Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014 оны 12 дугаар сарын 29. Дээрхийн Гэгээнтэн Далай Лам өнөөдөр Балдан Лхамын жэнан хайрлах Брайбун Лачи хийдийн дуган дотор болон хашаанд хөл хөдөлгөөн ихтэй байлаа. Хүсэлтийг гаргасан Гандан Жанзэ болон Брайбун хийдийн лам нарт энэ арга хэмжээ зориулагдаж байгаа хэмээн тэр хэлэв.
Үдээс хойш Төвөдөөс ирсэн бүлэг хүмүүст хандан Дээрхийн Гэгээнтэн үг хэллээ. Тэрээр,
“Урьд нь бид нэгдмэл нэг статустай гурван муж улсад тархан суурьшиж байсан бол одоо эдгээр нутагт засаг захиргааны өөр хуваарилалт хэрэгжиж байгаа билээ. Гэхдээ бид бүгд төвөд хэлээрээ ярьсаар байгаа. Үүнээс илүү, төвөд хүмүүс бол Төвөд орны жинхэнэ эзэд нь мөн. Мөн та бүхний эх оронч үзэл хийгээд эр зоригийг бахдан биширч байна. Баярлалаа та бүхэнд” хэмээн яриагаа эхлэв.
“Өнөөдөр боловсролд онцгой анхаарах хэрэгтэй. Бидний төрөлх хэл дээр байгаа буддизм хийгээд буддын сэтгэл зүйн талаархи мэдлэгийг бид сайтар судлах хэрэгтэй байна. Энэ асуудлыг өрнийн эрдэмтэд хүртэл сонирхох болсон. Сэтгэл оюунаа хэрхэн хөгжүүлэх талаар бид суралцах шаардлагатай. Үүний тулд гүн гүнзгий ойлголттой болох ёстой. Хэрвээ та бүхэн ойлгосны үндсэн дээр маанийг 21 удаа хэлж чадвал ойлгоогүйгээр 1000 удаа уншсанаас хамаагүй илүү хүчтэй байх болно.”
“Дэн Сяо Пиний эдийн засгийн шинэчлэл эхэлснээс хойш олон хүн баян чинээлэг болсон. Хүмүүс баян чинээлэг амьдрах нь зөв. Гэхдээ чинээлэг амьдралаа архи дарс ууж, мөрийтэй тоглоом тоглож үрэх бус, харин сайн үйлс бүтээхэд зориулах нь чухал. Сургууль, эмнэлэг барьцгаа. Ядуу хүүхдүүдийн боловсролыг дэмжицгээ. Хэрвээ боломжтой бол эд хөрөнгөнөөсөө нийгмийн сайн сайхны төлөө зориулах хэрэгтэй.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Цэчин До Аг Чойлин Сажа хийдэд
морилов. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Рато хийдэд ирэхэд бага
насны лам хүү хадаг барин мэндчиллээ. Энэтхэг, Карнатака,
Мундгод, 2014.12.29. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Том ч бай, жижиг ч бай манай сүм хийдүүд гагцхүү судалгаа шинжилгээний замаар л Дээдийн номыг хадгалан өвлөж чадна. Рато хийд нь Төвөдөд буддын сонгодог бүтээлүүдийг нарийвчлан судалдаг байгууллага гэдгээрээ алдартай байсан бөгөөд олон жижиг сүм хийдүүдэд энэ ажлыг огт анхаардаггүй. Тэд зөвхөн зан үйлийг хийдэг. Бид ийм байдлыг өөрчлөхийг оролдож байна. Өөр бас нэг зүйлийг би өөрчлөхийг хүсч байна. Саяхан бидний авч хэлэлцсэн Ламрим зэрэг төвөд хэл дээр бичигдсэн олон бүтээл буддист болон төлөвшсөн хүмүүст зориулагдсан байдаг. Нөгөө талаас эртний Энэтхэгийн сонгодог бүтээлүүд арай өргөн хүрээг хамарсан байдаг бөгөөд тухайн үеийнхээ олон ургальч үзэл санааг авч үзсэн байдаг” хэмээлээ.
Брайбун Гоман хийдэд Дээрхийн Гэгээнтэнд бичмэл тайланг гардуулсныг тэрээр гүйлгэн харав. Баксагаас бууж Гоманд ирсэн 62 ламаас одоо 26 хүн үлдсэнийг тэр анзаарсан байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Гоман хийдэд
морилов. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Сүм хийдийн нөхцөл байдлыг хэрхэн сайжруулах асуудлыг өнгөрсөн жилээс би Гандан Ширээт, Шарба болон Жанзэ цорж, бусад хамба нартай хэлэлцэж байгаа. Өнөөдөр ч гэсэн үдийн хоолны үеэр энэ асуудлыг хөндөж ярьсан. Бид судалгаа шинжилгээгээ дээшлүүлж, ард түмэнд илүү сайн үйлчлэх талаар өөрсдийгөө дайчлах шаардлагатай. Та бүхнийг энэ хэлэлцүүлэгт нэгдэж, өөр хоорондоо ярилцахыг миний зүгээс хичээнгүйлэн хүсч байна.”
Замын нөгөө талд байрлах Брайбун Лосалин хийдэд Дээрхийн Гэгээнтэн үг хэлэхдээ,
“Гандан Ширээт, Шарба цорж, миний багш Лин ринбучи бүгд энэ хийдэд харьяалагддаг. Энэ бол Богд Зонховын уламжлалыг өвлөсөн олон агуу эрдэмтдийг төрүүлсэн хийд. Гэхдээ өнгөрсөн түүх ирээдүйн баталгаа болохгүй. Бүх зүйл урьдынх шиг байна гэж бид найдаж болохгүй. Хэдийгээр өнөөдөр тэр болгоныг хийх боломжгүй байж болох ч, сурч боловсрох, амьдралын нөхцлийг сайжруулах арга замыг бид хайх ёстой. Жишээ нь, мэргэжлийн сайн багш нар хангалттай байхгүй бол сургалт муудаж эхэлдэг. Олон хүн мөнгө олох зорилгоор Өрнөд рүү тэмүүлэх боллоо” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Брайбун Лосалин хийдийн лам
нарын хамт. Энэтхэг, Карнатака, Мундгод, 2014.12.29.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Гоман болон Лосалин хийдийн өмнө тэрээр хэдэн зуун лам нартай хамт зургаа татуулсан байна. Дээрхийн Гэгээнтнийг Брайбун Лачи хийдэд эргэн ирэхэд, лам, хар, төвөд, монгол, монпа, энэтхэг, гадаад хүмүүс түүнийг харахаар зам дагуу эгнэн зогссон байв. Дээрхийн Гэгээнтэн маргааш өглөө эрт Пуне руу хөлгийн жолоог зална.