Энэтхэг, Сикким, Равангла хот – Дээрхийн Гэгээнтэн Далай Лам аварга том буюу 128 фут өндөртэй Бурхан Багшийн зэс дүрийг адислахаар Сикким мужид уригдсан бөгөөд тэрээр тус шүтээнд Татагат Цал хэмээх нэр хайрласан байна. Цэлмэг хөх тэнгэртэй энэ өдрийн өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өөрийн байрлаж буй буудлаасаа гаран хүндэтгэлийн шар шүхэр дор шүтээн байрлах газарт хүрэлцэн ирэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Татагат Цал шүтээнийг адислахаар
явж байгаа нь. Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25.
Зураг/Тензин Чойжор/ДЛО
Бурхан Багшийн шүтээний доор, хуран цугларсан олны дээр байрлах асарт хүндэт зочид суудлаа эзэлсний дараа Ерөнхий нарийн бичгийн дарга Хатагтай Р Онгму нээлтийн үг хэлэв. Үүний дараа Дээрхийн Гэгээнтнийг урин залж Татагата Цал номын нээлтийг хийв. Ерөнхий сайд Паван Чамлинг цугларсан олонд хандаж үг хэлэхдээ Дээрхийн Гэгээнтэн, Захирагч Ноён БП Сингх болон бусад зочидтой мэндчилэв. Тэрээр тус төсөлд Татагата Цал хэмээн нэр хайрласан болон цаг заваа гарган ирж нээлт хийн адисаа хайрласан Дээрхийн Гэгээнтэнд тусгайлан талархал илэрхийлэв. Сиккийн хүмүүс олон шашин шүтдэг хэдий ч олон жил эв найрамдалтай амьдарсаар ирсэн бөгөөд 328 буддын сүм хийд, 318 хиндү шашны хийд, 74 христийн сүм, 7 лалын сүм ба 2 гүрдвара сүм байдаг явдал нь үүний илрэл юм хэмээн онцлон тэмдэглэв. Буддын шинэ цогцолбор нь хол ойрын мөргөлч нарыг татна гэдэгт итгэж байгаагаа хэлэв. Түүний засгийн газар Буддын сургаалийг өөрийн бодлогодоо суурь болгодог бөгөөд бусад шашиныг дэмжих, ард олондоо эерэг чанарыг төлөвшүүлэх явдлыг дэмжин ажиллахаа мэдэгдэв.
Далай Ламын зөвлөсний дагуу тус цогцолборт номын сан болон сургалтын танхим байгуулсанаа онцлон дурьдав.

Дээрхйин Гэгээнтэн Далай Лам Гошир Гялцав Ринбүүчи, Сиккимийн
Ерөнхий сайд Паван Чамлинг, Хотын Захирагч Ноён БП Сингх нарын
хамтаар Татагата Цал Бурхан Багшийн хөшөөг адислав.
Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25Зураг/Жереми Расселл/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн мэндчилэн хэлсэн нь:
“Энэхүү гайхалтай бүтээлийг бид Важракиля-ын зан үйлийн дагуу адисласан болно. Учир нь энэхүү газар эртнээс тус бясалгалын сахиустай холбоотой билээ. Энэхүү газар нь чимээ аниргүй, задгай, амар тайван газар бөгөөд Бурхан Багшийн энэхүү хөшөө танай газар нутгийн байгалийн үзэсгэлэнг чимэглэн, ирсэн мөргөлч нарын дотоод сэтгэлийг өөрчлөх урам өгнө гэдэг итгэж байна.”
Тэрээр Ерөнхий сайдыг эртнээс таньдаг бөгөөд Сиккимийн Буддист уламжлалд түшиглэсэн төслүүд болох Самбрүбце толгой дээрх Гуру Бадмасамбхавагийн хөшөө, өнөөдөр нээж буй Бурхан Багшийн хөшөө болон хараахан дуусаагүй байгаа Жанрайсиг буюу Авалокитешвара хөшөөг бахдаж явдагаа хэлэв.
“Түүний сайн үйлс бүхэн нь саад тотгоргүй биелэх болтугай хэмээн би залбирах болно” гэв.
Тэрээр Сиккимтэй хэрхэн холбогдсон тухайгаа ярихдаа, 1956 онд Бодхгаяд болсон Будда Жаянти-г тэмдэглэх үйл явдалд оролцохоор аялах замдаа Натхула болон Гангток-оор дайран энд анх удаа ирсэн тухайгаа ярив. Тэрээр 1959 оноос хойш энд хэд хэдэн удаа ирсэн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Татагата Цал Бурхан Багшийн
хөшөөг адислах үйл ажиллагааны үеэр хурсан олонд хандан үг хэлэв.
Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25
Зураг/Тензин Чойжор/ДЛО
Шашины хэргийн хэлтсийн нарийн бичгийн дарга Цэчоклинг Ринбүүчи төгсгөлийн талархлын үг хэлэв. Энэхүү арга хэмжээнд оролсон явдалд нь Дээрхийн гэгээнтэн болон хүндэт зочдод талархлаа илэрхийлэв. Мөн түүнчлэн Бурхан Багшийн энэхүү дүрийг сүншиглэх, 9 өөр орны Бурхан Багшийн шүтээнийг цуглуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн Тайланд улсын бүлэг төлөөлөгчдөд талархал илэрхийлэв.

Татагата Цал Бурхан Багшийн хөшөөний айлдварын индэр
Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25
Зураг/Тензин Чойжор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн Эзэн тэнгэрийг шүтдэг ба шүтдэггүй, учир шалтгааны хууль – карма-г номлодог шашинуудын ялгааг тайлбарлав. Хүн сайн үйл хийвэл хүн сайн сайхан явна, харин муу үйл хийвэл зовлон шаналалын учигийг хөндөнө хэмээн Буддын сургааль заадаг. Үүнээс харахад жаргах, зовох эсэх нь бидний гарт байна. Өнөөдөр дэлхийн гол гол шашинууд Энэтхэг улсад цэцэглэн хөгжиж байгаа бөгөөд Энэтхэг улсад бусад шашиныг хүндэтгэх, үүний дотор эв эетэй байх гэдэг нь өнө эртнээс улбаатай бодит жишээ юм.

Татагата Цал Бурхан Багшийн хөшөөг адислах ёслолын үеэр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварт настан буурлууд
оролцов. Энэтхэг, Сикким, Равангла 2013.03.25
Зураг/Тензин Чойжор/ДЛО
“Энэхүү номлолыг бид хамт уншаад мартаж болохгүй. Гэртээ дэмий хадгалах нь ач тусаа өгөхгүй, түүнийг уншиж, дотроо бодож эргэцүүлж сайн ойлгож өөрийн болгох хэрэгтэй. Сургаалийг нь өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэх шаардлагатай. Энэхүү номлолыг би шашины аугаа шавь, гүн мэдлэгтэн Күннү Лама Ринбүүчи, Дэнзин Жалцангаас хүлээн авсан”
Бодьсатвад хүрэхийн тулд дан ганц маань унших нь хангалтгүй. Буддагийн нэгэн адилаар сургаалийг амьдралдаа хэрэгжүүлж чадварыг олж авах хэрэгтэй хэмээн Дээрхийн Гэгээнтэн дахин сануулав. Ингэснээр бид өөрсдийн амьдралаа утга учиртай болгоно. “37-н дадал” нь түгээмэл зам мөр, мөн түүнчлэн гэгээрэлд хүрэх оюун санааг хөгжүүлэх тухай өгүүлдэг. Үүний дараа чадварлаг арга барил, цэцэн ухаан ба зургаан барамид, эцэст нь сургаальдаа үнэнч байх тухай өгүүлдэг.
Маргааш өглөө Дээрхийн гэгээнтэн Урт удаан нас хайрлагч Цагаа дарь Эхийн авшиг хайрлах бөгөөд үүний дараа түүнд Бат-Оршил өргөх болно.