Энэтхэг, Дели, 2015 оны 3 дугаар сарын 25 – Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол сэдэвт бага хурлын хоёр дахь өдрийн хуралдаан өглөө 9 цагт Делигийн их сургууль дээр “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн ахмад зүтгэлтэн Клиффорд Сароны илтгэлээр эхэллээ. Тэрээр Шаматха төслийн гол судлаач бөгөөд оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн дадлыг олгох, тунгаан бодох дасгал нь багш нарт дэмжлэг болдог гэдэгт түүний яриа чиглэгдэв. 2009 онд тэрээр жирийн хүмүүст сэтгэл оюунаа зохицуулахад хэрхэн туслах тухай Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуухад, “Энэ бол таньтай адил хүмүүсийн хийх ёстой ажил” хэмээн хариулжээ. Тэр цагаас хойш оюун ухаанаа хянах тухайд хүмүүс ихээхэн сонирхох болсон боловч, тэр бүр зөв зорилго агуулдаггүй.
“Уолл стритэд баяжмаар байвал бясалгал хий” гэсэн зарлал хүртэл гарсныг тэр дурдлаа.

Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол бага хурлын хоёр дахь өдрийн
хуралдаан. Энэтхэг, Дели, 2015.3.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Нарийвчлан тунгаасан, эсвэл тунгаагаагүй бодлын ялгааны талаар урьдын адил сонирхож буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Тэрээр “Хүн юмсыг өөрийн мэдрэхүйн эрхтнээр болон сэтгэл оюунаар мэдрэхэд ялгаа байдаг, энэ ялгааг судлаачид ойлгосноор оюун санааны түвшний тухай ойлголттой болно” гэдэгт олны анхаарлыг хандууллаа. Дээрхийн Гэгээнтэн,
“Ямар нэг эд зүйл, эсвэл сэтгэл дээр анхаарлаа хандуулах нь ялгаатай. Та бүхэнд сэтгэл дээрээ төвлөрөхийг зөвлөж байна” хэмээн тэмдэглэн хэлэв.
Радхика Херзбергерийн нэгэн адил Риши Вэлли сургуульд багшилдаг Ражан Чанди илтгэлдээ “Бясалгал гэдэг нь юу ч бодохгүй байхын нэр гэсэн нийтлэг ойлголт нийгэмд байна” хэмээн тэмдэглэв. Тэрээр эртний Энэтхэгийн түгээмэл мэдлэгийг эзэмшихийн тулд гурван шатны арга барилаар хандах ёстой талаар ярилаа. Эн тэргүүнд багшаас сонсох, эсвэл хаа нэгтээгээс унших, уншиж сонссоноо тунгаан бодох, дараа нь ойлгож мэдсэнээ бясалгаснаар энэ мэдлэг таны нэг хэсэг болно.

Ражан Чанди илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Дели, 2015.3.25.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн,
“Бид нарын задлан шинжлэх бясалгал хэмээн нэрлэдэг зүйлийн талаар та ярьж байна. Энэ бясалгал нь випассана буюу юмсын гүн рүү нэвтэрч ойлгоход хөтөлдөг. Амин хувиа хичээх хандлага нь алс хэтдээ хөнөөлт үр дагаврыг дагуулдаг талаар та чухал асуудлыг хөндлөө. Нөгөө талаас хэрвээ хүн бусдад тусалбал найз нөхдөөр хүрээлэгдэн, аз жаргалтай болно. Ийм зүйлийг ярьж байгаад тань талархлаа илэрхийлье” хэмээн айлдлаа.

Нандини Чаттержи-Сингх илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Дели.
2015.3.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхдээ,
“Хүмүүс хөгжим сонсох дуртай байдгийг би мэдэх учраас тэднийг энэ тал дээр дэмжих ёстой байх. Би хувьдаа хөгжимд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ хөгжим эерэг нөлөө үзүүлдэг хэмээн та үзэж байгаа бол хүмүүс бие биенээ хөнөөж байгаа Сири зэрэг улсад хөгжим эгшиглүүлэхийг дэмжмээр байна!” хэмээв.

Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Монгол улсын Шинжлэх Ухааны
Академийн хүндэт доктор цолыг гардуулж байгаа нь. Энэтхэг, Дели.
2015.3.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“ Монгол Төвөд хоёр орныг түүхийн урт удаан харилцаа холбодог учраас энэ шагнал миний хувьд онцгой чухал ач холбогдолтой. 13 дугаар зуунд Сажа Пагба лам Наландагийн уламжлалыг Монголд дэлгэрүүлсэн. Дараа нь III Далай Лам Содномжамц Монгол руу аялан, тэндээ таалал төгссөн билээ. Түүнийг монголчууд анх Далай Лам хэмээх монгол алдраар өргөмжилсөн” хэмээн өгүүлэв.
“Намайг анх 1979 онд Монголд очиход хэдийгээр коммунизмын хяналт тогтож байсан боловч Гандан хийдэд лам нар төвөдөөр уншлагаа уншиж байсан. Тэд маш чанга дуугаар уншиж, ихэд хичээж байснаас тэдний нүүр нь ихэд улайсан байсан. Тэр үед орчуулагч байхгүй байсан боловч би настай лам нартай төвөд бичгээр харилцаж ойлголцох боломжтой байлаа. Одоо Монгол орон эрх чөлөөтэй болсон ч, бид асуудлаа шийдэж чадаагүй л байна. Биднийг Төвөдөд байхад үнэхээр сайн монгол эрдэмтэд тэнд байсан. Миний мэтгэлцээний туслах Ойдүв Цогни хэмээх монгол лам байлаа”

Содномдоржын Янжинсүрэн Монголын боловсролын тогтолцоонд
буддын ёс зүйн асуудлыг хэрхэн тусгасан тухай илтгэл тавив.
Энэтхэг, Дели, 2015.3.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Түүний хэрэгжүүлж байгаа ул суурьтай судалгааны ажил гүн сэтгэгдэл төрүүллээ хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Лалын шашинтан хэрнээ буддын соёлын үр нөлөөг хүртсэн нэгэн төвөд хүний тухай түүхийг тэрээр буддын соёлын эерэг нөлөөний жишээ болгон хүүрнэв. Дээрхийн Гэгээнтэнд тэр ярихдаа, Мекка руу мөргөл хийхээр явах замдаа арга хэмжээнд зориулан өргөл болгож байгаа амьтдын төлөө юу ч хийж чадаагүй ч, маш их өрөвдөж байсан гэжээ.

Кимберли Шонерт-Рейчл зүрх сэтгэлийг төлөвшүүлэх тухай илтгэл
тавьж байгаа нь. Энэтхэг, Дели, 2015.3.25.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Асуулт хариултын цаг болоход сургуулиийн насны хүүхдүүдэд хоосон чанарын тухай ойлголтыг өгөх боломжтой эсэх талаар Шантум Сетх Дээрхийн Гэгээнтнээс асуулаа.
“Би мэдэхгүй байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн эн тэргүүнд хариулснаа, “Хоосон чанар буюу шуньяатаг ойлгохын тулд маш их цагаар бодох, бэлтгэх, сонсох, сонсож мэдсэнээ тунгааж бясалгах шаардлагатай. Гол үзэл баримтлал нь буддын сэтгэлгээний 4 урсгал бүгд хүлээн зөвшөөрсөн зүйл буюу бие даасан “Би” үгүй гэх үзэл юм. 60-аад оны үед би хэдийгээр Мадхьямака-Прасангика урсгалыг дагаж байсан ч Сватантрика-Мадхьямакагийн үзэл нь надад ойр байгааг би ойлгосон. Эцэстээ миний жинхэнэ мэдрэмж илүү хүчтэй хөгжсөн” хэмээв.

Бага хурлын төлөөлөгчид. Энэтхэг, Дели, 2015.3.25.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Арга хэмжээний төгсгөлд проф. ТН Мадан талархлын үг хэллээ. Анурадха Шарма бага хурлыг дүгнэж үг хэлсэн бол Минакши Тхапан энэ арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон бүх хүнд талархал илэрийлсэн байна. Арга хэмжээг өндөрлүүлж Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,
“Энэ хоёр өдөрт бид маш үр дүнтэй хуралдлаа. Би хэд хэдэн шинэ зүйл мэдсэн бол та бүхэн энэ сонсч мэдсэнээ өөр хоорондоо ярилцан хэлэлцэх нь зүйтэй мэт санагдана. Дүн шинжилгээ хийх нь чухал бөгөөд хэрэгтэй зүйл. Энэ арга хэмжээг зохион байгуулсан Делигийн их сургуульд талархал илэрхийлэхийн ялдамд цаашид ийм төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийнэ гэдэгт найдаж байна. ‘Мадхьямака үзлийн сэтгэгчид болон квантын физикчдийн хэлэлцүүлэг’ сэдвээр уулзалт зохион байгуулахаар төлөвлөж буйгаа энд сонордуулмаар байна. Энэ уулзалт мөн ач тусаа өгнө гэдэгт итгэж байна” хэмээлээ.
Маргааш өглөө эрт Дээрхийн Гэгэнэтэн Дарамсала руу буцна.