“Амар тайван, аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл

18-09-2018, 06:58  |  Хэвлэх

2018 оны 9 дүгээр сар 12

Швейд, Малмо – Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Дели хотоос Швейд улсад хүрэлцэн ирсэн юм. Малмогийн онгоцны буудал дээр цаг хүйтэн, зэврүүн байсан ч “Ай М” байгууллагын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга Бирте Муллер, Анн Свенсен нар түүнийг халуун дотноор хүндэтгэн угтлаа. “Ай М” байгууллага нь ядуурал, хүчирхийллийн эсрэг тэмцдэг байгууллага ажээ. 1938 онд Бритта Холмстронг үүсгэн байгуулсан энэхүү байгууллага нь эдүгээ дэлхийн 13 оронд үйл ажиллагаа явуулж, хүмүүсийн сурч боловсрох эрх, эрүүл мэнд, амьдралын тогтвортой байдлыг хөгжүүлэхийн төлөө анхааран ажиллаж буй юм байна.

“Амар тайван, аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн төлөөлөлтэй уулзаж байгаа нь. Швейд, Малмо. 2018.09.12. Гэрэл зургийг Жереми Расселл
Энэ өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хэвлэлийн төлөөлөлтэй уулзсан уулзалтын эхэнд “Ай М” байгууллагын нарийн бичгийн дарга Анн Свенсен үг хэлэхдээ энэ жил “Ай М” байгууллага үүсгэн байгуулагдсаны 80 жилийн ой, мөн Төвөдийн ард түмэнтэй холбоо тогтоосны 50 жилийн ой давхар тохиож буй гэлээ. Мөн тэрээр 2016 оноос хойш “Ай М” байгууллага бууны төмрөөр хүмүүнлэгийн медал хийдэг болсон гэв. Эцэст нь “Дээрхийн Гэгээнтэн тантай хамт байгаадаа туйлын баяртай байна. Одоо таны юу хэлэхийг хүлээж байна.” гэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам үг хэллээ.

“Нэгдүгээрт бидний харилцаа ямар нэгэн улс төрийн болоод эд мөнгөний төлөө биш ээ. Бидний харилцаа хүмүүс хүнд нөхцөлд орсон үед туслах зорилгоор нэгдэн үүссэн юм. Шинжлэх ухааны эрдэмтэд хүний үндсэн чанарыг энэрэнгүй гэж үзсэн бөгөөд “Ай М” байгууллага нь үүнийг бодит үйлдэл дээр нотлож буй. Төвөдүүд бид анх дүрвэн цагаачлах үед ирээдүй маань түнэр харанхуй мэт санагддаг байсан ч “Ай М” тэргүүтэй байгууллага, хувь хүмүүс үнэхээр их тус дэм болж билээ. Та бүхэнд бүгдэд нь баярлалаа.”

“Миний томоохон зорилгуудын нэг нь хүмүүсийг илүү энэрэнгүй болгох явдал билээ. Бид дотоод сэтгэлдээ энэрэнгүй сайхан сэтгэлийг хөгжүүлж чадвал гадаад биеэр зэр зэвсгийг үгүй хийхэд илүү амар байх болно. Бид одооноос эхлэн хичээл зүтгэл гаргаж чадвал энэ зууныг дайн тулаан, аллага хүчирхийлэлгүй эрин үе болгож чадна. Асуудал үүссээр байх болно, гэвч бид асуудлыг өөрөөр хардаг байх хэрэгтэй. Хүч хэрэглэхийн оронд яриа хэлцэл хийх замаар асуудлыг шийддэг байх хэрэгтэй байна.”

“Амар тайван, аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл
Сэтгүүлчид Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуулт асууж байгаа нь. Швейд, Малмо. 2018.09.12. Гэрэл зургийг Жереми Расселл
Эхний асуулт нь саяхан болж өнгөрсөн Швейдийн сонгуулийн үр дүнгийн талаар түүний бодлыг асуусан юм. Тэрээр энэ талаар сайн зөвлөгөө өгөхөд тодорхой хэмжээний судалгаа хэрэгтэй боловч энэ нь түүнд боломжгүй гэдгийг хэллээ. Дээрхийн Гэгээнтэн тэдэнд хандан Швейд улс өндөр хөгжилтэй, амар тайван, баян ядуугийн ялгаа бага энэ байдлаа сайтар хадгалж явахыг хүсэв.

“Ардчилал, эрх чөлөөг хамгаалахын тулд цөмийн зэвсэг бэлддэг АНУ-ын бодлогыг би дэмждэггүй. Харин энд Швейдэд ардчилал, эрх чөлөөний чинхүү үнэ цэнийг хадгалж чадна гэж найдаж байна.”

“Ойрхи Дорнодод өрнөж буй дайны улмаас эх орондоо амьдрах боломжгүй болсон асар олон хүмүүс саяхан Европт дүрвэн ирлээ. Юуны түрүүнд тэднийг хоол хүнсээр хангаж, тусалж дэмжих нь чухал байна. Гэвч урт хугацаанд тэдэнд эрдэм мэдлэг олгох, ялангуяа тэдний хүүхэд багачуудыг сургаж чадвал хэзээ нэгэн цагт эх оронд нь энх тайван цогцлох үеэр тэд эргэн очиж эх орноо сэргээн босгох чадвартай болно гэсэн үг юм.”

Нийгмийн цахим сүлжээгээр дамжин үзэн ядалт олон нийтийг хамарч байгаа талаар асуусанд “Бид хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан. Би амар тайван, энэрэнгүй сайхан сэтгэл аз жаргалын үндсэн суурь мөн гэдгийг хүмүүст ойлгуулахыг хичээж буй. Бид сэтгэл санаагаа амар тайван байлгах тал дээр илүү анхаарах хэрэгтэй.” гэж хариуллаа.

Хятадын эдийн засаг хүчирхэгжиж буй тул зарим ерөнхийлөгч болон ерөнхий сайдууд тантай уулзахыг хүсдэг, та үүнд хэрхэн ханддаг вэ гэсэн асуултанд нэг талаасаа би албан тушаалтан гэхээсээ энгийн ард иргэдтэй уулзахыг илүүд үздэг, нөгөөтэйгүүр 2001 онд Төвөдүүд улс төрийн сонгууль явуулсны дараа шинээр сонгогдсон улс төрийн хүчинд өөрийн бүрэн эрх мэдлээ хүлээлгэн өгсөн хэмээн тайлбарласан юм. Үүгээр Далай Лам нар Төвөдийн төр, шашны тэргүүн болдог уламжлалын төгсгөл болж тэрээр улс төрийн ажлаас чөлөөлөгдсөн байна.

“Амар тайван, аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Малмо хотод сэтгүүлч нартай улзаж байгаа нь. Швейд, Малмо. 2018.09.12. Гэрэл зургийг Малин Киглстром
Цаг уурын өөрчлөлтөнд санаа зовдог эсэхийг асуусанд түүний амьдардаг Дарамсала хотод цас бага ордог болсныг анзаарсан гэдгээ хэлэв.

“Цаашид хэрхэх ёстой вэ? Үйлдвэрийн бохирдол ихээр ордог болсны улмаас Стокхолмын гол загасгүй болсон байна. Үйлдвэрүүд голыг бохирдуулахаа больсноос хойш загас эргэн иржээ. Бид өөрсдийн зан төлөв, амьдралын хэв маягаа өөрчлөх хэрэгтэй. Жишээлбэл Парисын гэрээ гэх мэт зүйлүүд дээр үндэслэн хамтран ажиллах нь чухал байна.”

Дээрхийн Гэгээнтэн өөр нэгэн асуулт асуусан хүнтэй санал нэгдлээ. Тэрээр зэр зэвсгийн үйлдвэрлэл болон худалдааг зогсоох нь өнөөгийн дэлхийд чухал байгааг дурдсан юм. Тэрээр Нобелийн энх тайвны шагналтнууд энэ тал дээр илүү анхаарч ажиллах шаардлагатай гэж үздэг ажээ. Хэдэн жилийн өмнө Ромд Нобелийн энх тайвны шагналтнууд цөмийн зэвсгийг устгах талаар хуралдсан бөгөөд тэр хуралд Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ цөмийн зэвсэгтэй улс орнууд цөмийн зэвсгээ устгах дэс дараалалтай ажлын хөтөлбөр гаргах хэрэгтэй байна гэсэн санал дэвшүүлсэн боловч ямар ч үр дүн гараагүй ажээ. Тэрээр ерөнхийлөгч асан Обама, Энэтхэгийн энх тайвны шагналт Кайлаш Сатяарти нараас энэ ажилд идэвхийлэн оролцохыг хүсчээ.

Дараа нь Малмо ордонд хүрэлцэн ирэхэд 1,200 гаруй хүмүүс түүнийг угтав. Швейдийн телевизийн нэвтрүүлэгч, сэтгүүлч Каттис Ахалстром түүнийг цугласан олонд танилцууллаа. Тэрээр эхлээд Лиза Екдал болон Рикард Содерберг нарын дуу дуулахыг сонсохыг хүссэн ба Дээрхийн Гэгээнтэн уг дуунд талархалтай хандав. Яриагаа эхлэхийн өмнө Дээрхийн Гэгээнтэн хүмүүсийн царайг тод харахын тулд тэдний зүг илүү гэрэл тусгахыг хүслээ.

“Амар тайван, аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл
Сэтгүүлч Каттис Ахалстром Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг танилцуулж байгаа нь. Швейд, Малмо. 2018.09.12. Гэрэл зургийг Жереми Расселл
“Ахан дүүс минь! Бид хүн төрөлхтөн гэдгээрээ адилхан. Швейд, Төвөд гэх ялгаа маань хоёр дахь түвшний асуудал мөн. Бид бие махбодь, сэтгэл хөдлөл, оюун ухамсарын хувьд адилхан билээ. Бидэнд тохиож буй олон асуудлууд, нэг нэгээ дээрэлхэх, хуурах, хорлох зэрэг олон асуудлыг бид өөрсдөө бий болгосон юм. Хүмүүс бид нэгдэн амьдардаг тул хамтын нийгмээс бидний амьдрал шалтгаалдаг. Иймээс бид өөрсдийн бий болгосон олон асуудлыг шийдэх, бусдын сайн сайхны төлөө үүрэг хүлээн ажиллах шаардлагатай болж буй.”

“Бидэнд найз нөхөд хэрэгтэй, энэ нь бусдад анхаарал хандуулсны үр дүнд ирдэг. Бүр энгийнээр үзвэл хэдий хэмжээнд бусдын төлөө анхаарал хандуулна тэр хэмжээнд хувийн ашиг сонирхол тань гүйцэлдэх болно шүү дээ.”

“Сүүлийн дөчөөд жилийн хугацаанд би шинжлэх ухааны сансар судлал, физик, неврологи, сэтгэл судлалын гэх олон салбарын хүмүүстэй уулзаж ярилцаж байна. Нэг удаагийн уулзалтанд судлаачид хэлд ороогүй хүүхдүүдийн судалгааг харуулсан юм. Тэд хүүхдүүдэд хоёр янзын бичлэг үзүүлжээ. Нэг нь бусдад тусалж буй, нөгөө нь бусдыг хорлож буй дүрс бичлэг үзүүлэхэд балчир хүүхдүүд бусдад тусалж буй бичлэгийг таатай хүлээн авч, харин хорлож буй бичлэгийг хараад тавгүйтсэн байна.”

“Энэрэнгүй сайхан сэтгэл нь ямар нэгэн хардалтыг үгүй болгож, цаашлаад таньд үнэнч шударга зан төлвийг суулгах болно. Дэлхийн долоон тэрбум хүмүүс бүгд эхээс төрж, эхийн энэрэл хайрын хүчээр өсөж торнисон. Миний хувьд энэрэл хайрын хичээл заасан анхны багш маань ээж минь байсан юм.”

“Амар тайван, аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам илтгэл тавьж байгаа нь. Швейд, Малмо. 2018.09.12. Гэрэл зургийг Ерик Торнер
“Би өөрийгөө ердийн нэгэн хүн гэж боддог. Бусдаас онцгой, эсвэл Далай Лам гэж ялгарахыг хүсдэггүй. Би хэнтэй ч уулзсан инээмсэглэн угтдаг. Миний өдөр тутмын бясалгал маань хамаг амьтдыг энэрэн хайрлах дадлага юм. Тиймээс би та нартай “Ахан дүүс минь” гэж мэндэлсэн билээ. Бид уг үндсэндээ адилхан байсаар атал нэг нэгнээ улс үндэс, шашин шүтлэг, арьс өнгөөр ялгаварлах нь асуудал бэрхшээлийн эхлэл л болохоос өөр үр дүнгүй.”

“Мөн би шашин хоорондын эв зохицлыг чухалчилдаг. Шашны нэрийн дор дайн тулаан хийж, нэг нэгнээ егүүтгэж байгаа нь санаанд багташгүй зүйл юм. Энэтхэгт адил бус олон шашин өөрсдийн онцлогоос үл хамаарч эв нэгдэлтэй оршиж байна.”

“Бид өөрсдийн туршлагаас ч мэдэх боломжтой. Хэдий хөрөнгө чинээ муутай ч нэг нэгнээ хайрладаг, нэг нэгэндээ итгэдэг гэр бүл илүү аз жаргалтай байдаг бол хичнээн эд хөрөнгөтэй ч нэг нэгэндээ итгэдэггүй гэр бүл аз жаргалгүй байдаг. Залуу эмэгтэйчүүд гоо сайхныхаа төлөө цаг, мөнгө нэлээдгүй үрдэг боловч хичнээн сайхан гоёж будсан ч таны царай ууртай ширүүн л бол хэнд ч таалагдахгүй гэдгийг би байнга хэлдэг.”

“Энэтхэгт цагаачлан ирсний дараа миний сайн таньдаг нэгэн лам маань энгийн болж эхнэр авсан юм. Нэгэн удаа би түүгээр тоглож, танай эхнэрийн жинхэнэ царай ямар вэ гэж асуусан юм. Гэтэл тэр надад хэлэхдээ манай эхнэр онцгой царайлаг биш байж болох ч түүний дотоод гоо үзэсгэлэн нь гайхалтай гэж билээ. Тухайн үед би юу ч хэлж чадалгүй өнгөрсөн бөгөөд дотоод гоо үзэсгэлэн – сайхан сэтгэл гэр бүл болохын гол түлхүүр нь юм байна гэдгийг ойлгож авсан юм.”

“Амар тайван, аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүмүүсийн сонирхосон асуултанд хариулж байгаа нь. Швейд, Малмо. 2018.09.12. Гэрэл зургийг Ерик Торнер
Каттис Ахалстром танхимаас ирсэн асуултуудыг Дээрхийн Гэгээнтэнд уншиж танилцуулав. Эхний асуулт нь Европт ирж буй цагаачдын тухай байлаа. Тэрээр мөн адил эхний ээлжинд тэдэнд тус дэмжлэг үзүүлэх нь чухал. Цагаачид алсдаа өөрсдийн эх нутагтаа харихыг хүсч буй. Тиймээс тэдний эх оронд энх тайвныг бүрдүүлэх нь чухал байна. Үүний зэрэгцээ хүүхэд залуучуудыг сургаж, эрдэм мэдлэгтэй болгох хэрэгтэй. Ямартаа ч та нар тэдэнд юугаар тус болж чадахаа харж үзэх хэрэгтэй байна.” гэж хариулав.

“Бид сүүлийн 60 жил цагаачлан амьдарч байна. Бидний зорилго бол эх орондоо эргэн очиж, нутаг орноо сэргээн босгох явдал юм. Бид Энэтхэгт байх хугацаандаа өөрсдийн хүүхэд багачуудыг эрдэм мэдлэгтэй болгох, мөн өөрсдийн хэл, соёлоо хадгалж үлдэхийн төлөө нэлээдгүй ажилсан. Учир нь цагийн нөхцөл байдал өөрчлөгдөхөд бид эх нутагтаа эргэн очиж, сэргээн босгох ажилд бэлэн байх ёстой.”

Нийгмийн үзэн ядалтын талаар асуусанд тэрээр хүмүүс бидэнд гайхалтай саруул оюун ухаан, хэл яриа заяасан боловч үүнийг сөрөг буруу зүйлд ашиглавал айхтар хор хөнөөлтэй болохыг тэмдэглэн хэлэв. Арслан, бар гэх мэт араатан амьтад зөвхөн өлссөн үедээ бусад амьтад руу дайрдаг гэлээ. Амьтны хүрээлэнд араатан амьтдыг сайн тэжээх аваас тэд бусад амьтад руу дайрдаггүй байна.

“Амар тайван, аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам хүмүүсийн сонирхосон асуултанд хариулж байгаа нь. Швейд, Малмо. 2018.09.12. Гэрэл зургийг Малин Киглстром
Тэрээр орчин үеийн боловсролын системд сэтгэлийг хэрхэн аз жаргалтай болгох талын сургалт хангалтгүй байгааг хэлэв. Биеийн эрүүл мэнд бидэнд чухал байгаатай адил сэтгэл санаагаа цэвэр, эрүүл байлгах нь чухал. Хэрэв ийм сургалт явуулж чадвал залуу үе маань дотоод сэтгэлийн амар амгаланг олж чадах болно гэв. Тэрээр боловсролын систем шашнаас ангид арга замаар хүмүүст дотоод сэтгэлийн үнэ цэнэ, ёс суртахууны мэдлэг олгох тал дээр анхаарах хэрэгтэй гэлээ. Мөн Энэтхэг орон орчин үеийн мэдлэг боловсролыг эртний Энэтхэгийн оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн талаарх гүн мэдлэг боловсролтой холбож чадах орон гэж итгэдэг гэдгээ дурдсан юм.

Дараа нь хэрхэн өөдрөг байх талаар асуулаа. Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа хэрэв илүү сайхан дэлхийг бий болгохыг хүсч байвал одооноос эхлэн залуу хойч үеэ энэхүү эрдэм мэдлэг ухаанд суралцуулж, тэднийг өөрчилж чадвал ойрын 30 жилийн хугацаанд өөдрөг үр дүн гарна гэдэгт итгэлтэй байгаагаа мэдэгдэв.

Төгсгөлд нь Бирте Муллер Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд хүрэлцэн ирж сонирхолтой яриа хийсэнд талархал илэрхийлсэн ба энэхүү уулзалтанд оролцож буй өөрийн ач хүүгээ танилцуулав.

“Амар тайван, аз жаргалтай амьдрах урлаг” сэдэвт илтгэл
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам "Ай М" байгууллагын дарга Бирте Муллерийн ач хүүгийн зүг гар даллаж байгаа нь. Швейд, Малмо. 2018.09.12. Гэрэл зургийг Жереми Расселл
Дараа нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Ай М” байгууллагын ивээн тэтгэгчид болон дэмжигчидийн хамт үдийн зоог барьлаа. Энэ үеэр Анн Свенсен ахин зэвсгийн төмрөөр хийсэн тоглоом, цаг, чимэг зүүлтийн талаар Дээрхийн Гэгээнтэнд сонирхуулав. Тэрээр хүрэлцэн ирсэн бүх зочдод талархал илэрхийлсэн юм.

Төгсгөлд нь Дээрхийн Гэгээнтэн Далай Лам: “Хоол унд нь бидний биеийн хүчийг сэлбэдэг. Гэвч амар тайван дотоод сэтгэлийн удирдлага үгүй бол биеийн хүч чадал аюултай. Гадаад зэвсгийг устгах ажил нь дотоод сэтгэлийн зэвсгээс татгалзахтай зэрэгцэн явах ёстой. Танай “Ай М” байгууллага үүний төлөө хүчин чармайлт гаргаж байгаад би туйлын баяртай байгаад зогсохгүй дэлхийн энх тайванд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.” гэлээ.

Зоогийн дараа Дээрхийн Гэгээнтэн Далай Лам “Ай М” байгууллагын гишүүдтэй хамт зургаа татуулснаар энэ өдрийн үйл явдал өндөрлөв. Маргааш тэрээр Малмогийн их сургуулийн сурагч оюутнуудтай уулзана.
Үзсэн: 11 869
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц