1991 оны есөн сар буюу билгийн тооллын 17-р жарны тавдугаар төмөр хонин жил бол Монгол орон ардчилал шинэчлэлийн замаар замнаж эхэлсэн түүхэн цаг үе байсан бөгөөд энэ үед Дээрхийн гэгээнтэн Монгол орноо гурав дахь удаагаа морилох сайхан боломж тохиосон юм.
Энэ айлчлалын үеэр Дээрхийн Гэгээнтэн Монгол оронд өрнөж буй хөгжил дэвшлийн шинэ үйл явцыг өөрийн мэлмийгээр болгоож, ялангуяа шашин шүтэх эрх чөлөө сэргэн байгаад сэтгэл ханамжтай байгаагаа илэрхийлж цаашид уламжлалт шашин соёлоо өвлүүлэн хамгаалах талаар үнэт сургаалаа айлдсан нь энэ удаагийн айлчлалын нэгэн онцлог байлаа.
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Бодь Мөрийн Гурван Эрхэм” номын дэлгэрэнгүй тайлбар, “Цагаан Дарь Эхийн насны авшиг”, “Язгуурын гурван бурханы тарни” зэрэг судар тарнийн эш лүн болоод ёс суртахууны сургааль дэлгэрэнгүй айлдав. Мөн Гандантэгчэнлин хийдэд Маани, Мэгзэм тэргүүтэн олон номын эш лүнг хайрлаж, “Чадагчийн Шашны Таалалыг Хиргүй Зохиохуйн Үндэс” хэмээх шашны жаяг зохиожээ.