Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015 оны 3 дугаар сарын 11 – Өнөө өглөө Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг замд үдэхээр төвөд болон гадаад хүмүүс түүний өргөөний үүдэнд цугларсан байлаа. Дарамсалагийн бартаат зам дагуу түүнийг харахыг хүссэн хүмүүс энд тэндгүй мөн зогсож байв. Жүдод нууц тарнийн коллежийн дэргэдүүр Дээрхийн Гэгээнтнийг өнгөрөхөд гартаа цагаан хадаг, арц хүж барьсан 100 гаруй лам түүнтэй мэндчилэхээр хүлээн зогссон байлаа. Гопалпурт TCV сургуулийн нийт хамт олон хэдэн зуун сурагчид болон багш ажилчид зам дагуу 200 метр газар эгнэн жагсч, нүүрэндээ инээмсэглэл тодруулан Дээрхийн Гэгээнтэнд хүндэтгэл үзүүлж гараа хавсран зогссон байв.

Палпун Шераблин хийдэд Дээрхийн Гэгээнтнийг Төвөдийн
уламжлал ёсоор угтан авч байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дээд Бхатту, 2015.3.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дээрхийн Гэгээнтнийг Шэйравлинд хүрэлцэн ирэхэд Тай Ситу ринбучи, Жамгон Контрул ринбучин нар угтан авлаа. Тэд хамтдаа хийдийн битүү хашаа болон архирсан дүр бүхий цасны арслангийн дэргэдүүр өнгөрөн хурлын танхимд оров. Орох хаалганы өмнө Дээрхийн Гэгээнтэн ёс болгон тууз хайчлаад, хаалгыг нээлээ. Танхимд өмнөх ба өнөөгийн калонууд, Төвөдийн Ардын Депататутын Хурлын төлөөлөгчид, Төвөдийн Төв Захиргааны ажилтнууд, Шераблин хийдийн лам, ажилтнууд хуран цугласан байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Майдар Бурханы өмнөх сэнтийд
залрахын өмнө. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту,
2015.3.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Ситу ринбучи арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ, Гэндэндүвээс эхлээд, Төвөдийн ард түмний сайн сайхны төлөө хариуцлага хүлээж байсан 5 дугаар Далай ламыг оруулан бүх Далай Лам нарын бодьсадвын үйл хэргийг магтан дурслаа. Тэрээр өөрийн өмнөх дүрийн 13 дугаар Далай Ламтай харьцаж байсан харьцааг мөн дурсан ярив. Өнөөгийн хүнд хэцүү үед одоогийн Дээрхийн Гэгээнтэн Далай Лам шашны урсгал чиглэлээр явцуурахгүй байх бодлогыг барьж байгаа хийгээд түүний ач тусаар дэлхий дахинд буддизмыг сонирхох явдал нэмэгдэж байгааг тэмдэглэн хэллээ. 1959 оноос хойш Дээрхийн Гэгээнтний алсын хараа, Энэтхэгийн ард түмэн, засгийн газрын сайхан сэтгэл, тусламж дэмжлэгийн үрээр мянга мянган төвөд хүн Энэтхэгт суурьшсан билээ. Дараа нь Үржин Принлэй Доржийг 17 дугаар Жалва Гармаба гэдэг дээр Дээрхийн Гэгээнтэн болон 16 дугаар Жалва Гармабагийн үзэл бодол нийлсэн хэмээн тэр хэлэв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламыг Палпун Шераблин хийдэд морилон
ирснийг тохиолдуулан Тай Ситу ринбучи үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Дараа нь хамба Жамьян Лодой ерөөл уншлаа. Хамба Жалцанпунцаг Балбун хийдийн талаар товч танилцуулахдаа 1 дүгээр Гармаба болон 5 дугаар Далай Лам нар Балбун хийд байгуулагдах талаар хэрхэн зөгнөн хэлснийг дурдсан байна. Балбун хийдийг Төвөдөд нураан устгасны дараа Шэйравлин хийдийг босгожээ. Хийдийн бүтцэд эрэгтэй эмэгтэй лам нарын дуган, сургууль болон даяаны газар багтдаг бөгөөд дэлхий дахинд тус хийдтэй холбоотой 180 гаруй төв, салбар байдаг байна.
Ловон Гармадагва судрын ёсны талаар танилцууллаа. Няти Занбу хааны үеэс хөгжиж ирсэн Төвөдийн анагаах ухааны уламжлалын талаар болон 11 дүгээр зуунд Ютогийн хийсэн үйлсийн талаар, Төвөдийн анагаах ухааны янз бүрийн тогтолцоог нэгтгэсэн Ситу ринбучигийн хүчин зүтгэлийн талаар лам Чоеин Гүнжав ярив. Ламтан Агваан энэхүү хийдэд хадгалагдан үлдсэн одон орны ухааны талаар, лам Шарав Димэд санскрит уламжлалыг судлах явцад буй болсон хэл бичгийн дүрмийн болон өнөөдөр ч бүтээл нь сонгодог хэмээн тооцогдож байгаа 8 дугаар Ситу буюу Ситу Банчингийн бичгийн дүрмийн талаар ярьсан байна. Тэр мөн Дэргээгийн хэвлэлийг үүсгэн байгуулахад гол үүрэг гүйцэтгэжээ.

Шашин, соёлын сайд Бадма Чинжор үг хэлж байгаа нь.
Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
Шэйравлинд Дээрхийн Гэгээнтэн морилон ирсэн нь тэмдэглүүштэй үйл явдал хэмээн Төвөдийн Ардын Депатутуудын хурлын дарга Бямбацэрэн хэллээ. Шашны сургалт, практик үйл ажиллагаа цаашид гандан буурахгүй байна гэдэгт тэрээр итгэж буйгаа илэрхийлээд, эрэгтэй эмэгтэй лам нарын хувьд тооноос илүү чанар чухал болохыг тэмдэглэв.
Үе үеийн Ситу ринбучи нар Дээдийн ном хийгээд хамаг амьтны тусын тулд үйлчилж байсныг Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэллээ. Сурч боловсрох, шашны зан үйлийг хэрэгжүүлэх боломжийг олгосон энэхүү хийдийг тэрээр байгуулсан явдал нь дээрхийн нотолгоо болно. Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Балбун Шэйравлин хийдэд үг хэлж
байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО
“Төвөдийн буддизм нь шашны хувьд хүн бүхэнд тохиромжтой биш байж болох ч, байгалийн зүйлсээр эм тангаа хийдэг, олон хүнд үр өгөөжөө өгөх боломжтой Төвөдийн анагаах ухаан зэрэг олон мэдлэг Төвөдийн соёлд агуулагдаж байдаг.
Буддизм бол мухар сүсэг биш. Буддизм бол дадал, бясалгалаар дамжуулан оюун ухааныг өөрчлөх ухаан мөн. Бид сэтгэл оюуныг бусниулж байдаг сөрөг сэтгэл хөдлөлийг мөнгөөр даван дийлэх болможгүй, харин бид оюун ухаан хэрхэн ажилладгийг, сэтгэлийн амар амгаланд хэрхэн хүрч болохыг ойлгох ёстой. Тиймээс өнөөдөр Наландагийн уламжлалд хадгалагдан үлдсэн оюун ухаан, сэтгэлийн шинжлэх ухаан болох буддын сэтгэл судлал болон оюун ухааны тухай буддист ойлголтыг сонирхох хүний тоо өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байна.”

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламын айлдварыг лам, хар мянга мянган
хүн сонслоо. Энэтхэг, Химачал Прадеш, Дээд Бхатту, 2015.3.11.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор /ДЛО

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Балбун Шэйравлин хийдийн номын
санг үзэж сонирхож байгаа нь. Энэтхэг, Химачал Прадеш,
Дээд Бхатту, 2015.3.11. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Үдээс хойш эрэгтэй эмэгтэй лам нар хэл, хэлний дүрэм, Билиг барамид судрын талаар ном хаялцсаныг Дээрхийн Гэгээнтэн ихэд сонирхон үзсэн байна. Арга хэмжээ талархлын үгсээр өндөрлөв.
Маргааш Дээрхийн Гэгээнтэн насны авшиг өгч, Адиша гэгээний ‘Бодь мөрийн зул’ номын ван өгнө.