилцахад тэрээр “Миний гол хүсч байгаа зүйл маань бусдын төлөө хүчин зүтгэх явдал” гэж хэлсэн. Бид маш их олон зүйлд санаа нэгдэж, ялангуяа одоогийн боловсролын систем материаллаг зүйл дээр төвлөрч дотоод үнэ цэнийг хайхрахгүй байгаа талаар тогтож ярилцсан. Боловсролд илүү нэгдмэл байдлаар хандах хэрэгтэй. Би түүнд хүний үнэ цэнийг хөгжүүлэх зорилготой сургалтын хөтөлбөр боловсруулах ажил явагдаж байгааг хэлсэн.” гэв.
Уулзалтын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн танхимд байгаа хүмүүст хандан тэдэнтэй хамт байхад сайхан байснаа хэллээ. Тэрээр бид хүн бүр хүчин чармайлт гаргаж илүү хариуцлагатай байвал энэрэнгүй, амар амгалан дэлхийг бий болгож чадна гэдэгт хатуу итгэж явдгаа илэрхийлэв. Дээрхийн Гэгээнтэн цугласан хүмүүст миний хэлснийг тунгаан бодож хэрэгжиж болохоор үр ашигтай санагдвал хүчин чармайлт гаргаж үр дүнгий нь үзээрэй хэмээн хүсэв.
Талархалын үгээ хэлсэний дараа Дээрхийн Гэгээнтэн халуун алга ташилтын дунд тайзнаас буулаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ихэнхи нь Австриас ирсэн Төвөд
хүмүүстэй ярилцаж байгаа нь. Словак. Братислав хот.
2016.10.16. Гэрэл зургийг Соможи
Тэрээр Хятадад ойролцоогоор 400 сая Бурханы шашинтан байгаа ба тэдний олонхи нь Төвөдийн буддын шашны ач холбогдлыг ойлгож, илүү ихийг мэдэхийг хүсч байгаа гэсэн юм. Далай Лам мөн ирэх жил болох Хятадын Коммунист Намын 19-р их хурал илүү сайн сайхан өөрчлөлт авчирна гэдэгт итгэж хүлээж байгаагаа илэрхийлэв.
Маргааш өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Братиславаас Чехийн нийслэл Праг хот руу нисэх болно.