Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Энэтхэг дэх Төвөдийн 37 суурин, мөн Непал, Бельги, АНУ-аас хүрэлцэн ирсэн Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нартай уулзахаар хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.14. Гэрэл зургийг Тэнзин Дамчой
“Олон хүмүүс надад төвөдүүд биднийг энэрэнгүй, сайхан зантай, дотно дулаан инээмсэглэдэг хэмээн магтаж байна. Бид өөрсдийн эерэг талаа дэлхий нийтэд харуулж чадлаа.”
“Биднийг анх дүрвэн гарахад 80,000 гаруй иргэд даган дүрвэсэн билээ. Анх Энэтхэгт ирсэн даруйдаа ардчилалын зарчмаар цагаачлал дахь өөрсдийн засаг захиргаагаа бүрдүүлж билээ. Тухайн үед Энэтхэгийн ерөнхий сайд асан Жавахарлал Неру бидний хүүхдүүдийг төвөдийн хэл соёл болон орчин үеийн мэдлэг боловсролд суралцах боломж олгож Төвөдийн сургуулиудыг байгуулж өгсөн юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.14. Гэрэл зургийг Тэнзин Дамчой
Эмэгтэйчүүдийн үүргийн тухай онцгойлон ярихдаа тэрээр:
“Бурханы шашинтан бид эх болсон хамаг амьтдын төлөө залбирдаг боловч бодит байдал дээр эх дэлхийн зөвхөн хүн төрөлхтөнтэй бид харилцан ойлголцож, энэрэн нигүүлсэхүй, энх тайвныг хамтдаа бий болгож чадна. Эрдэмтдийн судалгаагаар эмэгтэйчүүд бусдын зовлонг эрэгтэйчүүдээс илүү их мэдэрдэг болох нь тогтоогдсон байна.”
“Би амьдралдаа эхийнхээ ууртай царайг хэзээ ч харж байгаагүй. Ээж маань хүн бүхэнд үнэхээр дотно ханддаг нэгэн байлаа. Тэрээр бусдын өвчин зовлонг хараад нүд нь нулимсаар дүүрч, энэрэнгүй сэтгэл хүчтэй төрж байгаагийн шинж тэмдгийг би сайн санаж байна. Надад энэрэнгүй сэтгэлийг заасан анхны багш минь миний эх байсантай адил бид бүгдээрээ энэрэнгүй сайхан сэтгэлд хамгийн анх өөрийн гэртээ суралцаж эхэлдэг гэдэгт би итгэлтэй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Төвөдийн эмэгтэйчүүдийн холбооны төлөөлөгч нарын хамт. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.05.14. Гэрэл зургийг Тэнзин Дамчой