Энэтхэг, ЖК, Занскар, Падум – Tэнгэр үүлэрхэг бөгөөд сэвэлзүүр салхи үлээсэн энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Шинэ ордны үүдээр алхан гарч ирлээ. Урьдын адил олон хүн түүнийг олж харах, боломж олдвол хэсэг зуур ярилцахыг хүсч байсан тул Дээрхийн Гэгээнтэн алгуур морилж тэдэнтэй уулзаж, бас ярилцаж явлаа. Өчигдөр түүнийг урин залахаар Карша хийдийн лам хуврагууд бүрээ, бишгүүр үлээн явсан бол өнөөдөр Бардонд байрлах Дүгба гаржүдийн ёсны лам хуврагууд бүрээ, бишгүүр үлээн түүнийг урин залав.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам номын айлдварын талбайд байрлах дуганы дуганч хүүхдүүдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Авшиг хүртээхийн өмнө багш өөртөө авшиг хүртэх, хот мандалд орох, бодийн санваар хийгээд нууц тарнийн санваараа сэргээх зэрэг зан үйлүүд байдаг тул эдгээрийг би одоо гүйцэтгэнэ. Харин энэ зуур та нар Жанрайсиг бурханы зургаан үсэгт зүрхэн тарнийг уншиж байгаарай.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам авшиг хүртээх бэлтгэл зан үйл үйлдэж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Нийтэд түгээмэл дэлгэрсэн он цагийн тооллоор одоогоос 2600-аад жилийн өмнө Бурхан Багш сэрүүн заларч байсан юм. Тэрээр эхнээсээ гэгээрсэн нэгэн бус, бидэнтэй л адил энгийн нэгэн байсан билээ. Гэвч зөв нөхцөл бүрдүүлж, мөн олон төрөл дамжин буян хийж, билиг билгүүнийг хураасны үр дүнд бурхан болж гэгээрэлд хүрсэн байна.”
“Орчлонгийн юмс үзэгдэл бүхэн өөрийн мөн чанараар бүтээгүй бөгөөд бидний оюун ухаан ч мөн адил өөрийн мөн чанараар бүтээгүй. Гэтэл бид юмс үзэгдлийг үнэхээр өөрийн мөн чанараасаа ийм, тийм хэмээн тодорхойлж, үүний улмаас уур хилэн, хүсэл шуналд автдаг ба энэ нь эргээд биднийг доройтуулдаг. Энэ мэт сөрөг сэтгэл хөдлөл нь мунхаг буюу үл мэдэхээс үүдэлтэй. Үүнээс гэтлэх гол арга нь юмс үзэгдлийн эцсийн мөн чанарыг таних явдал юм.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж буй Занскар нутгийн сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Би урьд өмнө өгүүлж байсанчлан Бурхан Багшийн айлдварыг нийт шавь нарт зориулан айлдсан, онцгой шавь нарт зориулж айлдсан хэмээн хоёр хуваадаг. Жанрайсиг бурханы энэхүү авшиг нь онцгой шавь нарт зориулсан увидас юм. Бурхан Багш Жанрайсиг бурханыг Төвөдөд онцгой барилдлагатай бурхан болж шүтэгдэнэ хэмээн зөгнөн айлдсан байдаг. Мөн миний сургаал умраас умарт дэлгэрнэ гэж айлдсан юм. Өөр нэгэн зүйл нь Төвөдийн номт хаадыг Жанрайсиг бурханы хувилгаан дүр гэж үзэн хүндэтгэдэг. Жишээлбэл Төвөдөд анх бурханы шашныг дэлгэрүүлсэн Соронзон Гамбу хаан, мөн Наланда уламжлалыг дэлгэрүүлсэн Тисрон Дэзэн хаадыг нэрлэж болно. Бид Жанрайсиг бурхантай амархан холбогдох боломжтой. Мөн үе үеийн Далай Лам нарыг Жанрайсиг бурхантай нарийн холбоотой гэдэг.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Гачэн Зопа лам нэгэн удаа надад Дашлхүнбо хийд нь Далай Лам нарынх байх ёстой гэсэнд би наргиан болгож “II Далай Ламыг Дашлхүнбо хийдэд суухад хэн саад болсон юм бэ?” гэж билээ. Гэндэндүв гэгээн Дашлхүнбо хийдийг байгуулсан ч Төвөдийн төв нутагт морилсноор түүний алдар нэр Үйзан нутгаас халин гарсан юм. Тэрээр Брайбун хийгээд Сера хийдийн хамба ламаар саатсан бөгөөд улмаар Төвөд орон даяар түгэх хойч үеийн Далай Лам нарын их үйлсийн үндсийг тавьсан байна.”
“III Далай Лам Монголд морилсон ба түүний хойд дүр IV Далай Лам Ёндонжамц Монголд төрсөн юм. Дараа нь V Далай Лам Төвөдийн шашин, төрийн тэргүүн болсноор энэ уламжлал тогтсон боловч миний үед зогсож байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж буй Занскар нутгийн сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Америк болон гадаадын бусад улс оронд явахдаа би урьдын Далай Лам нарт, ялангуяа миний өмнөх XIII Далай Ламд ер бусын онцгой эрдэм чадал байсан. Харин надад байхгүй боловч хамгийн алдартай нь би байлаа гэж хошигнодог. Бид хэдий эх орноо алдсан ч дэлхий дахинтай холбоо тогтоож чадсан билээ.”
“Надад онцгой эрдэм чадал байхгүй ч би Дээдийн номыг машид анхаарч дадлага болгодог. Би хутагт Нагаржуна болон Шантидева гэгээний айлдвар сургаалыг түлхүү үзэж судладаг, миний итгэл үнэмшил учир шалтгаан дээр суурилдаг юм. Эгэл жирийн хүний хувьд аль чадлаараа шашин, амьтны тусад үйлчилж байна.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Би урьдын Далай Лам нартай шууд холбоотой нь тодорхой ч онцгой эрдэм чадал үгүй л байна. Гэвч би өөртөө билиг оюун, бодийн сайхан сэтгэлийг аль чадлаар хөгжүүлсэн гэж боддог. Түүнийгээ бусдын төлөө зориулан явж буй билээ.”
Авшиг хүртээх явцдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цугласан олон түмэнд бодийн санваар хүртээж, энэрэнгүй сэтгэл хийгээд хоосон чанарын онолыг багтаасан увидас дагуу бясалгал үйлдэв. Тэрээр номын айлдварыг сайн сонсож, мөн дараа нь ахин дахин уншиж өөрийн сэтгэл оюундаа дадлага болгох хэрэгтэйг чухилчилсан юм. Үүнийг биелүүлэхэд сүсэг бишрэл гэхээсээ илүү учир шалтгаан, логик сэтгэлгээ шаардлагатай гэсэн ба нэмж тэрээр энэ нь сайхан сэтгэлийг хөгжүүлэх үндэс суурь ч болно гэлээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын номын айлдварт сууж буй Занскар нутгийн сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Олон нийтэд хандан хэлэхдээ номын айлдвар явагдаж, мөн авшиг хүртээж дууссанаа мэдэгдээд олон найз нөхөдтэй, бусадтай эв найртай байхын тулд сайхан сэтгэлтэй болох хэрэгтэй гэж зөвлөв. Хэрэв сайхан сэтгэл үгүй бол ямар ч нөхөрлөл үгүй болно гэлээ.
Дараа нь Энэтхэгийн 17 бандидагийн мөргөлийн номоор Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд бат оршил өргөх ёслол эхлэв. Олон хүмүүс энэхүү зан үйлд маш идэвхтэй оролцлоо. Дараа нь Занскар нутгийн үндэсний хувцас, чимэглэлээр гоёсон эмэгтэйчүүд дуу дуулж, бүжиг бүжлээ.
Бат оршил өргөх ёслолд оролцож буй сүсэгтнүүд. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Та бүхэн чин сүсэг бишрэлээр надад урт наслахыг бэлэгдсэн бат оршил өргөлөө. Энэхүү чин сүсэг бишрэл үр дүнгээ өгөх нь дамжиггүй. Нэгэнт бусдын тус дэм, нөхөрлөл бидэнд зайлшгүй хэрэгтэй тул үргэлж бид бүгд олон талаараа адилхан юм шүү гэдгийг байнга санаж байх хэрэгтэй. “Бид”, “тэд” гэж бүү хуваагдан талц. Адил бус олон шашин шүтдэг хүмүүс өөр өөрсдийн шашин шүтлэгтээ үнэнч байж чадвал эв найрамдал, энх тунх байдал аяндаа бий болно.”
“Энэтхэг оронд олон шашин эв найртай, харилцан хүндэтгэлтэйгээр олон жил зэрэгцэн оршиж ирсэн нь бусад улс оронд үлгэр жишээ болж байна гэж би байнга хэлдэг. Олон мянган жил ийнхүү явж ирсэн түүхэн уламжлал дэлхийн бусад улс оронд ч бий болох боломжтой билээ.”
“Занскарт буддын хийгээд муслимын сүсэгтнүүдийн дунд урд өмнө зөрчил гарч байсан ч саяхан хоёр талын төлөөлөл уулзан ярилцаж өөрсдийн онцлог ялгааг нэг нэгэндээ ойлгуулсан байна. Та бүхэн ийнхүү хичээл зүтгэл гаргаж байгаад би туйлын баяртай байна. Өчүүхэн ашиг сонирхолоос өөрсдийн ая тух, амар тайван байдлаа бүү үгүй хий.”
Муслим болон буддын шашинтнууд хамтдаа Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт зургаа татуулав.
Занскар дахь буддын хийгээд муслимын шашны төлөөлөл Дээрхийн Гэгээнтэн Далай Ламт зургаа татуулав. Энэтхэг, ЖК, Занскар, Падум. 2018.07.23. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам айлдвараа өндөрлөөд цугласан олон түмний зүг гар даллаж, алгуур явсаар өргөөндөө оров.