
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдварын өмнөх залбирал номын үеэр. Энэтхэг, Жамму Кашмир, Нубра хөндий, Дискет, 2017.7.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежир (ДЛО)
Бурхан Багш Хутагтын дөрвөн үнэний сургаалиа бүх нийтэд зориулан айлдсан бол билиг барамидын сургаалийг тэгээгүй. Үүнээс улбаалж их хөлгөний шашин нь Бурхан Багшийн сургааль бус гэж хэлэх нэгэн, мөн тарнийн ёсон бол буддын шашин бус хэмээх хүмүүс гарч ирсэн юм. Ийм эргэлзээ байгаа учраас бид буддын сургаалийн ерөнхий бүтцэд илүү анхаарах шаардлага урган гарч байна. Бидний нинмава урсгал хийгээд тэрхүү урсгалын кама болон терма сургаалийг, эсвэл гэлүгба урсгал хийгээд уг урсгалын сэржүд, вэнса, шүнба чиглэлийг дагадаг байх нь хамаагүй, тусгай сургаалиудад хэт их ач холбогдол өгөх нь бидний дунд ялгаа зааг үүсэх хөрсийг бий болгоод байна.”
Пали хэлний уламжлалд Бурхан Багш нэг л удаа номын хүрдэн эргүүлсэн гэж үздэг. Нөгөө талаас санскрит уламжлалд Бурхан Багш гурван удаа номын хүрдэн айлдсан гэдэг. Эхний хүрдний үед гүн ухааны үзэл баримтлал хийгээд Вайбхашика чиглэл, винайн ёсны тухай, хоёр дахь хүрдний үед билиг барамид ба төв үзлийн тухай номлосон бол гурав дахь хүрдний үед номлосон сургааль нь Сэтгэл төдийтний чиглэлийн эх ундарга болсон ажээ. Мөн үүнийг өөрөөр буюу Хоёр үнэнийг үндэс суурь, арга билгийг зам мөр, Бурханы хоёр лагшинг үр шим гэж харж болно. Ингэж харах нь мадхьямака төв үзлийн үзэл баримтлалтай нийцнэ. Хэрвээ та бүхэн үүнийг ойлговол Бурхан Багшийн сургаальтай холбоотой эргэлзээнээс хагацаж чадна.”
“Бид бүхэнд Бурханы хутаг оршиж байгаа учраас буддист хүн Хоёр үнэнээс эхлээд Хутагтын дөрвөн үнэнийг ухаарснаар жинхэнэ чөлөөлөгдөх гэдгийг, зөв зам мөрийг ойлгож, улмаар тэрхүү зорилгод хүрч болно гэдгийг ойлгож чадна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа лам хуврагууд. Энэтхэг, Жамму Кашмир, Нубра хөндий, Дискет, 2017.7.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежир (ДЛО)
Хоосон чанар гэх мэт ухагдахууныг мэдлэг туршлагаараа баталж болох ба харин Меру уулыг Дээрхийн Гэгээнтэн өөрөө ч, эсвэл өөр хэн нэгэн хэзээ ч харж байгаагүй учраас тэрхүү уул байдаг гэдэгт итгэхээ больсон гэв. Хэрвээ байдаг бол дэлхийн хаа нэгтээ бид харах л байсан ч, одоогоор хэн ч хараагүй байна хэмээн тэрээр нэмж хэлэв. Бурхан Багш энэ ертөнцөд Хутагтын Дөрвөн Үнэнийг номлохын тулд заларсан болохоос энэ дэлхийн, эсвэл сансар огторгуйн ойлголтуудыг заах гэж ирээгүй хэмээн айлдлаа.
“Тоймлон хэлэхэд, Дээдийн ном бол бидэнд нэн хэрэгтэй зүйл мөн. Эд баялаг, чинээлэг орчин, нэр хүнд байхад хангалттай гэж бодох хандлага одоо давамгайлж байна. Хэрвээ тэр бүхэн бидэнд сэтгэлийн амар амгалан, оюун санааны хөгжлийг авчирдаг бол сайн байхсан ч, үер, ган гачиг, газар хөдлөлт зэрэг байгалийн гамшгийн үед бидэнд тус нэмрээ үзүүлдэггүй. Өнөөдөр бидэнд тулгарч байгаа ихэнх хүндрэлийн үрийг бид өөрсдөө тарьсан. Бид сэтгэл оюунаа номхотгон өөрчилснөөр нөхцөл байдлыг өөрчилж чадна.”
“Энэ сансар огторгуйн хаа нэгтээ өөр амьд биетэн байхыг үгүйсгэхгүй ч, бид тэдэнд тусалж чадахгүй. Тэр бүү хэл энэ дэлхий дээр бидэнтэй зэрэгцэн оршиж байгаа шувууд, амьтад, шавьж тэргүүтэнд ч бид тэр бүр туслах боломжгүй. Харин бид 7 тэрбум хүнд тусалж чадна. Тэдгээр хүмүүс бүгд зовлонг бус жаргалыг хүсдэг учраас сэтгэлийн амар амгалангийн үнэ цэнийн талаар тэдэнд ойлгуулснаар тусыг хүргэж чадна. Үүнд л хайр энэрэл, нигүүлслийн давуу тал, уур уцаар, айдсын сөрөг талыг ойлгохын үнэ цэнэ оршино.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварын эхний өдөр. Энэтхэг, Жамму Кашмир, Нубра хөндий, Дискет, 2017.7.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежир (ДЛО)
“Өнөөдөр бид энд Бурхан Багшийн сургаалийг сонсохоор хуран цугласан. Гэгээрснийх нь дараа Бурхан Багшид ном айлдахгүй аглагт ганцаар суух нь дээр гэсэн бодол төрсөн гэж ярьцгаадаг. Гэвч эцэст нь тэрээр Хутагтын Дөрвөн Үнэний сургаалиа айлдаж, Дээдийн номын эхний хурдийг эргүүлсэн байна. Эхний хүрдний үед Бурхан Багш “Би үгүй” онолыг гаргаж ирсэн. Хоёр дахь хүрдний үед хүн оршихуйгаараа хоосноос гадна таван цогцос бүхий бодгаль ч хоосон гэдгийг номложээ. Гурав дахь хүрдний үед тэрээр Бурханы хутгийн хоосон чанарын тухай сургаалиа айлдсан байна. Билгүүний зүрхэн сударт бичсэнчлэн, ‘Би хоосон, хоосон чанар бол би. Хоосон чанар бол надаас өөр юу ч биш, би хоосон чанараас өөр юу ч биш’ гэсэн дөрвөн шатлалт учир шалтгааныг өөрт хамаатуулан бодох ашигтай гэдгийг би олж таньсан юм. Одоо ‘Бясалгалын зэргэмж’ номын тайлбараа эхлэе.”
‘Бясалгалын зэргэмж’ судар нь төвөд хүмүүсийн хувьд онцгой ач холбогдолтой бүтээл гэдгийг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглэв. Төвөд орон хүчтэй эзэнт гүрэн байхад энэ бүтээл захиалгын дагуу бүтээгдсэн ажээ. Тэр үед Шантаракшита анхны лам хуврагуудад сахил өгч, анхны хийд болох Самия хийдийг босгосон байна. Хийдэд орчуулгын, лам хуврагуудын, бясалгын зэрэг хэсгүүд байжээ. Бясалгалын хэсэгт байсан хятад лам нар Бурханы хутгийг олоход суралцах хэрэггүй, дан ганц бясалгал байхад хангалттай хэмээн ярих болсон гэдэг. Үүнийг няцаахын тулд Шантаракшита гэгээн өөрийн шавь Камалашилаг урьсан ажээ. Тэрээр хятад лам нартай ном хаялцаад дийлсэн гэдэг. Дараа нь Камалашила ‘Бясалгалын зэргэмж’ гурван боть номоо туурвисан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын эхний өдрийн айлдварын дараа. Энэтхэг, Жамму Кашмир, Нубра хөндий, Дискет, 2017.7.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежир (ДЛО)
Үдийн хоолны дараа Дээрхийн Гэгээнтэн Нубра дахь сургуулиудаас ирсэн 300 сурагч, Зуны их чойрт оролцсон 200 лам хуврагтай уулзав. Тэрээр хурсан олонтой мэндчилээд, хүчирхийллээр арвин байсан өмнөх зуунаас өнөөгийн 21 дүгээр зуун өөр байна гэдэгт итгэж буйгаа илэрхийллээ. Дэлхий дахиныг илүү амар амгалан, илүү аз жаргалтай болгож чадах алсын хараа, чин зорилготой байхыг залуу үеийнхэнд тэр уриалаад, үүний тулд зөвхөн өөрийн бус, нийт хүн төрөлхтний сайн сайхны төлөө сэтгэл тавих ёстойг анхааруулав.
Хэд хэдэн сурагч асуулт тавилаа. Эхний асуулт бэлтгэлийн зам мөрийг дагаснаар хэр их буян хураах вэ гэсэн асуулт байв. ‘Бодьсадвын явдалд орохуй’ номонд 1000 галавт хуримтлуулсан буян уурын нэг агшинд сарнидаг хэмээн бичсэн байсан нь энэхүү асуултыг тавих сэдлийг төрүүлсэн хэмээн тэр хэллээ. Доод түвшний бодьсадва дээд бодьсадва нартаа гаргасан уурын тухай энд дурдагдаж байгааг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Энгийн хүний уур хилэн сөрөг үр дагавартай ч, дээрх лугаа сүйтгэх чанар үгүй гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа сурагч. Энэтхэг, Жамму Кашмир, Нубра хөндий, Дискет, 2017.7.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежир (ДЛО)
Бүдүүн хийгээд нарийн мөнх бусын тухай асуултад, үхэх, төрөх, амьдрах нь эхний мөнх бусын жишээ хэмээн Далай Лам хариуллаа. Нарийн мөнх бус нь эгшин зуурын өөрчлөлт юм. Энэ нь хөндлөнгийн нөлөөллийн үр дүн бус, харин юмсын шалтгааны нуугдмал хэлбэр мөн. Микроскопоор эгшин зуурын өөрчлөлт хэрхэн явагдаж байгааг харах боломжтой хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. ‘Том тэсрэлтийг’ буддистууд хэрхэн тайлбарладаг талаар сонсохыг өөр нэг сурагч хүслээ. Дээрхийн Гэгээнтэн үүсэх, амьдрах, мөхөх үе шатын талаар тайлбарлаад, эрдэмтэд гагцхүү “Том тэсрэлтийн” талаар санаа зовоод байгаа боловч наана нь өөр бусад тэсрэлт гарахгүй гэж үзэх нь утгагүй хэмээв.
Меру уул байдаг эсэх талаар нэгэн лам асуулаа. Урдаа байгаа зааныг харж байна уу хэмээн Дээрхийн Гэгээнтэн түүнээс эргүүлэн асуув. Лам урдаа заан харахгүй байгаагаа хэлээд, гэвч харах боломжгүй учраас тэр зүйл оршин тогтнодоггүй гэсэн үг биш хэмээн хэллээ. Меру уул оршин тогтнодоггүй хэмээх нь Тушита тэнгэрийн орон зэрэг өөр бусад орон байдаг гэдэгт эргэлзээ төрүүлэх болно хэмээн Гандан Ширээт асан Ризон ринбучи нар тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сурагчидтай ярилцаж байгаа нь. Энэтхэг, Жамму Кашмир, Нубра хөндий, Дискет, 2017.7.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежир (ДЛО)
Уулзалтын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн утга төгөлдөр асуулт асуусан сурагчдад талархал илэрхийлээд, эртний Энэтхэгийн их сэтгэгчид, ялангуяа Наланда хийдийн их бандида нарын сонгодог бүтээл туурвилтай танилцахыг тэдэнд уриалсан байна. Лалын шашинтнууд ч учир шалтгаан хийгээд танин мэдэхүйн онолыг түлхүү судалснаар үр өгөөжийг нь хүртэх боломжтой хэмээн тэрээр нэмж хэллээ. Ладак нутгийнхан хэдийгээр өөр аялгатай ярьдаг ч, төвөд хэл дээр унших боломжтой учраас тэдгээр бүтээлийг төвөд хэлээр үзэх нь дээр хэмээн тэр зөвлөв.
Дээрхийн Гэгээнтэн маргааш ‘Бясалгалын зэргэмж’ болон ‘Бодьсатвын 37 гарын авлага’ номыг үргэлжлүүлэн тайлбарлана.