Dalailama / Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар эхэллээ

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар эхэллээ

2017 оны 1 дүгээр сар 5

Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017. 01. 05 – Дээрхийн Гэгээнтэн энэ өглөө мөн Дүйнхорын их авшигийн бэлтгэл зан үйлд оролцлоо. Элсэн хот мандал хийх ажил зэрэгцэн явагдаж байна. Хэдэн өдөр тэнгэр бүрхэг байсны эцэст өнөөдөр нар гарсан байв.

Энд ойролцоогоор 85 орны 100,000 хүн Дүйнхорын их авшиг хүртэхээр ирээд байна. Хүмүүс нэмэгдэж ирсээр байгаа аж. Сэнтийдээ суухын өмнө дээр нь зогсоод Дээрхийн Гэгээнтэн түүний зүүн, баруун, дунд хэсэг дэх олонтой гараа даллан мэндчиллээ.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар эхэллээ
Теравада уламжлалын лам нар пали хэл дээр уншлага уншиж
байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.05.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэравадагийн лам нар Мангала судрыг пали хэл дээр уншив. Дараа нь орон нутгийн сургуулийн хүүхдүүд Билгүүний Зүрхэн судрыг санскрит хэл дээр уншлаа. Энэ судрыг цээжлэхэд нэг сар болсон гэж хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэнд хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Пали уламжлал нь Бурхан Багшийн сургаалийн үндэс мөн гээд Тайландад таарсан настай ламын тухай дурсан ярив. Санскрит уламжлалын талаар ярихдаа эхлээд Хятад, тэндээс Вьетнам, Солонгос, Япон зэрэг орнуудад дэлгэрсэн гэлээ. Зарим хэсэг нь Төвөд, тэндээс Өвөр Монгол, Ар Монгол, Оросын Буряад, Халимаг, Тува гээд дэлгэрчээ гэв.

Пали уламжлал нь Бурхан Багшийн сургаалийн үндэс нь боловч зөвхөн санскрит уламжлалд логик буюу учир шалтгааны зарчмыг голлодог. Төвөдүүд санскрит хэлийг тодорхой түвшинд сурдаг. Дээрхийн Гэгээнтэн ч гэсэн Лин ринбочэ багшаараа заалгажээ. Гэхдээ төвөдүүд ном сургаалыг эх хэл дээрээ үзэхийг илүүд үздэг байна. Шантаракшита гэгээн төвөдийн анхны долоон хуврагт сахил хүртээж, Энэтхэгийн буддын шашны судар, шастрын орчуулгыг төвөд хэлнээ хөрвүүлэхийг зөвлөж, өөрөө удирдан дэмжсэн байна.

Үүнийг нотлох мэт Билгүүний Зүрхэн судрыг лам нар төвөдөөр уншлаа.

Дараа нь мандал өргөх үеэр хурлын дарга Сонамдэмпел болон төвөдийн ахмад физикч Ешидонден нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бурханы лагшин, зарлиг, таалалыг бэлэгдсэн шүтээн өргөсөн юм.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар эхэллээ
Төвөдийн төв захиргааны хурлын дарга Сонамдэмпел шүтээн
өргөж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.05.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн билиг барамидын сургаалийг дэлгэрэнгүй, дунд, хураангуй гэж ангилдаг тухай тайлбарлав.

Хутагт Нагаржуна гэгээний айлдварууд нь ил утгандаа хоосон чанарыг гаргасан бол Майдар бурханы “Илт онохуйн чимэг” номонд гэгээрэлд хүрэх зам мөрийн дэс дараалалыг нууц утгаар үзүүлжээ. Үүнийг Энэтхэгийн их эрдэмтэн Харибадра “Утгыг тодруулахуй” номондоо тайлбарласан байна.

“Ном сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж дадуулах нь чухал. Бид бүгдээрээ зовлонг бус аз жаргалыг хүсдэг. Бид оюун ухаанаа сахилга баттай, номхруулсан байхад аз жаргалтай болно. Дүйнхорын ван хүртэхэд адис жинлавтай, гэхдээ бид үүнийгээ гэгээрэлд хүрэх зам мөрийн аргачлал, үндэс болгон хэрэгжүүлж чадахүйц баймаар байна. Төвөдөд Буддын шашныг шүтэх нь байдаг л зүйл, ердийн үзэгдэл гэж хандасны улмаас бурханы шашны сургаалын талаар төдийлөн гүнзгий анхаардаггүй. Өнөөдөр бүгдээрээ 21-р зууны буддистууд болон хувирч, бурханы шашин үнэндээ юуг зааж сургадгийг олж мэдэцгээе.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шантидева гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номын тухай ярихдаа энэ номонд өөрийгөө бусадтай адилтган солих увидсыг дэлгэрэнгүй гаргасан ба билиг билгүүний хэсэгт ч энэ тухай дэлгэрэнгүй гардаг талаар ярьсан юм. Мөн тэрээр удиртгал номын хэсэгт Гамалашила гэгээний “Бясалгалын дунд зэргэмж” номыг тайлбарлана гэдгээ дурьдлаа.

“Би “Бодьсадвын явдалд орохуй” болон “Бясалгалын зэргэмж” номын тайлбарт хөтөлбөрийг Хүннү лама Тэнзин Жалцан, сажын хамба Сэнгэ Тэнзин нараас энд Бодьгаяад хүртэж байсан. Тэр үед хүннү лама Тэнзин Жалцан багш анх удаагаа “Бодьсадвын явдалд орохуй” номыг хүртэхдээ Самьяа хийдэд хүртсэн бөгөөд тухайн үед багш нь Шантаракшита гэгээний заларч байсан гэх сэнтийд суугаад “Бодьсадвын явдалд орохуй” номыг айлдаж байсан хэмээн ярьсан юм.”

“Эдгээр ном сургааль дээр үндэслээд сэтгэлээ нохруулж чадах эсэх нь олон удаа унших, олон дахин бодож нягтлахаас хамаарна. Ийм учир та бүгдэд ном тараасан.”

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар эхэллээ
Номын айлдвар явагдаж буй талбайд цугласан олон. Энэтхэг,
Бихар, Бодьгаяа. 2017.01.05. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн цааш нь “Энэ дэлхий дээрх 7 тэрбум хүн бүгд адилхан замаар төрж, адилхан замаар мөн хорвоогийн мөнх бусыг үзнэ. Бид сөрөг сэтгэл хөдлөлдөө хөтлөгдөж зовлонгийн үндсийг бий болгодог. Үнэндээ бид аз жаргалыг хүсдэг учир түүний уг үндэс болсон хайр энэрлийг дадуулах хэрэгтэй. Сэтгэлээ хэр их номхруулж чадсанаас таны жаргах, зовох нь шууд хамаарна. Энэ сургаал нь Бурхны шашныг бусад шашнаас ялгаруулдаг.”

“Бидэнд тулгарч буй асуудлуудын ихэнхийг бид өөрсдөө бий болгосон. Бид үндэс угсаа, арьсны өнгө, шашин шүтлэг, нийгэмд эзлэх байр суурь гэсэн ялгаанд их ач холбогдол өгсөөр байна. Хэдий ийм ялгаа байдаг ч энэ бол тийм чухал зүйл биш шүү дээ. Бидний үзэл бодлоос үл хамаарсан, бидний дайсан ч аз жаргалыг хүртэх ёстой гэсэн алагчлаагүй энэрэн нигүүлсэх сэтгэлийг дадуулах хэрэгтэй.”

“Орчин үеийн сургалтын хөтөлбөр материаллаг зүйлүүд дээр голлон анхаарч байна. Бид хөгжим, гоё сайхан эд зүйлс, амтлах, хүрч мэдрэх гэсэн мэдрэхүйн таашаал эрэлхийлдэг. Бид спортын ямар нэгэн тоглолт үзээд баясана, гэтэл тоглоом дуусахад баяр баясгалан үгүй болдог. Харин дотоод сэтгэлийн амар амгаланг олж авч чадвал ямарч үед аз жаргалтай байж чадна. Үүний тулд дотоод сэтгэл болон сэтгэл хөдлөл хэрхэн яаж ажилдаг зарчмыг нь сайн ойлгох хэрэгтэй. Энэ тал дээр эртний энэтхэгийн эрдэмтэд гүнзгий судалгаа хийсэн байдаг. Зовлон нь номхроогүй, догшин сэтгэлээс бий болдог учир үүнийг номхруулах аргуудын нэг нь хайр энэрлийг дадуулах явдал юм.”

Дээрхийн Гэгээнтэн өөрийгөө 7 тэрбум хүний адил гэж боддог гэв. Өөрийгөө өөр, онцгой гээд бодоод эхлэх юм бол өөрийгөө бусдаас тусгаарлах, ганцаар үлдэх хана босгодог гэлээ. Нөгөө талаас, та инээмсэглэхэд бусад хүн тань руу эргээд инээмсэглэдэг тухай ярьсан юм.

Дүйнхорын их авшигийн өмнөх удиртгал номын айлдвар эхэллээ
Номын айлдвар явагдаж буй талбайд цугласан лам хуврагууд.
Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2017.01.05. Фотог Тэнзин Чойжор (ДЛО)
“Бурхны шашны хувраг хүний хувьд би зүүдэндээ ч гэсэн үүнийг санаж байдаг. Ном сургаалийг амьдрал дээр дадуулснаар надад их хэрэг болсон. Хэрвээ хүмүүс чин сэтгэлээсээ нигүүлсэнгүй сэтгэлийг дадуулж чадвал асар их үр шимийг хүртэх болно. Гүн ухааны ялгаатай хэдий ч бүх шашны уламжлалууд асрал энэрлийн сургаалийг адилхан номолдог. Энэтхэгт олон зууны турш өөр өөр шашны уламжлалууд зэргэлдээ эвтэй найртай оршин тогтнож ирсэн эртний уламжлалтай.”

“Төвөд хүний хувьд, би 2011 онд улс төрийн тэргүүний ажлаа хүлээлгэн өгсөн. Төвөдийн хэл соёл, шашин, урлаг болон байгаль орчныг хадгалж, хамгаалах тал дээр санаа зовон ажиллаж байна. Өнөөдөр төвөд хэл нь Бурхны шашны гүн ухааны гүн гүнзгий ойлголтуудыг цогцоор тайлбар өгч чадаж байна.”

Тэрээр номын айлдвараа эхлэхдээ “Бясалгалын дунд зэргэмж” номоос эхлэв. Манай Төвөдүүд Тисрон Дэцэн хааны үед Шантаракшита гэгээнийг Төвөдөд залснаас эхлэн бурханы шашинтай нарийн холбогдож ирсэн гэлээ. Хэдийгээр Сронзон Гамбу хааны үед бурханы шашинтай холбогдсон боловч Тисрон Дэцэн хаан Шантаракшита гэгээнийг заавал Төвөдөд урин залжээ. Шантаракшита гэгээн Төвөдөд ирсэн хойноо бурханы шашин дэлгэрэхэд саад тотгорыг арилгахын тулд ловон Бадмасамбхаваг мөн урин залснаар хамба, ловон, хаан гурав гэж алдаршсан байна.

Самьяа хийд нь бясалгал бүтээл, ном орчуулга хийх зэрэг эрдэм боловсролын төвөөс бүрддэг байжээ. Гэвч хятадын хуушаан лам Самьяа хийдэд ирж ямар ч зүйлийг бодохгүй бясалгах, суралцах шаардлаггүйгээр гэгээрэлд хүрч чадна гэсэн сургаал дэлгэрүүлсэн байна. Тиймээс Шантаракшита гэгээн өөрийн шавь Гамалашила гэгээнийг Төвөдөд урьж “Бясалгалын зэргэмж” номыг зохиолгосноор буруу номлолыг няцаажээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тайлбарлаж буй хоёр номын бүх шүлгийг бүрэн уншина, ингэснээр та бүхэн энэ хоёр номын эшийн айлдварыг бүрэн хүртэх болно хэмээн айлдав.

Дээрхийн Гэгээнтэн энэ өдрийн номын айлдварын үеэр хоёр үнэнийг тайлбарлахдаа хутагтын дөрвөн үнэнтэй холбож тайлбарласан юм. Хоёр үнэн болон хутагтын дөрвөн үнэн гэх зэргийг бүрэн гүйцэд ойлгож чадвал чухаг дээд гуравт аврал одуулах нь баттай болж чадна хэмээн тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн "Бодьсадвын явдалд орохуй"-г тайлбарлахдаа эхний бүлгээс хэсгийг уншаад 9-р бүлгийг тайлбарлав. 9-р бүлэгт юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг нотлосон хоосон чанарыг дэлгэрэнгүй тайлбарладаг тул гэгээрэлд хүрэх гол сургаал энд багтсан байгаа гэдгийг онцоллоо.

Тэрээр мөн сансрын хүрдийг тайлбарласан юм. Уур хилэн, хүсэл шунал, мунхаг гурав нь зовлонгийн үндэс болдгийг, мөн үүнээс шалтгаалж арван хоёр шүтэн барилдлага гарч байдгийг сохор хүнээр илэрхийлжээ. Сүм хийдүүд энэ зургийг сайн тайлбарлах хэрэгтэйг онцоллоо.

Эцэст нь тэрээр хүн бүхэнд ном тараасан тул өдрийн номын айлдварт гарсан зүйлийг орой өөрсдөө давтан үзэхийг сануулсан юм. Номын айлдвар маргааш үргэлжилнэ.
13-01-2017, 08:38
Вернуться назад