Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол -бага хурлын хоёр дахь өдөр

17-04-2015, 03:09  |  Хэвлэх

2015 оны 3 дугаар сарын 25

Энэтхэг, Дели, 2015 оны 3 дугаар сарын 25 – Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол сэдэвт бага хурлын хоёр дахь өдрийн хуралдаан өглөө 9 цагт Делигийн их сургууль дээр “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн ахмад зүтгэлтэн Клиффорд Сароны илтгэлээр эхэллээ. Тэрээр Шаматха төслийн гол судлаач бөгөөд оюун ухаан ба сэтгэл хөдлөлийн дадлыг олгох, тунгаан бодох дасгал нь багш нарт дэмжлэг болдог гэдэгт түүний яриа чиглэгдэв. 2009 онд тэрээр жирийн хүмүүст сэтгэл оюунаа зохицуулахад хэрхэн туслах тухай Дээрхийн Гэгээнтэн Далай Ламаас асуухад, “Энэ бол таньтай адил хүмүүсийн хийх ёстой ажил” хэмээн хариулжээ. Тэр цагаас хойш оюун ухаанаа хянах тухайд хүмүүс ихээхэн сонирхох болсон боловч, тэр бүр зөв зорилго агуулдаггүй.
“Уолл стритэд баяжмаар байвал бясалгал хий” гэсэн зарлал хүртэл гарсныг тэр дурдлаа.

Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол -бага хурлын хоёр дахь өдөр
Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол бага хурлын хоёр дахь өдрийн
хуралдаан. Энэтхэг, Дели, 2015.3.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор
Тод өнгийн график дэлгэц ашиглан Сарон шаматха төслийн нэг хэсэг болсон сэтгэлийн тэнцвэрт байдал хийгээд бясалгалын байдалд олон цагаар дасгал хийхтэй холбоотой хүчин зүтгэл, чиг баримжаа, мета-ухамсар, алдаа, тодорхой байдал, тогтвортой байдал зэргийг дүрслэн харуулав. Үүгээр анхаарал, сэтгэл хөдлөл, физиологитой холбоотой үйл явцын гурван сар тутамд гарах өөрчлөлтийн үнэлгээг тодорхойлох боломжтой ажээ.

Нарийвчлан тунгаасан, эсвэл тунгаагаагүй бодлын ялгааны талаар урьдын адил сонирхож буйгаа Дээрхийн Гэгээнтэн илэрхийлэв. Тэрээр “Хүн юмсыг өөрийн мэдрэхүйн эрхтнээр болон сэтгэл оюунаар мэдрэхэд ялгаа байдаг, энэ ялгааг судлаачид ойлгосноор оюун санааны түвшний тухай ойлголттой болно” гэдэгт олны анхаарлыг хандууллаа. Дээрхийн Гэгээнтэн,

“Ямар нэг эд зүйл, эсвэл сэтгэл дээр анхаарлаа хандуулах нь ялгаатай. Та бүхэнд сэтгэл дээрээ төвлөрөхийг зөвлөж байна” хэмээн тэмдэглэн хэлэв.

Радхика Херзбергерийн нэгэн адил Риши Вэлли сургуульд багшилдаг Ражан Чанди илтгэлдээ “Бясалгал гэдэг нь юу ч бодохгүй байхын нэр гэсэн нийтлэг ойлголт нийгэмд байна” хэмээн тэмдэглэв. Тэрээр эртний Энэтхэгийн түгээмэл мэдлэгийг эзэмшихийн тулд гурван шатны арга барилаар хандах ёстой талаар ярилаа. Эн тэргүүнд багшаас сонсох, эсвэл хаа нэгтээгээс унших, уншиж сонссоноо тунгаан бодох, дараа нь ойлгож мэдсэнээ бясалгаснаар энэ мэдлэг таны нэг хэсэг болно.

Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол -бага хурлын хоёр дахь өдөр
Ражан Чанди илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Дели, 2015.3.25.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Бусдын төлөө санаа тавихаас илүү амин хувиа хичээх үзлийг удирдлага болгож байгаа үед нийгмийн хөгжил гэж юуг хэлэх вэ гэдэг талаар сайн тунгаан бодохыг Чанди илтгэлийнхээ хоёр дахь хэсэгт оюутнуудад санал болголоо. Хэрвээ Энэтхэг улс АНУ-ыг хөгжлийнхөө загвар болгосоор байх аваас хэмжээ хязгааргүй их машин тэрэг бий болж, улмаар агаарын бохирдол, замын түгжрэл, замбараагүй байдал гарцаагүй нүүрлэнэ хэмээн тэр онцлон тэмдэглэв. Нөхцөл байдлыг дахин харах өөр нэг шаардлага нь орчин үеийн амьдралд зайлшгүй шаардлага бий болсон хөнгөн цагааны хэрэглээг жишээ болгон ярилаа. Хөнгөн цагааныг хөнгөн цагааны хүдрээс гарган авдаг бөгөөд Энэтхэгт хөнгөн цагааныг олборлоно гэдэг нь асар их ой модыг устгаж, газраас хамааралтай амь зуудаг үй олон хүнийг нүүлгэн шилжүүлнэ гэсэн үг. Оюутнууд, ирээдүй хойч үеийнхэн үүнээс өөр хувилбар бий эсэх тал дээр дүн шинжилгээ хийгээсэй хэмээн хүсч буйгаа тэр илэрхийлэв.

Дээрхийн Гэгээнтэн,
“Бид нарын задлан шинжлэх бясалгал хэмээн нэрлэдэг зүйлийн талаар та ярьж байна. Энэ бясалгал нь випассана буюу юмсын гүн рүү нэвтэрч ойлгоход хөтөлдөг. Амин хувиа хичээх хандлага нь алс хэтдээ хөнөөлт үр дагаврыг дагуулдаг талаар та чухал асуудлыг хөндлөө. Нөгөө талаас хэрвээ хүн бусдад тусалбал найз нөхдөөр хүрээлэгдэн, аз жаргалтай болно. Ийм зүйлийг ярьж байгаад тань талархлаа илэрхийлье” хэмээн айлдлаа.

Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол -бага хурлын хоёр дахь өдөр
Нандини Чаттержи-Сингх илтгэл тавьж байгаа нь. Энэтхэг, Дели.
2015.3.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Дараагийн илтгэлийг Тархины Судалгааны Үндэсний Төвийн ажилтан, танин мэдэхүйн сэтгэл судлаач Нандини Чаттержи-Сингх тавьж, хөгжим нь сэтгэл хөдлөлийг өдөөдөг талаар хийсэн судалгаанаасаа хуваалцав. Хүний оршихуйд сэтгэл хөдлөл чухал үүрэгтэй бөгөөд Хойд Энэтхэгийн хөгжмийн сонгодог рага-аялгуу нь янз бүрийн сэтгэл хөдлөлийг буй болгодог гэдэгт хүмүүс итгэдэг гэв. Интернэт ашиглан зан төлвийн судалгаа хийж үзэхэд рага-аялгуу сэтгэл хөдлөлийн олон төлвийг бий болгосноор зарим хүний сэтгэл хөдөлж, зарим нь тайвширч, номхон дөлгөөн болж байжээ. Ангид багш тайван түвшин орж ирэхээс их зүйл шалтгаалдаг гэдгийг тэрээр тэмдэглээд, багшийг орж ирэхээс өмнө хөгжим эгшиглүүлэх саналыг дэвшүүллээ. Үүний нэгэн адил уянгын хөгжмийн аялгуугаар оюутан шинэ өдрөө эхэлбэл сурах эрмэлзэл нь нэмэгдэнэ.

Дээрхийн Гэгээнтэн тэмдэглэн хэлэхдээ,

“Хүмүүс хөгжим сонсох дуртай байдгийг би мэдэх учраас тэднийг энэ тал дээр дэмжих ёстой байх. Би хувьдаа хөгжимд тийм ч их ач холбогдол өгдөггүй. Гэхдээ хөгжим эерэг нөлөө үзүүлдэг хэмээн та үзэж байгаа бол хүмүүс бие биенээ хөнөөж байгаа Сири зэрэг улсад хөгжим эгшиглүүлэхийг дэмжмээр байна!” хэмээв.

Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол -бага хурлын хоёр дахь өдөр
Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд Монгол улсын Шинжлэх Ухааны
Академийн хүндэт доктор цолыг гардуулж байгаа нь. Энэтхэг, Дели.
2015.3.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Үдээс хойш үргэлжилсэн хоёрдугаар хуралдааны эхэнд Монголын төлөөлөгчид Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн нэрийн өмнөөс хүндэт доктор цолыг Дээрхийн Гэгээнтэн Далай Ламд өргөмжлөн гардуулллаа. Тэрээр,

“ Монгол Төвөд хоёр орныг түүхийн урт удаан харилцаа холбодог учраас энэ шагнал миний хувьд онцгой чухал ач холбогдолтой. 13 дугаар зуунд Сажа Пагба лам Наландагийн уламжлалыг Монголд дэлгэрүүлсэн. Дараа нь III Далай Лам Содномжамц Монгол руу аялан, тэндээ таалал төгссөн билээ. Түүнийг монголчууд анх Далай Лам хэмээх монгол алдраар өргөмжилсөн” хэмээн өгүүлэв.

“Намайг анх 1979 онд Монголд очиход хэдийгээр коммунизмын хяналт тогтож байсан боловч Гандан хийдэд лам нар төвөдөөр уншлагаа уншиж байсан. Тэд маш чанга дуугаар уншиж, ихэд хичээж байснаас тэдний нүүр нь ихэд улайсан байсан. Тэр үед орчуулагч байхгүй байсан боловч би настай лам нартай төвөд бичгээр харилцаж ойлголцох боломжтой байлаа. Одоо Монгол орон эрх чөлөөтэй болсон ч, бид асуудлаа шийдэж чадаагүй л байна. Биднийг Төвөдөд байхад үнэхээр сайн монгол эрдэмтэд тэнд байсан. Миний мэтгэлцээний туслах Ойдүв Цогни хэмээх монгол лам байлаа”

Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол -бага хурлын хоёр дахь өдөр
Содномдоржын Янжинсүрэн Монголын боловсролын тогтолцоонд
буддын ёс зүйн асуудлыг хэрхэн тусгасан тухай илтгэл тавив.
Энэтхэг, Дели, 2015.3.25. Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Буддын гүн ухаан болон Монголын түүхэн эх сурвалжийнтухай хичээл заадаг С.Янжинсүрэн Монголын боловсролд буддын ёс зүйн хэм хэмжээг хэрхэн нэвтрүүлсэн талаар тодорхой тайлбарлав. Сайн оюутан, сайн хүн гэдэг нь ямар утгатай гэдгийг ойлгуулахын тулд бага, дунд, ахлах сургуулийн сурагчдад зориулан орчин үеийн монгол бичгээр ‘Иргэний боловсрол’ гарын авлагыг бэлтгэн гаргасан байна.

Түүний хэрэгжүүлж байгаа ул суурьтай судалгааны ажил гүн сэтгэгдэл төрүүллээ хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Лалын шашинтан хэрнээ буддын соёлын үр нөлөөг хүртсэн нэгэн төвөд хүний тухай түүхийг тэрээр буддын соёлын эерэг нөлөөний жишээ болгон хүүрнэв. Дээрхийн Гэгээнтэнд тэр ярихдаа, Мекка руу мөргөл хийхээр явах замдаа арга хэмжээнд зориулан өргөл болгож байгаа амьтдын төлөө юу ч хийж чадаагүй ч, маш их өрөвдөж байсан гэжээ.

Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол -бага хурлын хоёр дахь өдөр
Кимберли Шонерт-Рейчл зүрх сэтгэлийг төлөвшүүлэх тухай илтгэл
тавьж байгаа нь. Энэтхэг, Дели, 2015.3.25.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
Багшийн ажлаар хөдөлмөрийн гараагаа эхэлж, одоо боловсролын салбарын сэтгэл зүйч, “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн ажилтан хийж байгаа Кимберли Шонерт-Рейчл “Танин мэдэхүйн ухаан сургууль руу чиглэж байна” сэдвийн дор зүрх сэтгэлийг төлөвшүүлэх тухай ярив. Тэрээр сургуулиудад хүүхдийн нийгмийн ба сэтгэл хөдлөлийн судалгааг (SEL) хийхийн ач холбогдлыг харуулсан шинэлэг судалгааныхаа үр дүнг танилцуулав. Нийгмийн болон сэтгэл хөдлөлийн дадал чадвар олсноор хүүхэд илүү аз жаргалтай болж, сайн зөв байх явдал өөрт нь хэрэгтэй гэдэгт суралцдаг. Бритиш Колумбиа муж нь цэцэрлэгээс ахлах сургууль хүртэл SEL-ийн сургалтын хөтөлбөрийг нэвтрүүлэх ажлыг тэргүүлж байгаа ажээ. SEL хөтөлбөрийг оюутан сурагчид төдийгүй багш нар сонирхон оролцох нь ихэссэн талаар Шонерт-Рейчл ярилаа. Өнгөрсөн жилийн сүүлээр Дээрхийн Гэгээнтэн Бритиш Колумбиа мужид 4 дэх удаагаа зочлохдоо тэдгээр үйл ажиллагааны заримтай танилцсан байна.

Асуулт хариултын цаг болоход сургуулиийн насны хүүхдүүдэд хоосон чанарын тухай ойлголтыг өгөх боломжтой эсэх талаар Шантум Сетх Дээрхийн Гэгээнтнээс асуулаа.

“Би мэдэхгүй байна” хэмээн Дээрхийн Гэгээнтэн эн тэргүүнд хариулснаа, “Хоосон чанар буюу шуньяатаг ойлгохын тулд маш их цагаар бодох, бэлтгэх, сонсох, сонсож мэдсэнээ тунгааж бясалгах шаардлагатай. Гол үзэл баримтлал нь буддын сэтгэлгээний 4 урсгал бүгд хүлээн зөвшөөрсөн зүйл буюу бие даасан “Би” үгүй гэх үзэл юм. 60-аад оны үед би хэдийгээр Мадхьямака-Прасангика урсгалыг дагаж байсан ч Сватантрика-Мадхьямакагийн үзэл нь надад ойр байгааг би ойлгосон. Эцэстээ миний жинхэнэ мэдрэмж илүү хүчтэй хөгжсөн” хэмээв.

Шинжлэх ухаан, Ёс зүй, Боловсрол -бага хурлын хоёр дахь өдөр
Бага хурлын төлөөлөгчид. Энэтхэг, Дели, 2015.3.25.
Гэрэл зургийг Тэнзин Чоежор/ДЛО
“Өөрийн оюун ухааныг бүрэн хэмжээгээр ашиглах нь буддист хандлагын онцлог. Энэ бол амар ажил биш. Надад бүхий л дамжлагыг дамжуулсан миний гол багш Лин ринбочэд олон жилийн өмнө би ойлгож мэдсэнээ нэгэнтээ илтгэсэн юм. Багш маань ‘Чи удахгүй дээд эрдэм олох болно’ хэмээн хэлсэн нь надад урам зориг өгсөн. Арга хийгээд билгүүнийг хослуулан төлөвшүүлэх шаардлагатай гэдгийг төвөд, монгол оюутнууд та бүхэнд хандан зөвлөхийг зөвшөөрнө үү. Тэр цагт та нарын сэтгэл амар амгалан болно.”

Арга хэмжээний төгсгөлд проф. ТН Мадан талархлын үг хэллээ. Анурадха Шарма бага хурлыг дүгнэж үг хэлсэн бол Минакши Тхапан энэ арга хэмжээг зохион байгуулахад гар бие оролцсон бүх хүнд талархал илэрийлсэн байна. Арга хэмжээг өндөрлүүлж Дээрхийн Гэгээнтэн хэлэхдээ,

“Энэ хоёр өдөрт бид маш үр дүнтэй хуралдлаа. Би хэд хэдэн шинэ зүйл мэдсэн бол та бүхэн энэ сонсч мэдсэнээ өөр хоорондоо ярилцан хэлэлцэх нь зүйтэй мэт санагдана. Дүн шинжилгээ хийх нь чухал бөгөөд хэрэгтэй зүйл. Энэ арга хэмжээг зохион байгуулсан Делигийн их сургуульд талархал илэрхийлэхийн ялдамд цаашид ийм төрлийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн хийнэ гэдэгт найдаж байна. ‘Мадхьямака үзлийн сэтгэгчид болон квантын физикчдийн хэлэлцүүлэг’ сэдвээр уулзалт зохион байгуулахаар төлөвлөж буйгаа энд сонордуулмаар байна. Энэ уулзалт мөн ач тусаа өгнө гэдэгт итгэж байна” хэмээлээ.

Маргааш өглөө эрт Дээрхийн Гэгэнэтэн Дарамсала руу буцна.

Үзсэн: 3 825

Холбоотой мэдээ:
  • "Оюун ухаан ба Амьдрал" институтын 33 дахь удаагийн хурлын эхний өдөр
  • "Оюун ухаан, бие, шинжлэх ухаан" сэдэвт эрдэм шинжилгээний хурал. Франц, Страсбург, Страсбургийн их сургууль. 2016.09.16.
  • "Оюун ухаан ба Амьдрал" хурлын сүүлийн хоёр өдөр. Энэтхэг, Карнатака, Хүнсүр. 2015.12.16-17.
  • Шинжлэх ухаан, ёс зүй, боловсрол –бага хурлын эхний өдөр
  • Дээрхийн Гэгээнтэн Далай лам 26 дахь удаагийн “Оюун ухаан ба Амьдрал” уулзалтад оролцохоор Мундгод хотноо хүрэлцэн ирэв
  •  

    Хуваарь (ойрын)

    Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

    2018 оны 10 дугаар сарын 3-6

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
    Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

    2018 оны 10 дугаар сарын 12-14

    Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

    Сайтын үндсэн бүтэц