Энэтхэг, Шинэ Дели – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө 2 дахь удаагаа зохион байгуулж буй Винайн хэлэлцүүлэгт оролцож буй гишүүдтэй уулзлаа. Энэ удаагийн хуралд Шриланк, Бирм, Тайланд, Тайван, Энэтхэг, Төвөдийн бурханы шашны уламжлалын төлөөлөгч нар оролцож байгаа ажээ.
Хурлын нээлт хийж Тайландын ахмад хуврага үг хэллээ. Тэрээр уг хуралд оролцож буйдаа туйлын баяртай байгаа хэдий ч аглагт даянчилдаг түүнд зочид буудалд суух нь төдийлөн тухтай биш байгаагаа уламжлав. Тэрээр Бурхан Багш Анандад хандан “Надаас хойш миний винайн сургаал шавь нарын замыг заах болно” гэж айлдсаныг дурдлаа. Эцэст нь тэрээр винайн сургаал хэдийг хүртэл оршино тэр хүртэл Бурханы шашин орших болно хэмээн тэмдэглэн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Бирм, Шриланкийн ахмад хуврагуудтай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми Рассел
“Би 1954 онд гэлэн санваар хүртсэн ба 8-р зуунд Энэтхэгийн их мастер Шантаракшита гэгээн Төвөдөд дэлгэрүүлсэн Наландагийн уламжлалд суралцсан билээ. Шантаракшита гэгээн Наландагийн оройн дээд мэргэн, гүн ухаантан, учир шалтгааны ухааны их мастер, гэлэн санваартан байсан юм. Наланда уламжлал нь дан ганц сүсэг бишрэлийг чухалчилдаг бус, учир шалтгааны арга ухааныг илүү чухалчилдаг.”
“Өөр нэгэн онцлох зүйл нь 2600 жилийн өмнө дэлгэрсэн Бурхан Багшийн сургаал эдүгээ ч чухалд тооцогдсоор байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь удаагийн Винайн хуралд оролцон үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми Рассел
“Эртний Энэтхэгийн оюун санаа, сэтгэлгээний уламжлал нь баттай төвлөрөл, саруул билиг оюуныг хөгжүүлэх урт хугацааны арга замаар явсан тул үүний үр дүнд сэтгэл оюуны талаарх гүн, нарийн ойлголтыг олж авсан байна. Буддизм нь энэ талаар асар өргөн мэдлэгийг хадгалан үлдсэн нь өдгөө орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн анхаарлыг нэн ихээр татаж байна.”
“Өмнө өгүүлсэнчлэн Винайн сургаал нь Бурхан Багшийн бүх сургаалын үндсэн суурь болдог.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хоёр дахь удаагийн Винайн хурлын төлөөлөгч нарын хамт. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми Рассел
Уг хуралд оролцож буй Бирм, Тайван, Энэтхэгийн төлөөлөгчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд дурсгалын зүйл гардууллаа. Мөн Дээрхийн Гэгээнтэн өөрийн дэргэд сууж буй Тайландын ахмад хуврагт Бурхан Багшийн дүрийг дурсгав.
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн өөрийн хотыг “Энэрэнгүй хот” хэмээн зарласан АНУ-ын Калифорниа мужийн Анахеим хотын дарга Том Тайттай уулзлаа. Тэрээр амар тайван, аз жаргалтай хотын төлөө хүчин зүтгэж буй Тайт даргын урам зоригийг магтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Анахеим хотын дарга Том Тайттай уулзаж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели. 2018.07.01. Гэрэл зургийг Жереми Рассел
Маргааш Дээрхийн Гэгээнтэн Далай Лам дунд сургуулийн захирал нарын “Аз жаргалын хөтөлбөр” сэдэвт хичээлийн хөтөлбөрийн нээлтэнд оролцоно.