Нэг дэлхий, нэг ирээдүй, нэг ард түмэн

25-09-2014, 18:28  |  Хэвлэх

2014 оны 9 дүгээр сарын 23

Энэтхэг, Шинэ Дели, 2014 оны 9 дүгээр сарын 22- Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Парламентын гишүүн Ражеев Чандрасекар болон Ашока их сургуулийн урилгаар Энэтхэгийн Амьдрах Орчны төвд уригдан яриа хийлээ. Ноён Чандрасекар нь Энэтхэгийн Парламентын дээд танхим болох Ражья Сабхад Каматака болон Банглор мужийг төлөөлсөн бие даасан гишүүн юм. Ашока их сургууль нь бүтэн байрлаж сурдаг сургууль бөгөөд үндэслэгчид нь боловсрол бол цогц бөгөөд либерал байх ёстой хэмээн итгэдэг ажээ. Ноён Чандрасекар хэлсэн үгэндээ Дээрхийн Гэгээнтнийг энх тайван хийгээд зэрэгцэн оршихуйг дэмжин сурталчлагч хэмээн магтав.

Нэг дэлхий, нэг ирээдүй, нэг ард түмэн
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Энэтхэгийн Амьдрах
Орчны төвд үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2014.9.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Хүндэт ахан дүүс нар аа, Бидний 7 тэрбум хүмүүний төрөлтөн бүгд ахан дүүс бөгөөд хэн маань ч эхийн хэвлийгээс мэндэлж, хэн нэгний халамж тусламжаар эсэн мэнд бойжсон билээ. Өнгөрсөн үед хүмүүс бие даан, бие биенээсээ тусгаарлагдмал орчинд амьдарч чаддаг байсан бол өнөө үед бид бүгд илүү харилцан хамааралтай амьдарч байна. Уур амьсгалын өөрчлөлт, дэлхийн эдийн засгийн хүндрэл бүх хүнд нөлөөлж, түүнийг бид хамтдаа шийдэх ёстой болоод байна” хэмээн тэрээр яриагаа хэлэв.

“Тиймээс ‘бид’ ба ‘тэд’ гэсэн утгаар сэтгэх нь ашиг тусгүй юм. Дэлхийн 7 тэрбум хүний ердөө нэг нь л гэж би өөрийгөө боддог. Хэрвээ би өөрийгөө бусдаас өөр, арай онцгой гэж бодох аваас бидний харьцаанд саад тотгор гарна. Бид бүгд аз жаргалтай амьдарч, найд нөхдөөрөө хүрээлүүлэн, нөхөрлөл маань итгэлцэл, шударга, нээлттэй байдал дээр суурилаасай хэмээн хүсдэг. Энэ нь хүмүүсийн нэгдмэл байдлын өөр нэг тал юм. Хэрвээ бид бусдыг ялбал өөрсдөө мөн хор хөнөөлийг нь амсаж, бусад хүн амжилттай байвал үр шимийг нь бид мөн эдэлнэ.”

Тэрээр янз бүрийн шашин нэг зорилгод хүрэхийн тулд хэрхэн өөр өөр хандлагаар ханддаг тухай тайлбарлан ярив. Теист урсгалууд бурхан, эсвэл бүтээгчид итгэдэг бол самхья, жайн болон буддизм зэрэг теист бус урсгалууд өөрөө бүтэх жам ёсонд итгэдэг. Самхья болон жайн уламжлал бие, сэтгэлийн бие даан оршихуйд итгэдэг ч, буддизм үүнийг үгүйсгэдэг. Гэхдээ энэ нь “би” огт оршдоггүй гэсэн үг бус, харин бусад хүчин зүйлсээс хамааралтайгаар оршдог гэдгийг тэрээр тайлбарлан хэллээ.

Бурханд үйлчлэх хамгийн сайн арга нь бусдад үйлчлэх явдал хэмээн зарим нь хэлдэг бол, бусдад хор хөнөөл үзүүлэхийн оронд тусалж, тэдэнтэй хайр энэрлээр харьцах нь өнө мөнхийн итгэл, нөхөрлөлд хүргэдэг гэдэг нь мөн батлагдсан хэмээн Дээрхийн Гэгээнтэн сануулан хэлэв. Баян чинээлэг, хүч чадалтай нэгэнд татагдсан нөхөрлөл нь урт насгүй, баялаг, хүч чадлын нөхөрлөл байх талтай.

Нэг дэлхий, нэг ирээдүй, нэг ард түмэн
Дээрхийн Гэгээнтнээс асуулт асууж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2014.9.22. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Танхимаас тавьсан асуултад Дээрхийн Гэгээнтэн хариулахдаа, Төвдийн буддизм нь Наланда их сургуулийн уламжлалыг хадгалж үлдсэн, төвд хэл нь тэрхүү гүн гүнзгий мэдлэгийг хамгийн тодорхой илэрхийлэх арга хэрэгсэл хэмээн тайлбарлав. Урьд Нагаржуна болон Наландагийн агуу их сэтгэгчдийн зохиол бүтээлууд түүний сэтгэлийг хамгийн ихээр татдаг байсан тухай тэр дурсан ярилаа. Өндөр боловсрол эзэмшсэн хэрнээ аль болох энгийн амьдрал сонгосон Махатма Гандигийн үлгэр дууриалаас сүүлийн үед ихээхэн урам зориг авах болсноо тэрээр хүүрнэсэн байна. Материализмд чиглэсэн өнөөгийн боловсролын тогтолцоонд ямар нэг зүйл дутагдаж байгаа бөгөөд Дээрхийн Гэгээнтний иргэний ёс зүй хэмээн нэрлээд байгаа хүний дотоод үнэ цэнэт зүйлийг нэвтрүүлэх замаар дээрхийг нөхөх боломжтой хэмээн итгэж буйгаа илэрхийлэв.

Сайхан сэтгэл нь бидний оюун санааны хийгээд бие махбодийн эрүүл мэндэд тустай гэдгийг батлаад, бясалгал болон нигүүлсэхүйн дасгал хийхээс нь өмнө хүүмсийн бие махбодийг шинжилсэн жишээг Дээрхийн Гэгээнтэн дурдан ярилаа. Долоо хоногийн турш, өдөрт 30 минут нигүүлсэхүйг бясалгасан хүмүүс стресс багатай болж, даралт нь бууран, хүнтэй харилцах харилцаа нь сайжирсан байна.

Хүслийн үүргийн тухай асуултад,

“Хүсэл бол амьдралын нэг хэсэг бөгөөд жишээ нь яг одоо бид бүгд үдийн хоол идэхийг хүсч байна. Жам ёсны хүсэл байхгүй бол бид бүгд үхнэ. Харин сэтгэл хангалуун байх шаардлагатай үед бид хэтэрхий их зүйл хүсдэгт асуудал оршиж байна. Гэхдээ сэтгэл ханамж нь улс орны хувьд бус, харин хувь хүний хувьд зохимжтой бөгөөд улс орны тухайд бол хөгжих шаардлагатай. Бусдыг ялан дийлэх сэтгэл болон ёс суртахууны доройтол нь ялагдлын эх сурвалж учраас бидэнд өөр нэг хэрэгтэй зүйл нь өөртөө итгэх итгэл мөн” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариулав.

Амьдрах Орчны төвөөс Дээрхийн Гэгээнтэн шууд нисэх буудал явж, Дарамсалагийн зүг хөлгийн жолоо залсан байна.
Үзсэн: 2 324
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц