Энэтхэг, ЖК, Ладак, Лех – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам энэ өглөө Лехийн нандин шүтээн болох Зуу бурханд мөргөлөө. Инээмсэглэж, гартаа хүж, цэцэг барьсан олон сүсэгтнүүд замын хоёр талаар жагсан түүнийг олж харахыг хичээж байв. Дээрхийн Гэгээнтнийг Зуу бурханы сүмд хүрэлцэн ирэхэд Ладакын бурханы шашны холбооны ерөнхийлөгч Цэван Тинлей болон бусад гишүүд угтсан юм. Энэ үеэр Ладакын уламжлалт хөгжим эгшиглэж, мөн лам нар бүрээ, бишгүүр үлээж байв.

Үндэсний хувцсаа өмссөн эмэгтэйчүүд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Зуу бурханы сүмд хүрэлцэн ирэхийг хүлээж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Цэван Тинлей үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон бусад лам хуврагуудад хүндэтгэл үзүүлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын зөвлөгөө өгсний дагуу Зуу бурханы сүмийг сургалт судалгааны төв болгох шийдвэр гарсан талаар танилцууллаа. Цаашид Зуу бурханы сүм нь нутаг орны иргэдийг буддын гүн ухаанд суралцахад нь дэмжлэг үзүүлж, 21-р зууны мэдлэг боловсрол дээр суурилсан бурханы шашинтан болох боломжийг бүрдүүлнэ гэлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан хүмүүст хандан үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Дэлхий дээр олон шашны сургаал номлол дэлгэрсэн юм. Жишээлбэл Махавира, Есүс, Мухамед нар сургаал номлолоо дэлгэрүүлсэн бөгөөд тэд бүгд энэрэл хайр, тэсвэр тэвчээр зэргийг адилхан айлдсан билээ. Тийм ч учраас Энэтхэгт бүх шашинд хүндэтгэлтэй хандах их соёлын уламжлал дэлгэрсэн байна. 3000 гаруй жилийн турш энэхүү соёл өвлөгдөн явж буй. Гэсэн хэдий ч дэлхийн зарим газарт шашны нэрийн дор хүмүүс өөр хоорондоо байлдаж, нэг нэгнээ егүүтгэж байна.”
“Бурхан Багшийн гүн ухааны номлолд юмс үзэгдлийн мөн чанарыг үл таних мунхагийг хэрхэн арилгах арга замыг заадаг. Түүний шүтэн барилдахуйн онол нь юмс үзэгдэл бүгд өөрийн талаасаа бие даан орших чадваргүй, зайлшгүй бусдын нөлөөнд шүтэж орших боломжтой тухай юм. Энэхүү гүн ухааны онол нь орчин үеийн шинжлэх ухааны эрдэмтдийн сонирхолыг ихэд татаж байна.”

Хүмүүс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Би хутагт Нагаржунайн зургаан их шастир, мөн Бодь Сэтгэлийн Тайлбар гэх зэрэг номуудыг Ригзин Данба багшаараа заалгасан юм. Мөн бусад олон аман эш, ховор тайлбар номлолыг Хүннү лама ринбочэ, эдүгээ сэрүүн заларч буй Гандан Ширээт асан Ризон ринбочэ багш нараас хүртсэн билээ.”
“Би багадаа Лхасад цагаан дээл, ээтэн хоншоортой гутал өмссөн хүмүүс явдаг байсныг сайн санаж байна. Тэдгээр хүмүүс Хималайн бүс нутгаас ирдэг байсан бөгөөд Төвөдүүд тэднийг сонирхон хардаг байж билээ. Ямартаа ч дээр дурдсан гурван багш маань энэ нутгийнх бөгөөд надад үнэхээр ачтай багш нар минь юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуу бурханд мөргөх үеэр сүсэгтэн олонд айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бурхан Багш өөрийн шавь нарт миний сургаалыг шууд хүлээж авах бус, алтны дархан алтыг олон янзаар шинждэгийн адил учир шалтгаан, логик зарчмаар ач тустай эсэхийг сайтар нягталж үзсэний дараа хүлээн авах хэрэгтэй гэсэн юм. Та нар Зуу бурханы сүм хийгээд бусад сүм хийдүүдийг сургалтын төв болгож байгаад би туйлын баяртай байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг сонсож буй сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуу бурханд мөргөх үеэр сүсэгтэн олонд айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Тэнзин Чойжор

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Зуу бурханы сүмээс буцаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Лех. 2018.07.04. Гэрэл зургийг Жереми Рассел
“Бурханы шашинтан бид эх болсон хамаг амьтдын төлөө гэж залбирдаг. Гэсэн хэдий ч тэдгээрээс энэ дэлхий дээр амьдарч буй хүн төрөлхтөнтэй л бид энэхүү мэдлэг боловсролыг хуваалцах боломжтой юм. Амиа хорлох явдал Япон гэх мэт орнуудад их байдаг. Ладакт ч амиа хорлолт нэмэгдэж байгаа талаар сонссон. Магадгүй энэ нь өрсөлдөөн, атаа хорслоос үүдэлтэй байж болох юм. Бид шинжлэх ухааны арга замаар эртний Энэтхэгийн сэтгэл судлаачдын үгийг сонсох хэрэгтэй болж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам сүмийн дотор хүмүүстэй уулзан ярилцаж, зарим хүүхэдтэй хөгжилтэй яриа ярьж, заримтай нь гар барин явсаар унаандаа суулаа.