Dalailama / Форум 2000 - Хариуцлага хүлээх эр зориг

Форум 2000 - Хариуцлага хүлээх эр зориг

2016 оны 10 дугаар сарын 19

Чех улс, Праг. 2016.10.18 - Гадаа тэнгэр бүүдгэр, хүйтэн салхи сэвэлзэж байсан ч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Чехийн соёлын сайд Даниель Херман болон Христийн Ардчилсан Холбоо-Чехословакийн ардын намын парламент дахь гишүүдтэй хийсэн уулзалт халуун дулаан уур амьсгалд өрнөсөн юм. Соёлын сайд болон Дээрхийн Гэгээнтэн нар дугуй ширээнд сууж, санал солилцохын өмнө яамны дотор байрлах сүмд зочилов.

Форум 2000 - Хариуцлага хүлээх эр зориг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Христийн Ардчилсан Холбоо -
Чехославакийн Ардын намын парламент дахь гишүүдтэй
Соёлын яамны байранд уулзаж байгаа нь. Чех улс, Праг,
2016.10.18. Гэрэл зургийг Ондрей Бесперат
Хүн төрөлтөн нь бусаддаа туслах онцгой чадвартай байдаг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв. Хүн уг чанартаа энэрэнгүй байдаг гэдгийг эрдэмтэд баталснаа зарласан. Энэ нь хэмжээлшгүй их энэрлийг өөртөө цогцлоосон Бүтээгч Эзэн-ий бүтээлийн тухай ойлголттой нийцэж байгааг тэрээр хэллээ.

“Дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүний дотор хүндрэлтэй тулгараагүй нэг ч хүн үгүй. Гэвч ийм нөхцөл байдлын дунд амар тайван байдлаа хадгалах хамгийн сайн арга бол бусдын төлөө гэх энэрэнгүй сэтгэлийг төлөвшүүлэх явдал юм. Амар тайван сэтгэлийг хөгжүүлж, хүчирхийллийг багасгах үйлд шашин гол үүрэг гүйцэтгэх ёстой. Хүчирхийлэл бол уур хилэн, үзэн ядалт, айдас хүйдсээс ундран гардаг. Өнөөдрийн дэлхий дахинд шашинд үл итгэгчид болон шашны итгэл, үйлд зөвхөн ам хэлээрээ итгэдэг хүмүүс цөөнгүй байна. Хэрвээ шашин бидний хувьд ямар нэг байдлаар ач холбогдолтой юм бол бид түүнд нухацтай хандах хэрэгтэй.”

Соёлын сайд Дээрхийн Гэгээнтэнд талархлаа илэрхийлээд, урагш хөгжихийн тулд ямар тодорхой алхам хийж болох талаар тэр болон түүний нөхөд сонирхож буйгаа илэрхийллээ.

“Өнөөдрийн бидний соёл хэт материаллаг шинж чанартай байна,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэв.

“Эд бараа бол бидний бие махбодийн тав тухыг л хангадаг. Харин энэрэнгүй үзэл нь дотоод сэтгэлийн хүч, амар амгаланг авчирдаг. Таны баян чинээлэг, эсвэл ядуу зүдүү байхаас үл хамааран, бусдын төлөө гэсэн сэтгэл байх аваас та аз жаргалтай, амар тайван байх болно. Мөн сүм хийдэд очиж эргэл мөргөл хийдэг хэрнээ шашны сургаалиа үл баримталдаг хүмүүс цөөнгүй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Ромын пап, 2 дугаар Иоанн Павелаар бахархаж явдгаа, түүний 1986 онд Ассисид зохион байгуулсан олон шашинтны уулзалтыг маш чухал уулзалт байсан гэж үздэгээ тэмдэглэн хэллээ. Тэрээр энэ уулзалт бол шашны зүтгэлтнүүд бие биенээ ойлгох, туршлагаасаа хуваалцах үйл явцын эхлэл болох ёстой хэмээн пап ламд хэлж байснаа дурсав.

Уулзалт дууссаны дараа парламентын гишүүд Далай Ламыг бүчин авч, гарын үсэг аван, хамтдаа зураг авахууллаа.

Форум 2000 - Хариуцлага хүлээх эр зориг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Форум 2000 дээр үг хэлж байгаа нь.
Чех улс, Праг, 2016.10.18. Гэрэл зургийг Оливер Адам
Дараа нь сайд Херман Дээрхийн Гэгээнтний хамт Манес ордонг зорин явсан бөгөөд Форум 2000-ын хүрээн дэх Шашны парадокс сэдэвт хэлэлцүүлэгт тэд хоёул илтгэгчээр оролцож байгаа юм. Хэлэлцүүлгийг хөтлөгч Шломо Авинери тэднийг тосон угтлаа. Египетийн зохиолч, сэтгүүлч Тарек Осман болон бусад илтгэгч нарыг хуран цугласан 150 хүнд танилцуулаад, Соёлын сайдаас үг хэлэхийг хүссэн юм. Тэрээр еврей гаралтай, Ромын католик шашинтай, Чехословакт өссөн бөгөөд шашин түүнд сэтгэлийн эрх чөлөө өгч, идэвхтэй улс төрч байхад нь урам зориг өгдөг тухай ярив.

Дээрхийн Гэгээнтэн өөртөө хүлээсэн гурван үүргийнхээ тухай ярилаа.

“Хүний төрлийг олж төрснийхөө хувьд би бусад хүмүүсийг аз жаргалтай байлгах, хэрвээ тэдний сэтгэл санаа тогтворгүй бол ахуйн тав тух тэдэнд амар амгаланг өгч чадахгүй гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Хэрвээ хүний сэтгэл амгалан байвал биеийн өвчин зовиур ч тэдний амар тайвныг бусниулж чадахгүй. Сүүлийн 30 гаруй жилийн турш би шинжлэх ухааны эрдэмтэдтэй хэлэлцүүлэг өрнүүлж ирлээ. Тэд хүний үндсэн мөн чанар энэрэнгүй гэдгийг олж тогтоосон нь бидэнд итгэл найдвар төрүүлж байна.”

“Нэг талаас, том шашнууд бүгд хайр, нигүүлсэхүйн сургаалийг түгээдэг. Гэтэл нэг тэрбум гаруй хүн өнөөдөр шашныг сонирхохгүй байна. Тиймээс бид нигүүлсэхүй хийгээд хүний дотоод үнэт зүйлсийн чухлыг хүмүүст хүргэх өөр арга замыг олох хэрэгтэй.”

“Шашин хоорондын эв зохицлыг хангахын тулд нэг шашин, нэг үнэн байх ёстой гэсэн тогтсон ойлголт нь зөвхөн хувь хүнд нийцтэй байж болно. Орон нутаг, цаашлаад дэлхийн хэмжээнд олон үнэн, олон шашин байгаа нь тодорхой. Би Төвөдөд байхдаа буддизм бол хамгийн шилдэг нь гэж боддог байсан. Харин Энэтхэгт ирээд Томас Мертон, Тереза эх болон хиндү, жүүд, лалын шашны олон гайхалтай хүмүүстэй учраад бусад шашныг хүндэтгэж, хүлээн зөвшөөрөх болсон.”

Форум 2000 - Хариуцлага хүлээх эр зориг
Форум 2000 уулзалтын төлөөлөгчид. Чех улс, Праг,
2016.10.18. Гэрэл зургийг Оливер Адам
Ёс зүйн асуудалд хандах иргэний хандлагын тухай авч үзэхдээ, Дээрхийн Гэгээнтэн иргэний гэдэг үгийг ойлгох олон хувилбар байгааг тэмдэглэн хэлэв. Тэрээр энэ үгийг Энэтхэгт ойлгодог хувилбараар нь, тухайлбал бүх шашинд болон шашингүйчүүдэд ялгаваргүй хандах гэсэн утгаар нь хэрэглэхийг илүүд үздэгээ хэлэв. Большевикууд, Францын хувьсгалчид шашингүйн үзлийг хамгаалахдаа, шашныг бус, харин шашны байгууллагыг эсэргүүцсэн байх хэмээн Далай Лам хэллээ.

Ойрхи Дорнодод сүүлийн үед өрнөж байгаа хямралт явдлын талаар Тарек Осман илтгэлдээ хөндөв. Ийм ярвигтай нөхцлийн дунд шашин тодорхой хэмжээгээр дэг журам тогтоох ёстой гэв. Гэхдээ дэг журам тогтоох оролдлого нь хяналт болж хувирах тохиолдолд хүндрэлүүд бий болно.

Коммунизмын задрал болон Египетээс еврей нарыг хөөн гаргасны дараа амьдрах газар хайн цөл дундуур 40 жил явсан түүхийг Даниель Херман ярьлаа. Оюун ухаанд бодит өөрчлөлт гарахад нэг эрин үеэс илүү хугацаа шаардагдана.

Хүн төрөлхтөнд тулгарсан хэт их асуудлаас үүдэн хүмүүс арьс өнгө, яс үндэс, эдийн засгийн байдал болон бусад хоёрдугаар зэргийн ялгаанд хэт их анхаарал хандуулах болсон хэмээн Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэлээ.

"Бид бүгд хүн, эрх тэгш хүний төрөлтөн гэдгийг санаж явах нь юу юунаас чухал. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн савалгаа зэрэг нь хүн төрөлхтөн нэгдмэл байх ёстой гэдгийг харуулж байна. Учир нь бид хамтдаа амьдарч, асуудалд илүү бодитой хандах ёстой.”

Боловсролтой хүн төр засагт үнэнийг хэлэх үүрэгтэй, төр засаг яриа хэлэлцээрт нээлттэй байх ёстой гэсэн найз Эдвард Саидын үгийг Шломо Авинери эш татав.

Форум 2000 - Хариуцлага хүлээх эр зориг
Форум 2000 уулзалт болж буй Зофин танхимын байдал. Чех улс,
Праг, 2016.10.18. Гэрэл зургийг Ондрей Бесперат
Зофин ордонд үдийн хоол зооглосны дараа Дээрхийн Гэгээнтэн “Өнөөгийн дэлхий ертөнц ба тулгарч байгаа сорилтууд” сэдэвт сүүлийн хуралдаанд оролцохоор хурлын танхим руу алхлаа. Хэлэлцүүлэгт Дээрхийн Гэгээнтнээс гадна Чехийн Христийн Академийн ерөнхийлөгч, проф. Томас Халик, эмэгтэйчүүдийн эрхийн төлөө тэмцэгч, Саудын Арабын зохиолч Манал ал-Шариф нар байв. Түүнд бүтээлч өөр үзэл бодлынх нь төлөө Вацлав Гавелын шагнал өгч байжээ.

Хурлын дарга, социологч Сурендра Мунши манлайлал, сэхээтнүүдийн үүрэг хариуцлага, шударга үнэний тухай ярилцсан түрүүчийн хурлуудын үйл ажиллагааг дүгнээд, үг хэлэхийг эн тэргүүнд Дээрхийн Гэгээнтнээс хүслээ.

“Бидэнд тулгарч байгаа асуудлыг явцуу хүрээнд авч үзвэл шийдэгдэшгүй мэт санагдаж болно. Гэвч нэг ухраад, арай өргөн өнцгөөр урт хугацаанд нь харвал, асуудал тийм ч ноцтой биш санагдах бөгөөд эергээр харах боломж бүрдэнэ.”

“Эрүүл ухаан болон шинжлэх ухааны ололтоор уур хилэн, үзэн ядалт, айдас нь бидний дотоод амар амгаланг бусниулдаг гэдэг нь батлагдсан учраас өнөөгийн боловсролын тогтолцоог энэрэнгүй үзэл, сайхан сэтгэл зэрэг хүний дотоод үнэт зүйлст илүү хандуулах хэрэгтэй байна. Бид нийт хүн төрөлхтөн, гариг ертөнцийнхөө төлөө илүү санаа тавих шаардлага бий болсон. Үндэстний явцуу эрх ашгаас нийт тивийн эрх ашгийг дээдэлсэн Европын Холбооны үзэл санааг би үнэлж байна.”

“Хэрвээ бид сэтгэлийн амар амгаланг төлөвшүүлж чадвал, түүн дээрээ тулгуурлан дэлхий дахинд энх тайвныг цогцлоож чадна. Өнөөгийн боловсролын тогтолцооны талаар олон мэргэжилтнүүд санал нэг байдаг. Хүн бүрт тохирсон хүний үнэт зүйлсийн талаарх нэгдмэл хандлагыг бий болгох шаардлагатай байна. Үүнд найдах үндэс бий.”

Форум 2000 - Хариуцлага хүлээх эр зориг
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Форум 2000 уулзалт дээр үг хэлж
байгаа нь. Чех улс, Праг, 2016.10.18. Гэрэл зургийг Оливер Адам
“Би ерөнхийлөгч Гавел болон түүний шударга ёсны төлөөх тэмцлийг хүндэтгэн биширдэг. Тэр хэдийгээр бидний дунд амьд сэрүүн байхгүй ч, бид түүний үзэл санааг үргэлжлүүлж, хүсэл мөрөөдлийг нь гүйцэлдүүлэх үүрэгтэй” хэмээн Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэж хэллээ.

Проф, Халик даяаршлын үр дагавар болон итгэлийн асуудлыг илтгэлдээ хөндөв. Нээлттэй нийгэмд тогтох боломжгүй монополь байдал буюу коммунизмыг даяаршил эвдэж чадсан гэлээ. "Гэвч өнөөдөр бид даяаршлын таатай бус үр дагавартай тулгарч байна. Дэлхий хуваагдаж, шашны хэт давралтыг даяаршил өөгшүүлж байхыг үгүйсгэх аргагүй. Зах зээлийн үл үзэгдэх гар авилгын гарыг улам далд болгож байна" хэмээн Халик гутрангуйгаар нэмж хэллээ.

Манал ал-Шариф хэлэхдээ, түүний эх орон Саудын Араб зөвхөн нефть төдийгүй, Исламын тулгуур үзлийг экспортолж байгаа нь хэнд ч ил байна гэв. Бурхан эмэгтэйчүүдэд асран хамгаалагчийг нь томилсон хэмээн ярьцгаадаг ч, эмэгтэйчүүд өнөөдөр “Би өөрөө өөрийнхөө хамгаалагч” хэмээн хэлэх боллоо хэмээв. Мөн өөрийн нөхцөл байдалдаа хариуцлага хүлээж, үйл хөдлөл хийхэд эр зориг хэрэгтэй гэж хэлсэн юм.

Аливаа шашин дотроо гурван хэсгээс бүрддэг тухай Дээрхийн Гэгээнтэн ярилаа. Эдгээр нь хайр энэрэл хийгээд өршөөл уучлалын тухай номлох шашны хэсэг, хоёрдугаарт Бүтээгчид итгэх, эс итгэх гэх мэт асуудлыг хөндөх гүн ухааны ойлголт, гуравдугаарт соёл уламжлалын хэсэг орно. Соёлын хэсэг нь зан заншил болон амьдрах хэв маягийг эртнээс зохицуулсаар ирсэн. Соёл уламжлалын тодорхой хэсэг нь өнөөдөр хоцрогдсон учраас өөрчлөх шаардлагатай болсон.”

Форум 2000 - Хариуцлага хүлээх эр зориг
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь.
Чех улс, Праг, 2016.10.18. Гэрэл зургийг Ондрей Бесперат
Танхимаас тавьсан асуултад Манал ал-Шариф хариулахдаа, дэлхий дээр 1.7 сая лалын шашинтан байдаг бол Исламын бүгд найрамдах улсад 4000 байлдагч байгаа гэдгийг цохон тэмдэглэлээ. "Энэ бол хэт шуугиантай цөөнх, нам тайван олонхийн жишээ мөн."

Баян ядуугийн ялгаа ихсэж байгаа асуудлын хүрээнд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, хүмүүс өөрсдийн нөхцөл байдлаа дээшлүүлэхийн тулд өөртөө итгэлтэй байх нь чухал гэв. Шашны нэрийн өмнөөс хүний амь хөнөөх нь буруу, түүнийг үл анзаарах нь бүр ч буруу хэмээн эцэст нь тэмдэглэн хэлэв.

Үзэл бодлоо хуваалцсан илтгэгч нарт талархаад Сурендра Мунши хурлын үйл ажиллагааг хаалаа.

Хурлын төлөөлөгчид индэрт гарч ирэн, Дээрхийн Гэгээнтний гарын үсгийг авах, гар барих, зургаа авахуулахын тулд түүнийг тойрон хүрээллээ. Дээрхийн Гэгээнтэн тэдний хүсэлт бүрт найрсгаар хандаад, Форум 2000 уулзалтын төгсгөлийн Олон улсын удирдах зөвлөлийн хуралдаанд оролцохоор явсан юм.
6-11-2016, 04:10
Вернуться назад