Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 1 дүгээр сарын 20 - Доктор, профессор, эмнэлгийн дарга HK Kaр болон бусад эмч ажилтны урилгаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Рам Манохар Лохиагийн нэрэмжит эмнэлэгт өнөөдөр зочлон очлоо. Уиллингтон эмнэлэг хэмээн нэрлэгдэж байсан уг эмнэлэг Британийн эзэрхийллийн үед буюу 20 дугаар зууны эхэн үед засгийн газрын ажилтнуудыг эмчлэх зорилгоор байгуулагдаж байжээ. Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд эмнэлгийн дарга угтан авч, 400 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаар дүүрсэн танхимд урилаа.
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Рам Манохар Лохиагийн
нэрэмжит эмнэлэгт зочиллоо. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
"Оюун сэтгэлгээний хувьд ч, бие бялдрын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч бид бүгд адилхан,” хэмээн тэр тэмдэглэн хэлэв. “Бусад амьд амьтны нэгэн адил бид бүгд аз жаргалыг хүсдэг. Мөн бид бүгд ийнхүү аз жаргалтай амьдрах эрхтэй. Гэхдээ бидний амьтдаас ялгарах зүйл бол билиг оюун билээ. Бидний билиг оюун хийгээд бусад амьтныхаас хүчирхэг тархи маань өөрсдөөсөө гадна өрөөлийг ч аз жаргалтай болгох боломжийг бидэнд олгодог. Гэхдээ хэрвээ бид оюун ухаанаа сөргөөр, сүйтгэн бусниулах замаар ашиглах аваас хүндрэлтэй асуудлыг, тухайлбал дайн гэх мэт зохион байгуулалттай, эсвэл механикжсан хүчирхийллийг бид буй болгоно. Тиймээс бид билиг оюунаа эергээр ашиглаж, өөрсдийгөө 7 тэрбум хүний төрөлтний нэг хэмээн харах хэрэгтэй.”
"Би бол эртний Энэтхэгийн сэтгэлгээг шүтэн бишрэгч. Ахимса хийгээд хүч үл хэрэглэх үзэл санааны дор хүлээцтэй байдал болон иргэний ухамсар дэлгэрсэн бөгөөд энэ нь Энэтхэгт бүх шашин болоод шашингүй хүмүүсийн итгэл үнэмшилд ижилхэн хүндэтгэлтэй хандана гэсэн утга билээ. Өрнөдөд иргэний үзлийг аль ч шашныг үл хүндэтгэх атеизмтэй төстэй ухагдахуун мэтээр зарим хүмүүс ойлгодог. Эртний Энэтхэгийн гүн ухаан ба сэтгэл судлалын ухаан нь гүн гүнзгий утга агуулгатай. Хэрвээ бид эртний Энэтхэгийн сэтгэл судлалын ухааныг өнөөгийн Өрнөдийн сэтгэл судлалтай харьцуулбал Өрнөдийнх нь дөнгөж эхлэлээ тавьж байгаатай адил түвшинд байна.”
Дээрхийн Гэгээнтний яриаг 400 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн
ажилтнууд сонслоо. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
"Сайхан сэтгэл хийгээд зөв сэдлийг төлөвшүүлэх нь туйлын чухал. Сайн боловсролтой ч эм нь үр нөлөө муутай эмч байхад сайн боловсрол эзэмшээгүй ч сайхан сэтгэлтэй эмчийн эм нь үр нөлөө сайтай байдаг гэсэн Төвөдийн зүйр цэцэн үг бий. Хэрвээ та бүхэн бусдын төлөө чин сэтгэлээсээ санаа тавих аваас та нарын эмчилгээ үр дүнгээ өгнө. Гол нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ сайхан инээмсэглэж, сайхан сэтгэл гаргах явдал юм. Ширүүн дориун царайтай эмч өвчтөнөө тохируулга хийсэн тоног төхөөрөмжөөс ялимгүй илүү эмчлэх бол инээмсэглэж байгаа эмч өвчтөнийхөө төлөө санаа тавихын ач холбогдлыг ойлгоно. Эмч сувилагч нар бусдад туслахын тулд хүчин чармайлт гаргаж байдгаараа үнэхээр гайхалтай. Би нигүүлсэхүйн тухай ярихад бэлэн байгаа ч, та бүхэн нигүүлсэхүйг амьдралд хэрэгжүүлж байдаг хүмүүс билээ. Гайхамшигтай.”
Дээлрхийн Гэгээнтэн дараа нь танхимд суугаа хүмүүсийн олон асуултад хариуллаа. Эмч нарын дундах өрсөлдөөн зөв үү буруу юу гэсэн асуултад тэрээр энэ нь сэдлээс хамаарна хэмээн хариулав.
“Бусдад илүү их тусыг хүргэх сэдэлтэй байвал энэ нь зөв. Харин өөрийн амин хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилготой байвал энэ нь тусгүй явдал."
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмнэлгийн ажилтнуудын асуултад
хариулж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО