Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө өргөөнөөс морилохын өмнө 30 жилийн ойгоо тэмдэглэж буй “Төвөдийн эмэгтэй хуврагууд” төслийн гишүүдтэй уулзсан юм. Энэхүү улзалтанд уг төслийн ажилчид, удирдах зөвлөлийн гишүүд, ивээн тэтгэгчид, мөн өнгөрсөн жил гэвшма цол хамгаалсан 20 гаруй эмэгтэй хуврагууд оролцов. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан Бурхан Багшийн сургаал Энэтхэгт өргөн дэлгэрсэн нь Такшашила, Наланда, Викрамашилагийн нөлөө байсан гэлээ. Бурханы шашин нь зөвхөн сүсэг бишрэлийг голлох бус, учир шалтгаан дээр үндэслэсэн оюун санааг өөрчлөх арга замыг номлодог хэмээн тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Төвөдийн эмэгтэй хуврагууд" төслийн гишүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017?10.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Төвөдийн номт хаан Тисрон Дэзэн, ловон Бадмасамбхава, ловон Шантаракшита нар Төвөдөд бурханы шашныг дэлгэрүүлсэн. Тэр үеэс гүн ухаан, учир шалтгааны арга ухаанд суралцах эхлэл тавигдсан юм. Энэ нь хожмын лам нарын дагаж мөрдөх зарчим болсон билээ. Бурхан Багш Махапражапати Готамид санваар хайрласны дараа “Эмэгтэй хуврагууд дээдийн номд суралцах, түүнийгээ дагаж мөрдөхөд тал дээр хуврагуудтай адил” гэж айлдсан байна. Үүнийг би эмэгтэй хуврагуудад эрэгтэй лам нартай адил тэгш ном үзэж судлах таатай боломж олгосон гэж боддог.”
“Би хэдэн жилийн өмнө Бандара тосгонд очихдоо сургуулийн сурагч хүүхдүүд буддын гүн ухааны мэтгэлцээн өрнүүлэхийг хараад сэтгэл ихэд хөдөлж, ямар багш үүнийг зааж өгсөн талаар асуусан юм. Тэгтэл одоо энд сууж буй эмэгтэй хувраг зааж өгсөн байлаа. Энэ хүн Долмалинд буддын гүн ухаанд суралцжээ.”
Тэрээр эрэгтэй хуврагуудад олгодог гэвш цолыг тайлбарлаад энэхүү эрдмийн цолыг буддын гүн ухааны, ялангуяа билиг барамид болон төв үзлийн ном сургаалд гарамгай суралцсан эмэгтэй хуврагуудад ч адилхан өгөх боломжтой гэсэн юм. Мөн тэрээр эмэгтэй хуврагуудыг буддын гүн ухааны сонгодог 13 бүтээлд шамдан суралцахыг хүслээ. Үүний зэрэгцээ ном үзэж судлахдаа зөвхөн гэлүгбийн уламжлал гэж явцууралгүй Төвөдийн буддын шашны бүхий л урсгалын ном сургаалыг үзэж судлах хэрэгтэй гэж зөвлөв.

Өнгөрсөн жил гэвшма цол хамгаалсан эмэгтэй хуврагууд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламтай уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017?10.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Та бүхний олж авсан амжилтанд бүх Төвөд иргэд сэтгэл хангалуун байх нь тодорхой.”
Ингээд энэ өдрийн номын айлдвар эхлэхдээ өчигдрийн адил эхэнд нь Мангала судрыг пали хэлээр уншиж, дараа нь “Билгүүний зүрхэн” судрыг хятад хэлээр уншив. Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын баруун талд саяхан Жанзэ цоржийн албанд томилогдсон Госог ринбочэ Агваан Сунрав суусан байлаа. Тэрээр дараагийн Гандан Ширээт болох болзолоо бүрэн хангажээ.
“Өнөөдөр бид дээдийн номын талаар ярилцахаар энд цугласан. Гэвч бидний дотоод сэтгэлийн байдлаас шалтгаалж хийж буй үйл хэрэг маань нэг бол зөв, эсвээс буруу болж хувирдаг. Бидний номлож буй энэхүү ном маань бодь сэтгэлийн тухай номлосон тул зөвхөн өөрийн тусыг бодож суух нь буруу юм. Мөн ном номлож буй багш нь эд материал, нэр хүнд горилж номын айлдвар явуулбал энэ нь угтаа бизнесийн гэрээ хэлэлцээр хийхтэй адил болно гэсэн үг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дуганд морилон ирээд сүсэгтнүүдийн зүг гар даллан мэндэлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017?10.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“Би арга, билгийг хөгжүүлэхийн хичээдэг. Бид адилхан хүн төрөлтөн бөгөөд миний сурч мэдсэн зарим зүйл та бүхэнд нэмэр болж магадгүй.”
“Бурхад нүгэл хилэнцийг усаар угаахгүй, бусдын зовлонг гараараа авах боломжгүй. Мөн өөрсдийн мэдсэн зүйлээ бусдад юүлэх боломжгүй. Бурхад гэгээрэлд хүрэх үнэн зам мөрийг айлдсан юм. Тийм учраас Бурхан Багш хүн бүхэн өөрөө өөртэйгээ тулж ажиллах хэрэгтэй гэж зөвлөсөн билээ. Үүнийг ойлгуулахын тулд тэрээр зургаан жил хатуужил хийсэн юм.”

Энэ удаагийн номын айлдварт нийт 6000 гаруй сүсэгтнүүд хамрагдав. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017?10.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Тэрээр “Төвд орохуй” номыг үргэлжлүүлэн уншиж олон нийтэд аман эш хүртээсэн бөгөөд үдийн хоолны өмнө нэгдүгээр бүлэг дуус ч энэ өдрийн номын айлдвар өндөрлөсөн юм.