Дээрхийн Гэгээнтэн Далай лам 26 дахь удаагийн “Оюун ухаан ба Амьдрал” уулзалтад оролцохоор Мундгод хотноо хүрэлцэн ирэв

18-01-2013, 06:37  |  Хэвлэх

2013 оны 1 дүгээр сарын 16

Энэтхэг, Карнатака, Мундгод - Өчигдөр Дээрхийн Гэгээнтэн Далай лам Делигээс Гоа хүртэл нисч, саяхан зам тээврийн осолд ороод тэнхэрч байгаа, өөрийн багшийн хойд дүр болох Линг ринбучиг эргэж очлоо. Тэрээр өнөө өглөө эртлэн Гоагаас хөдөлж, Мундгод дахь Төвдийн сууринг зорьсон юм. Сууринд хүрэх агшинд түүнтэй мэндчилэхийг хүссэн хөгшин залуу, төвд хүмүүс, лам хар, хүүхэд залуус гартаа хадаг, цэцэг, хүж барин, зам дагуу эгнэн зогссон байв.

Дээрхийн Гэгээнтэн Далай лам 26 дахь удаагийн “Оюун ухаан ба Амьдрал” уулзалтад оролцохоор Мундгод хотноо хүрэлцэн ирэв
Дээрхийн Гэгээнтэн Далай ламыг Брайбун Лачи хийдэд угтан
авч байгаа нь. Энэтхэг, Мундгод. 2013.1.16.
Фотo/Жереми Рассел/ДЛО
Дээрхийн ГэгээнтнийгБрайбун Лачи хийдийн гол хаалган дээр албан ёсоор угтан авсан ба угтан авагсдын бүрэлдэхүүнд Гандан Три ринбучи, Шарба цорж, Жанзэ цорж болон “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн гишүүд байлаа. Дуганы гол шүтээн Бурхан багшид залбиран мөргөсний дараа тэрээр ахмад лам нар болон эрдэмтэдтэй мэндчилэв.

Дээрхийн Гэгээнтэн өнгөрсөн сард энд Ламримын талаар цуврал сургааль айлдсан ба түүнээс хойших хугацаанд юу хийсэн талаараа эн тэргүүнд лам нарт мэдээлэл хийсэн байна. Эртний Энэтхэгийн материалистуудтай тухайн үедээ маргаж байсан Нагаржунагийн үзэл бодлыг сарын өмнө энд тайлбарлаж байсан бол, энэ удаа тэрээр орчин үеийн материалистууд болох “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн эрдэмтдийг дагуулан ирлээ хэмээн Далай лам хошигнон хэллээ.

Тэрээр Бихар мужийн нийслэл Патна хотноо очиж, тэргүүн сайд Нитиш Кумартай уулзсан болон Олон улсын Буддист Сангха нарын бага хурлын нээлтэд оролцсон тухайгаа мэдээлэв. Саяхан барьж дуусгасан Паталипутра Нигүүлслийн Суваргыг судалгааны төв болгон хөгжүүлэх тухай тэргүүн сайдын яриаг ч мөн дурслаа. Варанасын Сарнатад Шантидевагийн “Бодьсадын Явдалд Орохуй “ зохиолын талаар сургааль айлдаж, “Буддизм ба Нийгэм” сэдэвт бага хурлын нээлтэд оролцсоноо мөн тайлагналаа. Делид хоёр өдрийн өмнө Делигийн их сургуулийн багш оюутнууд, “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн гишүүдийн хамт уулзалт ярилцлагад оролцсон бөгөөд иргэний ёс зүйн хичээлийг орчин үеийн боловсролын тогтолцоонд оруулах сургалтын хөтөлбөр боловсруулахад тэрхүү уулзалт тус нэмэр болно гэдэгт тэрээр итгэж байгаа ажээ.

Далай лам “Оюун ухаан ба Амьдрал” хүрээлэнгийн эрдэмтдийг олон жилийн өмнөөс мэддэг бөгөөд Арьяадева гэгээний тодорхойлсон жинхэнэ сэтгэгч нарт байх ёстой зан чанар буюу аливаад бодитоор хандах, урьдчилан тааварлахаас чөлөөтэй байх, шүүмжлэлтэй хандах, гүн гүнзгий эрэл хайгуул хийх, шинжлэх ухаан ирээдүйд хүн төрөлхтөнд хэрхэн үйлчлэх талаар олж нээх санаачлага, сонирхолтой байх гэх мэт зам төлвөөрөө тэд үлгэр жишээ үзүүлдэг хэмээн лам нарт танилцуулан хэллээ.Тэрээр лам нарыг дахин егөөдөж,

Дээрхийн Гэгээнтэн Далай лам 26 дахь удаагийн “Оюун ухаан ба Амьдрал” уулзалтад оролцохоор Мундгод хотноо хүрэлцэн ирэв
Дээрхийн Гэгээнтэн Далай лам Брайбун Лачи хийдэд ахмад лам
нар болон эрдэмтэдтэй уулзаж байгаа нь. Энэтхэг, Мундгод. 2012.1.16.
Фото/Tэнзин Чоежор/ДЛО
“Бодьсадва нар их хөлгөнийн шашнаа дагаагүй буддистуудад долоогоос илүү хоног зарцуулах аваас бодьсадын тэмүүлэл нь алга болдог гэдэг ч, та бүхэн эдгээр эрдэмтэдтэй долоо хоног хамт байхад нэг их айх зүйлгүй ” хэмээн хэлэв.

Тэрээр энэ удаа Брайбун хийдэд ойртох үед хөнгөн гуниг төрснөө яриад, хоёрдугаар Далай лам Гэндүн Жамцаас эхлэн энд хамба лам байсан бөгөөд бүх үеийн Далай лам нар харьялагдсаар ирсэн хийд бол Брайбун юм хэмээн айлдлаа. Тавдугаар Далай лам Төвдийн шашин, төрийн тэргүүний үүрэг хариуцлагыг аваад, Потала ордон руу нүүсэн бөгөөд хэрвээ Дээрхийн Гэгээнтэн Төвд орондоо байсан бол бараг хоёр жилийн өмнө улс төрийн үүргээсээ татгалзах үедээ Потала болон Норовлинг орхиж, Брайбун-д буцаж ирэх байсан гэлээ.

Хэдэн зуун сэтгэгч, зохиолч, их багш нар Брайбун хийдийн хүрээнд харьяалагдаж байсныг бодолцвол, Брайбун нь Төвдийн Наланда гэж бодох үндэслэл бий хэмээн боддог хэмээн Дээрхийн Гэгээнтэн хэлэв. Тэрээр тайлбарлахдаа,

“Эрдэмтэдтэй би өөрийн сонирхлоор ярилцлага өрнүүлж эхэлсэн бөгөөд дотоод ертөнцөө мэддэг буддистуудад гадаад физик ахуйг илүү мэдэх явдал хичнээн тустай болох нь тодорхой болмогц, тэдэндээ мөн энэ бүхнийг нээн таниулахыг хүссэн билээ. Бидний Төвдийн Наландад шинжлэх ухааны ойлголтыг авчрахыг хүссэн юм. Манай лам нар энэ ярилцлагын талаар сонсож байсан бөгөөд үүнийг амталж үзэх нь тэдний хувьд агуулга бүхий байх болно, одоо тэд үүнийг амтлах боломж бүрдлээ” хэмээн айлдлаа.

“Оюун ухаан ба Амьдрал “ 26 дахь ярилцлага маргааш өглөө Брайбун хийдэд эхлэх ба 6 өдрийн турш үргэлжлэх болно.
Үзсэн: 2 578
 

Хуваарь (ойрын)

Дарамсала хот дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Дарамсала

2018 оны 10 дугаар сарын 3-6

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам Тайваны сүсэгтнүүдийн хүсэлтээр дөрвөн өдрийн турш "Төвд орохуй" номыг тайлбарлан айлдана.
Манали дахь номын айлдвар. Энэтхэг, ХП, Манали.

2018 оны 10 дугаар сарын 12-14

Дээрхийн Гэгээнтэн Далай Лам 10 дугаар сарын 12-13 өдрүүдэд Гэвш Чадхавагийн "Оюун судлахуйн долоон утга" номыг тайлбарлан айлдаж, 14-ний өглөө сүсэгтэн олонд насны авшиг хүртээнэ. Номын айлдварыг Вон Аари хийд зохион байгуулах ба номын айлдвар Бахан (Манали)-ы Химвали цэнгэлдэх хүрээлэнд явагдана.

Сайтын үндсэн бүтэц