Dalailama / Далай Ламын нэрэмжит институтэд зочлов

Далай Ламын нэрэмжит институтэд зочлов

2018 оны 8 дугаар сар 13

Энэтхэг, Карнатака, Бангалор – Энэ удаагийн Энэтхэг дэх айлчлалын сүүлийн ажил нь Далай Ламын нэрэмжит институтэд зочлох байлаа. Сүүлийн хэдэн өдөртэй харьцуулбал энэ өглөө тэнгэр цэлмэг байв. Тэрээр өглөө эрт Бангалор хотоос гарч Майсурын замаар явсаар Шешагрихаллид байрлах тус институтэд хүрэлцэн ирлээ.

Далай Ламын нэрэмжит институтэд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн нэрэмжит институтэд хүрэлцэн ирж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Түүнийг хүрэлцэн ирэхэд эмэгтэй дуучид дуу дуулж, Төвөдийн уламжлалт заншлын дагуу арвайн гурил барин угтсан юм. Дээрхийн Гэгээнтэн эхлээд дөнгөж саяхан баригдаж дууссан эрэгтэйчүүдийн дотуур байранд хүрэлцэн ирж нээлт хийв. Энэхүү барилгыг санхүүгээр дэмжсэн Швейцарийн Стауб Кайсер сан, Гиусепе Кайсер сангийн удирдах зөвлөлийн гишүүдэд талархал илэрхийллээ.

Тэрээр уулзалтын өмнө тус институтэд Далай Лам сангийн ивээн тэтгэлгээр хятад, англи хэлний курст сурч буй 23 гэвш цол хамгаалсан эрдэмтэн лам нартай уулзсан юм. Дээрхийн Гэгээнтэн тэднээс ямар ямар дацан хийдийн шавь нар болох, тэдний хэд нь Төвөд нутагтаа төрсөн эсэхийг асуулаа.

“Сүүлийн 60-аад жилийн хугацаанд бид нэлээдгүй их туршлага хуримтлуулсан. Төвөдөд байхдаа бид 8-р зууны үед Төвөдийн хаан Тисрон Дэзэний урилгаар Төвөдөд ирсэн ловон Шантаракшитагийн сургалт дээр үндэслэн суралцдаг байв. Пали уламжлалын хуврагууд Хутагтын Дөрвөн үнэн гэх мэт номыг үгчилэн дагадаг тухай Тайландын эрдэмтэн хэлж билээ. Харин бидний дагадаг Наландагийн уламжлал нь учир шалтгаан дээр үндэслэдэг юм. Бид эртний номт хаад болон ловон Шантаракшитагийн ач ивээлээр энэхүү гайхамшигт уламжлалыг өвлөн авсан юм.”

Далай Ламын нэрэмжит институтэд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам англи, хятад хэлний курст сурч буй лам нартай уулзаж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Өнөө үед бид орчин цагийн шинжлэх ухааны эрдэмтэдтэй харилцан яриа өрнүүлдэг болсон. Бид квантын физикийн талаар ярилцахад шинжлэх ухааны эрдэмтэд шүтэн барилдлагын онолыг ихэд сонирхон хүлээн авдаг. Бидэнд ч тэднээс суралцах зүйл бас бий.”

“Намайг анх шинжлэх ухааны эрдэмтэдтэй уулзах үеэр барууны нэгэн найз минь “Шинжлэх ухаан бол шашны дайсан” гэж ихэд анхааруулж билээ. Бурхан Багшийн айлдварт алтны дархан шижир алтыг хэрхэн судалж таньдагтай адил миний сургаалыг шууд хүлээн авах бус, сайтар нягталж судалсны дараа хүлээн авах хэрэгтэй гэж бий. Тиймээс надад аюултай санагдаагүй. Нөгөөтэйгүүр, намайг лам хуврагууд англи хэл сурч, мөн сургалтын хөтөлбөртөө шинжлэх ухааны хичээл оруулах хэрэгтэй гэхэд хуучны зарим ахмад лам нар сургалтанд саад учруулна гэж үзэж байв.”

“Өөр хэл сурах нь маш чухал байна. Энэ нь бусдад үйлчлэх арга зам болно. Бид хамаг амьтдын төлөө гэж залбираад зогсохгүй ямар нэгэн бодит зүйлийг зайлшгүй хийх хэрэгтэй.”

Дараа нь институтын өмнөх талбайд зассан индэр дээр гарч цугласан 6000 гаруй хүмүүсийн өмнө Дээрхийн Гэгээнтэн мэндлээд суудалдаа суув.

Далай Ламын нэрэмжит институтэд зочлов
Захирал доктор Б. Цэрин үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Захирал доктор Б. Цэрин үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Лам болон Майсурын их сургуулийн захирал асан профессор Р. Рангаппа, Бангалорын их сургуулийн захирал асан профессор К.Р Венугопал, мөн Швейцарийн спонсор нарт хүндэтгэл үзүүллээ. Тэрээр цааш нь хэлэхдээ удахгүй тус институт бакалавр, магистер, докторын сургалтаа эхлэх гэж буйг мэдэгдэв. Ойрын хугацаанд 275 оюутанг төгсгөх төлөвлөгөөтэй байгаа ажээ.

Мөн оюутнууд шашнаас ангид ёс суртахууны хичээлийн хөтөлбөрт хамрагдах боломжтой гэдгийг нэмж хэлэв. Төвөдөөс шинээр цагаачлан ирж буй оюутнуудад төвөд хэл, соёлын тусгай хөтөлбөрөөр хичээл явагдаж байгааг дурдлаа. Тэрээр үгийнхээ төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд урт удаан наслахыг, санасан хэрэг бүхэн нь бүтэж биелэхийн ерөөл өргөсөн юм.

Түптен Доржэ үг хэлэхдээ дэмжлэг үзүүлж буй Далай Ламын санд талархал илэрхийлэв. Тэрээр Майсурын их сургуулийн захирал асан профессор Рангаппагийн заавар зөвлөгөөг авч ажилдаг талаар дурдсан юм. Далай Ламын нэрэмжит тус институт нь мөнгө төлбөрийг нэгт тавьдаггүй талаараа бусад зарим сургуулаас ялгаатай хэмээн мэдэгдсэн юм. Тэрээр энд оюутнууд амьдралын урлаг, амьдралын шинжлэх ухаанд суралцдаг гэв. Өндөр түвшний төвөд хэл сургах тал дээр анхаарч ажилдаг бөгөөд хэрэв эх хэлээ алдвал бүхнээ алдана гэж үздэгээ бас тайлбарлаа.

Далай Ламын нэрэмжит институтэд зочлов
Бангалорын их сургуулийн захирал асан, профессор Венугопал Далай Ламын нэрэмжит институтэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
Бангалорын их сургуулийн захирал асан, профессор К.Р Венугопал үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын хамт энэ үйл явдалд оролцож байгаадаа туйлын баяртай байна гэв. Тэрээр энэ жилийн сүүлээр бакалавр болон бусад эрдмийн зэрэг олгох хөтөлбөр биелэх гэж буй баяртай мэдээ дуулгалаа. Мөн тус институтын оюутнуудад Бангалорын их сургууль аль боломжоор тусалж дэмжих болно гэв.

Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэллээ.

“Энэхүү академик институт нь анх ядмагхан эхэлж байсан боловч тасралтгүй хөгжсөөр байна. Одоо энэ институтээр бахархах хэмжээнд хүрчээ. Энэхүү хоёр профессор бидний ажилд тус дэмжлэг үзүүлж байгаад би ихэд баярлаж, Төвөдийн 6 сая хүний өмнөөс талархал илэрхийлье!”

“Энэтхэг хийгээд Төвөд орон нь өнө эртний нандин холбоотой улсууд билээ. Энэтхэгийн олон иргэд Төвөдийг Шива тэнгэрийн ариун дагшин Кайлаш уулаар мэддэг бол Төвөдийн олон хүмүүс Энэтхэг оронд Бурхан Багш заларсан гэдгээр нь хүндэлдэг юм.”

“Бид сургалтын хөтөлбөр улам бүр өргөжин тэлж байгааг сонслоо. Би та бүхнийг бүх сэтгэлээрээ дэмжих болно.”

“Бид зүгээр нэг цагаачид биш ээ. Төвөд дэх дарлалын улмаас бид дүрвэсэн юм. Эрх чөлөөгөө алдсан Төвөд дэх олон ард түмнээ бид хэзээ ч мартах ёсгүй.”

Далай Ламын нэрэмжит институтэд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн нэрэмжит институтэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Хятадын архелогичид 35,000 жилийн өмнөх Төвөдийн соёлын эд зүйлсийн баримтыг олсон байна. Киргизд аялсан хүмүүс тэнд байсан Төвөд маанийн үсэг бичсэн чулууны зургийг надад үзүүлсэн юм. Энэ нь Төвөдийн соёл хэрхэн дэлгэрч байсныг харуулж байна.”

“Соронзон Гамбу хаан Хятадаас хатан буулгахад хатан ирэхдээ Зуу бурханы шүтээнийг Төвөдөд залж ирсэн байна. Хятадын хуучин нийслэл Ши Яны нэгэн сүмд Зуу бруханыг залдаг байсан тавцанг би харсан юм.”

“Хятадын түүхэн эх сурвалжуудад 7, 8, 9-р зуунд Хятад, Төвөд, Монгол гэх гурван гүрэн цэцэглэж байсан тухай дурдсан байдаг. Мөн эрдэмтэд Тан улсын эрин үеэс Манжийн үеийг хүртэл Төвөд Хятадын нэг хэсэн байсан гэх нэгч баримт байхгүй гэж үздэг.”

“Самьяа хийдийг ловон Шантаракшита, ловон Бадмасамбхава нар байгуулсан юм. Тэр цагт ловон Шантаракшитагийн заавраар санскрит ном судрыг төвөд хэл рүү орчуулах ажил эхэлсэн байна. Үүний үр дүнд өнөөдөр бид Ганжуур, Данжууртай болсон юм. Ловон Шантаракшита дан ганц агуу гүн ухаантан байгаад зогсохгүй нотлохуй ухааны гарамгай эрдэмтэн байлаа. Тэрээр Төвөдүүдэд учир шалтгааны нотлохуй ухаан хийгээд гүн ухаанд суралцах арга замыг заасан билээ.”

Далай Ламын нэрэмжит институтэд зочлов
Далай Ламын нэрэмжит институтэд уулзалт явагдаж буй байдал. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Сүүлийн 70-аад жилийн хугацаанд Төвөдүүд бид үгээр хэлэхийн аргагүй их зовлонг туулав. Хятадын Чөлөөлөх арми Төвөдөд нэвтрэн орж Лхасыг эзлэхээс өмнө Литанд 300,000 гаруй Төвөд иргэдийг егүүтгэсэн тухай тэдний баримт бий.”

“Төвөдөд буй ард түмэн маань хүнд дарангуйлалд байгаа ч тэдний итгэл найдвар хүчтэй хэвээрээ байна. Тэд бурханы шашин шүтсэн ч, эс шүтсэн ч Төвөд хүн гэдгээ хэзээ ч мартахгүй. Одоогоор 152 хүн өөрийн нутаг дахь нөхцөл байдлыг эсэргүүцэж өөрсдийгөө шатаасан юм. Тэд бусдад халдаж чадах байсан ч гагц өөрийгөө л егүүтгэсэн билээ.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам цааш нь хэлэхдээ олон хүмүүс түүнд хүчирхийллийн бус арга замыг сонгоно гэж амласан гэв. Харин түүнийг насан эцэслэснээс хойш юу болохыг хэлж мэдэхгүй гэлээ. Тэрээр төвөд иргэдэд ямар ч тохиолдолд хүчирхийллийн арга замыг сонгож болохгүй гэдгийг байнга хэлж, ухуулдаг талаар ярьлаа. Тэрээр одоо ч гэсэн Төвөдөд эерэг өөрчлөлт гарна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Далай Ламын нэрэмжит институтэд зочлов
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн нэрэмжит институтэд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Карнатака, Бангалор. 2018.8.13. Гэрэл зургийг Тэнзин Чойжор
“Бид үнэт соёлыг хадгалж буй үнэтэй ард түмэн мөн. Төвөд хүн гэдгээ хэзээ ч бүү март. Цагаачилж байсан эхний он жилүүдэд манай хүмүүс энд үнэхээр хүнд хөдөлмөр хийж байлаа. Тэд ширэнгэн ойг цэвэрлэж, сургууль, байшин барилга барих талбай гаргаж байсан юм. Томоохон хийдүүдийг бүтээн байгуулсан хүмүүсийн ихэнх нь аль хэдийнээ таалал төгссөн байна. Гэвч тэдний хийж бүтээсэн ажлын үр дүн өнөөг хүртэл байсаар байгаа билээ. Тухайн үед хүмүүс над дээр ирж, “Үнэхээр аймшигтай халуун байна, халууны улмаас бараг үхэж мэдэхээр байна” хэмээн гомдол мэдүүлж байлаа. Хожим бүх юм дууссаны дараа би тэднээр тоглож “Та нар үхээгүй байна шүү дээ” хэмээн хошигнодог байсан юм. Би тэдэнд “Хэзээ ч бүү бууж өг” гэж л захидаг байсан. Өнөөдөр та бүхэнд маш сайхан нөхцөл, маш их боломж бүрдсэн байна.”

“Эцэст нь хэлэхэд би эртний Энэтхэгийн оюун ухаан, сэтгэл хөдлөлийн талаарх мэдлэг боловсролыг орчин цагийн эх оронд нь эргүүлэн сэргээх үүрэг өөртөө хүлээсэн юм. Тиймээс энэ институт миний чинхүү зорилгод үнэтэй хувь нэмэр оруулна гэж найдаж байна.”

Дэд захирал Дава Цэрин Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд талархалын үг хэлээд урт наслахыг хүсэн ерөөлөө.

Дээрхийн Гэгээнтэн Дели хотын зүг буцахын тулд тэндээсээ шууд Бангалор хотын онгоцны буудал явав. Маргааш тэрээр Дарамсала хотын зүг буцна.
14-09-2018, 03:08
Вернуться назад