Dalailama / Төгсгөлийн авшиг, Даншүг өргөх ёслол ба олон нийтийн яриа

Төгсгөлийн авшиг, Даншүг өргөх ёслол ба олон нийтийн яриа

2017 оны 4 дүгээр сар 10

Энэтхэг, Аруначал Прадеш, Даван – Энэ өглөө шөнийн аадар борооны дараа тэнгэр цэлмэсэн байх бөгөөд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Ига Чойзин талбайн зүг хөдлөхөд өглөөний наран толгод дээгүүр гийн угтав. Номын айлдварын талбайд хүрэлцэн ирээд сэнтийн зүг явахад сүсэгтэн олон түүнийг угтан хүлээж байлаа. Тэрээр сэнтийндээ залраад номын айлдвараа эхэлсэн юм.

Төгсгөлийн авшиг, Даншүг өргөх ёслол ба олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Ига Чойзин номын талбайд цугласан
50,000 гаруй хүмүүст гурав дахь өдрөө ном айлдахаар хүрэлцэн
ирэв. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.10.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Өнөөдөр номын айлдварын гурав дахь өдөр. Эхний өдөр Бурхан Багшийн сургаалын ерөнхий танилцуулга өгч “Бясалгалын зэргэмж” номыг тайлбарласан билээ. Энэ номыг тайлбарлахдаа үхэл, мөнх бусын хэсгээс эхэлдэг уламжлалтай. Гэвч би үүнийг төдийлөн тааламжтай гэж үзэхгүй байна. Тиймээс энэ номын тайлбарт орохоос урьтаж хоёр үнэн болох харьцангуй ба үнэмлэхүй үнэн, Хутагтын дөрвөн үнэн, чухаг дээд гуравт аврал одуулахыг номлодог Майдар бурханы “Илт Онохуйн Чимэг” номыг үзсэн нь дээр болов уу гэж боддог юм.”

“Хоёр үнэнийг судалж эхэлсэнээр харилцан хамаарлын үүднээс тайлбарлагдах хоосон чанарын ойлголттой болно. Энэ нь ямарч үед тун хэрэгтэй онол юм.”
“Өнөөдөр та бүхэнд хүртээх гэж буй Ригзин Дондүв бурханы авшигийг би Цүлшиг ринбочэ багшаас хүртсэн юм. Тэрээр бурханы шашны бүхий л урсгалын ном сургаалыг адилхан үзэж судалдаг, үнэхээр агуу их бясалгалч байлаа. Энэхүү номын дамжлагыг Жан Дэр уламжлалыг үндэслэгч Ригзин Годэмчэн анх уламжилсан бөгөөд хожим V Далай Ламын дэмжлэгээр Дорж Даг хийдэд бясалгадаг ёс тогтсон байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшигийн зан үйлийн эхэнд Төвөдийн ард түмэнд ач ивээлээ хайрласан ловон Бадмасамбавагийн уншлагыг уншина гэж зарлав. Энэхүү номыг Дээрхийн Гэгээнтэн Төвөдийн Кашагийн хүсэлтээр 1980 онд зохиожээ. Уг номонд агуу их нигүүлслээр Төвөдийн ард түмнийг авралдаа багтааж хайрла гэсэн утга гардаг байна.

Төгсгөлийн авшиг, Даншүг өргөх ёслол ба олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын сүүлийн өдөр.
Энэтхэг, Аруначал Прадеш, Даван. 2017.04.10.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн авшигийн бэлтгэл зан үйл хийх зуур цугласан бүх хүмүүс Ловон Бадмасамбавагийн долоон гишүүнт магтаал, мөн Базаргүрү бурханы зүрхэн тарнийг уншиж байхыг хүслээ.

“Оюун санаа нь хэлбэргүй бөгөөд хэмжих боломжгүй. Гэсэн ч орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд нарийн судалсаар байна. Харин бурханы шашны хувьд оюун санааны жинхэнэ мөн чанарыг танихын тулд энэ нь хаанаас бий болдог, хаана оршдог, хаашаа явдаг зэргийг нарийн судалж гүйцсэн билээ. Ердийн оюун ухаан биднийг завгүй бөгөөд тогтворгүй болгодог. Гэвч энэ нь биднийг оюун санааны жинхэнэ чанар болох тунгалаг бөгөөд гэгээн чанарыг таньсан үед зогсох болно.”

Дээрхийн Гэгээнтэн энэ тухай нарийн айлдсан Лончэнба эрдэмтний айлдвараас эш татан тайлбарлав.

Дээрхийн Гэгээнтэн цааш нь айлдахдаа Бурхан Багшийн айлдсан хоёр дугаар номын хүрд буюу билиг барамидын сургаал нь хоосон чанарын ойлголтыг голлон гаргасан гэдгийг ярьсан юм. Харин гурав дугаар номын хүрд нь сэтгэлийн гэгээн мөн чанарыг нарийн тайлбарласан байдаг. Хоосон чанар болон сэтгэлийн гэгээн чанарын талаарх ойлголт нь нууц тарнийн номыг анхааран авлага болгохын бэлтгэл болдог ажээ. II, III, IV, V Далай Лам нар бурханы шашны бүхий л урсгалын ном сургаалыг үзэж, дагаж мөрддөг байжээ. Дээрхийн Гэгээнтэн XIII Далай Лам Дэрдон Сожал, Лэрав Линба нартай уулзсаныхаа дараа Базаргилаяа бурханы увидсыг бясалгадаг болсон байна. Харин XIV Далай Ламын хувьд Зогчэнгийн бясалгалыг бусад нууц тарнийн бясалгалаас онцгой гэж үзэх хэд хэдэн учир бий гэж үздэг ажээ.

Авшиг хүртээж дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурван өдрийн номын айлдвар ийнхүү өндөрлөж байна гэлээ. Тэрээр энд хүрэлцэн ирж Мон нутгийн ард түмэнтэй дээдийн ном сургаалаас хуваалцсандаа баяртай байна гэдгээ мэдэгдэв. Ингээд насан уртасгагч Цагаан Дарь Эх бурханы бясалгал дээр үндэслэсэн Бат Оршил өргөх ёслол эхлэв. Энэ үеэр лагшин, зарлиг, таалалын мандал, мөн хутагт Нагаржуна болон Шантаракшита гэгээний мөнгөн дүрийг Дээрхийн Гэгээнтэнд өргөн барьлаа.

Хаалтын ёслол эхлэхэд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Аруначал мужийн ард түмний түүхэн холбоог харуулсан “Тэнгис хийгээд Цэнхэрлэх Уулс” нэрт номын нээлт болов. Үүний дараа дуу, бүжиг, ялангуяа цаст уулын цагаан арслан, сарлагийн бүжгийг бөмбөр, цан, лимбийн эгшиг дор бүжсэн нь Дээрхийн Гэгээнтнийг ихэд баясгасан үзүүлбэр болсон юм.

Төгсгөлийн авшиг, Даншүг өргөх ёслол ба олон нийтийн яриа
Нутгийн бүжигчид номын айлдварын төгсгөлийн баярын бүжиг
бүжиж байгаа нь. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван.
2017.04.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Орон нутгийн дарга Жамбей Таши талархалын үг хэлэхдээ “Энэ хэдэн өдөрт миний зүрх сэтгэл баяр баяслаар дүүрэн байлаа. Орон нутгийн бүх ард түмний өмнөөс Дээрхийн Гэгээнтэнд талархал илэрхийлье. Энэ удаагийн айлчлал 1959 оноос хойшхи зургаа дахь удаагийн айлчлал болж байна. Таны бидэнд үлдээсэн энэрэл хайр, хүч үл хэрэглэх үзэл, шашин хоорондын эв нэгдлийн төлөө бид тууштай ажиллах болно гэдгээ амлаж байна.” гэв.

Дээрхийн Гэгээнтэн:

“Бүх зүйл сайхан болж өнгөрлөө. Та нарын соёлын үзүүлбэр надад их таалагдлаа. Ялангуяа зүг бүхэнд толгойгоо эргэлдүүлэн бүжсэн сарлагийн бүжиг их сайхан байлаа. Өнөөдрийн бүжигт сарлаг тугалтай, арслан зулзагатайгаа бүжив. Шар хувцас өмссөн бүжигчид Төвөдийн Амдуу мужийн бүжигчдийг санагдууллаа. Мөн Бутаны соёлын үзүүлбэрт талархал илэрхийлье.”

Дараа нь Дээрхийн Гэгээнтнээс нутаг оронд 100,000 мод суулгах ажилд амжилт хүсэн залбирахыг хүслээ. Тэрээр байгал орчноо хайрлан хамгаалах нь хичнээн чухал үнэ цэнэтэй болохыг ярьсан юм. Ига Чойзин талбайгаас хөдлөхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн болон мужийн ерөнхий сайд хоёул мод тарьсан бөгөөд бусад олон хүмүүст тэдний хамт мод тарих боломж нээлттэй байсан юм.

Дээрхийн Гэгээнтэн төгсгөлийн үг хэлэхдээ:

“Та бүхний итгэл сүжгийн хүчээр бүх зүйл сайхан болж өнгөрөв. Та нарт баярлалаа. Амар тайван, аз жаргалтай байгаарай. Мэдээжийн хэрэг орчлон хорвоод таагүй зүйл бишгүй бий. Гэвч асуудлыг өргөн хүрээнд харж чадвал нөхцөл байдал тийм ч хүнд биш болох нь харагдах болно. Эргэн уулзахын ерөөл тавъя.” гэсэн юм.

Үдийн зоог барьсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хотод сүндэрлэн харагдах үлэмж том Бурхан Багшийн дүрийг равнайлахаар Бурхан Багшийн цэцэрлэгт хүрээлэнд очлоо. Дараа нь Гала Ванбу ордонд түүний илтгэлийг сонсохоор хүлээж буй 1000 гаруй мэргэжилтнүүдтэй уулзахаар явсан юм.

Төгсгөлийн авшиг, Даншүг өргөх ёслол ба олон нийтийн яриа
Мужийн ерөнхий сайд Дээрхийн Гэгээнтэнд дурсгалын зүйл
бэлэглэлээ. Энэтхэг, Аруначал Прадеш, Даван.
2017.04.10. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Зохион байгуулагч Цэрин Таши үйл ажиллагааг танилцуулж үг хэллээ. Дараа нь Дээрхийн Гэгээнтэн “Тэнгис хийгээд Цэнхэрлэх Үүлс” номын англи хувилбарын нээлт, мөн өөр хэд хэдэн номын нээлт хийж олон нийтэд танилцуулав. Энэ үеэр мужийн ерөнхий сайд Дээрхийн Гэгээнтэнд дурсгалын зүйл гардуулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн хувь хүний дотоод сэтгэлийн амар амгалан нь дэлхий нийтийн энх тайван байдлын үндсэн хүчин зүйл юм гэж яриагаа эхлэв. Тэрээр дэлхийн I, II дайны дараа энх тайвны тухай бага зэрэг ярилцаж байсан. Хэдийгээр хүйтэн дайны үед гагцхүү айдаст автсаны улмаас тэмцэн тулаанаас зайлсхийж байсан болохоос жинхэнэ энх тайвныг бий болгохын төлөө байж чадаагүй гэдгийг ярьсан юм.

Дотоод сэтгэлийн амар амгаланг хөгжүүлж чадвал жинхэнэ амар амгалан бий болно гэлээ. Энэ үеэр хэдий насан эцэслэсэн ч бие махбодь нь муудахгүй удсан, оюун санааны нарийн түвшний чадварыг эзэмшсэн эрдэмтэн лам нарын тухай Дээрхийн Гэгээнтэн ярьсан юм. Шинжлэх ухааны зарим эрдэмтэд энэхүү гайхалтай зүйлийг нарийн судалж байгаа боловч өнөөг хүртэл тайлбар хийж чадаагүй байгааг дурдав. Бурханы шашин үүнийг нарийн ухамсар бие цогцыг бүрэн гүйцэд орхиогүй үе гэж тайлбарладаг болохыг айлдсан юм.

Дээрхийн Гэгээнтэн дотоод сэтгэлийн амар амгаланг хөгжүүлэхийн тулд орчин үеийн боловсролоос илүү гарч сэтгэх хэрэгтэй гэж зөвлөлөө. Тэрээр сүүлийн арав гаруй жилийн турш явагдсан ёс суртахуун, хүний үнэ цэнийг таниулах сургалтын хөтөлбөр боловсруулах төслийн ажил үр дүнгээ өгөхөд ойрхон байгааг мэдэгдэв. Энэ нь ямар нэгэн шашинтан бус, шашин шүтдэг, шүтдэггүй хүн бүхэнд зориулагдсан ёс суртахуун суулгах хичээлийн хөтөлбөр ажээ.

Төгсгөлийн авшиг, Даншүг өргөх ёслол ба олон нийтийн яриа
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асуулаа. Энэтхэг,
Аруначал Прадеш, Даван. 2017.04.10.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Асуулт хариулт явагдах үед сайн хүн болохын тулд яах ёстой вэ гэсэн эхний асуултанд тэрээр сэтгэл хөдлөлийг танилцуулсан газрын зурагтай сайн танилцах хэрэгтэй гэж зөвлөв. Шашнаас ангид ёс суртахуун нь шашны зөрчилдөөнийг арилгах арга мөн үү гэсэн асуултанд “Жишээлбэл олон шашны хүмүүстэй нэгэн дор амьдарч буй Энэтхэг, Индонезийн муслимчуудын онцлог байдлыг зөвхөн нэг шашинтай Арабын улс орны муслимчуудтай харьцуулж үзэх хэрэгтэй” гэлээ. Тэрээр хувь хүнд нэг үнэн, нэг шашин байж болох ба өргөн нийгэмд нэжгээд үнэн, мөн тооны шашин байх нь тодорхой гэдгийг тайлбарлав.

Бичил биетийг устгадаг антибиотик хэрэглэх нь нүгэлд тооцогдох уу гэсэн асуултанд “Бичил биетэд амь байж болох ч ухамсар байхгүй тул тэднийг устгах нь бусад бодьгалыг егүүтгэхтэй адилгүй.” гэж тайлбарлав. Мөн урагт ухамсар байдгийг хэрхэн тайлбарлах вэ гэсэн асуултанд тэрээр “Барууны эмч нараас хэрэв эцгийн эрүүл дусал, мөн эхийн эрүүл өндгөн эс, эхийн эрүүл сав гурвуул нэгдсэн тохиолдолд үр тогтох нь гарцаагүй юу гэж асуусанд үр тогтох албагүй гэж хариулсан юм. Энэ нь ямар нэгэн хүчин нөлөө дутуу байгаа гэдгийг харуулж байна. Бурханы шашинд үүнийг эхлэл ба төгсгөлгүй ухамсартай холбож тайлбарладаг.” гэлээ.

Төгсгөлд нь дүүргийн дарга Санг Пүнцог талархалын үг хэлэхдээ энэхүү уулзалтанд хүрэлцэн ирсэн бүх хүмүүст талархал илэрхийлэв. Мөн энд морилон ирж оролцсон Дээрхийн Гэгээнтэнд талархаад Дээрхийн Гэгээнтний айлдвар сургаалыг сонссон олон хүн илүү энэрэнгүй сайхан сэтгэлтэй сайн хүмүүс болно гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш Гувахатигаар дамжин Делид очих ба тэндээсээ Дарамсала хотын зүг буцах болно.
21-04-2017, 17:38
Вернуться назад