Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өчигдөр Энэтхэгээс Лондон хотод хүрэлцэн ирэхэд ширүүн бороо зогсож наран гийж байлаа. Өнөөдөр тэрээр Хойд Ирландын Дерри хотын зүг богино нислэгээр зорчсон юм. Түүнийг онгоцны буудалд газардахад энэ удаагийн айлчлалыг зохион байгуулж буй ноён Ричард Мур угтав. Тэд тэврэлдэн уулзаж, Дээрхийн Гэгээнтэн хараагүй ноён Мурыг өөрийн нүүрэнд хүрэхийг хүслээ. Ноён Мур түүнийг “Урьдын адил царайлаг хэвээрээ байна.” гэв.

Ноён Ричард Мур Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг угтан авч байгаа нь. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Зоогийн төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам тус байгууллагын гишүүд болох Роус Келли, Жое Муррай, Дон Мклиеш нарт талархалын дурсгалын зүйл гардуулсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "ТТДХ" ТББ-ын гишүүдийн хамт үдийн зоог барив. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Жерреми Рассел (ДЛО)
Ингээд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам яриагаа эхэллээ.
“Хүндэт ахан дүүс минь! Би хувьдаа та нарыг миний баатрууд гэж үздэг. Би анх та нартай уулзаад, та бүхний хийж буй үйл хэргийг сонсоод сэтгэл үнэхээр догдолж билээ. Би энэрэл нигүүслийн тухай байнга ярьдаг боловч та нартай адил хүнд нөхцөл дунд ажиллах шаардлага гарвал биеэ барьж дийлэх эсэхтээ эргэлзэж байна. Та бүхэн дотоод сэтгэлийн хүч чадлыг харуулж, хүн төрөлхтөн угтаа ийм л байх ёстой гэдгийг тодорхойлж байна. Та бүхний хийж буй үйл хэрэг та нарын амьдралыг бүхэлд нь өөрчилжээ. Уур хилэнгийн оронд энэрэн нигүүлсэх сэтгэл тань улам хүчтэй болсон байна. Үнэхээр гайхалтай!”
“Энэрлийн сэтгэл бүхий л нийгмийг нэгэн дор нэгтгэх чадалтай. Шинжлэх ухааны эрдэмтэд хүн төрөлхтний үндсэн чанар нь энэрэнгүй болохыг баталсан. Шинжлэх ухааны эрдэмтдийн нэгэн судалгааг би сонирхон үзэж билээ. Хараахан хэлд ороогүй балчир хүүхдүүдэд нэг нэгэндээ туслаж буй сайн явдлыг харуулсан зураг үзүүлэхэд тааламжтай харж байсан бол нэг нэгнээ зовоож буй зургийг хараад цааш эргээд явцгааж байсан юм.”
“Эмч нар ч мөн уур хилэн, айдас хүйдэс нь бидний дархлааны системийг дарангуйлдаг гэж байна. Нэг ч эмч ууртай байснаар та эрүүл байна гэж хэлээгүй. Тэд амар тайван байхыг зөвлөдөг, энэ нь дан ганц бие махбодийг амар тайван байлгах хэрэгтэй гэсэн бус, сэтгэл санаагаа ч амар тайван байлгах хэрэгтэй гэсэн үг юм. Энэрэнгүй сэтгэл бидэнд өөртөө итгэх, дотоод сэтгэлийн тэнхээг бий болгодог.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Миллениум Форум ордонд илтгэл тавьж байгаа нь. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Лоркан Доеирти
Дээрхийн Гэгээнтэн цааш нь ярихдаа уур хилэн, айдас хүйдэс нь амин хувиа хичээх дээр суурилдаг болохыг тайлбарлав. Харин илүү их бусдын төлөө байж, энэрэнгүй сайхан үйл хэрэг хийж чадвал тэр хэмжээгээр эдүгээ болон ирээдүй хойч үед аз жаргалтай амьдрах болно гэлээ. 21-р зууныг энх тайвны эрин зуун болгохын тулд үүнд илүү их анхаарах хэрэгтэй гэсэн юм.
“Хүч хэрэглэн энх тайванд хүрэх боломжгүй. Хүн төрөлхтний хийсэн олон асуудал бэрхшээлийг хүмүүс өөрсдөө арилгах ёстой. Яриа хэлцэл, нэг нэгэндээ хүндэтгэлтэй хандах нь энх тайвныг бүрдүүлэх үндэс суурь юм. Зөвхөн өөрийн улс орны сонирхолоос халин гарч бүх нийтийн ашиг сонирхолыг илүүд үзсэн Европын холбооны үзэл санааг би биширдэг.”

1000 хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонслоо. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Лоркан Доеирти
Уй гашуудлын тухай асуултанд хариулахдаа Дээрхийн Гэгээнтэн өөрийн ахмад багшийн тухай дурсан ярьсан юм. Тэрээр ахмад багштайгаа байнга уулзаж, байнга заавар зөвлөгөө авдаг, түшиж тулдаг хүн нь байсан тул түүнийг насан эцэслэхэд үнэхээр хүнд гашуудалд автсан байна. Эцэст нь тэрээр өөрийн гэгээн багшийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх агуу үйл хэргийг гүйцэтгэх хэрэгтэй гэж шийджээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон ноён Ричард Мур нар илтгэлийн үеэр. Нэгдсэн Вант улс, Хойд Ирланд, Дерри. 2017.09.10. Гэрэл зургийг Лоркан Доеирти
Цагаан хоолтон болох тухай асуултанд тэрээр хэрэв чадвал цагаан хоолтон болох нь үнэхээр гайхалтай гэсэн юм. Одоогоор Энэтхэгт дүрвэн гарсан томоохон сүм хийдүүд, сургууль, институт бүгд нийтийн хоолондоо зөвхөн цагаан хоол бэлдэж байгаа талаар ярив. Бурханы шашны зарим уламжлал өөрсдийн шавь нарыг цагаан хоолтон болохыг хүсдэг бол заримд нь ийм уламжлал байхгүй гэлээ. Бурхан Багш лам хуврагуудыг бадар барих цааз гаргасан бөгөөд ингэхдээ өглөгийн эзэд юу өгнө түүнийг хүндэтгэн авч идэх ёстой гэсэн байна. Тэрээр эмчийн зөвлөсний дагуу зарим үед махан хоол идэхээс өөр аргагүй байдаг тухайгаа ярьлаа.
Нэгэн хүн тэвчээрийн тухай асуусанд “Бодьсадвын явдалд орохуй” номын 6, 8 дугаар бүлгийг сайн үзэж судлах хэрэгтэй гэж зөвлөв.
“Хэрэв бид хичээл зүтгэл гаргаж чадвал энэ дэлхийд өөрчлөлт авчирч чадна. Энд цугласан олон залуучууд нөхцөл байдлыг өөрчилж, гэгээн ирээдүйг бий болгох учиртай. Миний хувьд аль чадлаараа дотоод үнэ цэнийг хөгжүүлэхийг хичээдэг. Хэрэв би арван хүнд үүнийг ойлгуулж чадвал тэдгээр хүмүүс мөн адил бусдад нөлөөлснөөр бид зуун хүнд үүнийг ойлгуулж чадна. Ийм замаар бид бусдыг боловсруулах боломжтой.”
Үйл ажиллагаа өндөрлөсний дараа хэсэг хүмүүс энэрэл хайр, энх тайвны тухай дууг дуулсан юм. Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн түүний илтгэлийг сонссон бүх хүнд талархал илэрхийллээ. Тэрээр хүмүүсийн зүг гар даллан тайзнаас бууж, өөрийн зочид буудлын зүг хөдөлсөн юм.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн “Тулааны талбар дахь хүүхдүүд” байгуулагт ахин ирж “Сэтгэл зүрхээ боловсруулах нь” сэдэвт илтгэл тавина.