Энэтхэг, Шинэ Дели. 2014 оны 11 дүгээр сарын 20 – Арравили толгодын хамгийн хойд хэсэгт орших Жавхарлал Неругийн нэрэмжит их сургуулийн кампус дээр Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд их сургуулийн захирал, проф. Кастуриранган, дэд захирал, проф. С.К.Сопори болон захиргааны бусад ажилтан угтан авлаа. Лекц эхлэхийн өмнө тэрээр их сургуулийн удирдлагатай богино хугацаанд зөвлөлдөв.

Жавхарлал Неругийн нэрэмжит их сургуулийн дурсгалын лекц
эхлэхийн өмнө 1200 гаруй хүн Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг
хүндэтгэн угтлаа. Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Бандит Неругийн хөрөг зургийн өмнө зул өргөснөөр арга хэмжээ эхлэв. Неру агсны мэндэлсний 125 жилийн ой энэ онд тохиож байгааг дэд захирал, проф. С.К.Сопори тэмдэглэн хэллээ. Хоёр жилийн өмнө Жавхарлал Неругийн дурсгалд зориулсан 9 дэх удаагийн лекцийг ерөнхийлөгч асан А.П.Ж. Абдул Калам, 10 дахь удаагийн лекцийг өнгөрсөн жил ерөнхийлөгч Пранаб Мухержи уншсан бол энэ удаагийн 11 дэх удаагийн лекцийг унших урилгыг хүлээн авч зөвшөөрсөн Дээрхийн Гэгээнтэнд тэрээр талархаж буйгаа илэрхийлсэн байна. Лекцийн зорилго нь хүнлэг ёс, хүлээцтэй байдал, үнэний эрэл ба үзэл санааны талаар Неругийн баримталж байсан зарчимтай холбоотой мэдлэгийг түгээн дэлгэрүүлэх явдал ажээ.
Жавхарлал Неругийн нэрийг зүүсэн, 8000 гаруй оюутан, 540 багш ажилтан бухий уг их сургууль янз бүрийн үзэл бодлыг хүндэтгэж, яриа хэлэлцүүлэг өрнүүлэхийг эрхэм зорилго болгодог ажээ. Энх тайван хийгээд хүчирхийллийн бус Энэтхэгийн өнө эртний үнэт тогтолцоог их сургууль баримталдаг тухай захирал, проф. К.Кастуриранган нэмж хэллээ.
“Хүндэт ахан дүүс ээ, хүмүүний үндсэн түвшинд бид бүгд адил, та бүхэн ч өөр хоорондоо ахан дүүс гэдгийг би үргэлж цохон тэмдэглэдэг. Дэлхий дээрх 7 тэрбум хүн бие махбодийн хувьд, оюун ухааны хувьд, сэтгэл санааны хувьд бүгд ижил. Мэдээж хамрын хэмжээ, үсний өнгө зэргээрээ бид өөр хоорондоо бага сага ялгаатай ч, энэ бүхэн хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйлс. Бид бүгд нэг л янзын тархитай учраас яс үндэс, шашин шүтлэг, эсвэл арьс өнгөний ялгаа нь онц ач холбогдолтой биш юм.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жавхарлал Неругийн нэрэмжит их
сургууль дээр "Дэлхий дахины энх тайванд хандах хүмүүний
хандлага" сэдвээр Неругийн дурсгалд зориулсан 11 дэх удаагийн
лекцийг уншлаа. Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Тиймээс учраас би хүн бүрийг өөрийн ах дүү хэмээн нэрлэх дуртай.”
Энэ үйл явдлыг тохиолдуулан үг хэлэхийг урьсан урилгыг нэр төрийн хэрэг хэмээн үзэж хүлээн авснаа Дээрхийн Гэгээнтэн хэллээ. Жавхарлал Неру бол Азийн хэтийн төлвийг харж чадсан Энэтхэгийн агуу их удирдагч байсан. Энэтхэг хэдийгээр эртний үндэстэн боловч, Неру болон Махатма Гандигийн удирдлага дор 1947 онд тусгаар тогтнолоо олсон юм. Тэд ямагт нэг үзэл бодолтой байгаагүй ч, ардчилал, иргэний төр, ахимса дээр суурилсан үндэстэн болгож Энэтхэг орныг хамтдаа байгуулж чадсан билээ. Дээрхийн Гэгээнтэн,
“Би Нерутай анх 1954 онд Бээжинд уулзсан юм. Энэ бол Жоу Эньлайн зохион байгуулсан төрийн хүлээн авалт байсан бөгөөд энэ үеэр тэр Неруд бусад зочдыг танилцуулж байлаа. Тэр над руу дөхөж ирээд, ‘Энэ бол Далай Лам’ хэмээн хэлэхэд Неру зог тусан, хөдөлгөөнгүй, үг дуугүй болсон. Тэр мөчид Төвөдөд өрнөж байгаа бүхэнд санаа зовж байсан нь, Пателийн болгоомжлуулсан зүйлс түүний толгойд зурвасхийснийг би мэдэрсэн юм. Миний ард зогсож байсан Банчин ринбучиг түүнд танилцуулснаар Жоу Эньлай түүний бодлыг тасалсан байх” хэмээн өгүүлэв.
“Бидний дараагийн уулзалт 1956 онд Бодгаяад болсон Будда Жаяанти баярын үеэр тохиож билээ. Тэр цаг мөчид би Нерутай хэд хэдэн удаа уулзаж, түүнээс зөвөлгөө авахыг эрэлхийлж байв. 1957 оны эхэн гэхэд миний хэд хэдэн зөвлөгч нар намайг Төвөд рүүгээ буцахгүйгээр Энэтхэгт үлдэх ёстой гэсэн үзэл бодолтой болсон байв. Харин Неру намайг гэр лүүгээ буцаж очоод, 17 зүйлт гэрээний зүйл ангийг анхаарч, түүнийг байгуулах тал дээр анхаарах ёстой хэмээн хэлж байлаа. Би ч гэр лүүгээ буцан, түүний зөвөлгөөг хэрэгжүүлэхийг хичээсэн. Яатунгт очингуутаа би Хятадын албаны хүмүүст, бид урьд хийсэн алдаагаа засч залруулахад илүү анхаарах ёстой гэж хэлсэн юм.”

Жавхарлал Неругийн нэрэмжит их сургууль дээр Дээрхийн
Гэгээнтэн Далай Ламын уншсан лекцийг сонсож байгаа нь.
Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.20. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Олон улсын хэлийн хувьд англи хэлийг дунд сургуулиуддаа зааж сургахыг тэрээр 1960 онд надад зөвлөсөн юм. Өөрийн соёл, зан заншлыг хадгалах арга зам нь хүүхэд, залуу үеэ боловсруулах явдал хэмээн тэр надад хэлдэг байв. Неру бол миний хувьд агуу дэмжигч, анд нөхөр маань байсан учраас энэхүү үйл явдалд оролцон үг хэлнэ гэдэг миний хувьд нэр төрийн хэрэг билээ.”
Дээрхийн Гэгээнтэн цааш нь өөртөө хүлээсэн гурван үүргээ танилцуулж, хүн болж төрсний хувьд хүн бүр хүн төрөлхтний сайн сайхны төлөө хариуцлага хүлээх ёстой гэж үздэг тухайгаа ярилаа. Бусдын төлөө санаа тавих нь дотоод хүч хийгээд гүн гүнзгий сэтгэл ханамжийг өгдөг хэмээн тэр хэлэв. Бид нийгмийн амьтад учраас бидэнд нөхөрлөл хэрэгтэй байдаг бөгөөд энэ нөхөрлөл чинээлэг байдал болон эрх мэдлээс бус, харин бусдын төлөө санаа зовж, тэдэнд энэрэнгүй хандсанаас буй болно.
Тэрээр айлдахдаа,
“Миний нүүр лүү харцгаа. Миний царай төрх сүүлийн 15-20 жилд онцгой өөрчлөгдөөгүй гэж найз нөхөд маань хэлдэг. Насны эрхээр үрчлээ тогтсонгүй, нууц нь юунд байна вэ? хэмээн хүмүүс асуудаг. Би тэдэнд ‘Сэтгэлийн амар амгалан’ гэж хариулдаг. Өнөөдөр сэтгэлийн амар амгалан бидний бие махбодийн эрүүл мэндэд тустай гэдгийг шинжлэх ухааны эрдэмтэд хүртэл батлах боллоо. Гэхдээ тайвшруулах эм, согтууруулах ундаа, мансууруулах бодис эсвэл мөрийтэй тоглоомын аль нь ч сэтгэлийн амар амгаланг бий болгохгүй. Дотоод үнэ цэнэт зүйлсийн төлөвшил дээр сэтгэлийн амар амгалан бий болох тухай мэдлэгийг түгээхэд миний нэгдүгээр үүрэг оршино.
Бид эд баялагт хэт шүтэж амьдарч байна. Эд материалын үр өгөөж дээр нэмээд дотоод хөгжил бидэнд хэрэгтэй байдгийг Энэтхэг орон үлгэр жишээ болгон харуулах ёстой. Шашны бүх урсгал, түүнчлэн шашингүй үзэлт бүх хүнийг тэгш хүндэтгэн үздэг Энэтхэгийн иргэний хандлагыг энд дурдах хэрэгтэй. Шашингүй үзэлт нэг тэрбум хүнийг бид үл тоомсорлож болохгүй бөгөөд тэд ч гэсэн аз жаргалын үндэс нь бидний дотоодод байдаг гэдгийг мэдэх эрхтэй. Номлол сургааль хангалттай учраас боловсролд анхаарах шаардлага бидэнд тулгарч байна. Боловсролоо сайжруулж чадвал энэ зууныг энх тайван хийгээд хүчирхийллийн бус зуун болгох боломжтой болно. Гэхдээ бид бүгдэд, ялангуяа залуу үеийнхэн та нарт үүнийг хэрэгжүүлэх хариуцлага оногдож байна” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Жавхарлал Неругийн нэрэмжит
их сургууль дээр "Дэлхий дахины энх тайванд хандах хүмүүний
хандлага " сэдвээр лекц уншлаа. Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Төвөд хүний хувьд Дээрхийн Гэгээнтний гурав дахь үүрэг нь түүнд итгэл найдвараа тээж байдаг төвөдийн ард түмэнтэй холбоотой ажээ. 2011 онд улс төрийн үүрэг хариуцлагаас чөлөөлөгдсөнийхөө дараа тэрээр энх тайвны хийгээд хүчирхийллийн бус соёл болох Төвөдийн соёлыг хадгалах, Төвөдийн байгаль орчныг хамгаалахад өөрийн хүч оюуныг зориулах болжээ. Хамгийн олон хүн ам бүхий Хятад оронд соёлын ийм үнэ цэнэт зүйл хэрэгтэй.
“Эдгээр нь миний өөртөө хүлээсэн үүрэг хариуцлага бөгөөд нийт хүн төрөлхтний өмнө тулгарч байгаа томоохон асуудлуудын талаар бодлоо чилээхийг та бүхнээс мөн хүсч байна. Зөвхөн Энэтхэг, эсвэл өөрийн муж улсын хэрэгцээ шаардлагаас хальж сэтгэх хэрэгтэй. Бурхан Багш зэрэг эртний их багш нар дэлхий ертөнцийн хэмжээнд сэтгэж байсан. Хятад улс хамгийн их хүн амтай байж болох ч, та нарт ардчилал, эрх чөлөө, хуулийг дээдлэх ёс байгаа учраас энэ давуу талаа боловсролоо хөгжүүлэхэд ашиглах хэрэгтэй.”
Танхимаас тавьсан эхний асуулт, Бурхан Багшийн номоо айлдсан арга зам нь орчин үед нийцэх эсэх тухай байлаа. Тэрээр нийцэхээр барах уу хэмээгээд, өөрийн үнэнч гэдгээ харуулахын тулд харанхуйгаар дагах бус, харин түүний хэлснийг нягтлан шинжлэх ёстой хэмээн шавь нартаа айлдсан Бурхан Багшийн үг нь шинжлэх ухааны хандлагыг санагдуулдаг гэв. Шинжлэх ухаан нь материйн талаар ихийг олж нээсэн бол эртний Энэтхэгийн сэтгэл судлаачдын бүтээлд оюун ухаан хийгээд сэтгэл хөдлөлийн талаархи мэдлэг арвин ихээр агуулагдсан байдаг. Шинжлэх ухааны ололтын хүрээнд буддизмыг дахин үнэлэх шаардлагатай эсэх талаар, мөн сансар судлалын зарим сударт бичсэнтэй шинжлэх ухаан илэрхий зөрчилдөж байгаа тухай жишээ татан ярилаа.
Төвөдийн хийгээд Хятадтай харилцах хэтийн харилцааны талаархи түүний байр суурийн тухай асуухад, энэ бол улс төрийн шинжтэй асуулт байна хэмээн хэлэв. Гэхдээ Хятад улс өөрчлөгдөж байгаа, Хятадын удирдагч Си Жиньпин Хятадын соёлд буддизмын гүйцэтгэх чухал үүргийн талаар эхлээд Францад, дараа нь Энэтхэгт мэдэгдсэн тухай тэмдэглэн хэллээ. Төвөд оюун санааны хөгжилд хүрсэн ч, материаллаг хөгжлөө анхаарах шаардлагатай. Хятадтай харилцсаных үр өгөөжийг нь хүртэх ёстой.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам арга хэмжээний дараа Жавхарлал
Неругийн нэрэмжит их сургуульд сурч байгаа төвөд оюутнуудтай
уулзахаар түр саатан зогслоо. Энэтхэг, Шинэ Дели, 2014.11.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Арга хэмжээний төгсгөлд Дээрхийн Гэгээнтэн оролцогчдод хадаг өргөн барьсан бөгөөд хадаг барих энэ уламжлал Энэтхэгээс эхтэй, хадагны материал болох торгыг Хятадад анх гаргасан, хадган дээр эв зохицлын билиг тэмдэг болсон ариун үгийг төвөдөөр бичсэн тухай тайлбарлан хэллээ. Түүний иргэний ёс зүйн талаар хэлсэн үгийг Ренука Сингх эмхэтгэн шинэ ном гаргасныг тэрээр танилцуулав. Дэд захирал, проф. Прасенжит Сен талархлын үг хэлж, боловсролоор дамжуулан хүний төлөө үйлчлэхийг холбогдох бүх хүнд хандан уриалснаар арга хэмжээ өндөрлөсөн байна. Буцах замдаа Дээрхийн Гэгээнтэн тус их сургуульд сурч байгаа төвөд оюутнуудтай уулзахаар түр саатаж, тэдэнд урам зориг, зөвөлгөө өглөө.