Энэтхэг, Шинэ Дели – Энэ өглөө Өмнөд Энэтхэгээс Шинэ Дели хотын зүг ниссэн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын аялал ердийн болж өнгөрөв. Үдээс хойш тэрээр “Indian Express” сонины хамт олонтой уулзахаар уригдсан байлаа. Түүнийг “Indian Express” группын гүйцэтгэх захирал Анант Гоёнка, редактор Вандита Мишра нар угтан авснаар албан бус ярилцлага эхэлсэн юм. Танхим дүүрэн хүн цугласан байх бөгөөд зарим нь суудал үгүй тул газар суусан байв.
Анант Гоёнка түүнийг Төвөдийн эрх чөлөөний төлөө хүчирхийллийн бус замаар тэмцэгч, эелдэг сайхан инээмсэглэлээр дэлхий дахинд энэрэн нигүүлсэхүйг түгээгч хэмээн танилцуулсан юм.

Indian express группын гүйцэтгэх захирал Анант Гоёнка, редактор Вандита Мишра нар Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг
олон нийтэд яриа хийж байгааг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.05.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дэлхийг хүчирхийлэлгүй болгох боломж байгаа эсэхийг асуухад Дээрхийн Гэгээнтэн бид юунд, ямар хүчин чармайлт гаргахаас шалтгаална гэсэн юм. Тэрээр гагцхүү хардлагыг арилгаж байж хамтын нөхөрлөл үүснэ гэдгийг онцлон хэллээ.
“Биднийг энд амар тайван сууж байхад дэлхийн хаа нэгтээ хүмүүс нэг нэгнээ егүүтгэж, зарим нь шашны нэрийн дор хүчирхийлэл үйлдэж, зарим газар хүүхдүүд өлсгөлөнгөөр насан эцэслэж байна. Үүнийг бид зөнд нь орхиж болохгүй биз дээ? Тийм учраас би хүн төрөлхтөн нэгдмэл байх ёстой гэсэн ойлголтыг өргөн хүрээнд түгээхийн төлөө ажиллаж байна. Үнэндээ бид оюун санаа, бие махбодь, сэтгэл хөдлөлөөрөө адил шүү дээ.”

Indian Express сонины ажилчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын яриаг сонсож байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.05.24.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Ямартаа ч хүн төрөлхтөн бидэнд энэрэл хайр хэрэгтэй. Энэрэл хайр бидэнд сэтгэлийн амгалан тайван байдлыг авчрах бөгөөд сэтгэл амгалан тайван байхын хэрээр ямар ч асуудлыг өргөн хүрээнд бүрэн гүйцэд харах чадвартай болно. Тийм учраас бид боловсролын системд сайхан сэтгэл болон дотоод амгаланг хэрхэн олох арга замыг заасан сургалтын хөтөлбөр оруулах хэрэгтэй байна.”
“Миний хамрагддаг 20-р зуунд хүмүүс асар олон асуудал үүсгэсэн билээ. Гэвч 21-р зууны өнөөгийн залуус сайхан сэтгэлийг хөгжүүлж, түүний төлөө анхааран ажиллаж чадвал илүү энх тайван дэлхийг цогцлоож чадна гэдэгт би итгэлтэй байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа шашин хоорондын эв найрамдлын талаар ярив. Тэрээр шашин хоорондын эв зохицлын төлөө үүрэг хүлээн ажиллаж байгаа бөгөөд олон зууны турш олон шашин эв найртайгаар зэрэгцэн амьдарч байгаа Энэтхэгийн жишээ түүнд урам зориг төрүүлж байгааг ярьлаа. Тэрээр мөн 40 жилийн өмнөөс буддын гүн ухааны сургалт явуулдаггүй Төвөдийн дацан хийдийн лам хуврагуудыг буддын гүн ухааны ном сургаалд суралцахыг шаардаж эхэлсэн гэдгээ мэдэгдсэн юм. Үүний үр дүнд одоогийн байдлаар 20 эмэгтэй хуврага хорин жилийн турш эрдэм ухаанд суралцаж докторын зэрэгтэй адилтгаж болох буддын гүн ухааны гэвшмаа цол хамгаалаад байна гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Indian Express группын хүмүүст илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2017.05.24.
Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Төвөдийн талаар ярихдаа тэрээр бурханы шашны уламжлал болон төвөд хэлийг хадгалан авч үлдэх, мөн Азийн олон улс орны ундны усны эх ундарга болсон Төвөдийн унаган байгалыг хамгаалахын төлөө тууштай тэмцэж байгаагаа мэдэгдсэн юм.
Хойд дүрийн талаарх асуултанд тэрээр аль 1967 онд XV Далай Лам байх эсэхийг төвөдийн ард түмэн шийднэ гэж мэдэгдсэн тухайгаа ярив. Мөн Хятадыг олон жилийн турш удирдаж буй нэг намд өөрчлөлт явагдсаар байгаа тул тэрээр амьд ахуйдаа Төвөдөд эрх чөлөө бий болохыг харна гэж найдаж байгаагаа мэдэгдлээ.

Асуулт хариулт явагдав. Энэтхэг, Шинэ Дели. 2017.05.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Шантаракшита гэгээн агуу гүн ухаантан, мөн учир шалтгааны ухааны гарамгай мастер байсан. Тэрээр биднийг өөртэй нь адил болохыг хүсч ном сургаалаа хайрласан юм. Мөн Энэтхэгийн их багш нар болох хутагт Нагаржуна, Аръяадэва, Чандракирти нарын ном сургаалыг төвөдүүдэд заасан билээ. Ийнхүү Энэтхэгчүүд бидний багш болсон юм. 14-р зууны үед төвөдийн их багш Богд Зонхов “Хэдийгээр Төвөд орон цаст цагаан уулсын нутаг боловч Энэтхэгээс гэрэл тусахыг хүртэл харанхуй байсан юм.” гэж айлдсан байдаг.”
Дээрхийн Гэгээнтэн цаашид эртний Энэтхэгийн мэдлэг боловсролыг төрөлх нутагт нь хөгжүүлэхийн төлөө анхааран ажиллаж байгаа талаар ярьлаа. Саяхан Наланда сургалтын төвийн багш нар оюун санаа болон сэтгэл хөдлөлийн талаарх гүн гүнзий мэдлэгийг олгодог эртний Энэтхэгийн боловсрол өнөөгийн дэлхийд үнэхээр хэрэгтэй байна гэж хэлснийг дурдав.
“Бидэнд материаллаг хөгжил байгаа боловч бидний оюун санаа тайван бус байна. Сэтгэлийг амгалан тайван байлгах арга ухаанд бид суралцах хэрэгтэй. Энэтхэг орон эртний мэдлэг боловсролыг орчин үеийн боловсролын системтэй уялдуулах харилцан үр дүнтэй ажлыг хамгийн амар хийж чадах ганц улс юм.”

Уулзалтын үеэр асуулт хариулт явагдав. Энэтхэг, Шинэ Дели. 2017.05.24. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн “Ум мани бадмэ хум” тарнийг тайлбарлан ярив.
“Эхний Ум үсэг нь А, О, Ма гэсэн гурван үсгээс бүрдэх бөгөөд бие, хэл, сэтгэл гурвыг бэлэгдэх буюу “Би”-ийн мөн чанарыг илэрхийлдэг. Харин Мани нь эрдэнэ гэсэн утгатай бөгөөд энэрэн нигүүлсэхүй сэтгэлийг бэлэгдэнэ. Бадмэ нь лянхуа цэцэг гэсэн утгатай, юмс үзэгдлийн эцсийн мөн чанар-хоосон чанарыг ойлгож ухаарах саруул билиг оюуныг бэлэгддэг.”
Энэ хэсэг дээр Дээрхийн Гэгээнтэн уур хилэнгээс улбаалан бидэнд буруу ойлголт, буруу төсөөлөл бий болдог гэж ярьлаа. Тэрээр хэн нэгэнд уурлах үед төрж буй сөрөг сэтгэл хөдлөлийн 90 хувь нь бидний төсөөлөл байдаг гэж нотлосон Америкийн эрдэмтэн, сэтгэл мэдрэл судлаач Аарон Бекийн судалгааг дурдсан юм.
Сүүлийн Хум үсэг нь Мани буюу энэрэн нигүүлсэхүй сэтгэл хийгээд Бадмэ буюу саруул билиг оюуны нэгдмэл чанарыг бэлэгддэг болохыг тайлбарлалаа.
Эцэст нь тэрээр өөрийн заншил дагуу 21-р зууны бурханы шашинтан нар Бурхан Багшийн айлдварыг сайн ойлгосон байх хэрэгтэй гэж зөвлөсөн юм.