Энэтхэг, Шинэ Дели, 2015 оны 1 дүгээр сарын 28 – Бүтэн сар шахуу Дели хотноо өвөлжсөн Дээрхийн Гэгээнтэн нутаг буцахын өмнө сүүлчийн яриагаа хийхээр Төвөдийн залуучуудын байрнаас хөдлөн, Делигийн их сургуулийн охидын сургуулиудын нэг Калинди коллежийг зорин хөдөллөө.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Калинди коллежид хүрэлцэн
ирэхэд цэргийн сургуулийн сонсогчид индрийн зүг дагалдан
явлаа. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.28.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Калинди коллежийн захирал, доктор Анула Маурья Дээрхийн Гэгээнтнийг танилцуулахдаа, түүний амьдралын чухал үйл явдлуудаас дурдаад, “Сурагчдын хүндлэн дээдэлж, даган дууриах ёстой хүн бол шашны, шинжлэх ухааны болон эрдмийн удирдагч Дээрхийн Гэгээнтэн мөн” хэмээн хэлэв. Дараа нь үг хэлсэн дэд захирал, “Нигүүлсэл үгүй боловсрол юу ч биш” хэмээн тэмдэглэн хэлээд, “Дээрхийн Гэгээнтний үгийг анхааралтай сонсч, түүнийг үлгэр дууриал болгох хэрэгтэй” хэмээн сурагчдад уриаллаа.
“Эрхэм хүндэт ахан дүүс нар аа,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн яриагаа эхлээд, хүмүүсийн хувьд хоёрдугаар зэргийн ялгаа болох мэргэжлийн болон боловсролын түвшин, нийгмийн болон гэр бүлийн байдлыг үл тоон, хүн төрөлхтний нэгдмэл байдалд итгэдэг гэдгээ тайлбарлан ярив. Өнөөдрийн ярианы сэдэв бол нигүүлсэхүй бөгөөд энэ нь зовлонд учирсан нэгэндээ бидний гаргадаг үндсэн мэдрэмж хэмээн тэр тэмдэглэн хэлэв.
“Хүмүүст байдаг ялгаатай зүйл дээр дөрөөлөн тэднийг ялгаварлан гадуурхах замаар хүмүүс бид аливаа хүндрэлийг бий болгодог,” хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэллээ. “Гэвч тэдгээр ялгаа нь хоёрдугаар зэргийн ач холбогдолтой зүйл. Хүний үндсэн мөн чанарын үүднээс авч үзвэл үүнийг зөрчилдөөний шалтгаан болгож болохгүй. Хүмүүний үндсэн мөн чанар нь нигүүлсэл юм. Энэ нь өөрийн гэсэн учир шалтгаантай, учир нь бид бүгд эхийн хэвлийгээс төрж, эхийн хайр энэрлээр өсч бойждог.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Делигийн их сургуулийн харьяа
Калинди коллеж дээр үг хэлж байгаа нь. Энэтхэг, Шинэ Дели,
2015.1.28. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Хүн төрөлхтний өнөөгийн нөхцөл байдлын тухайд, “Өнөөдөр дэлхий дээр амьдарч байгаа 7 тэрбум хүн нь хүн төрөлхтөн гэсэн нэг цул нэгдэл билээ. Бид нэгэн эхээс гарсан ахан дүүс мэт нэгдмэл үзэл санааг бий болгох хэрэгтэй. Үүний учраас би яриагаа эхлэхдээ “Ахан дүүс нар аа” гэж мэндчилсэн билээ” хэмээн хэллээ.
Хайр энэрэл хийгээд нигүүлслийн ач холбогдлыг Дээрхийн Гэгээнтэн цохон тэмдэглээд, гэр бүлийн хүрээний хайр энэрэл ба учир шалтгааны үүднээс бий болсон буюу хүний биологийн хэлхээ холбоогоор хязгаарлагдахгүйгээр бүхий л хүн төрөлхтөн, эсвэл хамаг амьтныг хайрлан энэрэх явдлын ялгааг тайлбарлан ярилаа. Эхнийх нь ялгавартай ханддаг, удаах нь үл ялгаварлан ханддаг хайр юм. Өөрсдийгөө хязгаарласан хайраар явцуурахын оронд учир шалтгаан хийгээд хүмүүний оюун ухааныхаа чадвараар хязгааргүй хайрыг төлөвшүүлэхийг Дээрхийн Гэгээнтэн зөвлөсөн байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын Калинди коллежид хийсэн
ярианд 2000 гаруй хүн суулаа. Энэтхэг, Шинэ Дели, 2015.1.28.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дараа нь тэр нийгэм дэх эрчүүдийн давамгайлах байдлыг хөндөөд, шашинд хүртэл эмэгтэйчүүдийг эрэгтэйчүүдээс доогуур түвшинд авч үздэгийг дурдлаа. Гэхдээ хүйсийн эрх тэгш байдлыг тогтоох, эрэгтэй эмэгтэй хүмүүст адил боломж олгоход боловсрол гол үүрэг гүйцэтгэх болсон өнөөгийн дэлхий дахины өөрчлөлтийн улмаас дээрх нөхцөл байдал өөрчлөгдөх ёстой гэдгийг тэр цохон тэмдэглэв. “Эмэгтэй хүмүүс бусдын зовлон шаналалд илүү мэдрэмжтэй ханддаг” хэмээн Дээрхийн Гэгээнтэн өгүүллээ. “Тиймээс эгч дүүс нар минь, нигүүлсэхүй сэтгэлийг хэрхэн түгээн дэлгэрүүлэх талаар илүү нухацтай бодох ёстой цаг үе тань ирсэн байна!” хэмээн хэлэв.
Ядуу буурай хүмүүст тусалж байгаа доктор Маурьяагийн үйл хэргийг Дээрхийн Гэгээнтэн өндрөөр үнэлээд, нийгэм дэх шударга бус байдал, тухайлбал үеэ өнгөрөөсөн заншил болох кастын тогтолцооны эсрэг тэмцэх итгэлтэй байхыг бүх хүнд хандан уриалав. Коллежийн эмэгтэй сурагчдад хандан, “Гоо сайхныг сэтгэлийн сайхантай хослуулбал та бүхэн ирээдүйд аз жаргалтай амьдарна. Дотоод гоо сайхныхаа ачаар сайн нөхөртэй учирна” хэмээн Дээрхийн Гэгээнтнийг хэлэхэд танхим инээд хөөрөөр бялхлаа. “Гадаад үзэмжиндээ анхаарч, оо энгэсэг хэрэглэдэг шигээ дотоод үзэмжнийхээ оо энгэсэгт адилхан анхаарал хандуулах ёстой!” хэмээн түүнийг хэлэхэд сурагчид дахин хөгжилтэйгээр инээлдэцгээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Калинди коллежийн оюутан,
сургачдын асуултад хариуллаа. Энэтхэг, Шинэ Дели,
2015.1.28. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Гэхдээ сургчиддаа туслах үүднээс багш заримдаа тэднийг бага зэрэг айлган сүрдүүлэх шаардлага байж болох юм хэмээн Дээрхийн Гэгээнтэн хошигнон хэлэв. Түүнийг ном үзүүлэхийн тулд багшийнхаа хэрэглэдэг байсан “ариун” шар савааны талаар тэрээр дурсан ярихад танхимд дахин хөгжилтэй инээд цангиналаа.
Дээрхийн Гэгээнтэн маргааш олон нийтийн өмнө үг хэлэхээр Уттар Прадеш мужийн Санкиса хотыг зорино.