Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Рам Манохар Лохиагийн нэрэмжит эмнэлэгт зочилж, эмнэлгийн ажилтнуудад яриа хийлээ

31-01-2015, 17:59  |  Хэвлэх

2015 оны 1 дүгээр сарын 21

Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 1 дүгээр сарын 20 - Доктор, профессор, эмнэлгийн дарга HK Kaр болон бусад эмч ажилтны урилгаар Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Рам Манохар Лохиагийн нэрэмжит эмнэлэгт өнөөдөр зочлон очлоо. Уиллингтон эмнэлэг хэмээн нэрлэгдэж байсан уг эмнэлэг Британийн эзэрхийллийн үед буюу 20 дугаар зууны эхэн үед засгийн газрын ажилтнуудыг эмчлэх зорилгоор байгуулагдаж байжээ. Дээрхийн Гэгээнтнийг морилон ирэхэд эмнэлгийн дарга угтан авч, 400 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудаар дүүрсэн танхимд урилаа.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Рам Манохар Лохиагийн нэрэмжит эмнэлэгт зочилж, эмнэлгийн ажилтнуудад яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Рам Манохар Лохиагийн
нэрэмжит эмнэлэгт зочиллоо. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Доктор Кар түүнийг танилцуулсны дараа, өвчтэй зовлонтой хийгээд тусламж дэмжлэг хэрэгтэй хүмүүст өөрсдийн амьдралыг зориулсан эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнуудад яриа хийх боломж тохиосныг нэр төрийн хэрэг хэмээн үзэж буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. "Нигүүлсэхүй ба ёс зүй" хэмээх өөрийн ярианы сэдвийн хүрээнд тэрээр хүний дотоод үнэт зүйлсийн ач холбогдлыг онцлон тэмдэглээд, хийж байгаа үйл бүрээ зөв сэдлээр хийж, иргэний ёс зүй хэмээх ойлголтыг бий болгох шаардлагын тухай ярилаа. Хүний үнэт зүйлсийн талаархи ойлголтыг түгээх, шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэх талаар өөртөө хүлээсэн үүргийнхээ талаар тэр мөн тайлбарласан байна.

"Оюун сэтгэлгээний хувьд ч, бие бялдрын хувьд ч, сэтгэл санааны хувьд ч бид бүгд адилхан,” хэмээн тэр тэмдэглэн хэлэв. “Бусад амьд амьтны нэгэн адил бид бүгд аз жаргалыг хүсдэг. Мөн бид бүгд ийнхүү аз жаргалтай амьдрах эрхтэй. Гэхдээ бидний амьтдаас ялгарах зүйл бол билиг оюун билээ. Бидний билиг оюун хийгээд бусад амьтныхаас хүчирхэг тархи маань өөрсдөөсөө гадна өрөөлийг ч аз жаргалтай болгох боломжийг бидэнд олгодог. Гэхдээ хэрвээ бид оюун ухаанаа сөргөөр, сүйтгэн бусниулах замаар ашиглах аваас хүндрэлтэй асуудлыг, тухайлбал дайн гэх мэт зохион байгуулалттай, эсвэл механикжсан хүчирхийллийг бид буй болгоно. Тиймээс бид билиг оюунаа эергээр ашиглаж, өөрсдийгөө 7 тэрбум хүний төрөлтний нэг хэмээн харах хэрэгтэй.”

"Би бол эртний Энэтхэгийн сэтгэлгээг шүтэн бишрэгч. Ахимса хийгээд хүч үл хэрэглэх үзэл санааны дор хүлээцтэй байдал болон иргэний ухамсар дэлгэрсэн бөгөөд энэ нь Энэтхэгт бүх шашин болоод шашингүй хүмүүсийн итгэл үнэмшилд ижилхэн хүндэтгэлтэй хандана гэсэн утга билээ. Өрнөдөд иргэний үзлийг аль ч шашныг үл хүндэтгэх атеизмтэй төстэй ухагдахуун мэтээр зарим хүмүүс ойлгодог. Эртний Энэтхэгийн гүн ухаан ба сэтгэл судлалын ухаан нь гүн гүнзгий утга агуулгатай. Хэрвээ бид эртний Энэтхэгийн сэтгэл судлалын ухааныг өнөөгийн Өрнөдийн сэтгэл судлалтай харьцуулбал Өрнөдийнх нь дөнгөж эхлэлээ тавьж байгаатай адил түвшинд байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Рам Манохар Лохиагийн нэрэмжит эмнэлэгт зочилж, эмнэлгийн ажилтнуудад яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтний яриаг 400 гаруй эмч, сувилагч, эмнэлгийн
ажилтнууд сонслоо. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Түүнчлэн Энэтхэг бол дэлхийн томоохон бүх шашин өнө удаан жилийн турш мөр зэрэгцэн оршсоор ирсэн орон. Санамсаргүйгээр гарсан харамсалтай зарим тохиолдлыг эс тооцвол энд ерөнхийдөө шашин хоорондын гайхалтай эв зохицол ноёрхдог. Энэ нь миний амьдралдаа хүлээсэн хоёр дахь үүрэг буюу шашин хоорондын эв зохицлыг бэхжүүлэхтэй холбогдоно. Нэгэнт бүх шашин хайр, нигүүлсэхүй, өршөөл уучлалыг номлодог бол тэд бүгд харилцан хүндлэл хийгээд эв зохицолтойгоор хамтдаа байж чаддаг байх ёстой. Ийм ойлголтонд хүрч чадвал энэ нь хүн төрөлхтний тусын тулд байх болно.”

"Сайхан сэтгэл хийгээд зөв сэдлийг төлөвшүүлэх нь туйлын чухал. Сайн боловсролтой ч эм нь үр нөлөө муутай эмч байхад сайн боловсрол эзэмшээгүй ч сайхан сэтгэлтэй эмчийн эм нь үр нөлөө сайтай байдаг гэсэн Төвөдийн зүйр цэцэн үг бий. Хэрвээ та бүхэн бусдын төлөө чин сэтгэлээсээ санаа тавих аваас та нарын эмчилгээ үр дүнгээ өгнө. Гол нь ажил үүргээ гүйцэтгэх үедээ сайхан инээмсэглэж, сайхан сэтгэл гаргах явдал юм. Ширүүн дориун царайтай эмч өвчтөнөө тохируулга хийсэн тоног төхөөрөмжөөс ялимгүй илүү эмчлэх бол инээмсэглэж байгаа эмч өвчтөнийхөө төлөө санаа тавихын ач холбогдлыг ойлгоно. Эмч сувилагч нар бусдад туслахын тулд хүчин чармайлт гаргаж байдгаараа үнэхээр гайхалтай. Би нигүүлсэхүйн тухай ярихад бэлэн байгаа ч, та бүхэн нигүүлсэхүйг амьдралд хэрэгжүүлж байдаг хүмүүс билээ. Гайхамшигтай.”

Дээлрхийн Гэгээнтэн дараа нь танхимд суугаа хүмүүсийн олон асуултад хариуллаа. Эмч нарын дундах өрсөлдөөн зөв үү буруу юу гэсэн асуултад тэрээр энэ нь сэдлээс хамаарна хэмээн хариулав.

“Бусдад илүү их тусыг хүргэх сэдэлтэй байвал энэ нь зөв. Харин өөрийн амин хувийн эрх ашгийг гүйцэлдүүлэх зорилготой байвал энэ нь тусгүй явдал."

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам доктор Рам Манохар Лохиагийн нэрэмжит эмнэлэгт зочилж, эмнэлгийн ажилтнуудад яриа хийлээ
Дээрхийн Гэгээнтэн Далай Лам эмнэлгийн ажилтнуудын асуултад
хариулж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.20.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Нэг шашин, нэг үнэнийг үү, эсвэл олон шашин, олон үнэнийг бид хүлээн зөвшөөрөх ёстой юу гэсэн асуултад, хувь хүний түвшинд нэг шашин, нэг үнэн гэсэн ойлголт зохистой боловч, илүү өргөн олны хүрээнд олон шашин олон үнэнийг бид хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй хэмээн Дээрхийн Гэгээнтэн хариуллаа. Сэтгэл оюуны мөн чанар нь цэвэр ариун бөгөөд сэтгэлийг булингартуулж байдаг бохирдол хийгээд сөрөг хандлага нь сэтгэл оюуны мөн чанар биш гэдгийг тэрээр мөн тайлбарлалаа. Бид аз жаргалтай, сэтгэл амгалан, бие эрүүл болохын тулд сэтгэл оюунаа дадуулах хэрэгтэй хэмээн тэр хэллээ. Эмнэлгийн ажилтнуудад Дээрхийн Гэгээнтний яриа маш их таалагдаж, арга хэмжээг тэд халуун алга ташилтаар өндөрлүүллээ.

Үзсэн: 2 228
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц