Дээд төрөл ба буян

9-07-2014, 05:15  |  Хэвлэх

2014 оны 7 дугаар сарын 7

Энэтхэг, Ладак, Лех. 2014.7.7 – Дээрхийн Гэгээнтэн өнөө өглөө 33 дахь удаагийн Дүйнхорын вангийн удиртгалын өмнө өөрийн өргөөнд 200 орчим хятад иргэдийг хүлээн авч уулзлаа. Ийм аяллыг хийх нь тийм ч амар хялбар зүйл биш учраас тэднийг зүгээр л хүрэлцэн ирсэнд нь Дээрхийн Гэгээнтэн баяр хүргэв. Хятад, Төвдийн харилцаа 1,000 гаруй жилийн түүхтэй хэмээн тэр өгүүллээ.

7 дугаар зуунд Төвдийн хүчирхэг хаан Соронзон Гомбо Хятадын Вен Ченг гүнжийг хатнаа болгон авсан бөгөөд гүнж Төвдөд ирэхдээ Зуу Бурханы шуумал дүрийг авчирсан нь өдгөө Лхасын гол шүтээн болсон байгаа ажээ.
Түүхийн үүднээс авч үзвэл хятадууд буддистууд бөгөөд тэд Бурхан Багшийн ахмад, харин төвдүүд дүү шавь нар хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Гэхдээ дүү шавь нар сурч мэдсэнээрээ тийм ч муу байгаагүй хэмээн тэрээр инээмсэглэн өгүүллээ. Хэдэн жилийн өмнө Бээжингийн их сургуулиас хийсэн судалгаагаар Хятадад 300 сая буддист байна гэсэн тоо гарч байсан нь одоо бараг 400-500 сая болон өссөн буй заа. Си Жиньпинь саяхан Францад айлчлахдаа, Хятадын соёлын сэргэн мандалтад буддизм чухал ач холбогдолтой хэмээн мэдэгдсэн тухай Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ.

Хятадын судар бичгүүдийн дотор Ганжуурт багтсан номноос олон ном орчуулагдсан байдаг ч, Төвдийн Данжуурт Хятадын цувралаас олон боть багтдаг тухай тэр тэмдэглэн хэлэв. Буддын сургааль нь бодит байдлын тухай бүрэн тодорхойлсон байдаг учраас буддист байхын тулд сурч мэдэхийн чухлыг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. 



Дээд төрөл ба буян
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж буй 33 дахь удаагийн
Дүйнхорын ванд 100,000 гаруй хүн оролцлоо. Энэтхэг, Ладак,
Лех, 2014.7.7. Гэрэл зургийг Мануэль Бауэр
“Аюуш бурханы нэрийг дахин дахин давтан дуудах нь хангалттай биш хэмээн хэлж би хятад нөхдөө байнга цаашлуулдаг. Зөвхөн үүнд найдах аваас диваажинд очихыг тэмүүлдэг Христийн хийгээд лалын шашныхаас та бүхний шүтлэг ялимгүй ялгарах төдий болно. Бидний дотоодод, сэтгэл зүрхэнд гэгээрэл байдаг гэдгийг Бурхан Багш маш тодорхой хэлсэн байдаг” хэмээн тэр өгүүлэв.

Хятадын албаны хүн түүнийг чөтгөр хэмээн тодорхойлсон байсныг дурсан инээгээд, түүнийг чөтгөр, эсвэл Жанрайсиг хэмээн дуудах нь түүнд ямар ч ялгаагүй гэв. Түүний хувьд Бурхан Багшийн шавь байх нь илүү чухал зүйл гэлээ.

Бахдан сонсч суугаа тэдэнд хандан Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, Бүгд Найрамдах гэсэн үгс нь тэгш эрхийн утгыг агуулдаг тул Бүгд Найрамдах улсын үзэл санаанд дуртай байдаг хэмээлээ. Мао Зэдунтай олон удаа уулзаж байснаа тэр дурсаад, тэгш эрхийг агуу хамгаалагч байсны дээр үндэсний үзэл, Хан үндэстний дээрэнгүй үзлийг эгдүүцэн зэвүүцдэг байсан гэв. Жинхэнэ тэгш эрх байдал тогтвол өнөөдрийн олон асуудлыг шийдэх боломж бүрдэх байсан хэмээн тэр хэллээ.

Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ, 1,3 тэрбум хятад хүн үнэнийг мэдэх эрхтэй хэмээв. Хэрвээ тэд бодит байдлыг мэдвэл зөв бурууг ялган харах чадал, ухаан тэдэнд буй. Хятадад тогтоосон цензурыг Энэтхэг, эсвэл Японд хэрэгжүүлэх боломжгүй. Тэрээр хэлэхдээ,

“Цензур нь хүмүүсийн үнэнийг үнэлэх үнэлэмжид саад болох учраас ёс суртахуунгүй явдал юм. Үүний зэрэгцээ, ард түмнээ үл хүндэтгэж байгаагийн илрэл болно. Хэдийгээр Хятад орон дэлхийн хөгжилд эерэг хувь нэмэр оруулах боломжоор дүүрэн ч, үүний тулд дэлхий дахины итгэл, хүндлэлийг эн тэргүүнд хүлээх ёстой” хэмээв.

Дээд төрөл ба буян
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн хоёр дахь өдөр айлдвар айлдаж байгаа нь. Энэтхэг,
Ладак, Лех, 2014.7.7. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Элсэн хот мандлыг зогсоо зайгүй бүтээж байгаа асрын зүг Дээрхийн Гэгээнтэн үргэлжлүүлэн ном айлдахаар зүглэх үед нарны дулаан элч ээж байлаа. Өдөр бүр Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд Ладак нутгийн хөгжимчдийн хамтлаг бөмбөр болон хулсан зэмсэг сурнагийн аялгуугаар угтаж байв. Түүний сэнтийн эргэн тойронд суусан лам хувраг нар болон зохион байгуулагчидтай мэндлэн, хуран цугласан олонтой гар өргөн мэндчилсний дараа Дээрхийн Гэгээнтэн суудлаа эзлээд,

“Ямар ч яриа хөөрөө өрнөсөн байсан, багш шавь зөв сэдлээр үүнийг хийх нь туйлаас чухал. Бид өөрт хамаатуулах сэтгэл, уур хилэн гэх мэт сэтгэлийн сөрөг хандлагаас ангид, хорвоогийн найман зовлонд хиртээгүй байж Лам Гурван Эрдэнэд аврал одуулах ёстой. Дагаж буй ном нь Их Хөлгөнийх бол хүн нь Их Хөлгөнийх байх ёстой” хэмээн хэллээ.

Хорвоогийн хүрднээс гарах бидний арга зам бол зовлонгийн шалтгааныг таслах тухай Бурхан Багшийн үндсэн сургааль болох Хутагтын дөрвөн үнэний сургааль хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүлэв. Бурхан Багш гэгээрсэн даруйдаа Варанаст дээрх сургаалиа анх удаа айлдсан. Тэр Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос ангижирсан гэгээрэл үнэн, түүнд хүрэх арга зам үнэн хэмээх сургаалиа айлдсан. Зовлонг таньж мэдэх ёстой, зовлонгийн шалтгааныг арилгах ёстой, зовлонгүй эцсийн амгаланг төрүүлэх ёстой, зам мөрийг хэвшүүлэх ёстойг тэрээр тайлбарласан ажээ. Гэхдээ зовлонг нэгэнт таньж мэдсэн бол өөр таньж мэдэх зүйл үгүй, өөр арилгах зүйл үгүй, өөр хэрэгжүүлэх зүйл үгүй бөгөөд өөр хэвшүүлэх зүйл үгүй билээ.

Хутагтын Дөрвөн Үнэний нэгдүгээрх нь мөнх бус, зовлонт, хоосон ба би-гүй гэсэн дөрвөн хэв шинжийг агуулдаг тухай Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав. Мөнх бусын тухайд ерөнхий болон нарийн түвшний гэж байдаг. Ямар нэг зүйл төгсгөл рүүгээ зүгээр л ирж байгаа бол энэ нь энгийн мөнх бус бол юмст нөлөөлөхүйц агшин агшинд, байнгын өөрчлөлт гарвал энэ нь нарийн мөнх бус болох бөгөөд юмсын өөрийн шалтгаанаар өдөөгдөнө. Жишээ нь, мунхгийн харанхуй бол ямар ч “би” гэж байхгүй байтал байнга “би”-тэй зууралдахыг хэлнэ.

Дээд төрөл ба буян
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 33 дахь удаагийн Дүйнхорын
вангийн үеэр сургааль айлдаж байгаа нь. Энэтхэг, Ладак,
Лех, 2014.7.7. Гэрэл зургийг Мануэль Бауэр
Бодь мөрт орох хэмээн ёс суртахуун, төвлөрөл болон саруул ухаан гуравт дадуулахыг хэлэх ба ингэснээр Зургаан бармидын дадал, улмаар Важраяанагийн дадлыг эзэмшинэ. Дандарын ёсоор эхлэх нь бас тийм ч үр дүнтэй бус. Чөлөөлөгдөх гэдэг үгний утгыг ойлгохын тулд Билиг бармидын сургаалийг ойлгох шаардлагатай. Дээдийн номын хүрдний гурав дахь эргүүлгийн нэг хэсэг болсон Татхагата-гарбха судар нь дээдийн дээд иога дандарын охь болсон тунгалаг гэгээн сэтгэл, субьектив сэтгэлийг нээн харуулдаг. Бурхан Багш өөрийн сургаальдаа эхлээд суурийг нь цутгаж, дараа нь ханыг өрөн, эцэст нь дээврийг нь барьсан билээ. Зарим төвд хүмүүс дээврээс эхлэх хандлагатай байдаг хэмээн тэр тэмдэглэн хэлэв.

Гурван дадлыг би үгүй ойлголтын үндсэн дээр хөгжүүлсэн учраас Гурван Дээд дадал гэдэг хэмээн тэр хэлэв. Гэгээрлийн 37 хүчин зүйлст саруул ухааны 4 үндэс, 4 зөв хүчин зүтгэл, эрхэнд хураахуйн 4 үндэс, 5 чадавхи, 5 эрхшээхүй, Гэгээрлийн 7 зүйл, Хутагтын 8 мөр багтдаг. Дөрвөн саруул ухаанд бие махбодийн, мэдрэмжийн, сэтгэлийн, үзэгдлийн саруул ухаан багтдагийг Дээрхийн Гэгээнтэн тайлбарлав.

“Сэтгэлийн мөн чанар нь саруул, ухамсарт чанар юм. Сэтгэлийн сөрөг хандлагыг хэрхэн ялан дийлж болдгийг бид харж чадна. Хүмүүс зохих ёсоор биеэ авч яваагүй тохиолдолд аймшигт үр дагавраар далайлган айлгах тухай буддын сургаальд өгүүлдэггүй. Харин оронд нь чөлөөлөгдөхийн давуу талыг ойлгуулснаар хүмүүс түүнд хүрэхийг эрмэлздэг.”

Дээд төрөл ба буян
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдаж буй 33 дахь удаагийн
Дүйнхорын ванд оролцож буй лам нар. Энэтхэг, Ладак, Лех, 2014.7.7.
Гэрэл зургийг Мануэль Бауэр
Өнөөгийн дэлхий дахинд хүмүүс өөрийн гадаад тав тух болон мэдрэхүйд мэдрэгдэх таашаалыг илүү сонирхдог байтал хайр энэрэл бол хүний дотоодод хөгжихийн хэрээр илүү урт хугацааны байдаг. Нагаржуна хутагтын ‘Эрдэнийн Эрхи’ зохиолыг тэрээр тайлбарлаж эхлэхдээ, дээд төрөл буюу төрлөө дээшлүүлэх, тодорхой буянт үйл буюу чөлөөлөлтийн талаар ярилаа. Дээдийн ном нь биднийг зовлонгоос хамгаалах үүднээс бусдад гэм хор хүргэхгүй, харин тус хүргэхэд хөтөлдөг бөгөөд арван хар нүглийг тэвчиж, арван цагаан буяныг хийх тухайгаар илэрхийлэгддэг. Үүнтэй холбоотойгоор хамаг алдаа өөрийгөө хайрласнаас, гурван хор хэмээх оюуны хүчин зүйлсийн нөлөөгөөр үүсдэг. Зовлонг мөргөл үйлдсэнээр арилгахгүй, харин мунхгийн харанхуй хийгээд би-гийн тухай ташаа ойлголтыг арилгаснаар даван туулна.

“Эрдэнийн Эрхи”-йн нэгдүгээр бүлгийг дуусган Дээрхийн Гэгээнтэн айлдахдаа,

“Хэдийгээр хэцүү ч, эдгээр номыг бие биенийхээ ойлгосонтой харьцуулан, хоосон чанар гэж үнэндээ ямар утгатайг ойлгохыг оролдох нь зүйтэй” хэмээлээ.

Дүйнхорын вангийн удиртгал маргааш үргэлжилнэ.
Үзсэн: 2 779
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц