Энэтхэг, Карнатака, Бангалор – Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам буудлынхаа танхимд дүүртэл цугласан 1,000 гаруй хүнд яриа хийлээ. Түүнийг уламжлалт заншлын дагуу хүлээн авсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн зул өргөж, индрийн хойно зассан шүтээн хөргүүдэд хүндэтгэл үзүүлэв. Дараа нь хүрэлцсэн ирсэн олны зүг гараараа даллан мэндчилээд суудалдаа заларлаа.
Веер Сингх өөрийн танилцуулга үгэндээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг ер бусын гайхамшигтай хүн гэж тодорхойлсон юм. Дээрхийн Гэгээнтний эгэл жирийн байдал, хүүхэд лугаа хөөр баясалтай, гэнэн цэвэр зан чанарыг нь хүмүүс магтан шагшрахыг тэрээр сонсоод Дээрхийн Гэгээнтэн бол жинхэнэ сэтгэл оюунаа дадлагжуулагч нэгэн учраас эдгээр гайхамшигт зан чанарууд түүнээс тод илэрч буй хэмээн дахин дахин санадаг гэж Сингх хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Видяалокед хоёр дахь өдрийн айлчлал эхлэхийн өмнө ёслолын зул өргөж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Эртний Энэтхэгийн билиг ухаан бол миний ярих дуртай сэдвүүдийн нэг. Бидний эргэн тойронд гарч байгаа технологийн болон шинжлэх ухааны материаллаг хөгжлөөс үл шалтгаалан бид сэтгэл санааны хямралд автсаар байна. Мөргөл залбирал дангаараа нийт олныг тэгш амгалан байлгах үр дүнтэй арга гэж би бодохгүй байна.”
“Өөрийн сэтгэл оюундаа амар амгаланг бий болгох нь илүү чухал. Үүний тулд бидний сэтгэл ба зан төлөвүүд хэрхэн ажилладаг хийгээд мөн бодит байдлын мөн чанарыг танин мэдэх шаардлагатай. Сэтгэл оюунаа сургах нь чухал юм. Бие махбодийг эрүүл байлгах нь бидэнд чухал байдгийн нэгэн адил сэтгэл санаагаа цэвэр, эрүүл байлгахын чухлыг бид ойлгох ёстой.”
“Үүнийг аль нэг шашны уламжлалд хамаатуулахгүй, мөн сөргөөр нөлөөлөхгүйгээр, шашны бус байдлаар хийх боломжтой. Шашны бус гэдэг үгийг Энэтхэгт ойлгож байсан утгаар нь буюу шашны уламжлал бүрийг хүндэтгэх, бүр шашингүй үзлийг ч хүндэтгэх гэдэг утгаар нь би энд ашиглаж байна. Зарим нэг барууны найз нөхөд маань энэ үгийг шашинд хүндэтгэлгүй хандсан утга илэрхийлж болно гэж үздэг. Магадгүй тийм байж болох ч миний хувьд тухайн хувь хүн ямар шашин шүтдэгээс үл хамааран амар амгалантай, баяр баясалтай нэгэн болох нь чухал юм. Яг энэ утгаар нь эртний Энэтхэгийн билиг ухааны олон ойлголтуудыг практикт, бодит байдалд буулгаж ашиглах боломжтой гэж би итгэдэг.”
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Видяалокед үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Зарим хүмүүст урьд амьдралын тухай дурсамжаа санадаг нь санаж дурсах зүйл байсныг илэрхийлж байгаа хэрэг гэдгийг Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Тэр Патиала болон Канпурт уулзсан охидууд урьдын амьдралаа ихэд тодорхой санаж байсныг ярьсан юм. Хоёулаа өмнөх гэр бүлүүдээ таньсан байна. Мөн Төвөдөд төрсөн нэг хүү өөрийгөө Энэтхэг гаралтай гэж эцэг, эхдээ давтан давтан хэлж байжээ. Тиймээс хүүг Дарамсалад авчирахад өөрийгөө өмнөд Энэтхэгт амьдарч байсан гэжээ. Тэгээд Гандан хийдэд ирсэний дараа хүү өөрийн амьдарч байсан байшингаа заагаад нүдний шилээ хийсэн хайрцгийг олж өгсөн байна. Америкийн сэтгэл судлаач Ян Стевенсон дэлхийн өнцөг булан бүрээс ийм түүхүүдийг цуглуулж судалж шалгасан байдаг.
Ялангуяа невропластисити буюу тархи өөрчлөгдөх чадварыг эрдэмтэд нээснээс хойш мэдрэлийн мэргэжилтнүүд ухамсрыг зүгээр нэг тархины үйл ажиллагаа биш болохыг хүлээн зөвшөөрөх болсон гэдгийг Дээрхийн Гэгээнтэн ярьлаа. Ухамсаргүй зүйлээс ухамсар төрөхгүй гэж Дармакирти бичиж байсан ч түүний тайлбар нь тархины үйл ажиллагааны тухай орчин үеийн мэдлэгтэй харьцуулахад нэлээд ерөнхий тойм байдаг. Дээрхийн Гэгээнтэн нэгэн эрдэмтэнд “Хэрэв та дуугүй байсан ч зөвхөн дан дотоод бодлоосоо болоод л янз бүрийн сэтгэл хөдлөлд автах болно” гэж хэлж байснаа дурслаа. Эрдэмтэн тухайн үед өөрт нь үнэхээр тийм зүйл болж байгааг хэлж байсан ч шууд хүлээн зөвшөөрөхгүй байсан гэнэ.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонч буй залуучууд. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Буддист бус хүмүүсийн хувьд өөрийн “би” нь дараагийн төрөлд чухал үүрэгтэй. Харин буддизмд тогтсон, дан ганц, бие даасан “би” байдгийг үгүйсгэдэг бөгөөд би нь сэтгэл-бие махбодийн таван бүрэлдхүүн хэсгүүдийг нийлүүлж оноосон нэр төдий гэж үздэг юм.”
“Буддын гүн ухааны дөрвөн уламжлалын хамгийн суурь энгийн сэтгэлгээ болох вайбхасика буюу өвөрмөц өгүүлэгчид юмсыг бий болж, оршиж, элэгдсээр эцэст нь эвдэрдэг гэж үздэг. Бусад уламжлалууд юмсыг мөчөөс мөчид өөрчлөгддөг, энэ өөрчлөлт нь уг шалтгаан ба хамааралт нөхцлүүдээс үүддэг гэсэн байна. Ухамсрын хувьд авч үзвэл хүчтэй шалтгаан нь өмнөх ухамсрын мөч байх ёстой юм.”
Дээрхийн Гэгээнтэн вайбхасика болон саутрантика буюу судрын аймагтнууд нь зөвхөн хувь хүний “би”-ийн тухай ярьдгийг тайлбарласан юм. Читтаматрин буюу сэтгэл төдийтнүүд юмс үзэгдлийн мөн чанар үгүйг хүлээн зөвшөөрдөг ч гадаад орчинд оршиж буй зүйлс гэж байхгүй хэмээн маргадаг. Мөн тэд тухайлсан үзэгдлийг таних ухамсар ба үзэгдхүүн хоёр нь хоёрдмол бус чанартай гэж үздэг юм. Тэдний онолоор үзэгдэж буй зүйлс нь сэтгэл оюунд үлдсэн ул мөр, авьяасын үр дүн, илрэл юм. Энэ нь гадаад юмсад тачаадан шунахыг дарж болох ч уур хилэн мэтийн бидний дотоод ертөнцийн зовлонт сэтгэлүүдийг зогсооход нэмэр багатай.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Видяалокед илтгэл тавиж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Билиг барамидын сургаалыг тайлбарлахдаа Нагаржуна шүтэн барилдлагыг онцолсон байдаг” гээд Дээрхийн Гэгээнтэн “Төв үзлийн билгүүний үндэс” шастираас хоёр шад эш татсан юм.
“Дүрс хоосон гэснээр биет оршихуйг үгүйсгэж буй хэрэг биш юм. Хутагт Нагаржунайн айлдсанаар шүтэн барилдлагыг ухаарсан хүн Хутагтын дөрвөн үнэн болох зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос гэтлэхүйн үнэн, түүнд хүрэх зам мөр үнэн гэдгийг ойлгож чадна.”
Бурхан Багш дөрвөн үнэнийг эхэлж номлоод дараа нь билиг барамидын сургаалыг айлдсан гэдгийг Дээрхийн Гэгээнтэн тодруулж хэллээ. Мөн дөрвөн үнэнтэй хамтруулан зовлон хийгээд түүний шалтгаанууд хэрхэн нөхцөлдөж бий болдог, эдгээрээс хэрхэн гэтэлж болохыг дүрсэлсэн 12 шүтэн барилдлагыг тайлбарласан юм.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Нагаржунайн “Билгүүний үндэс” шастираас дахин нэг шүлэг эш татаад түүнийгээ Америкийн сэтгэл судлаач Аарон Бекийн түүнд хэлж байсан үгтэй харьцуулав. Уур хилэнгийн асуудалтай хүмүүсийг эмчлэх явцдаа тэрээр хүмүүс уурлах үедээ тухайн нөхцөл байдлыг зуун хувь сөрөг болгож хардаг ч энэхүү мэдрэмжийн ерин хувь нь зөвхөн сэтгэлийн төсөөлөл байдаг гэдгийг ойлгосон ажээ.
Ловон Чандракирти өөрийн “Төвд орохуй” зохиолдоо сүйх тэрэгний аль ч эд анги нь сүйх тэрэг биш, тэгэхдээ энэ нь сүйх тэргийг байхгүй гэсэн үг биш, харьцангуй үнэний түвшинд тэрэг оршин байгаа гэж тодорхойлсон байдаг.
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын илтгэлийг сонсож буй хүмүүс. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Хоосон чанарыг эргэцүүлэх нь бидний хорлолт сэтгэлүүдийг сулруулахад асар их тустай байдаг. Миний дурьдсан “Билгүүний үндэс” ба Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” хоёр ном нь “би”-ийн үнэн мөн чанарыг илрүүлэн гаргаж хорлолт сэтгэлүүдийг ялахад туслах хүчирхэг зэвсгүүд мөн юм. Эдгээртэй харьцуулахад ядам бурхадыг бясалгах гэх мэт бусад аргууд харьцангуй үр дүн багатай шүү.”
“Бид энэ амьдралаа утга учиртай болгож чадна, бас үүгээрээ дараагийн амьдралаа ч сайн сайхан болгож чадна. Багш өөрөө энэ бүхэнд их цаг хугацаа зарцуулсан тул та бүхэн ч богинохон хугацаанд их үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байж болохгүй. Та нар суралцаад, шинжлээд дараа нь сурсан зүйлээ бясалгах хэрэгтэй шүү.”
Цугласан олон алга ташилтаар хариу барилаа. Уулзалтын сүүлийн хэсэг хугацаанд Дээрхийн Гэгээнтэн оролцогчдын асуултанд хариулав. Тэрээр бодь сэтгэлийг төрүүлэх тухай ярилаа. Мөн эд эрхтнээ хандивлах ажлыг дэмждэгээ илэрхийлээд цагаан хоол идэж байхыг уриалсан юм.
Айлдварын дараа асуулт, хариулт явагдаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.08.12. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Бурхан Багш анх ханхүү болж төрсөн боловч хувраг болсныхоо дараа яг л гуйлгачин шиг амьдарсныг Дээрхийн Гэгээнтэн сонсож буй хүмүүст санууллаа. Хэдийгээр мэргэжлийн хуульч байсан ч Махатма Ганди даруухан, дорд ядуу нэгэн мэт амьдарсныг тэр бас цохож хэлсэн юм.
Төгсгөлд нь нэгэн сургуулийн сурагч Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд сургуулийнхаа арга хэмжээнд Далай Ламын дүрийг бүтээж оролцсон ба тухайн үед өөрийнх нь талаар их зүйл олж мэдсэнээ хэлэв. Тэрээр Дээрхийн Гэгээнтнээс сайхан сэтгэлийг жинхэнэ утгаар нь байнга дадуулдаг эсэхийг асуугаад хэрэв тийм бол үүнийгээ яаж хийдгийг мэдэхийг хүссэн юм. Шантидэва гэгээний “Бодьсадвын явдалд орохуй” номыг сайтар анхааралтай судлахын үнэ цэнийн талаарх өчигдрийн зөвлөгөөгөө Дээрхийн Гэгээнтэн давтлаа.
“Уншиж үзээд хэлсэн зүйлсийг минь өөрийн туршлагатайгаа харьцуулж үзээрэй. Бас дараа Далай Ламын дүрийг бүтээхдээ инээмсэглэхээ, бас ахиад илүү инээмсэглэхээ бүү мартаарай”.