Энэтхэг, Бихар, Бодьгаяа – Энэ өглөө мөн адил хүйтэн байсан боловч түмэн олон хуран цуглах үед Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн сүмээс машинаар морилон ирлээ. Тэрээр замдаа цугласан олны зүг гар даллан мэндэлж, сэнтийндээ залрахын өмнө сүсэгтэн олонд мэхийн ёслов. Наланда Шикша төвийн хэсэг хүмүүс Мангала судрыг пали хэлээр уншсаны дараа сургуулийн сурагч хүүхдүүд Билгүүний Зүрхэн судрыг санскрит хэлээр уншлаа.
Наланда Шикша төвийн зохион байгуулж буй энэ удаагийн номын айлдварт нийтдээ 2000 гаруй гишүүд нь оролцож байгаа ажээ. Тэд Дели, Чандигар, Жамму мужаас 300 коллежийн оюутан, Санкисагийн буддын төвөөс 200, орон нутгийн 600 оюутан, мөн Жамму Кашмер, Химачал Прадеш, Уттар Прадеш, Гоа, Андра Прадеш, Тамил Надду, Карнатака, Сикким, Одиса зэрэг мужуудаас гишүүд цугласан байна. Тэдгээр хүмүүст зориулан хинди хэлээр уг номын айлдвар орчуулагдан явж байгаа ажээ.

Хинди хэлний орчуулагч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг орчуулж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.06. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын эхэнд хутагт Нагаржунайн айлдсан “Билгүүний Үндэс” номын мөргөлийн шүлэг, мөн хутагт Майдарын айлдсан “Илт Онохуйн Чимэг” номын мөргөлийн шүлгийг уншив.
“Бидний зарим нь алс холоос энд зорин ирсний гол зорилго нь бид бүгдээрээ аз жаргалтай байж, зовлонгоос салахыг хүссэний учир юм. Хорхой шавьж хүртэл үүнийг л хүсдэг. Гэтэл бид үүнийг ойлгохыг хүсдэггүй, зөвхөн өөрийгөө л боддог. Бид амин хувиа хичээсний хор уршиг, бусдын төлөө гэх сайхан сэтгэлийн ач тусыг эргэцүүлэн бодох хэрэгтэй. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж батласан. Шашин шүтдэг, эс шүтдэгээс үл хамааран бусдын хайр халамжийг та таатай сайхнаар хүлээн авдагтай адил бусад хүмүүс ч таны эелдэг сайхан сэтгэлийг талархан хүлээж авах нь тодорхой.”
“Хүмүүс уур хилэн, үзэн ядалтанд амархан автаж байна. Үүний оронд бид энэрэл хайр, тэвчээр, сэтгэл хангалуун байдлыг бий болгох хэрэгтэй. Эртний Энэтхэгийн их мэргэд сэтгэлийн амар амгаланг олох арга замыг заахын зэрэгцээ сэтгэлийн амар амгаланг юу бусниулдаг болохыг ч тайлбарлан таниулсан юм. Та хичнээн тав тухтай орчинд амьдарч байсан ч таны сэтгэл санаа тухгүй бол эргэн тойрны сайхан эд зүйлүүд таныг аз жаргалтай болгож чадахгүй. Нөгөөтэйгүүр таны сэтгэл санаа аз жаргалаар дүүрэн бол тав тухгүй орчинд ч та амар тайван байж чадна. Хамгийн чухал зорилго бол бидний дотоод сэтгэлийн амар амгалан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгчүүдэд зориулан номын айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.06. Гэрэл зургийг Лувсан Цэрин
Дээрхийн Гэгээнтэн мөн юмс үзэгдэл өөрийн мөн чанараар оршиж буй мэт боловч түүнийг нягталж судлахын хэрээр уг мөн чанар нь олдохгүй болдог. Учир нь тэд бүгд бусадтай харилцан шүтэлцэж оршдог болохыг тайлбарлаа.
Тэрээр номын айлдвараа цааш нь үргэлжлүүлэхдээ шүтэн барилдахуйн талаар дэлгэрэнгүй тайлбарлав. Шүтэн барилдахуй гэдэг нь юмс үзэгдэл нөхцөл, шалтгаан зэрэг олон зүйлд шүтэж, тулгуурлаж бий болдог байна. Тэрээр жимсны үр хэрхэн ургаж, эцэстээ жимс болохыг хүртэл олон янзын нөхцөл шалтгаан шаарддаг болохыг жишээ болгон тайлбарлав.

Номын айлдварт нийт 50,000 гаруй хүмүүс хамрагдав. Энэтхэг, Бихар, Бодьгаяа. 2018.01.06. Гэрэл зургийг Лувсан Цэрин