Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 9 дүгээр сарын 22- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентын гишүүн Ражеев Чандрасекар болон Ашока их сургуулийн урилгаар Энэтхэгийн Амьдрах Орчны төвд уригдан яриа хийлээ. Ноён Чандрасекар нь Энэтхэгийн Парламентын дээд танхим болох Ражья Сабхад Каматака болон Банглор мужийг төлөөлсөн бие даасан гишүүн юм. Ашока их сургууль нь бүтэн байрлаж сурдаг сургууль бөгөөд үндэслэгчид нь боловсрол бол цогц бөгөөд либерал байх ёстой хэмээн итгэдэг ажээ. Ноён Чандрасекар хэлсэн үгэндээ Дээрхийн Гэгээнтнийг энх тайван хийгээд зэрэгцэн оршихуйг дэмжин сурталчлагч хэмээн магтав.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Амьдрах
Орчны төвд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2014.9.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Тиймээс ‘бид’ ба ‘тэд’ гэсэн утгаар сэтгэх нь ашиг тусгүй юм. Дэлхийн 7 тэрбум хүний ердөө нэг нь л гэж би өөрийгөө боддог. Хэрвээ би өөрийгөө бусдаас өөр, арай онцгой гэж бодох аваас бидний харьцаанд саад тотгор гарна. Бид бүгд аз жаргалтай амьдарч, найд нөхдөөрөө хүрээлүүлэн, нөхөрлөл маань итгэлцэл, шударга, нээлттэй байдал дээр суурилаасай хэмээн хүсдэг. Энэ нь хүмүүсийн нэгдмэл байдлын өөр нэг тал юм. Хэрвээ бид бусдыг ялбал өөрсдөө мөн хор хөнөөлийг нь амсаж, бусад хүн амжилттай байвал үр шимийг нь бид мөн эдэлнэ.”
Тэрээр янз бүрийн шашин нэг зорилгод хүрэхийн тулд хэрхэн өөр өөр хандлагаар ханддаг тухай тайлбарлан ярив. Теист урсгалууд бурхан, эсвэл бүтээгчид итгэдэг бол самхья, жайн болон буддизм зэрэг теист бус урсгалууд өөрөө бүтэх жам ёсонд итгэдэг. Самхья болон жайн уламжлал бие, сэтгэлийн бие даан оршихуйд итгэдэг ч, буддизм үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ энэ нь “би” огт оршдоггүй гэсэн үг бус, харин бусад хүчин зүйлсээс хамааралтайгаар оршдог гэдгийг тэрээр тайлбарлан хэллээ.
Бурханд үйлчлэх хамгийн сайн арга нь бусдад үйлчлэх явдал хэмээн зарим нь хэлдэг бол, бусдад хор хөнөөл үзүүлэхийн оронд тусалж, тэдэнтэй хайр энэрлээр харьцах нь өнө мөнхийн итгэл, нөхөрлөлд хүргэдэг гэдэг нь мөн батлагдсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн сануулан хэлэв. Баян чинээлэг, хүч чадалтай нэгэнд татагдсан нөхөрлөл нь урт насгүй, баялаг, хүч чадлын нөхөрлөл байх талтай.

Дээрхийн Гэгээнтнээс асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2014.9.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Сайхан сэтгэл нь бидний оюун санааны хийгээд бие махбодийн эрүүл мэндэд тустай гэдгийг батлаад, бясалгал болон нигүүлсэхүйн дасгал хийхээс нь өмнө хүүмсийн бие махбодийг шинжилсэн жишээг Дээрхийн Гэгээнтэн дурдан ярилаа. Долоо хоногийн турш, өдөрт 30 минут нигүүлсэхүйг бясалгасан хүмүүс стресс багатай болж, даралт нь бууран, хүнтэй харилцах харилцаа нь сайжирсан байна.
Хүслийн үүргийн тухай асуултад,
“Хүсэл бол амьдралын нэг хэсэг бөгөөд жишээ нь яг одоо бид бүгд үдийн хоол идэхийг хүсч байна. Жам ёсны хүсэл байхгүй бол бид бүгд үхнэ. Харин сэтгэл хангалуун байх шаардлагатай үед бид хэтэрхий их зүйл хүсдэгт асуудал оршиж байна. Гэхдээ сэтгэл ханамж нь улс орны хувьд бус, харин хувь хүний хувьд зохимжтой бөгөөд улс орны тухайд бол хөгжих шаардлагатай. Бусдыг ялан дийлэх сэтгэл болон ёс суртахууны доройтол нь ялагдлын эх сурвалж учраас бидэнд өөр нэг хэрэгтэй зүйл нь өөртөө итгэх итгэл мөн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.
Амьдрах Орчны төвөөс Дээрхийн Гэгээнтэн шууд нисэх буудал явж, Дарамсалагийн зүг хөлгийн жолоо залсан байна.