Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат – Дээрхийн Гэгээнтнийг Сарнатад морилсноос хойш анх удаа цаг агаар намдуу, хөх тэнгэр гийсэн өдөр байсан тул тэрээр өглөө эртлэн ном айлдах газраа ирлээ. Жанрайсигийн авшиг хүртээх зан үйлийн бэлтгэл ажилд нэг цаг орчим зарцуулав. Мангала судрыг пали хэл дээр уншсаны дараа “Билгүүний Зүрхэн” судрыг орос хэл дээр уншсан байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам төвд хүүхэд багачуудтай
мэндчилж байгаа нь. Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат.
2013.01.10. Фото/Жереми Рассел/ДЛО
Бурхан багшийн сургаалийг судалж хэрэгжүүлэх нь түүний сургаалийг хадгалах цорын ганц арга хэмээн тэр хэлэв. Сүм хийд босгож, бурхан бүтээх нь өөрийн гэсэн хувь нэмэртэй ч, гагцхүү үүгээр хязгаарлагдвал шашны уламжлалаа хадгалан үлдэж чадахгүй учраас бид судалж, амьдрал дээр хэрэгжүүлэх шаардлагатай.
“Бид Ганжуур Данжуурыг шүтээний хэрэгсэл болгохоос цаашгүй, зохих хүндэтлэл үзүүлэхгүй байна. Эдгээр ботийг нээгээд, зүгээр нэг унших зуршил бидэнд алга. Судлагдахуун номууд лам хүний хувьд цааш нь хадгалдаг зүйл байх ёсгүй. Эрэгтэй ч бай, эмэгтэй ч бай, энгийн хар хүмүүс дээдийн номыг судалж, ойлгох ёстой. Бидний ажиллах газар бол оюун санааны талбар, тэр хүрээнд аз жаргалыг хэрхэн төлөвшүүлэх явдал юм.”
Өөрсдийн эргэлзээг арилгахын тулд их багш нараас ном сонсохыг Дээрхийн Гэгээнтэн зөвлөсөн байна. Дараа нь бид тэдгээр сургаалийг учир шалтгааны шалгуурт нийцэж байгаа эсэхээр нь нягтлах ёстой. Бид шүүмжлэлт хандлагаар асуудалд хандах шаардлагатай. Зарим ном зохиол урьдчилсан шинжтэй байдаг бол зарим нь төгсгөлийн шинжтэй байдаг. Бурхан багш шавь нартаа түүний сургаалийг сүсэглэж бус, харин бүрэн нягталж авахыг зөвлөдөг байсныг санах нь зүйтэй буй заа.
Наймдугаар зуунд Шантаракшита, Бадмасамбхава болон Трисонг Дэзан нар Төвдөд шашны уламжлалыг дэлгэрүүлсэн. Улбар шар өмсгөлтэй лам нар болон цагаан өмсгөлтэй тарнийн ёсныхны хооронд тод ялгаа гарч ирсэн юм. Гэхдээ орчин үед энэ ялгаа бараг анзаарагдахгүй болсон байна. Лам шиг харагдаж, лам шиг хувцасласан хэрнээ үнэн хэрэгтээ гэр бүлтэй байдаг хүмүүсийг бид харж байна. Ламын өмсгөл өмсчихөөд, ганц биеэрээ үлдэж чадахгүй бол энэ шившиг.
Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай лам Сарнат дахь номлолын сүүлийн өдөр.
Энэтхэг, Уттар Прадеш, Сарнат. 2013.1. 10. Фото/Жереми Рассел/ДЛО
Бурханы дөрвөн лагшинг олох тухайд тарнийн ёс янз бүрийн арга замыг ашигладаг. Үүнд бэлэн бус хүмүүст хаалттай байдаг учраас үүнийг “нууц тарни” гэж нэрлэдэг бөгөөд тарни нь оюун санааг хамгаалагч мөнийн дээр оюун санааг ердийн үзэгдэх төрхөөс хамгаалагч зүйл юм. Дашрамд хэлэхэд, важра буюу очир гэсэн үг нь энэ зохиолд арга зам болон мэргэн ухааны салшгүй нэгдмэл гэсэн утгыг илэрхийлнэ гэдгийг Далай лам тайлбарлав.
Авшиг өгөхийн урьдчилгаа болгож, Дээрхийн Гэгээнтэн хар хүмүүст сахил өгсөн ба дараа нь бодийн сэтгэл үүсгэх ёсыг үйлдсэний дараа Бодьсадын сахил хүртээв. Жанрайсигийн авшиг нь Bhikshuni Laxmi уламжлалаас өвлөгдөж ирсэн ажээ. Жанзэ цорж Лувсан Тэнзин ламын удирдсан ёслол дууссаны дараа Дээрхийн Гэгээнтэнд зориулж урт нас наслахыг ерөөсөн бат оршил /даншүг/ өргөж ерөөл уншихад тэрээр,
“Хичнээн удаан хугацаанд хүмүүст үйлчлэх чадалтай байна, төдий хугацаанд амьдрахыг би зорино” хэмээн айлдлаа.
Үдийн зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн “Бодьсадын Явдалд Орохуй” номын тайлбарыг үргэлжлүүлсэн юм. Саруул оюуны тухай есдүгээр бүлэг болон өөрийгөө зориулах тухай аравдугаар бүлэг үлдсэн байв. Саруул оюунтай холбогдуулан тэрээр Нагаржунагийн,
“Бие сэтгэлийн нэгдлийн оршихуйтай зууралдсаар байсан цагт хүмүүсийн өөрийгөө бүрэн зориулах тухай ойлголт гүйцэд болохгүй” хэмээн хэлснийг эш татав.
Зохиолд гарч буй иогч гэдгийг өнөөдрийн эрдэмтэдтэй адилтган ойлгож болно хэмээн тэр хэллээ. Тэрээр консерватив үзэлтэй, үзэл бодолдоо баригдсан зарим нэгэнтэй уулзаж байсан бөгөөд сайн эрдэмтэд бол мэдлэг нь өргөн цар хүрээтэй, алсыг харсан, өөрчлөлтөд нээлттэй байдаг хэмээн хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн номын айлдвараа төгсгөх өдөр. Энэтхэг,
Уттар Прадеш, Сарнат. 2013.1.10. Фото/Жереми Рассел/ДЛО
Энэхүү үйл явдлын санхүүжилтын талаар, тухайлбал ямар хандив ирсэн, юунд зарцуулсан, үлдсэн хэсгийг харааны доголдолтой хүүхдүүдийн орон нутгийн сургуульд олгуулахаар буяны байгууллагад өгөх болсон тухай мэдээллийг олон нийтэд өгөв.
Дээрхийн Гэгээнтэн айлтгалынхаа төгсгөлд:
“Манай лам нарын өнө удаан амьдралын төлөө, дэлхий дахины энх тайван, эв зохицол, түүний дотор Төвдийн энх тайван, эрх чөлөөний төлөө өөрсдийн буянаа зориулцгаая. Төвдөд байгаа Төвд хүмүүс өнөөдөр маш хүнд хэцүү бурхшээлтэй тулгарч байгаа ч, тэд сэтгэлдээ хатуу чанга байгаа. Үнэний мөргөлдөө бидний хэлдэг шиг – Поталагийн сахиусын нигүүлсэхүй сэтгэлийн авралд тэд багтах болтугай. Баярлалаа та бүхэнд” хэмээн айлдсан байна.