Энэтхэг, Карнатака, Бангалор – Энэ удаагийн Энэтхэг дэх айлчлалын сүүлийн ажил нь Далай Ламын нэрэмжит институтэд зочлох байлаа. Сүүлийн хэдэн өдөртэй харьцуулбал энэ өглөө тэнгэр цэлмэг байв. Тэрээр өглөө эрт Бангалор хотоос гарч Майсурын замаар явсаар Шешагрихаллид байрлах тус институтэд хүрэлцэн ирлээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн нэрэмжит институтэд хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Тэрээр уулзалтын өмнө тус институтэд Далай Лам сангийн ивээн тэтгэлгээр хятад, англи хэлний курст сурч буй 23 гэвш цол хамгаалсан эрдэмтэн лам нартай уулзсан юм. Дээрхийн Гэгээнтэн тэднээс ямар ямар дацан хийдийн шавь нар болох, тэдний хэд нь Төвөд нутагтаа төрсөн эсэхийг асуулаа.
“Сүүлийн 60-аад жилийн хугацаанд бид нэлээдгүй их туршлага хуримтлуулсан. Төвөдөд байхдаа бид 8-р зууны үед Төвөдийн хаан Тисрон Дэзэний урилгаар Төвөдөд ирсэн ловон Шантаракшитагийн сургалт дээр үндэслэн суралцдаг байв. Пали уламжлалын хуврагууд Хутагтын Дөрвөн үнэн гэх мэт номыг үгчилэн дагадаг тухай Тайландын эрдэмтэн хэлж билээ. Харин бидний дагадаг Наландагийн уламжлал нь учир шалтгаан дээр үндэслэдэг юм. Бид эртний номт хаад болон ловон Шантаракшитагийн ач ивээлээр энэхүү гайхамшигт уламжлалыг өвлөн авсан юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам англи, хятад хэлний курст сурч буй лам нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Намайг анх шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзах үеэр барууны нэгэн найз минь “Шинжлэх ухаан бол шашны дайсан” гэж ихэд анхааруулж билээ. Бурхан Багшийн айлдварт алтны дархан шижир алтыг хэрхэн судалж таньдагтай адил миний сургаалыг шууд хүлээн авах бус, сайтар нягталж судалсны дараа хүлээн авах хэрэгтэй гэж бий. Тиймээс надад аюултай санагдаагүй. Нөгөөтэйгүүр, намайг лам хуврагууд англи хэл сурч, мөн сургалтын хөтөлбөртөө шинжлэх ухааны хичээл оруулах хэрэгтэй гэхэд хуучны зарим ахмад лам нар сургалтанд саад учруулна гэж үзэж байв.”
“Өөр хэл сурах нь маш чухал байна. Энэ нь бусдад үйлчлэх арга зам болно. Бид хамаг амьтдын төлөө гэж залбираад зогсохгүй ямар нэгэн бодит зүйлийг зайлшгүй хийх хэрэгтэй.”
Дараа нь институтын өмнөх талбайд зассан индэр дээр гарч цугласан 6000 гаруй хүмүүсийн өмнө Дээрхийн Гэгээнтэн мэндлээд суудалдаа суув.

Захирал доктор Б. Цэрин үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Мөн оюутнууд шашнаас ангид ёс суртахууны хичээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой гэдгийг нэмж хэлэв. Төвөдөөс шинээр цагаачлан ирж буй оюутнуудад төвөд хэл, соёлын тусгай хөтөлбөрөөр хичээл явагдаж байгааг дурдлаа. Тэрээр үгийнхээ төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахыг, санасан хэрэг бүхэн нь бүтэж биелэхийн ерөөл өргөсөн юм.
Түптен Доржэ үг хэлэхдээ дэмжлэг үзүүлж буй Далай Ламын санд талархал илэрхийлэв. Тэрээр Майсурын их сургуулийн захирал асан профессор Рангаппагийн заавар зөвлөгөөг авч ажилдаг талаар дурдсан юм. Далай Ламын нэрэмжит тус институт нь мөнгө төлбөрийг нэгт тавьдаггүй талаараа бусад зарим сургуулаас ялгаатай хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр энд оюутнууд амьдралын урлаг, амьдралын шинжлэх ухаанд суралцдаг гэв. Өндөр түвшний төвөд хэл сургах тал дээр анхаарч ажилдаг бөгөөд хэрэв эх хэлээ алдвал бүхнээ алдана гэж үздэгээ бас тайлбарлаа.

Бангалорын их сургуулийн захирал асан, профессор Венугопал Далай Ламын нэрэмжит институтэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэллээ.
“Энэхүү академик институт нь анх ядмагхан эхэлж байсан боловч тасралтгүй хөгжсөөр байна. Одоо энэ институтээр бахархах хэмжээнд хүрчээ. Энэхүү хоёр профессор бидний ажилд тус дэмжлэг үзүүлж байгаад би ихэд баярлаж, Төвөдийн 6 сая хүний өмнөөс талархал илэрхийлье!”
“Энэтхэг хийгээд Төвөд орон нь өнө эртний нандин холбоотой улсууд билээ. Энэтхэгийн олон иргэд Төвөдийг Шива тэнгэрийн ариун дагшин Кайлаш уулаар мэддэг бол Төвөдийн олон хүмүүс Энэтхэг оронд Бурхан Багш заларсан гэдгээр нь хүндэлдэг юм.”
“Бид сургалтын хөтөлбөр улам бүр өргөжин тэлж байгааг сонслоо. Би та бүхнийг бүх сэтгэлээрээ дэмжих болно.”
“Бид зүгээр нэг цагаачид биш ээ. Төвөд дэх дарлалын улмаас бид дүрвэсэн юм. Эрх чөлөөгөө алдсан Төвөд дэх олон ард түмнээ бид хэзээ ч мартах ёсгүй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн нэрэмжит институтэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Соронзон Гамбу хаан Хятадаас хатан буулгахад хатан ирэхдээ Зуу бурханы шүтээнийг Төвөдөд залж ирсэн байна. Хятадын хуучин нийслэл Ши Яны нэгэн сүмд Зуу бруханыг залдаг байсан тавцанг би харсан юм.”
“Хятадын түүхэн эх сурвалжуудад 7, 8, 9-р зуунд Хятад, Төвөд, Монгол гэх гурван гүрэн цэцэглэж байсан тухай дурдсан байдаг. Мөн эрдэмтэд Тан улсын эрин үеэс Манжийн үеийг хүртэл Төвөд Хятадын нэг хэсэн байсан гэх нэгч баримт байхгүй гэж үздэг.”
“Самьяа хийдийг ловон Шантаракшита, ловон Бадмасамбхава нар байгуулсан юм. Тэр цагт ловон Шантаракшитагийн заавраар санскрит ном судрыг төвөд хэл рүү орчуулах ажил эхэлсэн байна. Үүний үр дүнд өнөөдөр бид Ганжуур, Данжууртай болсон юм. Ловон Шантаракшита дан ганц агуу гүн ухаантан байгаад зогсохгүй нотлохуй ухааны гарамгай эрдэмтэн байлаа. Тэрээр Төвөдүүдэд учир шалтгааны нотлохуй ухаан хийгээд гүн ухаанд суралцах арга замыг заасан билээ.”

Далай Ламын нэрэмжит институтэд уулзалт явагдаж буй байдал. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Төвөдөд буй ард түмэн маань хүнд дарангуйлалд байгаа ч тэдний итгэл найдвар хүчтэй хэвээрээ байна. Тэд бурханы шашин шүтсэн ч, эс шүтсэн ч Төвөд хүн гэдгээ хэзээ ч мартахгүй. Одоогоор 152 хүн өөрийн нутаг дахь нөхцөл байдлыг эсэргүүцэж өөрсдийгөө шатаасан юм. Тэд бусдад халдаж чадах байсан ч гагц өөрийгөө л егүүтгэсэн билээ.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь хэлэхдээ олон хүмүүс түүнд хүчирхийллийн бус арга замыг сонгоно гэж амласан гэв. Харин түүнийг насан эцэслэснээс хойш юу болохыг хэлж мэдэхгүй гэлээ. Тэрээр төвөд иргэдэд ямар ч тохиолдолд хүчирхийллийн арга замыг сонгож болохгүй гэдгийг байнга хэлж, ухуулдаг талаар ярьлаа. Тэрээр одоо ч гэсэн Төвөдөд эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн нэрэмжит институтэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Эцэст нь хэлэхэд би эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг боловсролыг орчин цагийн эх оронд нь эргүүлэн сэргээх үүрэг өөртөө хүлээсэн юм. Тиймээс энэ институт миний чинхүү зорилгод үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна.”
Дэд захирал Дава Цэрин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархалын үг хэлээд урт наслахыг хүсэн ерөөлөө.
Дээрхийн Гэгээнтэн Дели хотын зүг буцахын тулд тэндээсээ шууд Бангалор хотын онгоцны буудал явав. Маргааш тэрээр Дарамсала хотын зүг буцна.