Латви, Рига – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө авшиг хүртээхийн өмнөх бэлтгэл зан үйл хийхээр буудлаасаа эртлэн хөдөллөө.
Түүнийг Сконто танхимд хүрэлцэн ирэхэд энэ удаагийн айлчлалыг зохион байгуулж оролцсон 60 гаруй сайн дурын ажилчид хүлээж байв. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандаж Дээдийн номыг дэлгэрүүлэхийн төлөө ажилсанд нь талархал илэрхийллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам гурван хоногийн турш ажилсан сайн дурын ажилчидтай уулзав. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин Чойжор
“Бурханы шашин Төвөдөд дэлгэрсэн цагаас эхлэн Төвөдүүд бид Жанрайсиг бурхантай онцгой холбоотой болсон билээ."
“Судар болон дандарын ёс бүхий Бурхан Багшийн сургаалыг Төвөдийн бурханы шашинтнууд бүрэн бүтнээр нь хадгалан авч үлдээд Монгол зэрэг ойр орчмын улсуудад түгээн дэлгэрүүлсэн учир тэдгээр орны хүн ард ч мөн Жанрайсиг бурхантай онцгой барилдлагатай. Төвөд болон Монголчуудын шашин номын онцгой барилдлага 13-р зуунд Сажийн ёсны Пагва лам Хубилай ламтай тогтоосон харилцаагаар эхэлж хожим Алтан Ханаар үргэлжилсэн юм. Энэхүү сайн харилцааны нөлөөгөөр III Далай лам Содномжамц болон Монголд мэндэлсэн IV Далай лам Ёндонжамцын үед харилцаа холбоо улам онцгой болсон билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшиг хүртээх бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин Чойжор
Авшиг хүртэхэд амьтан бүхний тусын тулд гэгээрэх чин хүсэлтэй байх зөв сэдлийг дадуулах нь хичнээн чухал болохыг Дээрхийн Гэгээнтэн товчхон тайлбарлалаа.

Сүсэгтнүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас Жанрайсиг бурханы авшиг хүртэж байгаа нь. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин Чойжор
Төгсгөлд нь тэрээр бурханы шашны бясалгал бүтээлийг дадуулах эсэх нь тухайн хувь хүний шийдвэр байх ёстой гэдгийг онцоллоо.
“Хэрэв нэгэнт шийдсэн бол чин сэтгэлээсээ хандах хэрэгтэй. Буддын шашны хувьд хамгийн чухал нь судлах. Бурхан Багш өөрийн шавь нартаа дан ганц итгэл үнэмшил дээр бус түүний сургаалын учир шалтгаан нь юу болохыг сайтар нягтлан шалгаж байхыг зөвлөсөн юм. Үүнийг ой ухаандаа сайтар тогтоож аваарай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Рига хотод явагдаж буй 3 хоногийн номын айлдварын сүүлийн өдөр. Латви, Рига. 2018.06.18. Фото зургийг Тэнзин Чойжор
Дараа нь санхүүгийн товч тайлан тавьж уулзалтыг зохион байгуулахад гарсан санхүүгийн хүндрэлүүд хувийн ивээн тэтгэгчдийн тусламжтайгаар шийдэгдсэн болохыг олон нийтэд мэдэгдлээ.