Япон улс, Саитама хот, 2016.11.26 – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Каназавад хоёр хоног хуучны андындаа амарж өнгөрөөсний дараа хурдан галт тэргээр Омияаг зорин мордлоо.
Омияагаас машинаар шууд Саитамагийн Анагаах ухааны Их сургууль руу явав. Очсон даруйдаа тэрээр саяхан таалал төгссөн тус сургуулийн тэргүүн Маруки Киохирогийн гэр бүлд эмгэнэл илэрхийллээ.
Маруки Киохирогийн эцэг Маруки Киоми нь Саитамагийн Анагаах ухааны Их сургууль болон Эмнэлэгийн үүсгэн байгуулагч ба анх 1965 онд түүний урилгаар Төвөдөөс таван оюутан тус сургуульд суралцсан аж. Үүнээс хойш, түүний санаачилсан тэтгэлэгт хөтөлбөрт төвдийн нийт 21 оюутан залуус хамрагджээ.

Дээрхийн Гэгээнтэн Саитамагийн анагаах ухааны их сургуулийн
ажилчид болон сурагч нартай уулзаж байгаа нь. Япон улс,
Саитама хот, 2016.11.26. Гэрэл зургийг Тэнзин Такла /ДЛО
Мөн бусад хүмүүст хандан цаг зав гарган тэднийг зорин ирсэнд талархал илэрхийллээ.
Дотны андууд болцгоосон Маруки гэр бүлийн гурван үеийн төлөөлөлд Далай Лам хүндэтгэл үзүүлэн:
“Төрөлт байгаа газар үхэл бас байдаг. Цаг хугацаа байнга өөрчлөгддөгийн улмаас юмс үзэгдэлүүд мөн өөрчлөгдөнө. Төрсөн хүн бүхэн хэзээ нэгэн цагт үхнэ гэдгийг бид мэддэг. Тиймээс амьд ахуйдаа бид өөрсдийн амьдралаа утга учиртай болгох нь чухал.” гэлээ.
“Ахмад Маруки-сан болон түүний саяхан таалал төгссөн хүү хоёул бусдын сайн сайхны төлөө, ялангуяа төвөдийн ард түмний төлөө их зүйл хийсэн хүмүүс мөн.”
“Бидний цагаачилсан эхний жилүүдэд Төвөдөд юу болж байсныг маш цөөхөн хүн мэддэг байлаа. Эдгээр хүнд хэцүү үед Маруки-сан төвөдийн ард түмэнд агуу их нинжин сэтгэлээ харуулсан. Үүнийг бид үүрд мөнхөд хүндэтгэн дурсах болно.”
“Харин одоо түүний ач хүү Маруки Киоюки төвөдийн ард түмний сайн сайхны төлөө санаа тавьж байна. Өвөө болон аавынхаа төвөдийн ард түмнийг дэмжих энэ үйл хэргийг үргэлжлүүлэх таны амлалтанд би гүн талархал илэрхийлье.”
Энэрэн нигүүлсэх сэтгэлийн ач холбогдлыг онцлон, тэрээр үргэлжлүүлэн:

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Саитамагийн анагаах ухааны их
сургуульд үг хэлж байгаа нь. Япон улс, Саитама хот.
2016.11.26. Гэрэл зургийг Тэнзин Такла /ДЛО
“Сүүлийн 30 жилийн турш би шинжлэх ухааны эрдэмтэдтэй хэлэлцүүлэг хийж ирсэн бөгөөд тэд саяхан нээсэн нэг зүйл нь хүний үндсэн мөн чанар нь энэрэн хайрлах сэтгэл гэдгийг баталсан явдал юм. Хүүхдүүд бие биендээ нинжин сэтгэлтэй, элэгсэг ханддаг. Харин аажмаар өсөх явцад тэд арьс өнгө, үндэс угсаа, эдийн засгийн байдал, боловсролын түвшин зэрэг тэдний хооронд буй бага зэргийн ялгаанд илүү анхаарч эхэлдэг. Шалтгаан нь өнөөгийн боловсролын тогтолцоо нь материаллаг хөгжлийг хэт онцолж, хүний үнэ цэнийг хангалтгүй анхаардагт оршиж байна .”
Дээрхийн Гэгээнтэн АНУ-д хоёр хот “Нигүүлсэхүй хот” гэж тунхаглан зарласны дараа уг хотуудад эерэг өөрчлөлтүүд гарсан байна гэв. Мөн хүүхдүүдэд хүний үнэ цэнийг багаас нь суулгах, энэ мэдлэгээ бататгахад чиглэсэн сургалтын хөтөлбөр нэвтрүүлэхээр ажиллаж буй төслийн талаар дурдлаа.
Анагаахын оюутнууд, ялангуяа эмчийн боловсрол эзэмшиж буй оюутан залууст хандан Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, өвчтөнг эмчлэхийн тулд өндөр мэдлэгтэй байхын зэрэгцээ сайхан сэтгэл гарган эмчлэх нь бас чухал юм шүү гэлээ. Тэрээр өөрийн туршлагаас харахад эмчлүүлэх явцад эмч, сувилагч нар сайхан, эелдэг сэтгэлээр хандахад өвдөлтийг бага зэрэг мэдэрч, харин зарим үед эмч, сувилагч нар ямарч сэтгэлгүй, хүн гэж тоохгүй “автоматаар” тариа хийхэд айж эмээдэг гэлээ.

Дээрхийн Гэгээнтнээс хүмүүс асуулт асуухаар дараалан зогсож
байгаа нь. Япон улс, Саитама хот, 2016.11.26.
Гэрэл зургийг Тэнзин Такла /ДЛО
Цугласан олноос нэг оюутан өрсөлдөөнөөс үүдэлтэй стресс болон цөхрөлийг яаж даван туулах вэ гэж асуухад, Дээрхийн Гэгээнтэн:
“Өөрөө өөртөө итгэх итгэлийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Өрсөлдөөн бидэнд амжилт гаргах түлхэц, урам өгч чаддаг.” хэмээн хариулсан юм.
Нэг эмч шийдвэр гаргахдаа их эргэлздэг гэхэд, Дээрхийн Гэгээнтэн түүнд итгэл найдвартай хүмүүст хандан асуудлаа шийдэж байхыг зөвлөөд, аливаа зүйлд эерэгээр хандаж бай гэлээ. Мөн тэрээр сэтгэл зүйчдэд хандан ижил зөвлөгөө өгөхдөө, өвчтөнүүддээ өөдрөг хэвээр байх урам хайрлаж бай гэв.
“Үүний тулд бодит байдлын цогц ойлголт нь маш чухал. Зөвхөн өмнөө тулгарсан асуудал дээр анхаараад байвал дааж давшгүй мэт санагдах болно. Асуудлыг илүү өргөнөөр харахад оновчтой шийдлийг олдог.”
Саитамагаас Дээрхийн Гэгээнтэн Нарита олон улсын нисэх онгоцны буудалд очин тэндээ нэг хоноод маргааш нь буюу 11 сарын 28 ны өдөр Энэтхэгийн Дарамсала хот руу буцна.