Латви, Рига – Латви улсад ховорхон үзэгддэг нарлаг энэ өдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвар явагдах Сконто ордны зүг машинаар хөдлөв. Тэрээр эхлээд хэвлэлийнхэнтэй уулзлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлч нартай уулзаж байгаа нь. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Цаг уурын өөрчлөлт аль нэгэн улсаар хязгаарлагдахгүй, бид бүгдэд адилхан нөлөөлж байна. Байгал дэлхий бидэнд хамтарч, нэгдмэл байхыг ойлгуулж байна. Би хүн төрөлхтөн бүгд адилхан гэх ойлголтыг олон нийтэд түгээхийн төлөө үүрэг хүлээн ажиллаж байгаа билээ. Мөн томоохон бүх шашин энэрэл хайрыг номлодог тул шашин хоорондын эв нэгдэл, харилцан нэг нэгнээ хүндэтгэх тал дээр үүрэг хүлээн ажиллаж байна. Хэвлэлийн хүмүүс та нар үүнд чухал үүрэгтэй.”
Эхний асуулт нь өнөөгийн дэлхийн зөрчилдөөн өрнөж буй цаг үеийн талаар асуулаа. Тэрээр “21-р зууны эхээр зөрчилдөөн нэлээдгүй байсан боловч байдал өөрчлөгдөж байна. Гэвч ихэнхдээ, ялангуяа зарим удирдагч нарт хуучин сэтгэлгээ давамгайлсаар байна. Тэд өнөөг хүртэл асуудлыг хүчээр шийддэг хуучны арга барилыг баримталсаар байна. Өнгөрсөн цаг үеийн хоцрогдсон арга барилыг халах хэрэгтэй.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сэтгүүлчидтэй уулзах үеэр. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Халимагийн гэвш Ванжалын тухай асуултанд хариулахдаа түүнийг бага байхад Төвөдөд Монголын олон зуун эрдэмтэн лам нар байсны нэг нь гэвш Ванжал байсан гэлээ. Мөн тэрээр Халимагт байгуулагдсан Наландагийн 17 бандидагийн ордонг нээх ёслолд оролцохыг хүссэн Халимагийн хуучин ерөнхийлөгчийн урилгыг хүлээн авч чадаагүй талаар ярьсан юм.
Одоогоор Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Орос оронд айлчлах боломжгүй, нөгөөтэйгүүр олон орос хүмүүс Энэтхэгт очиход хүндрэлтэй тул Латви улс нь тэдний уулзах хамгийн боломжтой газар ажээ.
Тэрээр хүнд хэцүү нөхцөл байдал нь тэсвэр тэвчээртэй байхыг дадлагжуулах оновчтой цаг үе гэж үзэх хэрэгтэй хэмээн зөвлөв.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийнхэнтэй уулзаж байгаа нь. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр тайзан дээр гараад ОХУ, Латви, Литви, Истони зэрэг олон улс орноос ирсэн 3800 гаруй хүмүүстэй мэндэллээ. Номын айлдварт хүрэлцэн ирсэн хүмүүсийн ихэнх нь ОХУ-аас хүрэлцэн иржээ. Жишээлбэл Халимагаас 695 хүн уг номын айлдварт хүрэлцэн ирээд байгаа аж.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багшийг хүрээлсэн Энэтхэгийн 17 бандидагийн том шүтээний өмнөх суудалдаа суугаад хоёр жигүүрийн лам хуврагуудтай мэндлэв. Төдөлгүй орос хэлээр “Билгүүний Зүрхэн” судрыг уншив.
Оросын сүсэгтнүүд "Билгүүний зүрхэн" судрыг орос хэлээр уншиж байгаа нь. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Бурханы шашны уламжлалгүй барууны улс оронд би буддизмыг шууд ярихаас болгоомжилдог. Би саяхан Герман болон Итали гэх зэрэг улсаар явахдаа гүн ухаан болон сэтгэл судлалын талаар хүмүүстэй нэлээдгүй ярилцлаа. Христын шашинт миний дотны анд маань надтай сэтгэл төвлөрөл болон нигүүлсэнгүй сэтгэлийг хэрхэн хөгжүүлэх талаар ярилцсан юм. Харин хоосон чанарын тухай асуух үед би энэ тухай асуух хэрэггүй гэж хэлж билээ. Учир нь юмс хэрхэн шүтэлцэж оршдог тухай болон юмсын мөн чанарыг хоосон мэтээр ярих үед түүний Эзэн тэнгэрт итгэх итгэл багасч болох юм.”
“21-р зууны шашин ямар байх ёстой вэ? Энэ үнэхээр технологи, шинжлэх ухааны хөгжилтэй хөл зэрэгцэн явж чадах уу? Өнөө цагт олон хүн эм ууж стрессээ тайлахыг хичээж байна. Гэвч эм тан уугаад өөрсдийн сөрөг сэтгэл хөдлөлөө арилгах боломжгүй шүү дээ. Хамгийн гол нь бид дотоод сэтгэлээ засах хэрэгтэй. Өдгөө боловсрол болон шашин нь өөр өөр зорилго агуулж байна. Дотоод сэтгэлийн асуудлыг шашинд үлдээсэн ба шашны нөлөө улам багассаар байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын эхний өдөр. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа Бурхан Багшийн анхны номын хүрд болох Хутагтын дөрвөн үнэний тухай дэлгэрэнгүй тайлбарлан номлов. Тэрээр Хутагтын дөрвөн үнэний сургаал нь бурханы шашны бүх уламжлалын үндсэн сургаал болдгийг тэмдэглэн хэллээ.
Номын айлдварт хүрэлцэн ирсэн сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож байгаа нь. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож буй лам хуврагууд. Латви, Рига. 2017.09.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Энэ өдрийн номын айлдварын төгсгөлд тэрээр маргааш өглөө бодь сэтгэл үүсгэх зан үйл үйлдэнэ хэмээн мэдэгдлээ.