Энэтхэг, ХП, Дарамсала – Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг сэнтийдээ залармагц Гопалпур дахь Төвөдийн дунд сургуулын сурагчид нэлээдгүй ширүүн мэтгэлцээн өрнүүллээ. Тэд Чухаг дээд гуравт хэрхэн аврал одуулах тухай ярилцав. Эхний бүлэг дууссаны дараа тус сургуулийн өөр бүлэг хүүхдүүд шинжлэх ухааны сэдвээр мэтгэлцэв.

Гопалпурын сурагч хүүхдүүд хоёр дахь айлдварын өдөр номын мэтгэлцээн өрнүүлж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
“Хутагт Нагаржуна Бурхан Багшийг магтахдаа дан ганц гэгээрэлд хүрсэн гэдгээр нь бус шүтэн барилдахуйг номлосноор нь магтсан байдаг. Тэрээр “Билгүүний үндэс” номынхоо төгсгөлийн шүлэгт Бурхан Багш дээдийн номыг айлдсан нь бидний бүх буруу үзлийг арилгахын төлөө юм гэж айлдсан буй.”
“Бурхан Багш Хутагтын дөрвөн үнэний сургаал айлдаж бидний оюун ухаан хэрхэн буруу үзэлд автаж буйг ойлгуулсан билээ. Хутагтын дөрвөн үнэн тус бүрийн дөрөв дөрвөн онцлогоор нь нарийн судладаг.”
“Бид бүгдээрээ аз жаргалыг хүсдэг, зовлонг хүсдэггүй. Гэсэн ч мунхагийн улмаас бид өөрөө өөртөө асуудал тарьсаар л байна."

Төвөдийн сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үргэлжлүүлэн хоосон чанарын тухай тайлбарлалаа. Юмс үзэгдэл харагдах түвшиндээ бие даасан, оршиж буй байдалтай харагддаг. Жишээлбэл энд сууж буй олон хүмүүсийг харахад зарим нь дунд сургуулийн сурагч хүүхдүүд, зарим нь Тайландын лам хуврагууд гэх мэтээр өөрийн талаасаа байгаа мэт харагдаж байна. Ийнхүү үзэгддэг боловч буддын гүн ухааны онолоор бүгд үзэгдэж буй шигээ орших боломжгүй гэж номлодог тухай тайлбарлав.
Дээрхийн Гэгээнтэн өчигдрийн айлдвартаа орчин үеийн квантын физикчид юмс үзэгдэл обьектив талаасаа орших боломжгүй гэж үзсэнийг дурдсан бол өнөөдөр Америкийн сэтгэл мэдрэлийн эмч Аарон Бекийн талаар дурсав. Аарон Бек эмч олон жилийн турш уур хилэнгийн улмаас нэлээдгүй зовлонд нэрвэгдсэн олон өвчтөнтэй ажилсан байна. Тэрхүү эмч Дээрхийн Гэгээнтэнд ярихдаа хүмүүс хэн нэгэнд уурлах үед түүнийг 100 хувь муугаар хардаг бөгөөд үүний 90 хувь нь ердөө өөрийнх нь төсөөлөл байдаг гэжээ.

Төвөдийн дунд сургуулийн хүүхдүүдэд зориулсан номын айлдвар явагдаж буй байдал. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
“Бурхад мунхагийг үндсээр нь арилгахын тулд, бусдыг гэгээрэлд хүргэхийн тулд бодит үнэнийг номлосон юм. Тэд бусдын нүгэл хилэнцийг усаар угаах боломжгүй, мөн бусдын зовлонг гараараа авах боломжгүй билээ. Бурхан Багшийн түүхийг авч үзвэл бид өөрөө өөрийнхөө аврал болдгийг нотлон харуулжээ. Бид өөрсдийн оюун санаагаа ажилуулж байж л буруу үзэл, бодлоо даван туулна, бусад хэн ч миний өмнөөс үүнийг хийх боломжгүй.”

Энэ удаагийн номын айлдварт нийтдээ 9000 гаруй хүн хамрагдлаа. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Бодьсадвын явдалд орохуй”-г өчигдөр зогссон хэсгээсээ үргэлжлүүлэн уншлаа. Тэрээр багш хүн ямар байх ёстой талаар ярихдаа Богд Зонховыг айлдвар дахь “Хэн нэгэн бусдыг хүмүүжүүлэхийн тулд эхлээд өөрөө хүмүүжсэн байх ёстой” гэдгийг эш татсан юм.
Тэрээр 6-р бүлэг болох тэвчээрийн бүлгийг эхлэх үедээ уур хилэнгийн хор уршгийг мэдэх, тэвчээрийн дадлагыг өөртөө суулгах хэрэгтэй гэж зөвлөв. “Бусадтай хэрэлдэж муудсан учир өнөөдөр би их жаргалтай байна.” гэж хэлэх нэг ч хүн байхгүй биз дээ хэмээн хошигнон хэллээ.

Сурагч хүүхдүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Энэтхэг, ХП, Дарамсала. 2018.06.07. Гэрэл зургийг Тэнзин Пунцог