Энэтхэг, ЖК, Ладак, Каргил – Энэ өглөө эрт Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Занскарыг орхих байсан боловч цаг агаарын байдлаас болж аялал түр хойшиллоо. Гэвч удалгүй тэнгэр цэлмэснээр нисдэг тэрэг хөөрч Суру голын дагуу, Рангдум хийдийн дээгүүр Каргилын зүг ниссэн бөгөөд өдрийн 1 цаг өнгөрч байхад газардсан юм. Дээрхийн Гэгээнтнийг ЖК-ын Хууль Тогтоох Консулын дарга Хажи Аньяат Али, Цагдаагийн дарга Т. Гялбу, Каргилийн орлогч комиссар Викас Кундал, Хууль Тогтоох Ассемблейн гишүүн Асгар Али Карбалай, Ладакын Буддистуудын Холбооны ерөнхийлөгч, Муслимын сургууль болон ИКМТ-ын төлөөлөгчид, Драсын нийгэм-шашины тэргүүнүүд, Мулбек тосгоны ахлагчид ба Дахану тосгоны иргэд угтаж авсан юм.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Каргилд хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Тэрээр “Өнөөдөр амьдарч буй 7 тэрбум хүн бүр ахан дүүс нар юм.” хэмээн үгээ эхэлсэн юм.
“Бид бие махбодь, оюун ухаан, сэтгэл хөдлөлийн хувьд адилхан. Бид бүгдээрээ аз жаргалтай амьдрахыг хүсч, зовлонгоос зайлсхийдэг, бас энэ хүслээ биелүүлэх эрхтэй юм. Нэгэнтээ бид бүгд ийм учраас хүн төрөлхтөн нэг гэдгийг хүлээн зөвшөөрөх нь чухал. Хүн гэдэг утгаараа бид бүгд адил боловч хоёрдогч түвшинд үндэстэн, язгуур, шашин шүтлэг гэх зэрэг зүйлсээс хамаарч бидэнд бага зэрэг ялгаа бий. Жишээлбэл Энэтхэгт хүмүүс Хинду, Лал, Христ, эсвэл Еврей, Зороастер, Жайн, Буддист, бас Сигхийн шашинтай байж болно. Энэ бүх ялгаанд хэтэрхий төвлөрөх юм бол өөрсдөдөө асуудал бэрхшээл бий болгоно. Үүнийг хэрхэн шийдэх вэ? Суурь түвшиндээ бид бүгдээрээ адилхан хүн гэдгээ таниж, үүн дээрээ суурилан зөрчилдөөнөөс зайлсхийх явдал юм.”
“Ахан дүүс нар минь, би та бүгдтэй уулзсандаа, бас өөрийн бодлоо та бүгдтэй хуваалцаж байгаадаа маш их баяртай байна. Хэрэв бид дэлхийд энх амгаланг хүсэж байгаа бол хүн төрөлхтөн бүгд нэг гэдгийг ойлгох нь машид чухал билээ. Би өмнө нь хэлж байсан, шашин шүтлэг бидний ялгаатай талуудын нэг байж болох ч, дэлхийн бүхий л шашны уламжлалууд хайр, хүлцэл, өршөөл ба хувь хүний сахилга батын тухай ижил сургаалыг заадаг”.

Дээрхийн Гэгээнтний айлдвар явагдаж буй цэцэрлэгт хүрээлэн. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Шашин бүгдийн гүн ухааны хандлагын ялгаанууд нь яг л эмтэй адилхан юм. Нэг эм хүн бүрт хамгийн сайн үйлчилнэ гэж бид хэлж чадахгүй. Бид өвчтөний өвчин, нас, хандлагыг тооцож эмээ сонгох хэрэгтэй. Үүнтэй адилаар шашин шүтлэгт хүн бүр ялгаатай байдлаар ханддаг. Тиймээс Сири, Афганистан зэрэг газруудад шашны нэр дээр бие биетэйгээ байлдаад зогсохгүй нэг нэгнээ хөнөөж байгаа нь үүнтэй шууд зөрчилдөж байгаа юм. Тиймээс ч шашин хоорондын зохицол, хамтран энхээр орших нөхцлийг бий болгоход бид хүчин зүтгэл гаргах нь чухал байна.”
“Энэ боломжтой юу? Өөр өөр шүтлэгтэй хүмүүс мөр зэрэгцэн, энх тайван амар амгалантайгаар мянга гаруй жил амьдарч ирсэн Энэтхэгийн жишээ нь үүнийг боломжтой гэдгийг харуулж байна. Дийлэнхдээ улс төрчдийн хөөрөгдсөн асуудал бэрхшээлүүд хааяа гарч болох ч өнөөгийн орчин үеийн Энэтхэгт шашны ялгаатай уламжлалуудын хооронд сайн харилцаа оршдог бөгөөд лав миний мэдэж байгаагаар муслимын шашны Сунни болон Шиа урсгалуудын хооронд зөрчилдөөн үүссэн гэх мэдээлэл гараагүй байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг 8000 гаруй хүмүүс сонслоо. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Тэрээр өөрийнх нь санааг зовоож буй өөр нэгэн асуудал бол арав арван жилээр улам л муудсаар буй цаг уурын өөрчлөлт ба дэлхийн дулаарлын асуудал гэдгийг нэмж хэллээ. Афганистан болон Төв Азийн зарим хэсгээр нисэж байхдаа харж байсан нуур голуудын оронд одоо зөвхөн хуурай цөл харагдаж байгааг тэр онцолж хэлсэн юм.
“Энд ч гэсэн цаг уурын өөрчлөлт нөлөө үзүүлж байна, тиймээс бид байгаль орчноо илүү хайрлан хамгаалах хэрэгтэй байна. Гол ус ширгэхэд усны нийлүүлэлт багасна. Би мэргэжилтэн биш, гэхдээ Химачал Прадешийн Кангра хөндийд сүүлийн 60 жил би амьдрахдаа цас улам л бага орох болсныг анзаарсан. Магадгүй энд ч бас адил байж мэдэх юм, өөрчлөлт маш хурдацтай байна, тиймээс бид эдгээр өөрчлөлтүүдэд чиглэсэн арга хэмжээнүүдийг авч байгаль орчноо хамгаалах шаардлагатай.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам олон нийтэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Материаллаг хөгжил дангаараа биднийг аз жаргалтай болгож чадахгүй. Бид бас өөрсдийн сэтгэл ухамсар, сэтгэл хөдлөлүүд хэрхэн ажилладаг талаар ойлголт авах хэрэгтэй бөгөөд эдгээрийг бид эртний Энэтхэгийн эх сурвалжуудад суралцан мэдэж авах боломжтой. Саяхан Энэтхэгийн Их сургуулиудын Дэд тэргүүнүүдтэй хийсэн уулзалт дээр орчин үеийн боловсролыг сэтгэл хөдлөлүүдийг хэрхэн шийдэх тухай эртний Энэтхэгийн мэдлэг ойлголтуудтай уялдуулах боломж Энэтхэгт байгааг бид нар ярилцсан юм. Ингэж чадвал сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрч болохыг бусдад харуулах ба энэ нь дэлхийн энх тайванд Энэтхэг улсын оруулж болох томоохон хувь нэмэр ч болж чадна.”
“Залуу оюутан дүү нар минь, бас та нарын багш нарт би эхимса буюу хүчирхийлэл үгүй үзлийн хүрээнд өөрсдийн сөрөг сэтгэл хөдлөлүүдийг зогсооход илүү их анхаарал хандуулаачээ гэж шавдуулан уриалмаар байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам зочид буудлын ажилчидтай уулзаж байгаа нь. Энэтхэг, ЖК, Ладак, Каргил. 2018.07.25. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Цугласан олны зүг гараараа далалсаар индрээс буугаад тэрээр буудал руугаа буцсан ба хэдий оройтсон ч гэлээ орон нутгийн шашны тэргүүнүүд болон уригдсан зочдын хамт үдийн зоог барьсан юм. Маргааш Дээрхийн Гэгээнтэн Мулбек тосгоны сургуулиар айлчлах болно.