Энэтхэг, ХП, Дарамсала – Урьдын адил Мангала судар болон Билгүүний зүрхэн судруудыг уншсаны дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өдрийн номын айлдвараа эхэлсэн юм.
“Сансар орчлонгийн хамаг амьтад аз жаргалтай байхыг хүсдэг. Үүн дотроос энэ дэлхийн хүн төрөлхтөн хэл яриагаар ойлголцдог хэдий ч нэг нэгнээ хорлох гэмт буруу үйлдлийг хийсээр байна. Асар догшин араатан амьтан зөвхөн өлссөн үедээ л бусдад халддаг бол хүмүүс өргөн хүрээг хамарсан дайн зохион байгуулж, тэр нь хэдэн зуунаар үргэлжлэх тохиолдол байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт 6000 гаруй хүн суулаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
“1960 онд би Сингапурт очих үеэр Хятад хуврагийн “Билгүүний зүрхэн” судрыг уншихыг сонсохдоо Хятадад бурханы шашныг хэрхэн үгүй хийснийг эргэн санаж билээ. Өнөөдөр нөхцөл байдал өөрчлөгдөж Хятадад 400 гаруй сая хүн бурханы шашныг шүтэж байна. Бусад улс оронд ч шинжлэх ухааны эрдэмтэд тэргүүтэй олон хүмүүс бурханы шашинд юу номлодгийг сонирхон судалсаар байна.”
“Хэдийгээр бид материаллаг хөгжлийг ихэд анхаарч, олон нэр томьёо, арга ухаан сэдсэн боловч дотоод сэтгэлийн амар амгалантай төдийлөн уялдахгүй байна. Учир нь дотоод сэтгэлийн амар амгалан бол зөвхөн сэтгэл оюунаас шалтгаалдаг юм. Өнөөдөр би Хятад ахан дүүс та нарт ном номлосондоо сэтгэл хангалуун байна. Үүний үр дүнд дэлхий дахины энх тайвныг бий болгох дотоод сэтгэлийн өөрчлөлт гарна гэдэгт найдаж байна. Тайван улс эрх чөлөөтэй тул та бүхэн Хятадын бурханы шашны уламжлалыг хадгалан авч үлдэхэд үнэтэй хувь нэмэр оруулж чадна.”
Тэрээр номын аман эшийг үргэлжлүүлэн уншихын өмнө Богд Зонховын “Шүтэн барилахуйн магтаал”-ын аман эшийг түгээлээ.

Номын айлдварт сууж буй хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсон тэмдэглэж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шүтэн барилдахуйн онол хичнээн чухал болохыг тайлбарлав. Учир нь юмсын мөн чанарыг таньж чадаагүй мунхаг нь доройтол бүгдийн үндэс болдог аж. Хэдийгээр бид аз жаргалтай амьдрахыг хүсч байгаа ч бидний ёс зүйгүй оюун ухаан зовлон тарьсаар байдаг. Юмсын жинхэнэ мөн чанарыг таниагүйн улмаас өрөг сэтгэл хөдлөлүүд бий болдог. Хайр энэрлийн сэтгэл нь бидний зарим нэг муу сэтгэлийг арилгаж чадах ч шүтэн барилдахуйн онолыг гүйцэд ойлгоогүй цагт зовлонгийн үндсийг арилгаж чадахгүй ажээ.
Эцэст нь тэрээр буддын шүтэн барилдлагын онолыг орчин үеийн шинжлэх ухааны байр сууринаас нотолж болохыг тэмдэглэн хэлсэн юм.

Номын айлдварын төгсгөлд асуулт хариулт явагдаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2017.10.05. Гэрэл зургийг Тэнзин Чойжор (ДЛО)
Энэ өдрийн номын төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Лам маргааш энгийн хүмүүст гэнэн санваар хүртээж, бодь сэтгэл үүсгэх зан үйл үйлдэх ба, мөн Цагаан Дарь Эхийн насны авшиг хүртээнэ хэмээн мэдэгдлээ.