Итали Улс, Милан хот. 2016.10.21 – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрийг Италийн SkyTG 24 телевизийн сэтгүүлч, хуучны анд Пио д`Эмильяд ярилцлага өгч эхлүүллээ. Юуны түрүүнд сэтгүүлч Дээрхийн Гэгээнтний эрүүл мэндийн талаар асуулаа.
Дээрхийн Гэгээнтэн түүнд “Эрүүл мэнд маань сайн байна” гэж түүнд хэлээд, “Гэхдээ би хөгширчээ. Заримдаа өдрийн эцэст их ядарснаа мэдэрч байна. Гэсэн хэдий ч, шөнө тогтмол 8-9 цаг унтдаг, тийм болохоор өглөө болгон тэнхэрсэн, цовоо сэрдэг” хэмээн ярив.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам телевизэд ярилцлага өгч байгаа нь.
Итали, Милан. 2016.10.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төвөд болон Хятад руу аялах талаар асуухад Дээрхийн Гэгээнтэн 1954 оноос хойш Утай ууланд мөргөл үйлдэн явах хүсэлтээ хэлж байсан, өнөөдөр ч энэ хүсэл хэвээр гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам телевизэд ярилцлага өгөх үеэр.
Итали, Милан. 2016.10.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Сэтгүүлч Дээрхийн Гэгээнтэнээс Си Зиньпиний талаар асуухад тэрээр “Түүний тухай дүгнэн хэлэхэд хэцүү байна” гэж хэлэв. Си Зиньпин даргын гэр бүл буддын шашинтай. Дээрхийн Гэгээнтийн мэдэж буйгаар, түүний эцэг нь талийгаач Банчэн Эрдэнэтэй найз байжээ.
Дээрхийн Гэгээнтэн түүний авлигатай тэмцэх чармайлтыг биширж байна гэлээ.
Сэтгүүлч саяхан Ассизид болж өнгөрсөн шашин хоорондын уулзалтанд уригдаагүй явдлын талаар түүний сэтгэгдлийг асуухад, “Удирдагчидтай уулзсанаас олон нийтийг хамарсан уулзалтууд илүү үр ашиг авчирдаг” гэлээ.
Д`Эмилья түүний хойд дүрийн тухай асуухад, “Үүнийг төвөдийн ард түмэн шийднэ” гээд “Тодруулж болох хэд хэдэн сонголт байна. Үүнд, одоо амьдарч буй хэн нэгнийг өөрөө тодруулах, хэн нэгэн томилогдох, эсвэл Гандан Ширээтийг сонгодогтой адил Далай Ламын үүрэг албыг лам нар дундаас ахмадаар нь шалгаруулан өгөх” гэлээ.
Мөн тэрээр “Хайр энэрэл, нигүүслийг түгээн төлөвшүүлэхэд эмэгтэйчүүдийг илүү илэвхтэй үүрэг гүйцэтгэхийг уриалан, хэрвээ залуухан бүсгүй өөрийгөө Далай лам гэж зарлавал яагаад болохгүй гэж?” хэмээв.
Японы эзэн хаан ширээнээсээ бууна гэсэн, Ромын пап ламын нэг нь огцорч байсан, Дээрхийн Гэгээнтэнд ингэх бодол байна уу гэхэд: ”Би аль хэдийн бүх улс төрийн эрх мэдлээ өгсөн. Би лам байхаас татгалзаж болно гэж бодьё, харин Далай Лам байхаас хэзээ ч татгалзаж болно гэж бодохгүй байна.” гэлээ.
Дээрхийн Гэгээнтний номын айлдварын эхэнд Тамдог ринбочэ үг
хэлж байгаа нь. Итали, Милан. 2016.10.21.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Өглөөний номын айлдварыг Шри Ланкийн Теравадин (Theravadin)-ий лам нар пали сурвалж дахь Мангала судар уншин эхлүүлж, тэдний дараа ихэнх нь эмэгтэйчүүдээс бүрдсэн вьетнамын хэсэг сүсэгтнүүд “Зүрхэн Судар”-ыг өөрийн хэл дээр тогтвортой зөөлөн хэмнэлттэйгээр уншлаа.
“Өнөөдөр би Тамдог ринбочийн удирддаг Төвөдийн Буддын Шашин Судлалын Хүрээлэнгийн хүсэлтээр Богд Зонховын “Мөрийн гурван эрхэм” болон “Шүтэн барилдахуйн магтаал” номуудыг тайлбарлана. Буддын шашны сургаалын танилцуулга болгож эхэнд нь “Шүтэн барилдахуйн магтаал”-ыг тайлбарлаад дараа нь “Мөрийн гурван эрхэм” номыг хэрхэн дадлага хийх заавар болгон тайлбарлана.”
“Хүн төрөлхтөн бид бүгд бие махбодь, оуюн ухаан, сэтгэл санааны хувьд адилхан. Хаана төрсөн байхаас үл хамааран бид хоёр нүд, нэг хамар, нэг амтай. Бид бүгд аз жаргалтай амьдрахыг хүсдэг. Энэ нь хүний эрх юм. Зарим материал, технологийн хөгжил дэвшил, жишээ нь зэвсгийн талаар сонсоход айдас төрүүлдэг ч, материаллаг хөгжил нь ерөнхийдөө тав тух, сайн сайхныг авчрах зорилготойгоор бүтээгддэг. Гэсэн хэдий ч, өндөр хөгжилтэй орнуудад олон хүн стресс, түгшүүр, бухимдадл автсан байна. Эд материалын хөгжил нь дангаараа бүрэн сэтгэл ханамжийг өгөхгүй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын үеэр. Итали,
Милан. 2016.10.21. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бүх шашнууд илүү сайхан сэтгэлтэй хүнийг бий болгох чадвартай бөгөөд би өнөөдөр энд, бидний дунд өөр шашны уламжлалуудын төлөөллийг хараад баяртай байна. Энэ бол намайг ихэд хүндэлж буй хэрэг юм.”
“Пали хэл дээрх сурвалжууд нь Хутагтын Дөрвөн Үнэн, Гэгээрлийн 37 эрдэм гэх зэргийг агуулсан бөгөөд эдгээр нь гол төлөв ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, саруул билиг оюуныг хөгжүүлэх сэдэвтэй байдаг. Үүний дараа олон нийтэд зориулж айлдаагүй билиг барамидын сургаал орно. Үүнд зургаа эсвээс арван цаад чинадад хүрэхүй, бодь сэтгэлийг хэрхэн үүсгэх, юмсын мөн чанар хоосон чанарыг хэрхэн онож мэдэх зэрэг сургаалууд багтдаг.”
“Тийм учраас би номын айлдварын өмнө билиг барамидын товчлол болсон “Зүрхэн Судар”-ыг унших дуртай байдаг юм.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа Наландагийн их багш нарын төвөд магтаал нь зөвхөн “ертөнцийн зургаан чимэг, хоёр дээд” гэж найман эрдэмтнийг магтсан байдаг. Гэтэл Төвөдийн бурханы шашинд томоохон үүрэг гүйцэтгэсэн олон эрдэмтэд цаана нь үлдсэн байх тул Дээрхийн Гэгээнтэн “Наландагийн 17 бандидагийн магтаал” номыг зохиосон талаар ярьсан юм.
Дээрхийн Гэгээнтний номын айлдварт сууж буй хүмүүс.
Итали, Милан. 2016.10.21. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Үдийн хоолны дараа Итали, Швейцар, Испанид амьдардаг 200 гаруй төвөдүүдэд Дээрхийн Гэгээнтэн хандан:
“Бидэнд уулзалдах ийм боломж гарсанд баяртай байна. Бид эх орноосоо цагаачилж гарснаас хойш 57 жил өнгөрсөн байна. 1950-иад онд Амдо болон Хам нутгаар Төвөдөд өөрчлөлт хийх гэж байсан хятадуудын эсрэг эсэргүүцлийн давалгаа гарч байсан. Төвөд феодалын улс байсан, гэхдээ бүх зүйл муу байсангүй. Зарц нар нь аюул тулгархад дээд эзэддээ мэдэгдэж урьдчилан сэргийлсэнээр тэд зугтаж амжсан ба энэ нь бидний үнэнч шударгын стандартыг харуулж буй. Төвөдүүдэд ангийн тэмцэл ногдуулсан ч, энэ нь төдийлөн үр дүнтэй болоогүй. Ямарч байсан 1959 онд би зугтахаас өөр аргагүй байдалд хүрсэн юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам төвөд иргэдтэй уулзлаа.
Итали, Милан. 2016.10.21. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Хатуу чиг шугам баримтлагчид Төвөдийн төв хэсгээрх эсэргүүцлийг нам дарвал тэд ялна гэж бодож байлаа. Тэд дахин эндүүрчээ.”
“Хятадууд өөрсдийн уугуул соёлоо хадгалахад маш их хичээдэг мөртлөө төвөдүүд бас тэдний адил өөрсдийн соёлоо хадгалж үлдэх хүслийг ойлгохгүй байгаа нь гайхалтай. Хятад 400 сая буддисттай, тэдний ихэнх нь боловсролтой хүмүүс. Тэд Төвөдийн лам нар ном айлдаж, тайлбарлаж өгөхөд сайн бэлтгэгдсэн байдаг бол хятадын лам нар тийм биш байна гэдгийг олж харсан байна. Төвөдийн Буддын шашны бүх уламжлал Наланда уламжлалаас үүдэлтэй, энэ нь логик болон учир шалтгааныг гүн ухаантай хослуулан заадаг. Өөр ямарч Буддын шашны уламжлал үүгээр гайхуулж чадахгүй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвартаа ороод бодь сэтгэл үүсгэх тухай, мөн юмсын хоосон чанарыг тайлбарлаж шүтэн барилдлагын талаар номлосон юм.
Үдээс хойш нарны шаргал туяанд Дээрхийн Гэгээнтний номын айлдвар өндөрлөж цугласан олон баясалтайгаар таран одлоо.