Монгол улс, Улаанбаатар хот. 2016.11.20 – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын энэ өглөөний эхний уулзалт нь Монгол улс дахь Энэтхэгийн элчин сайдтай уулзах байлаа. Түүнийг байрлаж буй байрнаасаа гарахад Дээрхийн Гэгээнтэнтэй уулзахыг хүссэн олон монголчууд цугласан байв. Улаанбаатарт ойрд тохиолдоогүйгээр их хүйтэрч Дээрхийн Гэгээнтнийг гарахад гадаа 40 хэмийн хүйтэн байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Буянт Ухаа цогцолборт ном
айлдахаар хүрэлцэн ирж байгаа нь. Монгол улс, Улаанбаатар хот.
2016.11.20. Гэрэл зургийг Тэнзин Такла (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Богд Зонховын даган соёрхол хайрлахын өмнө бэлтгэл уншлага үйлдэж байх зуур цугласан лам хуврагууд болон энгийн сүсэгтнүүд “Билгүүний Зүрхэн” судрын тарнийг уншиж байлаа.
Ингээд номын айлдвар эхлэх үер Дээрхийн Гэгээнтэн Далай Лам уламжлал ёсоор шашны ямар нэгэн зан үйлд анхаарлаа хандуулахаас илүүтэй номын тайлбар явуулахыг чухалчилдаг бөгөөд боломж гарах бүрт аль болох илүү их номын тайлбар хийдэг тухайгаа ярьсан юм. Тэрээр Бурхан Багшийн айлдсан миний сургаалыг сайн судалж үзээд дагах ёстой гэсэн сургаалыг эш татлаа.

Номын айлдвар явагдаж буй цогцолборын дүр байдал. Монгол улс,
Улаанбаатар хот. 2016.11.20. Гэрэл зургийг Игорь Янчиглов
“Орчин үеийн квантын физик нь Бурхан Багшийн айлдсан хоосон чанарын сургаал буюу юмс өөрийн талаас бие даан орших боломжгүй хэмээх номлолтой тун төстэй байна. Бид зөвхөн сүсэг бишрэлээ хөгжүүлэх гэж яаралгүй Бурхан Багшийн айлдсан сургаалыг нягталж, судалж тэрээр яг юуг номлосон болохын учрыг ойлгох нь хамгаас чухал юм.”
Дээрхийн Гэгээнтэн эрэгтэй, эмэгтэй лам хуврагуудад хандан монголын хийдүүд Өмнөд Энэтхэг дэх төвөдийн шашны их дээд сургуулиудын хэрэгжүүлж буй сургалтын төлөвлөгөөтэй ижил төстэй хөтөлбөр боловсруулахыг зөвлөлөө. Тэд үүнийг хийж чадна гэдэгт туйлын итгэлтэй байна, Төвөдөд буй төвөдүүдээс ялгаатай нь, монголчууд хүссэнээ хийх эрх чөлөөтэй байна гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үдээс өмнөх номын айлдварыг Богд Зонховын бясалгалтай уялдуулсан язгуурын гурван бурханы даган соёрхолыг хайрласан бөгөөд энэхүү увидсын дамжлагыг тэрээр Дагдаг ринбочэгээс хүртсэн байна. Энэхүү увидсыг ховор нандин увидас гэж тэрээр тайлбарлан ярив. Мөн үдээс өмнөх номын айлдварын үеэр цугласан олон хүмүүст сайхан сэтгэлийг хөгжүүлж бодийн санваар хайрласан юм.

Лам хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг
сонсож байгаа нь. Монгол улс, Улаанбаатар хот.
2016.11.20. Гэрэл зургийг Игорь Янчиглов
“Шүтэн барилдахуйн магтаал”-ын гол утга агуулга нь Бурхан Багшийн айлдсан сургаалын тулгуур онол мөн. Энэ номонд шашны ямар нэгэн сургаал байхгүй, гагцхүү танин мэдэхүйн чиглэл бүхий сургаал юм. Бие лагшины талаас нь Бурхан Багшийг магтдаг боловч энэ нь түүний бусдаас онцгой магтаал болж чаддаггүй. Шүтэн барилдахуйн онолыг айлдсанаар нь хутагт Нагаржуна, Богд Зонхов нар Бурхан Багшийг ханьцашгүй хэмээн магтсан юм.”