Энэтхэг, Ладак, Лех. 2014.7.7 – Дээрхийн Гэгээнтэн өнөө өглөө 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн удиртгалын өмнө өөрийн өргөөнд 200 орчим хятад иргэдийг хүлээн авч уулзлаа. Ийм аяллыг хийх нь тийм ч амар хялбар зүйл биш учраас тэднийг зүгээр л хүрэлцэн ирсэнд нь Дээрхийн Гэгээнтэн баяр хүргэв. Хятад, Төвдийн харилцаа 1,000 гаруй жилийн түүхтэй хэмээн тэр өгүүллээ.
7 дугаар зуунд Төвдийн хүчирхэг хаан Соронзон Гомбо Хятадын Вен Ченг гүнжийг хатнаа болгон авсан бөгөөд гүнж Төвдөд ирэхдээ Зуу Бурханы шуумал дүрийг авчирсан нь өдгөө Лхасын гол шүтээн болсон байгаа ажээ. Түүхийн үүднээс авч үзвэл хятадууд буддистууд бөгөөд тэд Бурхан Багшийн ахмад, харин төвдүүд дүү шавь нар хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Гэхдээ дүү шавь нар сурч мэдсэнээрээ тийм ч муу байгаагүй хэмээн тэрээр инээмсэглэн өгүүллээ. Хэдэн жилийн өмнө Бээжингийн их сургуулиас хийсэн судалгаагаар Хятадад 300 сая буддист байна гэсэн тоо гарч байсан нь одоо бараг 400-500 сая болон өссөн буй заа. Си Жиньпинь саяхан Францад айлчлахдаа, Хятадын соёлын сэргэн мандалтад буддизм чухал ач холбогдолтой хэмээн мэдэгдсэн тухай Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.
Хятадын судар бичгүүдийн дотор Ганжуурт багтсан номноос олон ном орчуулагдсан байдаг ч, Төвдийн Данжуурт Хятадын цувралаас олон боть багтдаг тухай тэр тэмдэглэн хэлэв. Буддын сургааль нь бодит байдлын тухай бүрэн тодорхойлсон байдаг учраас буддист байхын тулд сурч мэдэхийн чухлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж буй 33 дахь удаагийн
Дүйнхорын ванд 100,000 гаруй хүн оролцлоо. Энэтхэг, Ладак,
Лех, 2014.7.7. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Хятадын албаны хүн түүнийг чөтгөр хэмээн тодорхойлсон байсныг дурсан инээгээд, түүнийг чөтгөр, эсвэл Жанрайсиг хэмээн дуудах нь түүнд ямар ч ялгаагүй гэв. Түүний хувьд Бурхан Багшийн шавь байх нь илүү чухал зүйл гэлээ.
Бахдан сонсч суугаа тэдэнд хандан Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, Бүгд Найрамдах гэсэн үгс нь тэгш эрхийн утгыг агуулдаг тул Бүгд Найрамдах улсын үзэл санаанд дуртай байдаг хэмээлээ. Мао Зэдунтай олон удаа уулзаж байснаа тэр дурсаад, тэгш эрхийг агуу хамгаалагч байсны дээр үндэсний үзэл, Хан үндэстний дээрэнгүй үзлийг эгдүүцэн зэвүүцдэг байсан гэв. Жинхэнэ тэгш эрх байдал тогтвол өнөөдрийн олон асуудлыг шийдэх боломж бүрдэх байсан хэмээн тэр хэллээ.
Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, 1,3 тэрбум хятад хүн үнэнийг мэдэх эрхтэй хэмээв. Хэрвээ тэд бодит байдлыг мэдвэл зөв бурууг ялган харах чадал, ухаан тэдэнд буй. Хятадад тогтоосон цензурыг Энэтхэг, эсвэл Японд хэрэгжүүлэх боломжгүй. Тэрээр хэлэхдээ,
“Цензур нь хүмүүсийн үнэнийг үнэлэх үнэлэмжид саад болох учраас ёс суртахуунгүй явдал юм. Үүний зэрэгцээ, ард түмнээ үл хүндэтгэж байгаагийн илрэл болно. Хэдийгээр Хятад орон дэлхийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулах боломжоор дүүрэн ч, үүний тулд дэлхий дахины итгэл, хүндлэлийг эн тэргүүнд хүлээх ёстой” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн хоёр дахь өдөр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг,
Ладак, Лех, 2014.7.7. Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Ямар ч яриа хөөрөө өрнөсөн байсан, багш шавь зөв сэдлээр үүнийг хийх нь туйлаас чухал. Бид өөрт хамаатуулах сэтгэл, уур хилэн гэх мэт сэтгэлийн сөрөг хандлагаас ангид, хорвоогийн найман зовлонд хиртээгүй байж Лам Гурван Эрдэнэд аврал одуулах ёстой. Дагаж буй ном нь Их Хөлгөнийх бол хүн нь Их Хөлгөнийх байх ёстой” хэмээн хэллээ.
Хорвоогийн хүрднээс гарах бидний арга зам бол зовлонгийн шалтгааныг таслах тухай Бурхан Багшийн үндсэн сургааль болох Хутагтын дөрвөн үнэний сургааль хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Бурхан Багш гэгээрсэн даруйдаа Варанаст дээрх сургаалиа анх удаа айлдсан. Тэр Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос ангижирсан гэгээрэл үнэн, түүнд хүрэх арга зам үнэн хэмээх сургаалиа айлдсан. Зовлонг таньж мэдэх ёстой, зовлонгийн шалтгааныг арилгах ёстой, зовлонгүй эцсийн амгаланг төрүүлэх ёстой, зам мөрийг хэвшүүлэх ёстойг тэрээр тайлбарласан ажээ. Гэхдээ зовлонг нэгэнт таньж мэдсэн бол өөр таньж мэдэх зүйл үгүй, өөр арилгах зүйл үгүй, өөр хэрэгжүүлэх зүйл үгүй бөгөөд өөр хэвшүүлэх зүйл үгүй билээ.
Хутагтын Дөрвөн Үнэний нэгдүгээрх нь мөнх бус, зовлонт, хоосон ба би-гүй гэсэн дөрвөн хэв шинжийг агуулдаг тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Мөнх бусын тухайд ерөнхий болон нарийн түвшний гэж байдаг. Ямар нэг зүйл төгсгөл рүүгээ зүгээр л ирж байгаа бол энэ нь энгийн мөнх бус бол юмст нөлөөлөхүйц агшин агшинд, байнгын өөрчлөлт гарвал энэ нь нарийн мөнх бус болох бөгөөд юмсын өөрийн шалтгаанаар өдөөгдөнө. Жишээ нь, мунхгийн харанхуй бол ямар ч “би” гэж байхгүй байтал байнга “би”-тэй зууралдахыг хэлнэ.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн үеэр сургааль айлдаж байгаа нь. Энэтхэг, Ладак,
Лех, 2014.7.7. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Гурван дадлыг би үгүй ойлголтын үндсэн дээр хөгжүүлсэн учраас Гурван Дээд дадал гэдэг хэмээн тэр хэлэв. Гэгээрлийн 37 хүчин зүйлст саруул ухааны 4 үндэс, 4 зөв хүчин зүтгэл, эрхэнд хураахуйн 4 үндэс, 5 чадавхи, 5 эрхшээхүй, Гэгээрлийн 7 зүйл, Хутагтын 8 мөр багтдаг. Дөрвөн саруул ухаанд бие махбодийн, мэдрэмжийн, сэтгэлийн, үзэгдлийн саруул ухаан багтдагийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав.
“Сэтгэлийн мөн чанар нь саруул, ухамсарт чанар юм. Сэтгэлийн сөрөг хандлагыг хэрхэн ялан дийлж болдгийг бид харж чадна. Хүмүүс зохих ёсоор биеэ авч яваагүй тохиолдолд аймшигт үр дагавраар далайлган айлгах тухай буддын сургаальд өгүүлдэггүй. Харин оронд нь чөлөөлөгдөхийн давуу талыг ойлгуулснаар хүмүүс түүнд хүрэхийг эрмэлздэг.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж буй 33 дахь удаагийн
Дүйнхорын ванд оролцож буй лам нар. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.7.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Эрдэнийн Эрхи”-йн нэгдүгээр бүлгийг дуусган Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа,
“Хэдийгээр хэцүү ч, эдгээр номыг бие биенийхээ ойлгосонтой харьцуулан, хоосон чанар гэж үнэндээ ямар утгатайг ойлгохыг оролдох нь зүйтэй” хэмээлээ.
Дүйнхорын вангийн удиртгал маргааш үргэлжилнэ.