Чех Улс, Прага хот. 2016.10.17 – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Братиславаас хөдлөхөд гадаа хүйтэн, манантай байлаа. Прагад мөн манантай байсны улмаас нислэг түр хойшлогдож төд удалгүй Прага хотыг зорин нисэв. Прагын нисэх онгоцны буудалд түүний хуучны анд нөхөд болох Якуб Клепал, Карел Шварценберг, Саша Нойман нар угтан авсан юм. Зочид буудалд ирсэн даруйдаа Дээрхийн Гэгээнтэн Чехийн телевизийн “24” сувагт ярилцлага өгөв.
Сэтгүүлч эхлээд Далай Ламаас Ерөнхийлөгч Вацлав Хавел агсаны юуг ихэд үнэлдэг байсан талаар асуухад түүний үнэнч шударга, үнэний мэдрэмж, ил тод байдал, хүнд хэцүү нөхцөлд тэр үргэлж сэтгэлийн хаттай хэвээр байдагсан гэлээ. Мөн түүнийг эрхэм хүндтэй, дотны андаа гэж санан дурсдагаа ярив.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Чехийн "24 суваг" телевизид
ярилцлага өгч байгаа нь. Чех, Прага. 2016.10.17.
Гэрэл зургийг Жерреми Расселл (ДЛО)
Ерөнхийлөгч Вацлав Хавел агсан сэтгэл амгалан одсон болов уу гэсэн сэтгүүлчийн асуултанд Дээрхийн Гэгээнтэн: “Ямарч эргэлзээгүй. Тэр энэрэн нигүүлсэх сэтгэлээр дүүрэн, сайхан амьдралаар амьдарсан. Христийн шашинаар бол тэр тэнгэрт байх ёстой, гэхдээ өөр байр сууринаас бол тэр эргэн төрж хүн төрөлхтний төлөөх сайн үйлсээ үргэлжлүүлнэ.” гэсэн юм.
Ерөнхийлөгч Хавел бүхнээс илүү хүний эрхийг ямагт түрүүнд тавидаг байсан, гэтэл өнөөгийн засгийн газрууд эдийн засгийн ашиг сонирхлыг нэн түрүүнд тавих хандлагатай байна гэхэд Дээрхийн Гэгээнтэн санал нэгдэж “Үнэхээр тийм. Хавелийн онцлог нь тэр үргэлж үнэнийг хатуугаар хамгаалдаг байсан” гэлээ.
Ойрхи Дорнодын хямралыг шийдэхэд ямар саналтай байгааг асуухад Дээрхийн Гэгээнтэн энгийнээр: “Харилцан яриа” гэж хариулав.
21-р зууныг харилцан ярианы зуун болгох нь бидний зорилго болох ёстой гэж тэрээр Чехийн радио болон мэдээллийн агентлагт өгсөн ярилцлагадаа дахин хэллээ.
"Шинэ зуун гараад 16 жил өнгөрсөн байна, гэсэн хэдий ч энэ мөрөөдлөө бодит болгоход ахин цаг хугацаа шаардагдаж байна. Үүний тулд хүн төрөлхтний эв нэгдлийн төлөөх үүрэг амлалт, бид бүгд адилхан хүн төрөлхтөн гэсэн мэдрэмж хэрэгтэй."
Энэ сарын эхэн буюу 5-нд ерөнхийлөгч асан Вацлав Хавел 80 нас хүрэх байсан. Түүний төрсөн өдрийг Бүгд Найрамдах Чех Улс даяар өргөн тэмдэглэжээ. Мөн энэ жил “Форум 2000” чуулга уулзалтын 20 жилийн ой тохиож байгаа аж. Дээрхийн Гэгээнтэн Чехийн ерөнхийлөгч Хавелийн урилгаар 26 жилийн өмнө анх удаа Прагад айлчилж байжээ. Энэ удаагийн айлчлалын зохион байгуулагчид болох “Төвөдийг Дэмжигч Чехүүд” ( Czechs Support Tibet), “Тусламж Хэрэгтэй Хүмүүс” ( People in Need), “Потала” сан (Potala Foundation) зэрэг байгуулагууд Дээрхийн Гэгээнтэн “Форум 2000” чуулга уулзалтанд хүрэлцэн ирэхэд тусгайлан хүчин чармайлт гарган халуун дотноор хүлээн авсан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Храдчан талбайд цугласан
хүмүүстэй мэндэлж байгаа нь. Чех, Прага. 2016.10.17.
Гэрэл зургийг Оливер Адам
Цугалсан олонтой мэндлээд Дээрхийн Гэгээнтэн эргэн харж тайзны хойно түүний хуучны анд Ерөнхийлөгч асан Вацлав Хавелийн дурсгалд зориулан байрлуулсан хүзүүндээ цагаан хадаг зүүсэн Вацлав Хавелийн болон өөрийн том гэрэл зургийг хүндэтгэлтэйгээр засан тавиад суудалдаа суув.
Айлчлалыг хамтран зохион байгуулсан байгууллагуудын төлөөлөгчид ээлж дараалан Вацлав Хавелийн гэгээн дурсгалд зориулан үг хэлж мөн Дээрхийн Гэгээнтэнд мэндчилгээ хүргэн талархал илэрхийлэв. Зохион байгуулагчаар “Чехүүд Төвөдийг Дэмжих” (Czechs Support Tibet), “Потала” (Potala), “Пост Беллум” (Post Bellum), “Лунгта” (Lungta), “Улс төр ба мөс” (Politics and Conscience), “Гүнжавлин олон улсын зогчэн нийгэмлэг” (the International Community Dzogchen Kunkyabling) зэрэг байгууллагууд оролцсон байна.
Илтгэгчдийн дунд “ Харти 77”- д анхлан гарын үсэг зурагсдын нэг Дана Немцова, Прагын Үндэсний галерейн захирал Иржи Файт, Католик шашны лам, хөгжимчин Ладислав Хераян, Байгаль орчны сайд асан Мартин Бурсик, хүний эрхийн төлөө тэмцэгч асан бөгөөд одоо “Тусламж Хэрэгтэй Хүмүүс” (People in Need) – ийн захирал Симон Панек, “Потала Сан” (the Potala Foundation) – с Сузанна Ондомизева нар байлаа. Цугласан бүгд Анета Лангерова болон Ленка Дусилова нарын сэтгэл хөндсөн аялгуут дууг бахдан сонсцгоосон юм.
Дээрхийн Гэгээнтэний үг хэлэх дараалал ирэхэд тэрээр босоод хүрэлцэн ирсэн хүмүүст хандан: “Ахан дүүс нар аа, би та нартай энд хамт байгаадаа хязгааргүй их баяртай байна. Чин сэтгэлээсээ та бүгдийн халуун сэтгэл, шударга ёс, үнэний төлөөх ажилд түшиг тулгуур болж байдагт тань маш их талархаж байна.” гэсэн юм.
Храдчаны талбайд цугласан хүмүүс. Чех, Прага. 2016.10.17.
Гэрэл зургийг Оливер Адам
“Би хүмүүний энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөгжүүлэхэд бүхий л хүчин чармайлтаа зориулах болно. Бид ямар нэгэн шашин шүтлэгтэй байх эсэхээс үл хамааран аз жаргалыг хүсдэг тул бидэнд энэрэл, нигүүлсэл хэрэгтэй. Байнгын уур хилэн, айдас, сэжиг нь бидний дархлааны системийг сулруулдаг болохыг эртэмтэд олж мэдсэн. Тиймээс сайхан сэтгэлтэй байх нь бидний ашиг сонирхолд нийцээд зогсохгүй биеийн болон сэтгэлийн, оюун ухааны эрүүл мэндэд тустай билээ.”
“Мөн хүний үндсэн мөн чанар нь энэрэнгүй, нинжин сэтгэл гэсэн эрдэмтдийн судалгаа байна. Бид бүгд эхээс төрсөн бөгөөд эхийн хайранд өлгийдүүлж өссөн. Эхийн хайр байхгүй бол бид амьдарч чадахгүй. Бас хайртай хүмүүсээрээ хүрээлэгдсэн байхад бид амар тайван нас бардаг.”
“Тайван оюун ухаан эрүүл бие махбодийг бий болгоно. Олон залуу эмэгтэйчүүд гоё сайхан харагдахын тулд гоо сайхны зүйлд мөнгө зарцуулдаг. Ууртай царайнд дуртай хүн байхгүй, жинхэнэ гоо сайхан бол бидний зүрх сэтгэл дэх дотоод гоо сайхан юм. Аз жаргалын үндэс нь энэрэнгүй нинжин сэтгэл билээ.”
“Нэгэнт бид хүн төрлөхтний нэгэн том гэр бүлийн гишүүн нь болохоор бидний хувийн ашиг сонирхол бусдаас хамааралтай. Хэрвээ бусад хүмүүс аз жаргалтай байвал бид бүгдээрээ л хожно. Хэдэн арван жил, хэдэн зуун жил дайтсаар ирсэн Европын Холбооны өнөөгийн нэг улс орны эрх ашгаас нийтлэг сонирхлыг дагах үзэл санааг би бишрэн хүндэтгэж байна. Би Африк, Ази, Латин Америк болон эцэст нь бүх дэлхий дахины холбоо үүсэхийг тэсэн ядан хүлээж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Храдчаны талбайд үг хэлж байгаа нь.
Чех, Прага. 2016.10.17. Гэрэл зургийг Оливер Адам
“Гуравдугаарт Би төвөд хүн, төвөд ард түмний ихэнх хүмүүсийн итгэл найдварыг хүлээсэн хүн. 2011 онд улс төрийн эрх мэдлээ хүлээлгэн өгсөн ч итгэл найдвар даах ёс суртахууны хариуцлагаа хадгалж үлдсэн. Тиймээс 6 сая төвөдийн ард түмний нэрийн өмнөөс та бүгдийн дэмжлэгт талархлаа илэрхийлье.”
“Би Төвөдийн байгаль орчинг хамгаалах тухай, мөн бидний Бурханы шашны баялаг мэдлэгийн өвийг хадгалах талаар маш их санаа зовж байна. Бусад буддистуудтай ярилцахад Наланда уламжлалаас гаралтай төвөдийн Бурханы шашны уламжлал нь Бурхан Багшийн сургаалийн хамгийн бүрэн гүйцэд,тал бүрийн хувилбартай, иж бүрэн танилцуулга юм байна гэсэн дүгнэлтэнд хүрсэн. Үүнийг хадгалж үлдэх нь маш их үнэ цэнэтэй хийгээд зөвхөн төвөдүүд гэлтгүй Хятадын 400 сая буддистуудын ашиг сонирхолын төлөө юм. Төвөдийн соёл нь энх тайван, энэрэн нигүүлсэхүйн соёл учраас үүнийг хадгалах нь зүй ёсны хэрэг мөн.”
“Ер нь би шашнууд уламжлалт газартаа байсан нь дээр гэж үздэг. Би Иудей-Христийн шашны улажлалтай Европт Буддын шашны сургаалийг тайлбарлахдаа бага зэрэг дурамжхан байдаг. Гэсэн хэдий ч буддын шинжлэх ухааны салбар дахь оуюн ухааны үйл ажиллагаа, сэтгэл хөдлөлийн талаарх судалгаа зэрэг нь квант физикийн үзэлтэй нийцдэг тул үр дүнтэйгээр эрдэм шинжилгээний аргаар судалж болно. Сөрөг сэтгэл хөдлөлөө хэрхэн номхруулах талаар суралцах нь бидэнд үр өгөөжтэй. Энэ өнцгөөс авч үзвэл Сүзанна Ондомизевагийн номын айлдварын хүсэлтийг хүлээн авч, магадгүй ирэх онд энд эргэн ирж болох юм. Та нар юу гэж бодож байна вэ?”
Хүрэлцэн ирэгсэд нижигнэсэн алга ташилтаар хариу барилаа.
Дээрхийн Гэгээн Далай Ламын айлдвар явагдаж буй талбайн дүр
зураг. Чех, Прага. 2016.10.17. Гэрэл зургийг Ондрей Бесперат
“Та нарын дунд Төвөдийн төрийн далбааг барьсан хүн олон байна. Өнөө үед, мэдээж хэрэг, БНХАУ-ын удирдлагын хатуу чиг шугам баримтлагчид үүнийг салан тусгаарлахын бэлэг тэмдэг гэж үздэг. Гэсэн хэдий ч та нарт нэгэн түүх ярья. 1954-1955 онуудад Хятадад айлчлах үеэр би Мао даргатай хэд хэдэн удаа уулзсан юм. Нэгэн удаагийн уулзалтанд Мао дарга Төвөдийн төрийн далбаа байдаг эсэхийг асуулаа. Би хэсэг эргэлзээд байдаг гэсэн юм. Тэрээр түүнийгээ хадгалж Хятадын улаан тугийн хамт намируулах нь чухал шүү гэсэн. Тиймээс ямар нэгэн хятад хүн дургүйцвал намайг тугаа намируулах зөвшөөрөл Мао даргаас өөрөөс нь авсан гээрэй.”
“Эцэст нь хэлэхэд бүгдээрээ Ерөнхийлөгч асан Вацлав Хавелийн бүхнийг тэгш байдал, эрх чөлөө, энэрэн нигүүслэлээр хангах алсын харааг дэлхий даяар үргэлжлүүлэн хэрэгжүүлцгээе. Баярлалаа!”
Цугалсан бүгд дахин нижгэр алга ташилтаар хариу барилаа. Уулзалтын төгсгөлд Жон Ленноны “Imagine” дууг Зрни (Zrni) хамтлагийн хамтаар бүгдээрээ нийлэн дууллаа.
Храдчаны талбайгаас Дээрхийн Гэгээнтэн хөдөлж ерөнхийлөгч Хавелийн ажлын байранд очин түүний бэлэвсэн эхнэр хадагтай Дагмар Хавловатай уулзлаа. Тэрээр хүүчны найздаа хүндэтгэл үзүүлэн цагаан хадаг Ерөнхийлөгчийн сандалд зүүгээд мэхийн ёсолсон юм. Ерөнхийлөгч Вацлав Хавелийн дурсгалын нэг хэсэг болох том улаан зүрхэн дээр гарын үсгээ зураад Дээрхийн Гэгээнтэн зочид буудалд буцаж ирж амрахаар явлаа.