Энэтхэг, Химачал Прадеш, Дарамсала, 2014 оны 9 дүгээр сарын 13 (ДЛО) - Өнөөгийн нийгэмд, ялангуяа Энэтхэгийн нөхцөлд хамгийн чухал асуудал болоод байгаа зарим асуудлыг хэлэлцэх үүднээс Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэг дэх янз бүрийн шашны уламжлалын уулзалтыг санаачлан хуралдуулах гэж байна. Энэхүү түүхэн уулзалт 2014 оны 9 дүгээр сарын 20, 21-ний өдрүүдэд Шинэ Дели хотноо болно.
Энэтхэг орон нь гүн ухааны урсгалууд, шашин шүтлэгийн олон янзын тогтолцоог бий болгосны зэрэгцээ дэлхийн хамгийн том соёл иргэншлийн нэгийг төрүүлсэн орон билээ. Санхя, Иога, Вайшасика, Ная, хожим нь Мимамса, Бодх, Жайн, Чарвака урсгалууд бий болон, харилцан бие биедээ нөлөөлсөөр хөгжихийн хамт тэдний хоорондын мэтгэлцээн өндөр хэмжээнд явагдсаар ирсэн байна. Үүний зэрэгцээ дэлхийн томоохон шашнуудын ихэнх буюу Вед, Шайва, Жайн, Буддизм, Кабир болон Сикхийн шашнууд Энэтхэгт үүсч бий болсон. Тэдгээр төрөлх шашин дээр нэмэгдэн, Христ, Лал, Зороастрианизм, Иуд болон Бахайн шашин Энэтхэгт дэлгэрч, цэцэглэн хөгжиж байна. Иймээс Энэтхэг орон шашны олон ургальч үзэл, эв зохицлын бодит жишээ болж байна. Энэ утгаараа дэлхийн томоохон шашин, шашны уламжлалууд хэдэн мянган жилийн турш Энэтхэгт энх тайвнаар зэрэгцэн оршиж, харилцан бие биенээ хүндэтгэж, эв зохицлыг ханган мөр зэрэгцэн хөгжиж ирсэн байна.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Рамакришна сүмд Олон Шашинтны
Мөргөлийн үеэр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2012.9.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дараах нийтлэг асуудал нь шашны удирдагчдын хамтдаа уулзаж ярилцахын үндэс болж байна. Үүнд:
• Нигүүлсэхүй үзэл, хүлээцтэй байдал, өршөөл энэрэл болон хувийн сахилга бат гэсэн хүмүүний үндсэн үнэт зүйлсийг ард иргэдийн дунд дэлгэрүүлэх шаардлага,
• Хүчирхийллээс хамгаалах, зөрчлийг шийдэх хамгийн үр дүнтэй арга нь яриа хэлэлцээ гэдгийг хүн төрөлхтний түүх батлан харуулсан. Шашны томоохон сургаалиудын зүрхэнд оршдог яриа хэлэлцээний үзэл санааг өнөөгийн харилцан хамааралтай, харилцан холбоотой дэлхий ертөнцөд хөгжүүлэх,
• Баян, ядуугийн ялгаа нь хүчирхийлэл болон шударга бус явдал зэрэг хүмүүсийн олон төрлийн хямралын бодит эх сурвалж болдог учраас түүнийг арилгах,
• Хориннэгдүгээр зуун нь бие бялдрын хүч тамираас илүү боловсрол үнэлэгдэх маш соёлтой зуун болох төлөвтэй. Хүн төрөлхтний тал хувийг эзэлж байгаа эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах нь хоцрогдлын тод илрэл болж байна. Эмэгтэйчүүд адил тэгш хүндлэл хүлээгээд зогсохгүй, дэлхий ертөнцийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулах боломжоор хангагдах,
• Долоон тэрбум орчим хүн төрөлхтний ганц орон гэр нь эх дэлхий билээ. Эх дэлхийгээ сүйтгэх бус, гол, далай, ой мод зэрэг байгаль орчноо боломжийн хэрээр хамгаалж, байгалийн баялгийн зохистой хэрэглээг хангах чиглэлийн мэдлэгийг төлөвшүүлэх,
• Цаг хугацаа урсан өнгөрөх явцад бүхий л соёл, шашны уламжлалд тодорхой зарим зан заншил хоцрогдож ирдэг. Тэдгээр хуучин зан заншил, зан үйлийг эргэж харах шаардлага,
• Дэлхий нийтэд ёс суртахууны доройтол газар авч байгаа нь орчин үеийн боловсролын тогтолцооны төгс бусын тод илрэл мөн. Боловсролын тогтолцоо нь шашны болон шашингүйчүүдийн алинд нь ч хүлээн авч болохуйц хүртээлтэй байдаг учраас тэрхүү тогтолцоонд ёс зүйг хэрхэн баталгаатай болгож, нэвтрүүлэх талаар бид бодох хэрэгтэй.
• Бидний өөрсдийн болон гариг ертөнцийн маань харилцан хамааралтай ирээдүй, тэгш эрх болон хөгжлийн янз бүрийн асуудалтай дэлхий ертөнц тулгарч байгаа учраас дотоод амар амгалан болон нийгмийн эв зохицлыг хэвшүүлэх боломж шашны бүх уламжлалд бий. Харамсалтай нь, тэд зөрчилдөөн болон үл зохицолдохуйг үүсгэх бас боломжтой. Гэхдээ шашин хувь хүний ялгааг алгасан, байгалийн гамшиг, хүний гараар бүтсэн хямрал, зөрчилдөөнийг ялах, сөрөхийн тулд хүчирхэг болох үүрэгтэй.
• Ёс суртахууны чиглэл, түүнчлэн иргэний үнэт зүйлийн хүрээнд биднийг нэгтгэх, бясалгал хийх, зөвлөх, туслах үйл ажиллагаа явуулах механизм бий болгох нэн шаардлагатай байна. Хамтын сайн сайхан ирээдүйн төлөө хамтдаа хөдөлмөрлөх боломжийг бидэнд олгох стратегийг боловсруулах, хэрэгжүүлэх нь туйлын чухал хэрэг болоод байна.
Шашны уламжлалуудын эв зохицол туйлын чухал байгаа тохиолдолд тэрхүү эв зохицлыг хөгжүүлэх үүднээс Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын дэвшүүлсэн 4 арга хэмжээг энд дурдах нь зүйтэй. Үүнд:
• Шашны янз бүрийн уламжлалын төлөөлөл эрдэмтэн мэргэдийн уулзалт: Шашин хоорондын нийтлэг болон ялгаатай талыг олж харах нь хүмүүсийн оюуны янз бүрийн чадавхид таарсан олон төрлийн хандлага шаардлагатай байгааг ойлгох, хүлээн зөвшөөрөх явдлыг бэхжүүлэхэд тусална.
• Янз бүрийн шашны зүтгэлтнүүдийн уулзалт: Шашны зүтгэлтнүүд сайхан сэтгэл, өршөөл энэрэл, сэтгэл ханамж, хувийн сахилга батын талаархи туршлагаа харилцан хуваалцсанаар бүх шашны түгээж байгаа илгээлт нь үндсэндээ ижил гэдгийг илтгэх болно. Үүний үр дүнд бусад шашныг жинхэнэ утгаар нь хүндэтгэх болно.
• Шашны удирдагчдын уулзалт: Шашны удирдагчид нэг газар цуглараад, “ЭНХ ТАЙВАН”-ы төлөө дуу хоолойгоо нэгтгэснээр хуваагдахгүй байж, нэгдмэл байдлаа хадгалахад нь сүсэгтэн олондоо урам зориг өгнө.
• Янз бүрийн шашны сүсэгтнүүд бүх шашны ариун газруудаар мөргөл хийнэ.
Томоохон шашнууд бүгд олон жилийн туршид хүмүүний аливаа асуудлыг шийдэх янз бүрийн шийдлийг олж, тайтгарлыг түгээсээр ирсэн. Ядуурал, гэмт хэрэг, хүчирхийлэл, бие махбодь болон оюуны эрүүл мэндийн асуудал, байгаль орчны доройтол, боловсролын болон эрүүл мэндийн байгууламжийн дутагдал зэрэг нийгмийн доголдолтой асуудлыг шийдэх мэдлэг, нөөц бололцоо тэдний өөрсдийнх нь дотоодод буй. Бүх соёл, уламжлалыг агуулж байдаг ёс зүйгээр нийгмийн асуудлуудыг шийдэж, хүний нийгмийн бүтээлч хөгжлийг хангах бүрэн боломжтой. Саруул ухаан, нигүүлсэхүй, хүчирхийллийн бус арга замаар хүмүүсийн асуудал хийгээд байгаль орчны асуудлыг шийдэх боломжтой бөгөөд улмаар илүү амар амгалан, эв зохицол, аз жаргал бүхий нийгэм рүү хөтөлнө гэдэгт эргэлзээ байхгүй. Угширсан олон асуудлыг шийдвэрлэх, ёс зүйг дэлгэрүүлэхэд хүч хөдөлмөрөө нэгтгэх үүднээс стратеги бодлого боловсруулахад нь шашны удирдагч нарт энэхүү уулзалт тавцан болно гэдэгт итгэлтэй байна. Уулзан учирч, хэлэлцүүлэгт оролцсоноор уулзалтын үр дүнд энэ чиглэл дэх хүчин чармайлт нягтарна гэдэгт найдаж байна.