Dalailama / Бодьгаяа дахь номын айлдварын эхний өдөр

Бодьгаяа дахь номын айлдварын эхний өдөр

2018 оны 1 дүгээр сар 5

Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Хүйтэн, манантай энэ өглөөний цаг агаарын хүнд нөхцлийг үл ажран 50,000 гаруй сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсохоор Дүйнхорын авшиг хайрладаг их талбайд хуран цугласан байлаа. Богино замд машинаар морилон ирсэн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам ч өөдрөг сайхан сэтгэгдэлтэй байгаа нь илт байсан юм. Тэрээр тайзан дээр гараад сүсэгтэн олны зүг гараа даллан мэндлээд сэнтийндээ залрав.

Бодьгаяа дахь номын айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын талбайд хүрэлцэн ирж 50,000 гаруй сүсэгтнүүдтэй мэндэлж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.05. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам түүний сэнтийн дэргэд зогсож буй тэргүүн лам нар болох Гандан Ширээт, хуучин Гандан Ширээт, Шарзэ болон Жанзэ цорж, Сажа Гонма Тизин ринбочэ, Лин ринбочэ, мөн хамба лам нар болон хуучин хамба лам нар, хутагт хувилгаадтай мэндлээд сэнтийндээ залрав.

“Өнөөдөр Энэтхэгчүүд номын айлдварын гол шавь нар байх тул номын айлдварын эхний уншлагыг пали, санскрит хэлээр уншина.” хэмээн яриагаа эхэллээ.
Хэсэг хүмүүс Мангала судар, мөн зарим нэг уншлагыг пали хэлээр уншлаа. Дараа нь сургуулийн сурагч хүүхдүүд Билгүүний Зүрхэн судрыг санскрит хэлээр уншив.

Бодьгаяа дахь номын айлдварын эхний өдөр
Номын айлдварын эхэнд сургуулийн сурагч хүүхдүүд Билгүүний Зүрхэн судрыг уншиж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.05. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Бурхан Багш гэгээрэлд хүрснийхээ дараа агуу гайхамшигт зүйлийг мэдсэн боловч үүнийг ойлгох хүн нэгээхэн ч үгүй хэмээгээд хэсэг зуур аглагт оршсон гэдэг. Гэсэн ч төдөлгүй Сарнатад анхны номын айлдвараа айлдсан юм. Дараа нь Ражгир дахь Тас цогцолсон ууланд юмс бүгд мөн чанартаа хоосон болохыг номложээ. Дараа нь гуравдугаар номын хүрдийг эргүүлэхдээ Бурханы мөн чанар, сэтгэлийн мөн чанарыг айлдаж, мөн энэ үед ханьцашгүй дээд дандрын үндсийг нээсэн юм.”

“Махагашяапа тэргүүтэй шавь нар түүний Винайн сургаал болон Абидармын номлолыг пали хэлээр хадгалан үлдсэн байна. Дараа нь хутагт Нагаржуна тэргүүтэй шавь нар Бурхан Багшийн айлдсан сургаалыг улам гүнзгий түвшинд судлах болсноор Наландагийн уламжлал дэлгэрсэн юм. Тэд Бурхан Багшийн сургаалыг чанд нарийн судалсны үр дүнд буддын гүн ухаан өнөөг хүртэл өвлөгдөж чадсан юм.”

Бодьгаяа дахь номын айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгчүүдэд зориулсан номын айлдварын эхний өдөр. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.05. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа Бурхан Багш шавь нарын оюун ухааны цар хүрээнд тааруулж олон янзын ном сургаал айлдсан гэдгийг тэмдэглэн хэллээ. Зарим үед онцгой шавь нарт тусгайлан ном айлдаж байсан байна. Энэ үед юмс үзэгдэл хоосон чанартай гэдгийг номлосон бөгөөд Билгүүний Зүрхэн судар үүнийг харуулсан нэгэн сургаал нь болдог.

Тухайн нөхцөл байдалд тааруулсан олон өөр сургаал ном айлдсан тул Бурхан Багш шавь нартаа хандан “Гэлэнгүүдээ, шижир алтыг үрж, тасдаж, шатаан байж таньдагтай адил миний сургаалыг сайн судалж үзсэний дараа дагах хэрэгтэй. Дан ганц надад сүсэг бишрэлтэй байх нь хангалттай бус” хэмээн айлджээ. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь ярихдаа шинжлэх ухааны эрдэмтэд тухайн зохиолчоос үл хамааран судалгаа, шинжилгээ өргөн хүрээнд хийдэг гэдгийг тэмдэглэн хэлсэн юм. Орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтэд буддын ном сургаал, гүн ухаанд ихэд сонирхолтой болсон тухай ярьлаа.

Мөн Дээрхийн Гэгээнтэн буддын шашин Энэтхэгт анх дэлгэрсэн бөгөөд Нагаржуна тэргүүтэй их мэргэд ч энэтхэг хүмүүс байсан хэмээв. Тийм учраас өнөөдрийн номын айлдварын гол шавь нар энэтхэг хүмүүс байх болно гэдгийг ахин хэллээ. 2000 гаруй жилийн хугацаанд бурханы шашин Ази даяар дэлгэрсэн ба Төвөдөд Наландагийн уламжлал өвлөгдсөнөөр өнөөдөр энэхүү үнэт уламжлалыг Энэтхэгт сэргээх боломжтой болсныг дурдлаа.

Бодьгаяа дахь номын айлдварын эхний өдөр
Номын айлдвар сонсож буй Энэтхэг иргэд. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.05. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэг орныг дэлхийн бүх шашин нэгэн дор эв нэгдэлтэй оршин буй онцлогтой гэдгийг мэдэгдлээ. Тэдгээрийн зарим нь бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрч, зарим нь үүнийг үгүйсгэн учир шалтгааны зарчмыг голлодог боловч юмс үзэгдэл өөрийн мөн чанараар орших боломжгүйг дан ганц бурханы шашин л хүлээн зөвшөөрдөг байна. Баруун Азийн орноор дамжин дэлгэрсэн жүүд, ислам, христийн шашин нь бүтээгч Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг. Ямартаа ч эдгээр бүх шашин энэрэл хайр, тэсвэр тэвчээр, уучлал, хувийн сахилга батыг номлодгоороо адил гэдгийг тэрээр дэлгэрэнгүй ярьсан юм.

Бурханы шашинд хүчирхийллийн бус арга зам нь маш чухалд тооцогддог гэлээ. Энэхүү сургаал нь өвчин зовлон, таатай сайхан зүйлсийг хүртэх бүгд биднээс шалтгаална гэдэгтэй уялддаг болохыг тайлбарлав. Бусдад туслах сэтгэлээр хийгдсэн үйл хэрэг нь эерэг үр дагавар авчирдаг болохыг мөн номлов.
“Олон шашин Энэтхэгт нэгэн дор эв найртайгаар зэрэгцэн оршиж ирсэн. Шашнаас үл хамаарсан ёс суртахууны чиг баримжаа нь бүх шашинд хүндэтгэлтэй хандахыг чухалчилдаг тул үүнийг бид эдүгээ цагт сэргээн авах хэрэгтэй байна. Эртний Энэтхэгийн их мэдлэг боловсрол, соёл уламжлалыг энэ нутагт эргээн сэргээх тал дээр би өөрийн аль чадах бүхнээ зориулан ажиллаж байна.”

Бодьгаяа дахь номын айлдварын эхний өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдвараа айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.05. Гэрэл зургийг Лувсан Цэрин
“Дэлхий дээр амьдарч буй 7 тэрбум хүнээс 1 тэрбум нь огт шашин шүтдэггүй хэмээн өөрсдийгөө тодорхойлжээ. Шашин шүтдэг зарим хүмүүст шашин шүтлэг нь талцан хуваагдах шалтаг болж байна. Үүгээр зогсохгүй шашин шүтлэг нь тэмцэл тулаан, хүчирхийллийн үндэс болж байгаа нь тун харамсалтай.”

“Хүмүүс бид нийгмийн амьтад бөгөөд нэг нэгэндээ хамааран амьдардаг. Бид нар бие даан орших хангалттай чадвар байхгүй. Яг одоо бид энд эв нартай сууж байхад дэлхийн өөр нэгэн газар хэрүүл тэмцэл, дайн тулаан явагдаж байгаа. Хүмүүс нэг нэгнээ доромжилж, амь насыг нь егүүтгэж байна. Өөр нэгэн газар хүмүүс өлсгөлөнд нэрвэгдэж насан эцэслэж байна. Байдал ийм байхад бид хамаг амьтны төлөө хэмээн залбирах боловч гараа хамхин суух уу? Нэгэнт Бурхан Багшийн шавь мөн л бол бид өөрсдөөсөө өдөр бүр бусдад хэрхэн тус болж чадах эсэхээ байнга асуух хэрэгтэй. Учир нь хүн бүгд аз жаргалыг хүсч, зовлонг хүсдэггүй нь адилхан.”

“Орчин үеийн боловсрол хүний үнэ цэнийн тал дээр маш бага цаг зарцуулж байгаа тул бид энэрэл хайрын талаар илүү их ярих хэрэгтэй болж байна. Ер нь энэрэнгүй бөгөөд эелдэг зөөлөн гэр бүл аз жаргалтай байж, харин атаа хорсолд баригдсан гэр бүл аз жаргалгүй байдаг нь бидэнд тодорхой байна.”

Бодьгаяа дахь номын айлдварын эхний өдөр
Гадаадын олон улс орноос ирсэн хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.05. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бурхан Багшийн сургаалыг номлол сургаалын хэсэг, онол эрдмийн хэсэг гэж хоёр хуваадаг тухай тайлбарлалаа. Номлол сургаалыг хэсгийг бид үзэж судлах, унших ёстой бөгөөд эрдэм онолын хэсэг нь ёс суртахуун, сэтгэл төвлөрөл, билиг оюун гэх мэт өөрийн эрдмүүдийг хэлдэг гэв.

Номын айлдвар хоёр өдрийн турш үргэлжилнэ.

18-02-2018, 03:59
Вернуться назад