Энэтхэг, ХП, Дарамсала – Нарлаг бөгөөд цэвэр тунгалаг агаарт Дауладар уулс тодрон харагдах энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зүглаг Хан дуганы зүг явган морилсон юм. 6000 гаруй хүмүүс түүнийг хүлээн байлаа. Дээрхийн Гэгээнтэн сэнтийндээ залрахын өмнө түр саатан олон нийтийн зүг гар даллан мэндлэхэд хурсан олон нэгэн зэрэг түүний зүг гар даллаж байлаа.
Тайландын лам хуврагууд Мангала судрыг пали хэлээр уншсаны дараа Тайваны бурханы шашны 22 төвийн нийт 1300 гаруй гишүүд хятад хэлээр “Билгүүний зүрхэн” судрыг аялгуулан уншсан юм.

Тайваны сүсэгтнүүд "Билгүүний зүрхэн" судрыг уншиж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.03. Гэрэл зургийг Тэнзин Пунцог (ДЛО)
“Бид өөрсдийгөө бурханы шашинтан гэдэг боловч ердийн үед бурханы шашин яг юуг номлодогт төдийлөн анхаардаггүй. Бид бурханы сургаалыг үзэж судалснаар учир шалтгаан дээр суурилсан үзэл онолыг нь илүү их ойлгох боломжтой болох юм.”
“Бүх амьтан аз жаргалтай, амар тайван байхыг хүсч, зовлонгоос татгалздаг төрөлхийн араншинтай. Өвчин хийгээд таатай сайхан зүйлүүд бүгд өөр өөрсдийн уг шалтгаанаас бий болдог бөгөөд үүнийг зөвхөн саруул ухаант хүн л ойлгох чадалтай юм. Би өдөр бүр эх болсон зургаан зүйлийн хамаг амьтны төлөө залбирдаг боловч гагцхүү энэ дэлхийн хүн төрөлхтний төлөө л дорвитой бөгөөд бодит зүйлийг хийж чадна. Бидний саруул оюун ухаан хүний зовлонг хэрхэн арилгах арга замыг олж харах бүрэн боломжтой билээ. Гэтэл өнөөгийн боловсролын систем материаллаг хөгжилд илүү их анхаарсны улмаас хүмүүс бие махбодийн таашаалд илүү их сонирхолтой болохын зэрэгцээ дотоод ертөнц, оюун санааны амар тайван байдал хийгээд ёс суртахуунд анхаарлаа бага хандуулж байна.”
“Бидэнд тулгарч буй олон асуудлын ихэнхийг бид өөрсдөө бий болгосон юм. Энэрэн нигүүлсэх сэтгэл дутсаны улмаас дайн тулаан гарч, бид аймшигт аллагыг сонсож байна. Бид зэвсэг үйлдвэрлэлээр хөөцөлдөж, бусдыг алан хядах хүмүүст түүнийгээ зарж байна. Саяхан Лас Вегаст 60 гаруй хүний амь егүүтгэж, 500 хүнийг шархдуулсан аймшигт хэрэг гарлаа. Бусад газарт эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хоол ундны хомсдолоос улбаалж хүүхдүүд өлсгөлөнгөөр насан эцэслэж байна. Бидний ахан дүүс нэг нэгнээ “бид” ба “тэд” гэж ялгаварласны улмаас уур хилэн, үзэн ядалтанд баригдан бусдыг дээрэлхэх, дарлан мөлжих, амь насыг егүүтгэх зэрэг аймшигт гэмт хэргүүдийг бид өдөр тутмын мэдээнээс сонсож байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа айлдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.03. Гэрэл зургийг Тэнзин Пунцог (ДЛО)
“Нэгэнт бид бусдаас хамааралтай амьдардаг тул хөршүүд маань амар тайван, цаашлаад хөрш улс орнууд амар тайван байхын хэрээр бидэнд ашигтай байх болно. Тиймээс бид сайхан сэтгэлийг бүх хүний төлөө хандуулах хэрэгтэй.”
Тэрээр номоо нээгээд Аряадэва гэгээний “Дөрвөн зуут”, Чандракирти гэгээний “Төвд орохуй” номыг буддын гүн ухааныг үзэж судалдаг Төвөдийн бүх дацан хийдүүд үзэж судалдаг болохыг тэмдэглэн хэлэв. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Төвд орохуй”-н аман эшийг Лин ринбочэ багшаасаа хүртсэн бөгөөд Лин ринбочэ өөрийн багш Чони ринбочэгээс хүртсэн ажээ. Дараа нь Чандракирти гэгээний өөрийн тайлбар “Төвд орохуйн тайлбар”-ын аман эшийг Төвөдийн шоронд олон жил хоригдсон сажын хамба Гүнга Ванчүг гэгээнээс хүртжээ.
Дээрхийн Гэгээнтэн энэ удаа Богд Зонховын “Шүтэн барилдахуйн магтаал”-ын аман эшийг мөн хүртээнэ гэж мэдэгдлээ. Тэрээр багадаа энэхүү номыг нэг цагийн дотор цээжилж, тэр цагаас хойш өдөр бүр уншдаг болсон байна.
“Би Богд Зонховыг хоёрдугаар Нагаржуна гэж боддог. Энэ нь зөвхөн гэлүгба урсгалд хамрагддагтаа биш, түүний зохиолыг үзэж судалсны дараа ийн бодох болсон юм. Түүний гүн ухааны хэд хэдэн номыг хинди хэлэнд орчуулсан санскрит хэлний гарамгай эрдэмтэн Бандид Трипатхигаас би Богд Зонховыг Наландагийн эрдэмтэдтэй зүйрлэж болох уу хэмээн асуусанд “Зөвхөн зүйрлээд зогсохгүй Богд Зонхов бол Наландагийн эрдэмтдийн оройн дээдэд тооцогдоно” гэж билээ.”

Номын айлдварт хүрэлцэн ирсэн Тайваны лам хуврагууд. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.03. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр “Төвд орохуй” номоо нээгээд санскрит хэлээр бичсэн эхний мөргөлийн хэсгийг тайлбарлав. Мөн орчуулагчдын залбирал үйлдэх хэсгийг тайлбарлан ярьлаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь төвөд хэл дээр орчуулагдсан Ганжуур, Данжуурын тухай онцлон ярьсан юм. Ганжуур, Данжуурын 300 гаруй боть ном байдгаас цөөн хэсгийг хятад хэлээс орчуулсан бол ихэнхийг Энэтхэгийн пали болон санскрит хэл дээрх үндсэн эх сурвалжаас орчуулсан ажээ.
Хутагт Нагаржуна “Билгүүний үндэс” номонд хоосон чанарын үзлийг голлон айлдсан бол “Эрдэнийн эрхи” номондоо гэгээрэлд хүрэх арга замыг дэлгэрэнгүй тайлбарлан айлдсан байна. Харин “Төвд орохуй” ном нь энэ хоёрыг багтаасан номлол ажээ.

Номын айлдварын эхний өдөр. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.03. Гэрэл зургийг Тэнзин Пунцог (ДЛО)
Тэрээр Зүглаг Хан дуганаас морилон гарч зам зуураа хуучин анд нөхөдтэй, мөн зарим нэг сүсэгтнүүдтэй уулзан ярьж байлаа. Олны зүг инээмсэглэн гар даллаж, алгуур яван машиндаа суусан юм. Номын айлдварын дараа Тайваны бурханы шашны төвөөс номын айлдарт хүрэлцэн ирсэн бүх хүмүүст үдийн зоог барьлаа.